Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2018/00112

 

    Х.Нн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00588 дугаар шийдвэртэй, Х.Н-ын нэхэмжлэлтэй, Х.Т-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч А.Н, хариуцагч Х.Т, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлд 500,000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Х.Н миний бие аймгийн төвд амьдрахаар болсон тул өнгөрч буй хавар хөдөө байсан хашаа, байшингаа буулгаж задлан хүмүүст худалдсан. Энэ оны 3 дугаар сарын 11-ний өдөр Х.Т нь миний хөндлөн дүнзэн модоор барьсан 3.6x4 метрийн харьцаатай байшинг 500.000 төгрөгөөр үнэлэн авсан. Уг байшинг Х.Т нь өөрийн гараар нурааж авсан ба 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр уг мөнгийг “5 дугаар сарын 15-аас 6 дугаар сарын 01-ний хооронд өгнө” гэж өөрийн гараар баримт бичиж өгсөн.Гэвч мөнгө өгөх хугацаа өнгөрсөн ба түүнээс удаа дараа мөнгөө өгөхийг шаардсан боловч одоог хүртэл өгөөгүй байна. Тэр нэг удаа надтай утсаар ярихдаа “... чи үнээ буулгахгүй юу, үнэтэй байна” гэсэн тул би “тэгвэл 50,000 төгрөг татъя” гэж хэлсэн боловч тэрнээс хойш сураггүй алга болсон. Иймд Х.Т-аас 500.000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Х.Т би Өлгий сумын иргэн Х.Н-аас Цэнгэл сумын 1 дүгээр нутаг дэвсгэрт “Жол кобы” гэдэг газарт 3 ханатай, 3х4-ийн хэмжээтэй, дүнзэн байшинг 500,000 төгрөгөөр худалдан авахаар ярилцаж байсан. Уг дүнзэн байшинг би албан ёсоор худалдаж аваагүй учраас нураагаагүй. Одоо Х.Н-ын худалдсан гэх байшин хуучин газартаа бүрэн бүтэн байгаа. Түүнээс би нэг ширхэг мод ч аваагүй. Надад мөнгөний боломж гараагүй учраас худалдан авах боломжгүй гэж үзэж байна. Тухайн үед бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл бичгээр хийгдээгүй буюу уг байшинг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн миний нэр дээр гэрчилгээ авагдаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.         

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00588 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Т-аас 3x4 хэмжээний байшингийн үнэ 500000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-д олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн гомдолд: “Анх Х.Н-тай түүний 3x4 хэмжээний байшинг 500,000 төгрөгөөр авахаар тохиролцсон боловч тухайн байшин нь үндсэн байшинд залгаастай баригдсан бөгөөд үндсэн байшинг эвдэж авахад миний авах байшингийн дээвэр эвдэрсэн. Энэ нь тухайн хэргийн материалд өгсөн фото зургаас харагдаж байгаа. Миний авсан гурван ханатай байшин дээвэргүй болохоор би авахаас татгалзсан бөгөөд гурван ханатай хаалга дээвэр байхгүй болохоор үнэтэй байна гэдгээ хэлж авахгүй гэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч тухайн маргаан бүхий байшинг хариуцагчид худалдахад гурван ханатай, дээвэртэй байсныг хариуцагчаас дээврийг нь нураасан болох нь түүний шүүхэд ирүүлсэн маргаан бүхий байшингийн фото зургаар нотлогдож байх тул хариуцагчаас тухайн маргаан бүхий байшин хуучин байгаа газарт бүрэн бүтэн байгаа ба түүнээс нэг ч ширхэг мод аваагүй гэж байгаа нь эргэлзээтэй байна” гэж бичсэн бөгөөд эргэлзээтэй байгаа зүйлийг тогтоохын тулд бид шүүхэд хандаж байхад тухайн эргэлзээг тайлаагүй байж шийдвэр гаргаж байгаа явдалд гомдолтой байна. Тухайн байшинг анх авахаар очиход залгаа барьсан байшинг иргэн Х.Н өөрөө буулгаж байхад миний авах гэж байсан байшингийн дээвэр нь нурсан бөгөөд түүнээс хойш тэр байшингийн нэг ч модонд би хүрээгүй. Тухайн үед надтай хамт иргэн Х.Б, Ү.С нар харж байсан гэрчлэх болно. Х.Н тухайн байшинг өөр хүнд худалдах бүрэн боломжтой бөгөөд би тус байшинг аваагүйгээс Х.Н-д хохирол үүсээгүй. Тохиролцооноос Х.Т би буцаж байгаагаа удаа дараа өөрт нь мэдэгдэж байсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.  

Нэхэмжлэгч Х.Н нь Х.Т-д холбогдуулан байшингийн үнэ 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч “уг байшинг худалдаж авахаар ярилцаж байсан, албан ёсоор худалдаж аваагүй” гэж эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч Х.Т нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчээс дээвэртэй, 3 ханатай байшинг худалдаж авсан нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий байшингийн гэрэл зураг, хариуцагчийн нэхэмжлэгчид бичиж өгсөн баримтаар тус тус тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцжээ.

            Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг хуульд зааснаар үнэлж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээх учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар хариуцагч Х.Т-аас худалдан авсан байшингийн үнэ 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Н-д олгосон нь хууль ёсны байх зарчимд нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Х.Н нь худалдсан байшинг хариуцагч Х.Т-д хүлээлгэж өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. Хариуцагчийн давж заалдах гомдолд “миний авсан 3 ханатай байшин дээвэргүй болохоор би авахаас татгалзсан бөгөөд үнэтэй байна гэдгээ хэлж авахгүй гэсэн” гэх боловч энэ нь хариуцагч Х.Т-ы 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид бичиж өгсөн “Нгаас байшингийн мод авсан маань үнэн” гэсэн баримтаар үгүйсгэгдэж, хариуцагч анхнаасаа байшингийн модыг ашиглах зорилгоор авсан нь нотлогдож байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

Д.КӨБЕШ