| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0122/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/166 |
| Огноо | 2024-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 28.3.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Б- /цахимаар/,
Шүүгдэгч Д.Л-О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-гийн Л-О-т холбогдох эрүүгийн 2435000000100 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......................... өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, гэмт хэрэг холбогдох үедээ Хилийн ...... дугаар ангийн ....................... ажилтай байсан, ам бүл ....................... хамт амьдардаг, Увс аймгийн ...................... сумын ......................................... оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Д-гийн Л-О-, (регистрийн дугаар: .........................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Л-О- нь Хилийн цэргийн ...... дугаар ангийн инженерийн ахлах, хошуучаар ажиллаж байгаад ангийн захирагчийн тушаалаар Хилийн цэргийн ...... дугаар салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Увс аймгийн ............................. сумын 1 дүгээр багийн нутагт хамт архидан согтуурсан Хилийн цэргийн ...... дугаар ангийн хилийн цэргийн ...... дугаар салбарын аж ахуйн дарга, ахлагч Ц.Б-Э-ийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө жолоогоо шилжүүлсэнгүй гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус харьцаж, түүний уруул хэсэгт цохиж зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
Мөн хохирогч Ц.Б-Э-тэй цэргийн дүрмийн бус харьцаж, түүний уруул хэсэгт цохиж, зодох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Л-О- нь Хилийн цэргийн ...... дугаар ангийн инженерийн ахлах, хошуучаар ажиллаж байгаад ангийн захирагчийн тушаалаар хилийн цэргийн ...... дугаар салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Увс аймгийн ............................. сумын 1 дүгээр багийн нутагт хамт архидан согтуурсан Хилийн цэргийн ...... дугаар ангийн хилийн цэргийн ...... дугаар салбарын аж ахуйн дарга, ахлагч Ц.Б-Э-ийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө жолоогоо шилжүүлсэнгүй гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус харьцаж, түүний уруул хэсэгт цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Д.Л-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Д.Л-О- нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг тайлбар гаргасан бөгөөд зүйлчлэлийн талаар маргаангүй. Миний үйлчлүүлэгч Д.Л-О- нь хэдийгээр хохирогчтой дүрмийн бусаар харьцсан гэдэг боловч энэ нь хохирогчийн тодорхой хэмжээний буруутай үйл ажиллагаанаас болж уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл үүссэн байдаг. Хохирогч Ц.Б-Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлсэн бөгөөд удаа дараагийн шаардлагыг хүлээн аваагүйгээс болж маргаан гарсан байдаг. Д.Л-О-ын хувьд тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хүнд шилжүүлж өг гэх шаардлага тавихад Ц.Б-Э- энэ шаардлагыг биелүүлээгүйгээс болж гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Миний үйлчлүүлэгч Д.Л-О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч ажлаасаа гарсан. ...Д.Л-О- нь хувийн байдлын хувьд эхнэр, 0-12 насны 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн учир эхнэр нь хүүхэд асрах чөлөөтэй, цалингийн зээл, ипотекийн зээлүүдийг Д.Л-О- ажил хийж төлж барагдуулдаг байсан боловч энэ гэмт хэргийн улмаас ажлаасаа халагдсан учир амьдрахад хэцүү байгаа талаар илэрхийлж байсан. Д.Л-О-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Д.Л-О- шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Хэрэг болсны дараа хохирогчтой эвлэрсэн. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авч, надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2435000000100 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хохирогч Ц.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Бид нарыг замд явж байхад Л-О- хошууч надад хандаж “танай застав яачихсан застав бэ, адуу малаа алдчихсан, зөрчил гаргасан” гэсэн утгатай зүйл хэлсэн, тухайн үед бид нар ............................. сумын 1 дүгээр багийн нутагт хөдөө явж байсан бөгөөд миний уур хүрээд машиныхаа тормосыг гишгэж зогсоогоод гараараа жолооны хүрдийг 3-4 удаа цохисон, тэр үед машинаас хэн ч буугаагүй, бүгд чимээгүй болсон. Тэгээд хэн ч юу ч дуугараагүй болохоор бид нар цааш заставруугаа хөдөлж, ............................. сумын 1 дүгээр багийн нутагт байх Хилийн зурвас гэх самбар зөрөөд зогсож бие зассан, тэр үед машин зогсоож би машинаас буугаад бие засаж байхад Ө- 3 хугацаат цэргийн алба хаагчидтай бууж ирсэн, тэгээд Ө- тал шилтэй архи авч ирээд хундагалж байтал машинаас Д.Л-О- хошууч бууж ирээд бид нар тэр архинаас нэг нэг хундага уусан, тэгээд бид нар бие засчхаад Д.Л-О- хошууч надад хандаж “Ц.Б-Э-э чи машинаа С-ар бариулчих, чи жаахан давхих гээд байна” гэж хэлсэн. Тэгээд би “яах юм бэ, би өөрөө баръя, одоо цас руу орох гэж байна, би баръя” гэхэд Д.Л-О- хошууч надад “Машинаа бариулчих гээд байгаа юм биш үү” гэж хэлээд жаахан уурлахаар нь би урдаас нь уурлаж “чадахгүй пизда минь” гэж хэлсэн. Тэгэхэд Д.Л-О- надад уурлаж зүүн гараараа миний баруун талын уруулын хэсэгт нэг удаа цохисон бөгөөд тухайн үед надаас жаахан цус гарсан. Ингээд би хойшоо нэг алхаад больё оо дарга гэж хэлэхэд Д.Л-О- хошууч намайг дахиж цохиогүй юм.
...Д.Л-О- нь надад хандаж “Б-Э-э чи машинаа С-ар бариулчих, чи жаахан давхих гээд байна гэж хэлсэн. Тэгээд би “яах юм бэ, би өөрөө баръя, одоо цас руу орох гэж би баръя” гэхэд Д.Л-О- хошууч надад “Машинаа бариулчих гээд байгаа юм биш үү” гэж хэлээд жаахан уурлахаар нь би урдаас нь уурлаж “чадахгүй пязда минь” гэж хэлсэн. Тэгээд Д.Л-О- надад уурлаж зүүн гараараа миний баруун талын уруулын хэсэгт нэг удаа цохисон. Д.Л-О- нь өөрөөр намайг дахиж цохиж зодоогүй бөгөөд би ч гэсэн Д.Л-О- хошуучийг зодож цохисон зүйл байхгүй. Тухайн өдөр Д.Л-О- хошууч бид хоёр талийгаач Б-А ахыг цааш ганцаараа алхаад явсны дараа машин руугаа буцаж явж байгаад би халтирч унаад хэвлийгээрээ хайргатай чулуунд цохигдчихсон юм. Би гэмт хэргийн хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлыг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. Д.Л-О- нь надаас уучлалт гуйж эвлэрсэн тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-12 дахь тал);
2. Гэрч П.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хилийн цэргийн ...... дугаар ангийн штабын орлогч, хилийн албаны тасгийн дарга ажилтай, ахмад цолтой бөгөөд би албан тушаалын хувьд хил хамгаалалт, хилийн заставуудыг удирдлагаар хангах, ангийн албаны бэлэн байдлыг хангуулах үүрэгт ажилтай юм. Цэргийн албан хаагчийн хоорондын харилцааг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №180 дугаартай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна. Уг дүрмийн 3 дугаар бүлгийн 7 дугаар зүйл “цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа” 7.1-д “цэргийн алба хаагчид харилцахдаа нэгтгэн удирдах, захирах, захирагдах, харилцан хүндэтгэх зарчмыг баримтална”, 7.2-д “цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд алба хаагчид хоорондоо харилцахдаа цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “захирах, захирагдах” зарчмыг мөрдөнө. 7.3-д “ цэргийн алба хаагч нь нэг нь нөгөөдөө цолны эрэмбээр ахлах болон бага цолтон байна, 7.3.1-д дээд офицер, ахлах, дунд офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчийн гэж тус тус заасан байдаг. Энэ хэргийн хувьд хошууч Д.Л-О- нь ахлагч Ц.Б-Э-ийг цохисон үйлдэл нь дээрх дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал);
3. Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ хэргийн хувьд тухайн өдөр хошууч Д.Л-О-, ахлагч Ц.Б-Э- нар нь хилийн манааны томилгооны дагуу хилийн харуул хүлээлцэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байсан тул тухайн өдөр эдгээр алба хаагч нар нь үүргээ гүйцэтгэж, ажлаа хийж явсан гэж үзэх юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал);
4. Гэрч Ц.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Л-О- тухайн үед автомашин жолоодож явсан ахлагч Ц.Б-Э-д уурлаж нүүр хэсэгт нэг удаа цохисон, өөрөөр түүний биед халдаж цохиогүй ба ахлагч Ц.Б-Э-ийн дээд уруул хэсгээс цус гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал);
5. Гэрч О.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний шилжих шөнө ....Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ талийгаач ахлах ахлагч Б.Б-Агийн нэрийг Б гэж буруу хэлсэн байна. Мөн тухайн шөнө хошууч Д.Л-О- нь ахлагч Ц.Б-Э-ийг энгийн жолоочоор машинаа бариулчих гэх үед ахлагч Ц.Б-Э- нь “чадахгүй пизда минь” гэсэн зүйл хэлсэн. Түүнээс болж хошууч Д.Л-О- нь ахлагч Ц.Б-Э-ийн уруулын хэсэгт гараараа нэг удаа цохисон юм. Би урьд мэдүүлэг өгөхдөө хэрэг болсноос хойш удаж байсан учраас ахлагч Ц.Б-Э-ийг машины түлхүүрээ алга болгосноос болж Б-Э-ийг цохисон гэж буруу мэдүүлсэн байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-24 дэх тал);
6. Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ талийгаач ахлах, ахлагч Б.Б-Агийн нэрийг Б гэж буруу хэлсэн байна. Мөн тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 сарын 01-ний өдрийг шилжих шөнө хошууч Д.Л-О- нь ахлагч Ц.Б-Э-ийг эрүүл хүнд машинаа бариулчих, С-ар машинаа бариулчих гэх үед ахлагч Ц.Б-Э- нь чадахгүй пиздаа минь гэсэн зүйл хэлсэн. Үүнээс болж хошууч Д.Л-О- нь ахлагч Ц.Б-Э-ийн уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-29 дэх тал);
7. Гэрч Б.М-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ талийгаач ахлах ахлагч Б.Б-Агийн нэрийг Б гэж буруу хэлсэн байна. Мөн тухайн шөнө хошууч Д.Л-О- нь машинаа С-ар бариулчих гэх үед ахлагч Ц.Б-Э- нь “чадахгүй пизда минь” гэсэн зүйл хэлсний улмаас хошууч Д.Л-О- нь Б-Э-ийн уруулын хэсэгт гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-34 дэх тал);
8. Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол, (хавтаст хэргийн 58-62 дахь тал);
9. Д.Л-О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-69 дэх тал);
10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 105 дугаартай “...Үзүүлэгч Ц.Б-Э-ийн биед дээд уруулын баруун хэсгийн салстад язарсан шарх, цус хуралт, дээд, доод уруулын салстад, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинжилгээ хийлгэх тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээд уруулын баруун хэсгийн салстад язарсан шарх, цус хуралт, дээд, доод уруулын салстад, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Мөн хэвлийн зүүн доод хэсэгт байрласан цус хуралт, зулгаралт гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн нэг хувийг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт (нэмэлт ажиллагаагаар хэрэгт хавсаргасан) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б- хэргээс:
1. Гэрч Б.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Л-О- бид хоёр 2012 онд гэрлэсэн бөгөөд одоо 0-12 насны 4 хүүхэдтэй. ...манай нөхөр Д.Л-О- нь 2010 оноос хойш хил хамгаалах байгууллагад буюу хилийн ...... дугаар ангид 14 дэх жилдээ ажиллаж байсан. 2024 оны 03 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн, одоогоор эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдүүдээ хараад байж байгаа юм. Манай нөхөр Д.Л-О- зан харилцааны хувьд даруу төлөв, ямар нэгэн зүйлд нухацтай тууштай ханддаг, эхнэр хүүхэд гэр бүлдээ халамжтай, хүүхдүүдийнхээ хувьд хилийн цэрэгт олон жил ажилладаг гэдгээрээ бахархалтай эцэг, ямар нэгэн зүйлд тууштай ханддаг, үнэнч, аливаа хүнд тусалж, дэмждэг, өөрийн эцэг, эхээ байнгын асарч, тойрч, ус түлээ аваад бүх зүйлд нь тусалдаг, ажил мэргэжлийнхээ хувьд өөрийн дур сонирхлоороо ажилладаг. Мэргэжлээрээ сайн ажилладаг, хүнтэй эелдэг зөөлөн харилцаатай байдаг юм. Д.Л-О- нь дээд боловсролтой, хилийн албаны мэргэжилтэй, 2022-2023 онд ............................ улсад ар тал хангалтын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж төгсөөд ирсэн. Ажил мэргэжилдээ мэргэшсэн албан хаагч юм. Д.Л-О- нь хамгийн сүүлд Хилийн цэргийн ...... дугаар ангид инженерийн ахлах офицер албан тушаалд ажиллаж байсан ба тасгийн даргын нөөцөд орчихсон байсан юм. Эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг, эрүүл мэнддээ анхаардаг, элдэв муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хорт муу зуршилгүй юм. Амьжиргааны түвшингийн хувьд дундаж орлоготой, одоогоор нөхөр маань ажлаасаа халагдсан, би жирэмсний амралттай байгаа, мөн байрны ипотекийн зээл, өөрийн болон миний цалингийн зээл гэсэн 3 төрлийн зээлтэй, эд хөрөнгийн хувьд .................сумын .............. багт 56 м.кв 2 өрөө байртай, приус-20 загварын авто машинтай өөр эд хөрөнгө байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал);
2. Д.Л-О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-69 дэх тал);
3. Д.Л-О-ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 80-83 дахь тал);
4. Д.Л-О- нь Монгол Улсын Хилийн цэргийн дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн гэх ………………. дугаартай бакалаврын дипломын хуулбар, Д.Л-О-ын 2023 оны 2-12 дугаар сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар, Д.Л-О-ын авч байсан шагнал урамшууллын баримтуудын хуулбар (хавтаст хэргийн 84-88 дахь тал);
5. Д.Л-О- нь албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай Хил хамгаалах ерөнхий газрын даргын ..................................... дугаартай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 121 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л-О- нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул Д.Л-О-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт:
1. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Л-О-т холбогдох хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.
2. Шүүгдэгч Д.Л-О- нь Хилийн цэргийн ...... дугаар ангийн захирагчийн тушаалаар Хилийн цэргийн ...... дугаар салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус салбарын Ж......., Б......... гэх постын харуулыг ээлж солилцуулахаар энгийн жолооч С-, харуулын дарга ахлах ахлагч З, дэд ахлагч Б нарын хамт албаны ..........улсын дугаартай “Land Cruiser 78” загварын тээврийн хэрэгсэлтэй явсан байх бөгөөд албаны машиныг хохирогч буюу тус хилийн заставын аж ахуйн дарга, ахлагч Ц.Б-Э- жолоодож явсан байна.
Тухайн өдөр шүүгдэгч Д.Л-О-, хохирогч Ц.Б-Э- нар нь Увс аймгийн ............................. сумын 1 дүгээр багийн нутагт албан үүргээ гүйцэтгэж явахдаа ахлах, ахлагч н.Б-Агийн 4 жилд нэг удаа тохиодог төрсөн өдрийг хамт тэмдэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.
Улмаар 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө хохирогч Ц.Б-Э- нь жолоо барьж явах үедээ шүүгдэгч Д.Л-О-ын хэлсэн үгэнд уурлаж, машины рулийг 3-4 удаа цохиж, давхих зэрэг үйлдэл гаргасан, машин түр зогсож, хүмүүс бие засахаар буусны дараа шүүгдэгч буюу хилийн цэргийн ...... дугаар салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч Д.Л-О- нь Ц.Б-Э-д хандан “Ц.Б-Э-э чи машинаа энгийн жолооч С-ар бариулчих, чи жаахан давхих гээд байна” гэж хэлэхэд хохирогч Ц.Б-Э- “яах юм бэ, би өөрөө баръя, одоо цас руу орох гэж байна” гэж эсэргүүцэн жолоогоо С-д шилжүүлэхээс татгалзсан,
Тэр үед шүүгдэгч Д.Л-О- дахин хохирогч Ц.Б-Э-д “Би чамайг машинаа С-ар бариулчих гээд байгаа юм бишүү” гэхэд хохирогч Ц.Б-Э- уурлаж, “Чадахгүй, хуц пизда минь” гэж хэлэх үед шүүгдэгч Д.Л-О- нь Ц.Б-Э-ийн уруул хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусган, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Ц.Б-Э-, гэрч П.Энхтулга, Г.Э-, Ц.Ө-, О.А-, Н.Н-, Б.М-Э-э нарын мэдүүлгүүд, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт, болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 5-6, 9-34,123-126 дахь тал);
Хууль зүйн дүгнэлт:
1. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Л-О-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргүүдээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.Л-О- нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдож байна.
2. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч Д.Л-О- нь хохирогч Ц.Б-Э-д “Эрүүл хүнд жолоогоо шилжүүлэх” зүй ёсны шаардлага тавихад хохирогч Ц.Б-Э- нь зүй бус үг хэллэг хэрэглэн Д.Л-О-ыг эсэргүүцсэнээр шүүгдэгч Д.Л-О- нь хохирогч Ц.Б-Э-ийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, гараараа нэг удаа уруул хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулын баруун хэсгийн салстад язарсан шарх, цус хуралт, дээд, доод уруулын салстад, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 105 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Л-О-ын хохирогч Ц.Б-Э-ийн уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан “дээд уруулын баруун хэсгийн салстад язарсан шарх, цус хуралт, дээд, доод уруулын салстад, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд прокуророос шүүгдэгч Д.Л-О-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Л-О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Б-Э-ийн “хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, зулгаралт” гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд уг гэмтлийг шүүгдэгч Д.Л-О- учруулаагүй, хохирогч Ц.Б-Э- мөрдөн байцаалтын шатанд “Хэрэг учрал болсон шөнө хальтирч, хэвлий хэсгээрээ хайргатай чулуунд цохигдож, дээрх гэмтлийг авсан” талаараа мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргийн обьект нь хууль, цэргийн албаны дүрмээр тогтоосон захирах, захирагдах журам, цэргийн албаны ашиг сонирхол байх бөгөөд халдлагад өртөгч нь дарга, захирагдагчдаа зодуулсан “цэргийн алба хаагч” байхаар заажээ.
Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг нь материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг хийснээр уг гэмт хэргийг төгссөнд тооцохоор хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсний улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.Л-О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “дарга захирагч” гэх субьект, хохирогч Ц.Б-Э- нь уг гэмт хэргийн “захирагдагч” гэх субьект болох нь дараах байдлаар нотлогдож байна.
Тодруулбал: Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь захирах, захирагдах зарчимд тулгуурлана” гэж заажээ.
Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба, цэргийн бэлтгэл албанаас бүрдэнэ”, 6.2-д “Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ” гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн 25.3.1-д “Офицер нь “дэслэгч”, “ахлах дэслэгч”, “ахмад”, “хошууч”, “дэд хурандаа”, “хурандаа”, “бригадын генерал”, “хошууч генерал”, “дэслэгч генерал”, “генерал” цолтой байх”, 25.3.2-д ”Ахлагч нь "дэд ахлагч", "ахлагч", "ахлах ахлагч", "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч" цолтой байх”, 25.4-д ”Дэслэгч, ахлах дэслэгч, ахмад цолтой офицерыг "дунд офицер", хошууч, дэд хурандаа, хурандаа цолтой офицерыг "ахлах офицер", бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолтой офицерыг "дээд офицер" гэнэ” гэж,
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар зарлигаар Цэргийн нийтлэг дүрмүүдийг баталж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжүүлэхээр заасан ба зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Цэргийн алба хаагчид харилцахдаа нэгтгэн удирдах, захирах захирагдах, харилцан хүндэтгэх зарчмыг баримтална”, 7.2-д “Цэргийн албан хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд алба хаагчид хоорондоо харилцахдаа Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “Захирах, захирагдах” зарчмыг мөрдөнө” гэж,
Мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Цэргийн алба хаагч нь нэг нь нөгөөдөө цолны эрэмбээр ахлах болон бага цолтон байна” гэж, 7.3.2-д “Ахлах офицер нь дунд офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчийн ахлах цолтон байна” гэж, 7.4-д “Ахлах цолтон нь бага цолтноос хууль тогтоомж, цэргийн дүрмийг дагаж мөрдөх, цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихыг шаардана” гэж тус тус заажээ.
Дээрх хууль, дүрмийн заалтуудаас үзэхэд цэргийн алба хаагчид хоорондоо харилцахдаа захирах, захирагдах зарчмыг мөрдөж, албан тушаал, цолны эрэмбээрээ захирагч болон захирагдагч байх бөгөөд хошууч цолтой, ахлах офицер нь ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчийн ахлах цолтон буюу тэдгээрийг захирах эрхтэй алба хаагч байна.
Шүүгдэгч Д.Л-О- нь Хилийн цэргийн ...... дугаар ангийн Зэвсэг, инженерийн албаны инженерийн байгууламжийн ахлах офицероор, хошууч цолтой ажиллаж байгаад Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/584 дугаартай тушаалаар захиргааны санаачилгаар 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон, цэргийн жинхэнэ албанаас халагдсан нь хавтаст хэргийн 121 дэх талд авагдсан “Д.Л-О-ыг албан тушаалаас чөлөөлж, цэргийн албанаас халах тухай” тушаалын хуулбараар нотлогдож байна.
Хохирогч Ц.Б-Э- нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1369 дугаартай тушаалаар мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Хилийн цэргийн ...... дугаар ангид харуулын даргаар, дэд ахлагч цолтой томилогдон ажиллаж байсан нь хавтаст хэргийн 118 дахь талд авагдсан “Ц.Б-Э-ийг томилох тухай тушаалын хуулбараар,
Мөн Хилийн цэргийн ...... дугаар ангийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/97 дугаартай тушаалаар, мөн өдрөөс эхлэн хилийн ...... дугаар салбарын жолоочоор дэд ахлагч цолтойгоор, томилогдон ажиллаж байсан нь хавтаст хэргийн 119 дэх талд авагдсан “Ц.Б-Э-ийг зохицуулан томилох тухай” тушаалын хуулбараар тус тус нотлогдож байх бөгөөд тэрээр Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/585 дугаартай тушаалаар 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон, захиргааны санаачилгаар цэргийн жинхэнэ албанаас халагдсан байна. (хавтаст хэргийн 120 дахь тал),
Тодруулбал: Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Хилийн цэргийн ...... дугаар ангид Зэвсэг, инженерийн албаны инженерийн байгууламжийн ахлах офицер, хошууч, шүүгдэгч Д.Л-О- нь Хилийн цэргийн ...... дугаар ангийн захирагчийн тушаалаар Хилийн ...... дугаар салбарын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн хошууч цолтой ажиллаж байсан,
Хохирогч Ц.Б-Э- нь тус хилийн ...... дугаар салбарын аж ахуйн даргаар, дэд ахлагч цолтой ажиллаж байсан нь тус тус тогтоогдож байх тул Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн 25.3.1, 25.3.2 дахь заалтууд, “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.2, 7.4 дэх хэсгүүдэд зааснаар албан тушаал, цолны эрэмбээрээ ахлах офицер буюу хошууч Д.Л-О- нь дэд ахлагч буюу хохирогч Ц.Б-Э-ийн хувьд “Дарга захирагч”, хохирогч Ц.Б-Э- нь “Захирагдагч” болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Л-О- нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж явах үедээ хамт архидан согтуурсан, хохирогч Ц.Б-Э-ийг “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, энгийн жолооч С-д жолоогоо шилжүүлсэнгүй” гэх шалтгаанаар түүнтэй цэргийн дүрмийн бус харьцаж, уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дахь хэсгийн 1-д заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Л-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Л-О- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.Л-О-, хохирогч Ц.Б-Э- нарын хэн аль нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал, хохирогч Ц.Б-Э-ийн зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Л-О-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэхдээ шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаагаар цугларсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, прокуророос дахин үйлдэж, ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Л-О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-Э-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Ц.Б-Э- нь мөрдөн байцаалтын шатанд “...Д.Л-О- нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд одоо түүнд гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйл, санал, хүсэлт байхгүй болно” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 89 дэх талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Л-О-оос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.Л-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Д.Л-О-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгч Д.Л-О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Л-О-т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Д.Л-О-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирол төлбөр байхгүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байгаа гэж үзэж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Д.Л-О- нь хувийн байдлын хувьд эхнэр, 0-12 насны 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн учир эхнэр нь хүүхэд асрах чөлөөтэй, цалингийн зээл, ипотекийн зээлүүдийг Д.Л-О- ажил хийж төлж барагдуулдаг байсан боловч энэ гэмт хэргийн улмаас ажлаасаа халагдаж, амьдрахад хэцүү байгаа талаар илэрхийлж байсан. Д.Л-О-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс Д.Л-О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд уг саналтай холбоотой гаргах тайлбаргүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Д.Л-О- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Тухайн үед болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэг болсны дараа хохирогчтой эвлэрсэн. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авч, надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргав.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Шүүгдэгч Д.Л-О- нь хувийн байдлын хувьд .......... онд төрсөн, ... настай, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, гэмт хэрэг холбогдох үедээ Хилийн ...... дугаар ангийн инженерийн ахлах офицер ажилтай байсан, ам бүл ................. хүүхдийн хамт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дунджаас дээгүүр (оноо 409-ээс дээш) зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 74-86 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Л-О- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Л-О-ыг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 93, 96-102 дахь тал);
Шүүгдэгч Д.Л-О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирол, хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлд, хохирогч Ц.Б-Э-ийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Л-О-ын хувийн байдлын талаар түүний эхнэр Б.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн (хавтаст хэргийн 36 дахь тал) мэдүүлгийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Л-О-ын албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, хохирогч Ц.Б-Э-ийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх хүсэлт зэрэгт тус бүрт нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Л-О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-О-т оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ....хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Л-О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
6. Шүүгдэгч Д.Л-О- нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс түүнд хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул Д.Л-О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
7. Шүүгдэгч Д.Л-О-ын өмгөөлөгч Б.Б- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.Л-О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүгдэгч Д.Л-О- нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон тул Д.Л-О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй,
Шүүгдэгч Д.Л-О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй боловч тэрээр хувийн байдлын хувьд албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д-гийн Л-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-О-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-О-т оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Л-О- нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Л-О-оос гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА