Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/01968

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2021/01968 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 хэсэг, Төмөр зам гудамж 00 тоот хаягт оршин суух,******* овогт*******ийн******* /РД://-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Хан-Уул Тауэр, 00 тоот хаягт байрлах ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, хариуцагчийн төлөөлөгч Г.Баттулга, нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 6 сарын 13-ны өдөр Прогресс цамхаг ХХК-тай 15 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус компанийн ашиглалтанд оруулж буй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн гудамж, Ботаник центр үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын 3-р блок, 8 давхарт 71.9 мкв /С айл/ орон сууцыг 1мкв нь 1 350 000 төгрөг, нийт 97 065 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээний нөхцөл нь 6 сардаа багтааж 60 000 000 төгрөг төлнө. 2020 оны 4 улирал буюу байр ашиглалтад орох, түлхүүр гардуулах үед үлдэгдэл 37 065 000 төгрөгийг төлөхөөр тухайн үед Ремаксийн борлуулалтын ажилтан н.Баярмаа гэдэг хүнээр зуучлуулсан. Тэгээд 2020 оны 9 сард Прогресс цамхаг ХХК-аас над руу яриад танай байрны м.кв өөрчлөгдсөн 71.9 мкв биш 75.3 мкв болсон. Үлдсэн төлбөрөө нэмж төлөөрэй гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед 75.3 мкв болсон гэхэд нь хэмжилтийн компани оруулаад хэмжүүлж болох уу, үнэхээр 75.3 мкв байвал би төлье гэсэн. Тэгээд би 2021 оны 1 сард хариуцсан инженертэй нь уулзаад хэмжилтийн компаниа оруултал манай байрны хэмжээ 68.9 мкв байсан. Энэ баримтыг хэрэгт өгөөгүй. Тэгээд би байрны м.кв хүрэхгүй байна гэхэд 2021 оны 4 сард улсын комисс ороод хэдэн м.кв гэдэг нь гараад ирнэ. Тэгэхээр нь мөнгөө төлөөрэй гэж нягтлан хүүхэн нь хэлсэн. Би 4 сард очоод мөнгөө өгье гэхэд аваагүй. Дараа нь 5 сард 75.3 мкв-аар ч хамаагүй мөнгөө төлье гэж очиж уулзахад аваагүй. Гэрээний үнэ дээр нэмж 15 000 000 сая төгрөг төл гэсэн шаардлага гаргасан. Үүнээс хойш би дахиж уулзаагүй. Иймээс байрны үлдэгдэл төлбөрөө төлсөн учир байраа л авах хүсэлттэй байна. Иймд 2020 оны 06 сарын 13-ны өдрийн №15 Орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг ******* ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн******* нь гэрээний 1.1-т заасан үлдэгдэл болох 37 065 000 төгрөгийг 2020 оны 10-р сард төлөх гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар мэдэгдэж, ажлын байранд дуудан биеэр уулзан гэрээний 2.1, 5.1, 5.4, 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудын талаар анхааруулж ярьж хэлэлцсэн боловч тооцоо нийлж баталгаажуулаагүй тул 2021 оны 05 сарын 27-ны өдөр гэрээний 5.1 дэх заалтын дагуу бичгээр мэдэгдсэн болно. Манай байгууллагын зүгээс энэ хүнийг гэрээний үүргээ биелүүлэхийг л шаардсан. Ямар шаардлага тавьсан гэхээр гэрээний 2.1-т хугацаандаа төлбөрөө төлөөгүй алдангийг төл гэсэн. Хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс болоод барилгын материал өсчихлөө. Чи 10 сард төлөх байсан өмнө нь нэг ширхэг плита 5000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 12 000 төгрөгөөр авч байгаа. Мөн гэрээний 5.4-т заасан Монгол улсын хэмжээнд барилгын үндсэн материал, цемент, арматур, төмөр, тоосго, блок, бетон зуурмаг, сантехникийн бараа материал зэрэг 15 хувиас дээш өссөн тохиолдолд гүйцэтгэгч тал үнийн өсөлтийн талаар мэдэгдэж гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй гэж энэ заалтаар шаардаж байна. Тухайн үед 10 сардаа мөнгөө өгсөн бол би юм ярихгүй. Тэр мөнгөөр чинь барилгынхаа нилээн их плитаг авах байсан. Үүнээс чинь болж би хохирч байгаа учраас би тодорхой хэмжээний мөнгө нэмж авна гэсэн. Тухайн үед би тодорхой үнэ хэлээгүй хоёулаа ярилцана гэж хэлсэн. Хил гааль хаагдсан нөхцөл байдалтай байсан учир бараа материалын үнэ өссөн байсан.Тэгээд ярилцъя гэхэд тийм юм байхгүй гээд гараад явсан. Иймд гэрээг манай санаачилгаар цуцалсан. Одоо захиалгын гэрээний дагуу орон сууцыг өгөх боломжгүй, шилжүүлсэн мөнгөнөөс нь гэрээнд заасан торгууль, шимтгэлээ суутган аваад өнөөдөр зөрүүг нь шилжүүлсэн байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүргийг гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээг цуцалсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн барьж ашиглалтад оруулах гэж буй орон сууцны зориулалттай барилгын 3 дугаар блок 8 давхар, 71,9 м.кв талбайтай орон сууцыг захиалан урьдчилгаа 60 000 000 төгрөгийг төлсөн ба обой, плитаг өөрийн зардлаар авч хийлгэсэн. Хариуцагч тухайн барилгыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохирсон боловч үүргээ биелүүлээгүй атлаа намайг сүүлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн, мөн байрны талбайн хэмжээ өөрчлөгдсөн гэх зэрэг шалтгаан хэлж гэрээний зүйл болох орон сууцыг надад өгөхгүй, гэрээ цуцлагдсан гэж сүрдүүлж байгаа тул тухайн гэрээнд заасан орон сууцыг надад шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү. Би гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Орон сууц захиалгын гэрээ гэх нэртэй, 2020 оны 06 сарын 13-ны өдөр 15 дугаар гэрээг гүйцэтгэгч Прогрэсс цамхаг констракшн ХХК-ийг төлөөлж Г.Баттулга, захиалагчийг төлөөлж******* нар байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд орших Ботаник центр цогцолборт үйлчилгээний орон сууцны зориулалттай, 3 дугаар блок, 8 давхар байрлах 71,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 1 350 000 төгрөг, нийт 97 065 000 төгрөг байхаар, захиалагч нь төлбөрийг 2020 оны 06 сарын 13-ны өдөр 30 000 000 төгрөг, 2020 оны 6 сард 30 000 000 төгрөг, 2020 оны 10 сард 37 065 000 төгрөгийг тус тус төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, орон сууцыг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагчийн гүйцэтгэж буй орон сууцны зориулалттай барилгад Улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн аваагүй үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөр болох 60 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаандаа, харин үлдэгдэл 37 065 000 төгрөгийг 2020 оны 10 сард төлөх байсныг хугацаа хожимдуулан 2021 оны 09 сарын 13-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар гэрээний талуудын хэн аль нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх ба ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх хэлцлийн төрөлд хамаардаггүй. Харин тодорхой хугацааны дараа биелэлээ олдог тул гэрээний оролцогч талын аль нэг нь үүргээ зохих журмаар биелүүлээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзаж, улмаар гэрээ цуцлах асуудал тавигдах боловч үүргийн зөрчил бүр гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлахад хүргэх ноцтой зөрчил нь ялимгүй шинжтэй биш, зөрчил арилаагүй байхыг ойлгох боловч захиалагч буюу нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлэн зөрчлөө арилгасан байна.

 

Түүнчлэн ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээ цуцлах хуульд заасан үндэслэл журмыг баримталсан, тодруулбал урьдчилан мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэлийг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгааралсан байдаг тул хариуцагчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгсөн нэхэмжлэгч*******д 75 516 570 төгрөгийн буцаалт гэх шилжүүлгийн баримт нотолгооны ач холбогдолгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч******* нь хэлэлцэн тохирсон хөлс болох 97 065 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн байх тул 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээний зүйл болох Ботаник центр цогцолборт үйлчилгээтэй орон сууцны барилгын 3 дугаар блок, 8 давхарт байрлах 71,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар шаардах эрхтэй, хариуцагч гүйцэтгэсэн ажлын үр дүн болох орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг тус тус баримтлан 2020 оны 6 сарын 13-ны өдрийн 15 дугаар орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээний зүйл болох Ботаник центр цогцолборт үйлчилгээтэй орон сууцны барилгын 3 дугаар блок 8 давхарт байрлах 71,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч*******ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 343 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ