Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00330

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01900 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2024/01589 дүгээр магадлалтай,

 Б-ийн нэхэмжлэлтэй

“С” ХХК, М нарт холбогдох

 ...үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Мын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, хариуцагч М-ын өмгөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч “С” ХХК, М нарт холбогдуулан ...үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01900 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 56.5.-д зааснаар ... үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Бт буцаан шилжүүлэхийг хариуцагч Мд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч “С” ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар Бийн тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Маас 728,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2024/01589 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...80%-ийн гүйцэтгэлтэй...” гэснийг хасч өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 728,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үл хөдлөх эд хөрөнгийг талийгаач Гоос хариуцагч Мд шилжүүлсэн дурдсан хоёр хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ” гэж дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг буруутгахгүй гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн урьдач нөхцөл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэлт зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон байх, эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй гэх мэт онцлогтой. Гэтэл иргэн Гтой 2016.03.02-ны өдөр байгуулсан хэлцэл бол талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл тодорхой, эрх зүйн үр дагавар бий болгосон шинжтэй тул дүр үзүүлсэн хэлцэл биш юм.

Тодруулбал, Г бидний хооронд байгуулсан 2016.03.02-ны өдрийн хэлцэл нь талуудын хооронд байгуулсан 2016.03.01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон Иргэний хуулийн 265-268 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ бөгөөд худалдагч нь өөрийн үл хөдлөх хөрөнгийн тодорхой үнийн дүнд худалдах, буцаан худалдан авахдаа худалдсан үнийн дүнгээ сарын 3.5 хувийн хүү тооцон буцаан авах үндсэн тохиролцоон дээр байгуулсан хууль ёсны гэрээ, хэлцэл юм.

Өөрөөр хэлбэл, талуудын хүсэл зорилго нь тодорхой байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч М нь төлбөрийг бүрэн төлсөн байдаг, төлбөр авснаа нэхэмжлэгч тал анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр бүрэн хүлээн зөвшөөрдөг,

Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д “Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ” гэж заасан бөгөөд худалдагч талаас уг хөрөнгөө буцаан худалдан авах талаар ямар ч үйлдэл хийж байгаагүй, санаачилга гаргаж байгаагүй, ямар нэгэн байдлаар төлбөр мөнгө төлж байгаагүй, үүнийг ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг.

Тиймээс 2016.03.02-ны өдрийн хэлцэл, 2016.03.01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” бол талууд тодорхой зорилгод хүрэхийн тулд хийгдсэн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэрээ, хэлцэл учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

4.2. Нэхэмжлэгч Б нь “С” ХХК болон М надад холбогдуулан “2016.03.01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2016.03.02-ны өдрийн Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч нар гардан авч холбогдох тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Хэргийг хянан шийдвэрлэсэн 2024.04.26-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар хэлсэн байх бөгөөд нотлох баримт шинжлэн судалсны дараа даргалагч нэхэмжлэлийн шаардлагын талаар Даргалагчаас: “тэгэхлээр энэ 2 хэлцэл анхнаасаа Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 56.5-д зааснаар Б.Бүжлхамд шилжүүлсэн объектоо буцааж авъя гэж тодруулж байгаа юм байна, зөв үү? гэж асуухад: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тийм ээ, зөв” гэж хариулсан байна. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дахь хуудас 7 дахь догол мөр/

Шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болох боловч шаардлагын хууль зүйн үндэслэлийг өөрөө томьёолон тодорхойлох үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдааны явцад тодорхой болгосон учраас энэ өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах, хоёр хариуцагчийн хэнд нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг, хэлцийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаас татгалзаж байгаа эсэхийг тодруулах, “С” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эсхүл дэмжиж байгаа эсэхийг тодруулах, хариуцагчийн мэтгэлцэх тэгш эрхийг хангах ёстой байтал ийм ажиллагаа явуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж байгаа нь иргэн миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, өөрийн хөрөнгөө алдах нөхцөл байдлыг бий болгосон, бусдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл бололцоог олгож байгаад туйлын их гомдолтой байна.

Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн хамгаалалтад байгаа гэсэн нөхцөл байдал нь үндэслэлгүй бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө нь М миний бүрэн өмчлөлд байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газрын төлбөр, арчлалт хамгаалалтын төлбөр, тог цахилгааны төлбөр зэргийг би өөрөө төлдөг.

4.3. Анхан шатын шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу надад мэдэгдээгүй бөгөөд тов мэдээгүй учраас шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй юм.

Өөрөөр хэлбэл, хэргийн материал шүүгчийн туслахаас иргэн надад зөвхөн мессеж явуулсан тэмдэглэл байдаг бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн баримт хэрэгт байдаггүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана” гэж, 77.2-д “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж, 77.3-д “Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн бол шүүх хүлээн авагчийн нэр, хаяг, явуулж буй он, сар, өдрийг тэмдэглэж, шүүхийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна” гэж, 77.5-д “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ” гэж, 77.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэж заасан.

Гэтэл миний оршин суудаг хаяг болох Хан-Уул дүүргийн 11 хороо, 3 хэсэг, Түшээ гүн, Тэнгэр рашааны гудамж, 108 дугаар байрны 1 тоот хаягаар шүүх хуралдааны товын талаар ямар нэг мэдэгдэх хуудас ирүүлээгүй. Мэдэгдэх хуудсыг оршин суугаа хаягаар ирүүлсэн бол шүүх хуралдааны товын талаар мэдээлэл авах боломжтой байсан. Жишээлбэл: шүүхийн шийдвэрийг шуудангаар хүргүүлэхээр шүүхээс 2024.06.17-ны өдөр шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснийг шуудангийн байгууллага 2024.06.19-ний өдөр хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэрийн шуудангаар хүргүүлж болж байгаа юм чинь хурлын тов мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг оршин суугаа хаягаар ирүүлж болох л байсан.

Миний бие 2024.04.11-ний өдрөөс 2024.06.05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөө орон нутагт, утасны сүлжээгүй газарт зорчиж байсан учраас гар утсанд ирсэн мессежийг хараагүй байсан.

Иймд шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч М-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.11.29-ний өдрийн 001/ШХТ2024/01458 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 7. Нэхэмжлэгч Б нь “С” ХХК, М нарт холбогдуулан Х үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...миний нөхөр Г нь “И” ХХК-ийн захирал Ө-ийн хүсэлтийн дагуу “С” ХХК-аас авсан 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн хэдий ч газрын гэрчилгээ байхгүй байсан учраас Мтай худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Мөн 2016.03.02-ны өдөр тухайн эд хөрөнгийг сар бүр 3.5 хувийн хүү төлж буцаан худалдан авах болзолтой хэлцэл хийсэн бөгөөд дээрх хоёр хэлцлийг барьцааны гэрээний оронд дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохоос эд хөрөнгөө худалдах хүсэл зориг байгаагүй, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө миний бодит эзэмшил, хамгаалалтад байдаг, би өвлөж авсан...” гэж тайлбарласан,

Хариуцагч хариу тайлбартаа: “...бусдын нэр дээр хууль ёсоор бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан нь хуульд нийцээгүй. Талийгаач Г болон М бидний хооронд байгуулсан гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч, төлбөрийг бүрэн төлсөн, харин Г нь 6 сарын дотор мөнгөө, хүүгийн хамт төлж эд хөрөнгөө буцаан авах байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгөө буцаан худалдан авах эсэх нь түүний хүсэл зоригоос шууд хамааралтай учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх: “...“И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Өэ, талийгаач Г нар нь О-ын ажилчдын орон сууцыг хамтран барих, хөрөнгө оруулах зорилгоор “С” ХХК-аас 2016.03.02-ны өдөр 150,000,000 төгрөгийг зээлж, “И” ХХК нь 2016.03.02-ны өдрийн зээл, барьцааны гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг, талийгаач Г нь 2016.03.01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг тус тус авсан байх ба, уг 150,000,000 төгрөгийн зээлийг “И” ХХК төлөхийг зөвшөөрч “С” ХХК-тай харилцаж байсан, ...талийгаач Г болон “И” ХХК нь энэхүү зээлийн барьцаанд Гын өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тавих хүсэл зоригтой байсан боловч тус үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ байхгүй шалтгаанаар Г нь хариуцагч Мд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдах байдлаар, буцаан худалдан авах байдлаар барьцааны гэрээний оронд дүр үзүүлэн 2016.03.01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөө буцаагаад 100,000,000 төгрөгөөр хариуцагч Маас сарын 3.5%-ийн хүүг, 8 сарын туршид төлж худалдан авахаар тохиролцон 2016.03.02-ны өдрийн хэлцэл байгуулагдсан болох нь тогтоогдсон. ...Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг талийгаач Гоос хариуцагч Мд шилжүүлсэн тухайн хоёр хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ. ...Дээрхээс үзвэл, талийгаач Г, хариуцагч М нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хоёр хэлцлийн үндсэн дээр хариуцагч М нь талийгаач Гын өмчлөлийн, өв залгамжлалын гэрээгээр нэхэмжлэгч Бт өвлөгдөн ирсэн, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...Нэхэмжлэгч Б нь бодит байдал дээр маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгаж, хамгаалж байгаа, ...тэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буюу талийгаач нөхөр Гоос өвлөж авсан дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авахаар хариуцагч Маас шаардах эрхтэй, хариуцагч М нь өөрийн өмчлөх эрхэд бүртгэлтэй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Бт буцаан шилжүүлэн өгөх үүрэгтэй. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Бт буцаан шилжүүлэхийг хариуцагч Мд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч “С” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн бол, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

9. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам гудамж, Нүхтийн зам 19/10 тоот хаягт байршилтай, 437.2 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Бийн нөхөр Гын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022505 дугаарт бүртгэгдэж 2016.02.16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, “И” ХХК-ийн “С” ХХК-аас авах 150,000,000 төгрөгийн зээлийн 100,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд Г өөрийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг “С” ХХК-ийн захирал Мын өмчлөлд шилжүүлэхээр 2016.03.01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг, 2016.03.02-ны өдөр нь орон сууцыг худалдсан гэх мөнгөн дүнд сар бүр 3.5 хувийн хүү төлж, 8 сарын хугацаанд буцаан худалдан авах үүрэг хүлээсэн “Хэлцэл”-ийг Мтай байгуулснаар 2016.03.02-ны өдөр Гын дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар Г өөрийн дансаар орж ирсэн дээрх мөнгийг “И” ХХК-ийн захирал Өэд 40,000,000 төгрөгийг бэлнээр, 55,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, “И” ХХК “С” ХХК-аас зээлж авсан 150,000,000 төгрөгийг барилгын ажилд зарцуулсан, “С” ХХК нь “И” ХХК-аас 150,000,000 төгрөгийн зээлийг шаардаж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон үндэслэлээр, Г нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах зорилгоор бус зээлийн барьцаанд тавих зорилгоор хариуцагч Мын өмчлөлд шилжүүлсэн байна гэсэн дүгнэлт хийж, худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус  байх хэлцэл гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад тулгуурласан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 11. 2021.09.07-ны өдөр Г нас барснаар эхнэр Б дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн, 2022.08.21-ний өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ авсны дараа үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн өмчлөлд шилжсэн талаар мэдэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, 56.5-д хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч Б нь өөрийн нөхрийн өмчлөлд байгаад өвийн журмаар хүлээн авах үл хөдлөх эд хөрөнгө нь хууль бусаар бусдын  өмчлөлд шилжсэн үндэслэлээр тус хөрөнгийг буцаан шилжүүлэх шаардлага гаргасан нь хангагдах үндэслэлтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймд шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдвэрлэсэн талаарх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

12. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус  байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

Г, М нарын хооронд байгуулагдсан 2016.03.01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь зохигчийн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, Маас шилжүүлсэн 100,000,000 төгрөг нь тухайн эд хөрөнгийг худалдан авч байгаа үнэ биш, улмаар худалдагч Г тухайн хөрөнгийг 8 сарын хугацаанд анх худалдсан үнийн дүнд сар бүр 3.5 хувийн хүү тооцож, 8 сарын хугацаанд буцаан худалдан авах үүрэг хүлээсэн зэргээс үзэхэд маргаж буй хөрөнгийг зээлийн барьцаанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Г, Өэ, Д.Алтантуяа нарын эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021.2.15-ны өдрийн 1241 дүгээр Прокурорын тогтоол, бусад баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр 2016.03.01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, ... үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

13. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэжээ.

Г, М нар нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд эд хөрөнгө буцаан худалдан авах талаар тохиролцоогүй бөгөөд харин 2016.03.02-ны өдрийн Хэлцэлд худалдагч Г нь худалдсан хөрөнгийг тодорхой хугацаанд, худалдсан үнээс илүү үнээр буцаан худалдан авах, хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол алданги төлөх үүрэг хүлээсэн нь хуулийн дээрх зохицуулалтад заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн гэрээний агуулгад нийцээгүй байх тул дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Иймд талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцэл, улмаар эд хөрөнгийг буцаан худалдах авах хэлцэл хийгдсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 265 дугаар зүйлийн 265 дугаар зүйлийн 265.1-д нийцсэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/ гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Харин анхан болон давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байтал хоёр шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлсэн атлаа гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчид буцаан шилжүүлэлгүй орхигдуулсан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Б Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан этгээд биш боловч 100,000,000 төгрөгийн зээлийг хүлээн авсны үүрэгт эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ хуулийн дагуу байгуулагдаагүй үндэслэлээр эд хөрөнгийг буцаан гаргуулж байгаа учир зээлийн хөрөнгөд Гын хүлээн авсан 100,000,000 төгрөгийн үүргийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар хариуцна.

Иймд нэхэмжлэгч Бээс 100,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Мд олгуулна.

Түүнчлэн нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн тул түүнийг өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

15.  Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2024/01589 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01900 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар ... үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Бийн өмчлөлд буцаан шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж, нэхэмжлэгч Бээс 100,000,000 төгрөгийг гаргуулан Мд олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М-ын гомдлыг хангахгүй орхисугай.   

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа М-аас 2024.09.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 728,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД