Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02196

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2021/02196 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Дархад овогт *********гийн ********* /РД:/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух,******* овогт *********ын ********* /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Моннис бюьлдинг 00 давхарт байрлах, ********* ХХК /РД:/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.*********ын хариуцагч ********* ХХК-д холбогдох иргэний хэрэгт Б.*********гийн нэхэмжлэлтэй тус байгууллагад холбогдох иргэний хэргийг нэгтгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*********э, түүний өмгөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э түүний өмгөөлөгч Ц.Бнарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.*********, Б.********* нар нь ********* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчид билээ. Тэд байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж "********* ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Арван ажилчин нэгдэж, тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдээр ажиллаж байсан. Гэтэл ********* ХХК-ийн удирдлага биднийг илт хууль бус үндэслэлээр тодруулбал үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. ********* ХХК-ийн удирдлага Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиудыг зөрчиж биднийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Б.*********, Б.********* нарыг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү. Нэхэмжлэгч нар ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан ба гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.*********, Б.********* нь Монгол Улсын иргэний хувьд олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль бус ажиллагааг аялдан дагалдаж, ********* ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин байгуулж, улмаар тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэдэг нэрийн дор ажил олгогч ********* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, саатуулах, компанийн бизнесийн нэр хүндэд халдах зэргээр Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 заалтыг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилж цуцалсан. Энэ нь нэхэмжлэгч Б.*********, Б.********* нарын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Ажлаас чөлөөлсөн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 375/20, 376/20 тоот тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд оператор Б.*********, Б.********* нар нь өөр компанийн /*********эс-Тавантолгой ХК/ Үйлдвэрчний эвлэлийн /ҮЭ/ хороотой хамтарч компанийн нэр ашиглан, хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулахад оролцож ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулж, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн. Нэхэмжлэгч нар нь ажил олгогч тэдний хөдөлмөрийн харилцааг санаачлан цуцлах болсон үндэслэлийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг байгуулж эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлснээс болсон гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч Үндсэн хуулийн 16.10 дахь заалт, БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль /1989 он/-д зааснаар Монгол Улсын иргэн нь эвлэлдэн нэгдэх, эрх ашиг сонирхлоо хангах зорилгоор төрийн бус байгууллага байгуулах эрхээ эдлэхдээ Төрийн бус байгууллагын тухай хууль /1997 он/ болон Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг дээд шатны байгууллагаас гаргасан зохих журмыг баримтлах ёстой. Үүнээс гадна өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах буюу хамгаалах зорилгоор төрийн бус байгууллага байгуулж байгаа бол түүнийгээ эрх зүйн харилцааны субъект болгохын тулд /хуулийн этгээд болохын тулд/ төрийн зохих байгууллагад бүртгүүлж албан ёсны этгээд болох хууль зүйн шаардлага Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар тавигддаг. Уг шаардлагыг хангасны үндсэн дээр иргэдийн байгуулсан төрийн бус байгууллага түүн дотроо Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь өөрийн гишүүд, дэмжигчид зэргийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, хамгаалахтай холбогдсон эрх, үүргүүдээ эдэлж хэрэгжүүлэх хууль зүйн нөхцөл бүрдэх юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан Үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж ажлаас халагдах болсон гэх нь үндэслэлгүй бөгөөд хууль бус Үйлдвэрчний эвлэлийн хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн байгуулсан гэж байгаа Үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй тул бид хууль бус байгууллагыг бий болгож ажил олгогчийг төөрөгдүүлсэн, ажлын байран дээрх хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна. Б.*********, Б.********* нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан ажилтан нь хууль, гэрээний дагуу шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ болон тус компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д заасан компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, 13.3.2.21-д заасан холбогдох хууль тогтоомжид заасан бусад буруутай үйлдэл хийсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан болно. Шүүх хэрвээ нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тохиолдолд сул зогсолтын зөрүүг цалин хөлстэй тэнцэх олговроос хасч тооцох ёстой гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*********, Б.********* нар нь хариуцагч ********* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ********* ХХК нь бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Ажил олгогч ********* ХХК нь ажилтан Б.*********тай 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Операторын албан тушаалд, талууд хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Цахилгаан экскаваторын операторын албан тушаалд тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан. /1-р хх-77-82/

 

Ажилтан Б.*********тэй 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан операторын албан тушаалд, сарын цалин 1 200 000 төгрөг байхаар тохирч, уг гэрээндээ талууд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сарын цалин 1 700 000 төгрөг байхаар өөрчлөлт оруулсан байна. /2-р хх-ийн 22-26, 29/

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Ажил олгогч нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой.

 

Хэрэв ажилтан ажлаас буруу халагдсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан. Нэхэмжлэгч Б.*********, Б.********* нар нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 375/20, 376/20 дугаар бүхий тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлээ 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Үүний дараа нэхэмжлэгч Б.*********, Б.********* нар дахин шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.********* нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байгаагаас нэхэмжлэлээ татан авч, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 09734 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Харин нэхэмжлэгч Б.********* нь шүүхэд нэхэмжлэл гаргах түүнд гарын үсэг зурах эрхийг 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0832 дугаар бүхий итгэмжлэлээр С.*********эд олгосон, нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*********ийн нэрээр гаргасан боловч нэхэмжлэлд өмгөөлөгч гарын үсэг зурсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 09727 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Отгонжаргал 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр захирамжийг гардан авч, улмаар нэхэмжлэлээ 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахин гаргажээ.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 375/20, 376/20 дугаар бүхий тушаалын үндэслэлийг хянуулах асуудлыг дээрх шүүгчийн захирамжуудаар эцэслэн шийдвэрлээгүйгээс гадна гомдлын хөөн хэлэлцэх хугацаа шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаар зогссон тул хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан ********* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 375/20, 376/20 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.4, 13.4.4, 16.3, Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 дэх заалтуудыг үндэслэн Уул хэлтсийн оператор ажилтай Б.*********, Б.********* нар нь компанийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг явуулсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл зааж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /1-р хх-ийн 197, 4/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан.

 

Хариуцагч байгууллага тушаалын үндэслэлээ ...Б.*********, Б.********* нар эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулахдаа өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч компанийн нэр ашиглан, хууль бус үйлдвэрчний эвлэлийг байгуулахад оролцож, ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлэн, ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагааг явуулж, ажлын байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж компанийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн ноцтой зөрчил гаргасан. ...хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь УБЕГ-ын Улсын байцаагчийн 2020.04.14-ний 1945 дүгнэлтээр тогтоогдсон гэх тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон холбогдох баримтуудын хамт ирүүлжээ.

 

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

 

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13-т, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13 дахь заалтуудаар ноцтой зөрчлийн үндэслэлийг тохирсон байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч Б.*********, Б.********* нар нэр бүхий ажилчдын хамтаар эвлэлдэн нэгдэж ********* ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь, түүнчлэн тус компанийн ажилчдын дунд *********-ний Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл нэртэй Facebook групп нээж ажиллуулж байсан болох нь үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид дээрх асуудлуудаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нар нь ********* ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулах ажиллагаанд оролцож, уг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж үзэл бодлоо илэрхийлэх, улмаар *********-ний Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл нэртэй Facebook групп нээж ажиллуулсан энэ үйлдлийг хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчил-д хамааруулан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.*********, Б.********* нарын дээрх үйлдлээс компанийн үйл ажиллагаа болон нэр хүндэд хэрхэн, ямар хэмжээний хохирол учирсан, түүнчлэн компанийн нууцыг хэрхэн задруулсан талаар хэрэгт авагдсан баримтгүй, хариуцагч хариуцагч тал 375/20, 376/20 дугаар тушаалын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.*********, Б.********* нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан 2020 оны 04 сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 сарын 13-ны өдөр хүртэлх нийт 376 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч буюу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч тус бүрт олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч Б.*********, Б.********* нарын цалинг тэдний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч Б.********* нь сард 3 025 334 төгрөг, хоногийн /3 025 334 : 21,5=140 714/ төгрөгийн, Б.********* нь сард 1 919 536 төгрөг, хоногийн /1 919 536 : 21,5= 89 281 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар/ цалин авсан байх ба ажилгүй байсан хугацаа буюу 376 хоногийн цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгч Б.*********т 52 908 464 төгрөг, нэхэмжлэгч Б.*********д 33 569 656 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Б.*********, Б.********* нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нарыг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь өмнөх хөдөлмөрийн нөхцлийг нь сэргээн тогтоож байгаа ойлголт тул сул зогсолтын олговрын зөрүүг хасч тооцох ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч нар хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч байгууллагаас хангагдаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.*********, Б.********* нарыг ********* ХХК-ийн Уулын хэлтсийн операторын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ********* ХХК-иас 52 908 464 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*********т, 33 569 656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.********* нарт тус тус олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*********, Б.********* нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ********* ХХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, ********* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 590 341 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.МӨНХЦЭЦЭГ