Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 166

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Одончимэг,

шүүгдэгч: Б.Хос-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор /0433/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хас тамгат овогт Батхуягийн Хос-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
Хөдөө аж ахуй их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Бизнесийн эдийн засгийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, ажилчдын 4 дүгээр байрны 202 тоотод оршин суух, регистрийн дугаар УШ 96022319, Хас тамгат овогт Батхуягийн Хос-Эрдэнэ.

 

Шүүгдэгч Б.Хос-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” бааранд согтуугаар Х.Тэргэлийг илтэд үл хүндэтгэн ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Хос-Эрдэнэ мэдүүлэхдээ:

  2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хэрэглээний эдийн засгийн тэнхимийн шинэ жил болж, бид шинэ жилээ дуусгаад хорооллын “Кастел” бааранд тэнхимийнхээ 12-13 хүүхдийн хамт 00-01 цагийн үед орсон. Тэгээд бүжиглэж байтал манай ангийн Мөнхцэцэг надад “араас хүн татаж чангаагаад байна” гэж хэлэхэд би тоолгүй үргэлжлүүлэн бүжиглэсэн. Хэсэг хугацааны дараа дахиад “араас хүн татаж чангаагаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнтэй байраа солиод бүжиглэсэн. Тэгэхэд нөгөө залуу миний араас базаад оролдоод байсан. Би тэр залууд “чи яагаад хүн амьтан оролдоод байгаа юм бэ, болиоч” гэхэд тэр эргэж хараад “юу гэнээ ална шүү, цаашаа зайл” гээд хэл амаар доромжилсон. Би анх хохирогчийн найзтай маргалдсан бөгөөд энэ үед манай ангийн Г.Баттүшиг намайг хойш нь салгаад бүжгийн талбайн захад аваачсан. Нөгөө залуу өөр нэг залуутай хамт ирээд “ална” гээд гараа далайхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод би хохирогчийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон юм. Би тухайн үед 1 шил пиво уусан байсан.

Би хохирогчтой өчигдөр цайны цагаар нь очиж уулзахад хэд хоног ажилдаа яваагүй гэхээр нь 80 000 төгрөг өгсөн. Би урьд алдаа гаргасан, дахин ийм алдаа гаргахгүй. Хойшид дахин хэрэг, зөрчил гаргахгүй, хичээлдээ явж, сургуулиа төгсөнө. Би өөрийн үйлдэлд маш их гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Тэргэл мэдүүлэхдээ:

...2016 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 03 цагийн үед би найз нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Кастел” бааранд байсан. Би найз Б.Нямжав, Түвшинжаргал, Норовсамбуу нарын хамт байсан бөгөөд тухайн үед би Б.Нямжавтай бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгсэн Б.Нямжав 1 хүнтэй маргалдахаар нь би салгасан. Хажууд нь 1 залуу байсан, тэр бид 2 маргааныг салгаж байтал хажуугаар нь өөр 1 залуу миний нүүрэнд нүд орчимд гараараа цохисон. Б.Нямжавтай маргалдаж байсан залуу намайг цохисон юм байна лээ. Б.Нямжавтай тэр залуу юунаас болж маргалдсаныг би мэдээгүй. Тухайн үед миний зүүн нүд хөхөрч хавдсан, ажилдаа явж байсан, жин тавьж байгаад эдгээчихсэн, бодитой гарсан эмчилгээний зардал бол байхгүй. Одоо нүд зүгээр болсон, хамар бага зэрэг мурийсан байсан. Гэхдээ би тухайн үед хамраа үзүүлж харуулаагүй, ажил ихтэй амжихгүй байсан. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Баттүшиг мэдүүлэхдээ:

...Манай сургуулийнхан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинэ жилээ Баянзүрх дүүрэгт байрлах “Алтан титэм” гэдэг ресторанд тэмдэглээд 00 цаг өнгөрч байхад “Кастел” бааранд ирсэн. Би ангийн охидуудтай бүжиглээд байж байтал хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг болохоор нь хартал Б.Хос-Эрдэнэ танихгүй залуутай маргалдаад, бие, бие рүүгээ юм хэлээд л байсан, яг юу хэлээд байгаа нь баарны чанга чимээнд сонсогдохгүй байсан. Тэгээд би салгах гээд ойртсон чинь манай ангийн Нандин-Эрдэнэ нэгэнтэй нь намайг татаад байсан. Би тэд нарт “би зодоон хийгээгүй, би салгах гэж байна” гээд эргээд яваад очтол 1 залуу гараараа нүүрээ дарчихсан зогсож байсан гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Нямжав мэдүүлэхдээ:

...2016 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би найз Х.Тэргэл, Норовсамбуу, Мөнхтүвшин нарын хамт “Кастел” бааранд орсон. Х.Тэргэл бид 2 бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэлээн согтолттой нэг согтуу охин миний урд тээг болоод байсан. Тэгэхээр нь “цаашаа” гээд би холдсон чинь дахиад л ойртож ирээд байсан. Тэр охины царай зүсийг сайн хараагүй, цаанаас нь 1 залуу ирэхээр нь “найзыгаа цаашлуулчих” гэсэн. Тэгээд л тэр залуу, тэр охин 2 цаашаа болсон. Тэгээд дахиад бүжиглэж, дахиад л шахаад байсан, тэр үед залуу нь цаана нь бүжиглэж байсан. Тэгснээ эмэгтэйгээ цааш татсанаа “яагаад байгаа юм” гээд надаас асуухаар нь “найз чинь согтсон байна, цаашаа аваад бүжиглэ” гэхэд “чи яагаад манай найзыг оролдоод байгаа юм” гэсэн. Тэгсэн цаанаас өөр 1 залуу хүрч ирсэн. Анх эмэгтэйтэй ойрхон бүжиглээд байсан залуу нь “боль, боль” гэсэн чинь цаанаас ирсэн залуу эхлээд намайг цохиод авахаар нь би доош тонгойтол араас хүрч ирсэн залуу нь Х.Тэргэлийг цохиод авсан гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 475 тоот дүгнэлтэд:

1. Х.Тэргэлийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Хос-Эрдэнэ нь урьд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Хос-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” бааранд архи ууж согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Х.Тэргэлийг “манай найзыг өдлөө” гэх үл япих зүйлээр шалтаглан, түүнд хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Тэргэл, гэрч Г.Баттүшиг, Б.Нямжав нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 475 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Б.Хос-Эрдэнийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч Б.Хос-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Х.Тэргэлийг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин,  танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч Х.Тэргэл нь эмчилгээ зардал нэхэмжилж, нотлох баримт бүрдүүлээгүй боловч шүүгдэгч түүнд 80 000 төгрөг төлсөн тул Б.Хос-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэж байгаа, тэр Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн бизнесийн эдийн засгийн 4 дүгээр курст суралцдаг тул сурч боловсрох боломжоор нь хангаж, түүнд оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзлаа.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.