| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2021/00330/И |
| Дугаар | 136/шш2021/00308 |
| Огноо | 2021-12-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 136/шш2021/00308
| 2021 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 136/ШШ2021/00308 | Дорноговь аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 6 дугаар баг, Ж гудамж 10-20 тоотод оршин суух Б овогт Д.М /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д аймаг, С сум, 2 дугаар баг, д-415 тоотод оршин суух, Б овогт Ж.Ж /РД:...../-д холбогдох
1,641,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ж гэх малчинтай 2021 оны 08 сарын 12-ны өдөр мал маллах талаар амаар хэлэлцэн тохиролцож 2021 оны 08 сарын 31-ний өдөр бичгээр гэрээ байгуулсан. Бид үхэр 96, хонь 142, ямаа 149 тооны малыг маллахаар тохиролцон гэрээ хийж үхрийг сард 30 литр бензин, тугалтай үнээ өгөхөөр тохиролцсон боловч тугалтай үнээгээ одоогийн зах зээлийн үнэ 1,500,000 төгрөг гэж тохиролцсон боловч би өөрөө цалингаа сарын 450,000 төгрөг гэж хэлсэн. Харин тэр хүмүүс 12 сараар бодож мөнгөө өгнө гээд тэр нь сарын 125,000 төгрөг болчихсон. Гэвч би 12 сараар маллаагүй болно. Тэгээд 142 толгой хонь, 149 толгой ямаа малласан. Урьдчилгаа хөлс 400,000 төгрөг авсан. 2021 оны 10 сарын 30-ны өдөр Ж.Ж өөрөө манай хашаанаас малаа бүрэн гүйцэт тоолж авч явсан. Тэгсэн мөртлөө 6 хонь солигдсон гээд худал ярьж одоогийн ажлын хөлсний үлдэгдэл 1,641,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байгаа учраас би Ж.Жгаас гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч огт утсаа авахгүй, холбогдохгүй хөлсөө төлөхөөс зайлсхийж байгаа учраас гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 1,641,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Ж.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ж миний бие Д.Мд 2021 оны 08 сард гэрээ хийж малаа маллуулсан. Цалин хонь, ямаагаа сарын 250,000 төгрөг, үхрээ сард 30 литр бензин жилд 1 тугалтай үхэр өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн. Мягмарсүрэнд малаа өгсний дараа бэлэн 400,000 төгрөг, хүүхдэд нь 20,000 төгрөг, ддэштв станц 100,000 төгрөгөөр бодож өгсөн. Сар бүр 30 литр бензин өгсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад охин Мягмаржаваас 80,000 төгрөг бензиний мөнгө, дахиад 50,000 төгрөг авсан байсан. Үхэр малласны цалин 1 тугалтай үнээгээ 1,500,000 төгрөгөөр бодож 12 сард хуваахад сард 125,000 төгрөг болсон. Одоо 3 сар үхэр маллуулсан цалин 325,000 төгрөг, хонь, ямаа малласны сүүлийн сарын цалин 250,000 төгрөг өгөхөөс сүүлд манай охиноос 50,000 төгрөг авсныг хасаад 200,000 төгрөг нийт 525,000 төгрөг өгөх тооцоотой. Энэ мөнгийг аймаг орохдоо өгөлцөж авахаар тохиролцоод салсан. Малаа аваад туугаад явж байтал өөр имтэй, шинээр будсан 6 ширхэг хурга байсан. Манай хонь будаад 3 сар болж байсан учир шинэ будсан хонь их содон өөр харагдсан тул бид малаа бүртгэж үзсэн чинь 4 ширхэг эм хонь 2 ширхэг эр хонь дутсан. 6 өөр имтэй, бөгсөн дээрээ хуучин айлын тэмдэг болох улаан хүрэн будагтай хурга 6 байсан. Ингээд манай малыг дуурайлгаж будсан санаатайгаар сольсныг мэдээд Мягмарсүрэнд тэр даруй утсаар ярьсан. Манай хониноос 6 бүдүүн хонь дутаж байна. Өөр имтэй өөр будагтай 6 ширхэг хурга байна ирж үз гэсэн чинь хүүхэд мотоциклоо унаад явсан унаа алга гэсэн. Өглөө түлш аваачсан явж байгаа портер машин гадаа нь байсан ирээгүй. Бид нилээд хүлээж байгаад дахиад утсаар ярьсан. 6 ширхэг хурга хэдэн төгрөг үү, 6 ширхэг бүдүүн хонь хэдэн төгрөг үү. Юун цалин авах бид та нараас мөнгө авна шүү гэж хэлсэн. Одоо ирж үзэх боломжгүй бол өглөө ирээд үзчих бид холдохгүй ойрхон хононо гэсэн. Ирж үзээгүй. Малаа маллуулж байхдаа би цалингаас гадна хоолондоо хэргэл гээд эр ямаа өгсөн. 10 ширхэг бүдүүн үнээгээ сар гаруй саалгасан. Сүү цагаан идээ, шар тос тооцоогүй. Мал маллаж байхдаа 3 ширхэг хурга үхсэн гэсэн би гэрээ хийхдээ мал үхвэл сэгийг нь үзнэ гэсэн боловч надаа 1 хурганы сэг л үзүүлсэн. Би одоо 6 ширхэг бүдүүн хонио хониор нь авмаар байна. Ор хониор нь өгч чадахгүй бол 1 хонио 250,000 төгрөгөөр бодож 1,500,000 төгрөг нэхэмжилж байна. Миний малыг дураараа сольж будлиан үүсгэж надад чирэгдэл учруулсанд гомдолтой байна гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Д.М миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,641,000 төгрөгөөс 1,141,000 төгрөгийг багасгаж, үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч Ж.Ж 2021 оны 12 сарын 08-ны өдөр төлөхөөр эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М хариуцагч Ж.Жд холбогдуулж 1,641,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага 1,641,000 төгрөгөөс 1,141,000 төгрөгийг багасгаж, үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч Ж.Ж нь 2021 оны 12 сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д.Мгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Жд холбогдох 1,641,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлийн шаардлагаас 1,141,000 төгрөгийг багасгаж, үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч Ж.Ж нь 2021 оны 12 сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 7,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ