Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2018/00111

 

А.Х-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00514 дүгээр шийдвэртэй, А.Х-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн “С” ХХК “Ю” ХХК нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч “С” ХХК-ийн захирал М.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч “С” ХХК-ийн захирал М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын болон хоолны мөнгө 4100000 төгрөг гаргуулах тухай.  

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2011 оны 12 дугаар сарын 25-аас эхлэн гадаадын хөрөнгө оруулалттай хуучин “Ю” ХХК-д дизель асаах ажилд хөдөлмөрийн гэрээгээр орсон. 2011 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл амарч байгаагүй, амралтын мөнгө болон хоолны мөнгө авч байгаагүй.  Хоолны мөнгө 15 хоногт 75.000 төгрөгийн хоол хүнс өгдөг байсан. Иймд сарын цалин 384000 х 6 = 2304000 төгрөг,  2014 оноос 2017 он хүртэл 4 жилд 1800000 төгрөгийн хоолны мөнгө нийт 4.100.000 төгрөг гаргуулж өгнө үү. 2018 оны 1 дүгээр сараас энэ компани “С” ХХК гэж нэрээ өөрчилсөн бөгөөд би хөдөлмөрийн гэрээгээр 2018 оны 01 дүгээр сараас усны насосыг ажиллуулагч, хамгаалагчаар ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 03-нд ээлжид гарч байхад үйлдвэрийн ажилчин М үл таних 3 хүнтэй оройн цагаар миний өрөөнд ороод гарсан. Надаас 2 км зайтай үйлдвэрийн газар очиж хулгай хийхээр завдаж байхад манаач нар мэдсэн болохоор зугтаж явсан байсан. Энэ хэргийг Цагааннуур хариуцсан мөрдөн байцаагч С хариуцан шалгаж байгаа бөгөөд намайг 1 дүгээр сард 2 удаа гэрчээр байцаасан. Энэ 2 хоногийг цалингаас хассан. 2 дугаар сард 5 хоног ажиллаж, ээлжид гарч байхад цагдаад дуудагдаж М-тэй цуг ирсэн 3 хүнийг тодруулж өгөөд эргээд ажилд очиход “чиний оронд хүн томилогдсон, чамайг ажлаас хал гэж Цагдаагийн газрын дарга Бат-Эрдэнэ хэлсэн, чи хэрэгтэн” гэж намайг хөөж явуулсан. Намайг ямар ч үндэслэлгүй ажлаас халсанд маш гомдолтой байна. Иймд намайг эгүүлэн ажилтай болгож, ажиллаж байх хугацааны цалинг энэ компаниас гаргуулан гүн туслалцаа үзүүлнэ үү.” гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн захирал М.Б-ын хариу тайлбарт: "С" ХХК-ийн захирал М.Б би нэхэмжлэгч А.Х-н нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. А.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээлжид гарч байх үед бусадтай бүлэглэн ажлын байранд үгсэн хуйвалдаж хамгаалагдаж буй объектоос эд зүйл хулгайд алдагдахад туслалцаа дэмжүүлэг үзүүлсэн буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халсан. Одоо А.Х-д холбогдох асуудлыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгаж байна.

2. А.Х нь хэрвээ 2014 оноос хойш ээлжийн амралтын мөнгө болон хоолны мөнгө аваагүй байсан бол тухайн үед эрх нь зөрчигдсөнөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Нөгөө талаас тус компанийн захирлаар М.Б би 2017 оны эхээр томилогдсон. Иймд А.Х-н урьд ажиллаж байсан үеийн нөхөн олговор, хоолны мөнгөний асуудлыг би хариуцахгүй. Иймд нэхэмжлэгч А.Х-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хамтран хариуцагч “Ю” ХХК-ийн захирал Ж.М-ны хариу тайлбарт: “ “Ю” ХХК-д ажиллаж байсан нэр бүхий 22 ажилтныг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон манаачийн үүрэгт ажлаас чөлөөлж, “С” ХХК-ны дэргэдэх харуул хамгаалалтын албатай гэрээ хийж шилжүүлсэн. Энэ нь тухайн манаач нарын ажлын байр буюу харуул хамгаалалтын асуудал нь “С” ХХК-нд шилжсэн гэж ойлгож болох юм. Одоо “С” ХХК-ний захирлаар М.Б хууль ёсоор ажиллаж байгаа. Иймд иргэн Ж.М би хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба “Ю” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихгүй байгаа учраас энэхүү иргэний хэргийн хариуцагч биш гэж үзэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00514 дүгээр шийдвэрээр:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Х-г “С” ХХК-ийн 2-р усны насосын хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн “Ю” ХХК-иас ээлжийн амралтын мөнгө, хоолны мөнгө бүгд 4100000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч А.Х-н ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.” гэж шийдвэрлэжээ.   

 

Хариуцагч “С” ХХК-ийн захирал М.Б-ын давж заалдах гомдлын агуулга: “Миний бие хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд компанийн хөдөлмөрийн дотоод журам, А.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн учир түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг нотлох баримтаар үнэлээгүйгээс гадна 1813000490075 дугаартай эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн яллагдагчаар татсан тогтоол, хохирогч Ж.М-ы мэдүүлэг, гэрч С.М, Т.С, А.Х, И.М нарын мэдүүлэг, С.М-ийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, мөрдөгчийн санал, яллах дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзсэнд гомдолтой байна.

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шөнө тус компанийн хамгаалж байгаа “Ю” ХХК-ийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дулаан хар” уурхайн баяжуулах байрнаас 2 ширхэг гагнуурын аппаратыг хулгайлахыг завдсан гэмт хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгасан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тухайн хэргийг С.М, Т.С нар үйлдсэн болохыг тогтоосон. Энэ хооронд нэхэмжлэгч А.Х нь С.М, Т.С нар болохыг тодорхой мэдэж байсан атлаа нуун дарагдуулсан, мөн тухайн хүмүүсийг хамгаалалтын байранд дур мэдэн оруулж цай чанаж өгч архи уух боломжоор хангасан, түүнчлэн хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байх үед ажилтан И.М руу утасдаж нөхцөл байдлыг судалж байсан, ирж явсан машины мөрийг арилгасан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

А.Х нь Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 1.5, 4.6.2, 4.8, 5.13, хөдөлмөрийн гэрээний 3.6.5, 3.6.13 дахь заалтуудыг зөрчсөн байхад анхан шатны шүүх түүнийг ажилд эргүүлэн тогтоосон явдалд гомдолтой байна. Иймд, миний гомдлыг зохих журмын дагуу хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн А.Х-г “С” ХХК-ийн 2 дугаар усны насосны хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх А.Х-н гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 46  дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч А.Х нь “С” ХХК-д холбогдуулан 2 дугаар усны насосны хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай,  “Ю” ХХК-д холбогдуулан ээлжийн амралтын мөнгө 2304000 төгрөг, хоолны мөнгө 1800000 төгрөг нийт 4100000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.  

           

“С” ХХК-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар “2 дугаар усны насосны хамгаалагч ажилтай А.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээлжид гарч байх үед бусадтай бүлэглэн ажлын байранд үгсэн хуйвалдаж хамгаалагдаж буй объектоос эд зүйлс алдагдахад нөлөө үзүүлсэн үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 1.5 дахь заалтыг зөрчсөн тул” гэсэн үндэслэлээр А.Х-г ажлаас чөлөөлжээ. Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалдаа баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай. “С” ХХК-ний захирлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийг баримтлахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

            Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

            Нэхэмжлэгч А.Х нь  “Ю” ХХК-д холбогдуулан 2011 оноос 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх ээлжийн амралтын мөнгө 2304000 төгрөг, хоолны мөнгө 1800000 төгрөг нийт 4100000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгчийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            Нэхэмжлэгч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралт болон хоолны мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 46  дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг баримталсан нь үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагчийн “А.Х нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн байхад анхан шатны шүүх түүнийг ажилд эгүүлэн тогтоосон явдалд гомдолтой” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд ажилтан А.Х-г ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00514 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Х-г “С” ХХК-ийн 2 дугаар усны насосны хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан гаргасан ээлжийн амралтын болон хоолны мөнгө  4100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Х-н “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ