| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/121 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/121
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Н.Б,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Н-ийн Бд холбогдох 2428001880173 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Приүс центрийн ард байрлах нийтийн байрны гадаа М.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Приүс центр автозасварын ард талын нийтийн байранд амьдардаг Э-ийн гэрт очиж Этэй нэг шил архи ууж байсан. Тэгээд байж байтал гаднаас Б ирээд бид гурав хамт нөгөө архиа уусан. Тухайн үед би нэлээн согтсон байсан. Би Б-той муудалцаад Э-ийн гэрээс хамт гараад нийтийн байрны гадаа Бтой зодолдсон юм шиг байсан. Тэгээд цааш нь яг юу болсон талаар сайн санахгүй байна, би согтуу байсан. Гадаа сууж байгаад нэг сэргээд харсан чинь миний шанаа хавдаад шүд хугарсан байсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн... Миний эрүү хугарсан, мөн нэг шүд хугарсан, өөр гэмтсэн зүйл байхгүй. Эмнэлэгт эмчлүүлсэн төлбөрийг минь төлөөд өгчихвөл өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойш манай найз болох Н нь Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Приүс центрийн баруун талын нийтийн байранд манай гэрт ирсэн. Тухайн үед би гэртээ угаалга хийж байсан, харин Н нэг шил 0.75 литрийн архитай манай гэрт ирсэн ба тэр архиа задлаад хоёр, гурван удаа уучихаад Б руу утсаар ярьж дуудсан. Тухайн үед Б Нд би одоо очиж чадахгүй ээ жоохон уусан байна, хүүхэд дээрээ уусан очоод яахав дээ гэж ярьж байсан ба тухайн үед Н утасныхаа чанга яригч нь дээр тавиад ярьж байсан. Тэгтэл Н найз дээрээ ирж уулз, хоёулаа жоохон уулзаж сууя гэж хоёроос гурван удаа Б руу залгаж ярьсаар байгаад Бг манай гэрт ирүүлэхээр болсон. Тухайн үед Б манай гэрт ганцаараа ирсэн, архи жаахан үнэртүүлсэн их уусан гэж харагдахааргүй байсан. Тэгээд Н, Б хоёр нөгөө архиа ууж дуусгасан. Дуусаад Б ахиад нэг 0.5 литртэй архи дэлгүүрээс авчирсан. Тэгээд нөгөө авчирсан архиа бараг ууж эхлээгүй байхдаа хэл амаар маргалдаж эхэлсэн. Тухайн үед Н Бгийн өөдөөс муу хөгшин банди минь би чамайг гэрт гадаагүй мөлхүүлж баруун зүүнгүй савна, чамайг зодно шүү гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд Б хоёулаа зүгээр гарч уулзъя гээд гэрээс Ныг аваад гарсан. Тэгээд удалгүй буцаад хоёулаа зүгээр орж ирсэн ба би Нд эхнэрээ дуудуулах юм уу яаж гэр рүүгээ явах юм бэ гэж асуухад Н байж бай хөгшөөн бид хоёр яав л гэж дээ гэж надад хэлээд ахиад Бтой муудалцаад буцаад гэрээс гараад явсан. Тэгээд би айл руу явах гээд гэрээсээ гарахад манай байрны гадаа үүдэнд Н сууж байсан ба хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би Б-г аваад явсан ба эгчийндээ аваачиж ойр зуурын ажил хийлгэж байгаад явуулсан. Тухайн үед Б нээх аймар согтоогүй байсан. Тэгээд маргааш өдөр нь Б руу би утсаар залгаад өчигдөр Н та хоёрын хооронд юу болсон юм бэ цагдаагаас над руу залгаж асуугаад байна гэхэд Б надад би үнэхээр тэсэж байгаад Ныг хоёр цохичихоод эргэсэн чинь араас ахиад хорон үг хэлээд байхаар нь би эргэж хараад өшиглөсөн юм, тэгээд байж байтал чи гарч ирсэн шүү дээ гэж надад хэлсэн.” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.Н-ы биед эрүү ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. М.Н-ы биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийн гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Н-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, мөрдөн байцаалтын шатанд Н.Б нь хохирогчид 500,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Дээрх төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.Б нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Приүс центрийн ард байрлах нийтийн байрны гадаа М.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, гэрч М.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н-ы эрүүл мэндэд эрүү ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Н.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н-ы эрүүл мэндэд эрүү ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н-д 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэх ба энэ нь хаан банкны орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч М.Нд 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд би Дундговь аймаг руу барилгын ажлаар явах гэж байгаа, торгох ялыг биелүүлж чадна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Н.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролд 500,000 төгрөг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н-д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Н-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н-д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ