| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2021/00421/И |
| Дугаар | 103/ШШ2021/00427 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2021/00427
2021 11 10 103/ШШ2021/00427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо Мандал хотхон 2-215 тоотод оршин суух, Хөгдүүд овгийн Батболдын Бямбатуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1991 онд Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 72 тоотод оршин суух, Сартуул овгийн Нацагдоржийн Энхболдод холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бямбатуяа, нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бямбатуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.Бямбатуяа би Н.Энхболдтой 2019 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай болж дундаасаа 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүү Э.Зургаадайг төрүүлсэн. Н.Энхболд нь Багануур дүүрэг дэх Хилийн цэргийн ангид ажилладаг. Хүүгээ гарсны дараа Н.Энхболдтой цуг 4 дүгээр байранд хэсэг хугацаанд амьдарсан. Бид нар гэрлэлтээ батлуулаагүй ээ. Н.Энхболдтой таарч тохирохгүйн улмаас 2020 оны 2 дугаар сараас гэртээ ирж аав, ээж, хүүтэйгээ хамт амьдарч байна. Бид хамт амьдрах хугацаандаа байнгын хэрүүл маргаантай, цагдаад хүртэл дуудлага өгдөг байсан. Хүүхдийн дэргэд согтуу ирдэг, эсвэл үүрээр орж ирж агсам тавьдаг байсан. Хүүгээ төрөхөөс өмнө манай гэрт амьдарч байгаад, хүүгээ төрөхөд тусдаа гараад 2021 оны 01 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Одоо цаашид хамт амьдрах боломжгүй тул хүү Э.Зургаадайд эцэг Н.Энхболдоос хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Энхболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нацагдорж овогтой Энхболд миний бие эхнэр Б.Бямбатуяагийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан. Нэхэмжлэлийн дагуу хүү Э.Зургаадайд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бямбатуяа нь хариуцагч Н.Энхболдод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Нэхэмжлэгч Б.Бямбатуяа, хариуцагч Н.Энхболд нар нь 2019 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүү Э.Зургаадайг төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020 оноос эхлэн тусдаа амьдрах болсон ба хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байна.
Хүү Э.Зургаадайн 335/000139 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг Энхболдоор овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хүү Э.Зургаадайн эцэг Н.Энхболд болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Н.Энхболдоос тэтгэлэг гаргуулж хүү Э.Зургаадайг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Н.Энхболдоос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.
Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбатуяад олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Энхболд өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Энхболдын Зургаадайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Сартуул овгийн Нацагдоржийн Энхболдоос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Хариуцагч Н.Энхболдийг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүтэйгээ хүссэн үедээ уулзах, түүнтэй хамт байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч Б.Бямбатуяад анхааруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37.798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбатуяад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ