| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0601/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/621 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/621
2024 08 26 2024/ШЦТ/621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай, улсын яллагч С.Алтай, өсвөр насны шүүгдэгч О.**********, түүний хууль ёсны төлөөлөгч Г.**********, тэдгээрийн өмгөөлөгч Т.********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ********** овгийн **********ийн **********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ****-ны өдөр *** төрсөн, ****настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт****дүүргийн ****дүгээр хороо, ****байр, ****тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********** овгийн **********ийн ********** (РД:**********).
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч О.********** нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... хороо, ...... байрны гадна Х......тэй маргалдан түүний уруулан тус газар цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:
Өсвөр насны шүүгдэгч О.**********: “...Гэм буруу дээрээ маргахгүй” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
2.1. Насанд хүрээгүй хохирогч *********мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *****, ********** нарыг танина, хуучин нэг ангид сурдаг байсан юм, танил байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байхад танил ****** чатаар залгаад хөөе чи найз охин шиг юм чинь яагаад байгаа юм, ал гичий минь гээд орилж хашхичаад ална, уулзъя, ах нарыгаа дагуулаад хүрээд ир гэж хэлээд над руу ахиж залгахаар нь би утсаа авахгүй байсан чинь чи айчихсан уу, ах нар чинь ирэхгүй гэж байна уу, шээчихсэн үү гэхээр нь би Хан-Уул дүүргийн ********хороо ******* байрны машины зогсоол дээр би ганцаараа очиход нэг тээврийн хэрэгсэл дотор **** гээд ах, **** нар гадаа нь **********, ***** нар байсан. Би очоод ***** хандан яасан гэнэ ээ, юу болсон юм бэ гээд очтол ****, ********** нар миний толгойны дээд, ар хэсэг рүү 2 талаас цохиод байсан. Нүүрээ дараад баруун талын гараа аваад зогсож байтал ********** миний уруул хэсэгт гараараа цохиод зогсож байсан. Тэгээд **** салгах гээд ирээд намайг бариад авсан, **** бид хоёр газар унасан. Газар унаад босож ирээд **** юм яриад зогсож байсан ********** миний баруун талын шанаа хэсэгт 1 удаа цохисон, тэгээд би 2-3 алхаад манараад зогсчихсон. Тэгээд танихгүй эмэгтэй ирж болиулсан. Миний биед учирсан зүүн хөмсөгт цус хуралт гэмтлийг ***** нь миний нүүр хэсэгт 1 удаа цохиж гэмтэл учруулсан, миний дээд уруулын шарх гэмтлийг ********** намайг цохих үедээ учруулсан. Би тэр хүүхдүүдийн биед халдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 8-10 дахь тал),
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний №6059 дугаартай: “...1.********* биед дээд уруулд шарх, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 48-49 дахь тал),
-Шинжээч Д.Дунгаамаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээд уруулд шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг ( хавтас хэргийн 51 дэх тал),
- Өсвөр насны яллагдагчаар О.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яллагдагчаар 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн **** хороо ***** байрны урд талд *****, **** нарын хамт гадаа сууж байсан ****** нь манай найз ***** рүү утсаар чат бичээд байсан, ямар чат бичсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд **** нь бид хоёрын байгаа газарт ирэхээр болсон гэж **** хэлж байсан. Тэгээд 10 орчим минутын дараа ****** нь бид нарын сууж байсан газар хүрээд ирсэн. ****** нь ирэхдээ архи согтууруулах ундааны төрөл хэрэглэсэн, нэлээн согтуу байдалтай, амандаа утаат тамхи зуучихсан ирээд ассан тамхиа *****цээж хэсэг рүү шидээд тэгээд **** нь очоод **** нүүр хэсэг рүү цохиод ****** бас ***** зөрүүлж цохиод байсан. Хоорондоо зодолдоод байсныг би очоод болиулсан. Тэгтэл болиулчхаад байж байтал ***** нь өмсөж байсан өмдний баруун талын карма хэсгээсээ алчуураар боосон хутга гаргаж ирээд барьчихсан над руу дайраад байхаар нь би зугтсан, тэгтэл ******* нь тухайн гартаа барьж байсан хутгаа миний нүүр хэсэг рүү шидсэн, би азаар хутганд оногдоогүй бултаж чадсан. Тэгтэл ****** нь над руу цохих гээд гүйгээд ирсэн, тэгээд би ****** цохилтоос нь бултаад би ****** нүүрний шанаа хэсэг байхаа нэг удаа алгадсан. Тэгтэл хойноос ***** ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
Өсвөр насны шүүгдэгч О.********** хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 88-92 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 91 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.**********д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав:. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Өсвөр насны шүүгдэгч О.********** 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн **** хороо, ****** байрны гадна ******* уруулан тус газар цохиж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг шууд санаатай, идэвхтэй үйлдлээр учруулсан гэх үйл баримт тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч ********, өсвөр насны шүүгдэгч О.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн № 6059 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 48-49 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд нь учирсан “...дээд уруулд шарх, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл ...” бүхий гэмтэл нь өсвөр насны шүүгдэгч О.********** түүний уруул хэсэг рүү нь гараараа цохих үед үүссэн бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд өсвөр насны шүүгдэгч О.**********, насанд хүрээгүй хохирогч ********* дээд уруулд шарх, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.**********н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч О.********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: ...шүүгдэгч О.**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй. Мөн хохирол төлбөр нэхэмжлээгүй тул өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна... гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч ойлгож, ухамсарлаж байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн буруутай үйлдэл байгаа нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд дунд сургуулиа онц дүнтэй төгсөж ******** улсад урилгаар суралцах эрхийг авсан. Иймд өсвөр насны шүүгдэгчийн ирээдүйг харгалзан үзэж шүүхээс итгэл хүлээлгэж нэг удаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэжээ
2. Шүүгдэгч О.********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс ял оногдуулахдаа Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэсэн, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэсэн, 2 дахь хэсгийн b-VII-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүүхдийн хувийн байдлыг бүрэн хүндэтгэх” гэсэн, 4 дэх хэсэгт “Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал” гэсэн заалтууд, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэсэн Хүүхдийн эрхийн үндсэн зарчимд тус тус нийцүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч *********************** хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.**********д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлж, шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас нас хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч ********************** болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гараагүй, шүүх хуралдааны тов мэдэгдэж түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгөхдөө хэрэгт тэмдэглүүлсэн ***************** дугаарын утсанд залгахад ойлголоо хүүхэдтэйгээ ярилцаад очих эсэхээ шийдвэрлэнэ гэсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч О.********** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.10 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ********** овгийн **********ийн **********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.3 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.**********д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.**********д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ