Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/216

 

 

2024      05         15                                          2024/ШЦТ/216

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч З.Мнарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мөнгөнбаатарт холбогдох эрүүгийн 2425000000265 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “М” ХХК-д тоологч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................................... тоотод оршин суудаг, 1 удаа ял, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б ургийн овогт З.М регистрийн дугаар:0000000000;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Мнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................................... тоотод эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч П.Гг гэртээ намайг орхиж, ганц бие эмэгтэй рүү шөнөөр явлаа гэснээс хохирогчийн дээр сууж ам руу нь гараа хийж зулгаан эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохироп санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, хэргийн нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч З.Мөнгөнбаатарын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Урьд нь үнэн зөв мэдүүлсэн гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

-хохирогч П.Ггийн мэдүүлсэн... Миний найз Нийн төрсөн өдөр 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болсон бөгөөд Н төрсөн өдрөө тэмдэглэх гээд манай нөхөр бид хоёрыг урьсан боловч нөхөр бид хоёр очоогүй юм. Гэтэл 24-нөөс 25-нд шилжих шөнө нөхөр бид хоёр гэртээ унтаж байхад шөнө нөхөр маань намайг үлдээгээд надад мэдэгдэхгүйгээр гэрээсээ гараад явсан байсан. Маргааш өглөө нь буюу 25-ны өглөө нөхрийгөө байхгүй байгааг мэдээд гар утас руу нь залгахаар миний гар утаснаас өөрийнхөн гар утас руу дуудлага хийх боломжгүй болгож блок хийсэн байсан. Өглөө 10 цагийн орчим найз Н над руу утсаар яриад танай нөхөр Мшөнө манай гэрт ирээд, түүнийг манай гэрт ирэхэд манай эрэгтэй дүү хамт байсан. М шөнө ирсэн чинь манай дүү М та яагаад шөнө ганц бие эмэгтэй хүн дээр ирж байгаа юм бэ гээд жоохон асуудал үүсгэсэн. Мманайд ирж тал шил архи уугаад, надаас нэг хайрцаг тамхи аваад явсан гэж хэлсэн. Гэтэл өдөр нөхөр М14 цагийн орчим өөрийнхөө аав, ээж хоёрыг дагуулаад гэртээ ирсэн. Нөхөртөө би шөнө явлаа гэдэг зүйлийг яриагүй. Хадам аавд цэргийн баярын мэнд хүргэж нэг шил архи авч өгөөд түүнийгээ бид дөрөв хувааж уусан. Хадам аав, ээж хоёр хоол, цайгаа идэж уугаад 16 цагийн орчим манай гэрээс явсан. Тэр хоёрыг явсны дараа нөхөр бид хоёр унтаж амарсан. Унтаж байгаад сэрээд би нөхөртөө чи шөнө яагаад намайг хаяад явчихсан юм бэ. Н чамайг шөнө ирсэн гэж хэлсэн. Чи шөнө яагаад ганц бие авгай дээр очиж байгаа юм бэ гэсэн чинь нөхөр М босч ирээд миний дээр гарч суугаад миний ам руу гараа хийгээд доод уруулыг татаж зулгаасан. Тэгэхэд миний доод уруулаас цус их хэмжээгээр гарч эхэлсэн. Тэр үед нөхөр М болиод гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би цагдаагийн газарт ирж өргөдөл гаргасан юм. З.М бид хоёр 2012 онд гэр бүл болсон. Хууль ёсны гэр бүл. Намайг шөнө хаяж явлаа, ганц бие авгай дээр очлоо гэж хэлэхэд л ямар нэгэн шалтгаангүйгээр миний дээр гарч суугаад миний хам руу гараа хийгээд доод уруулаас татаад дотор талд нь ураад цус гаргасан. Энэ хэрэг болох үед миний доод талын хоёр шүдний наад талын шүд хөдөлгөөн орж суларсан. Мөн доод уруулын дотор талд язарч, урагдсан. Эрүү хэсэг газартаа цус хурж хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/

-гэрч Б.Нийн мэдүүлсэн.... Энэ хэрэг хохирогч П.Г бид хоёр найз нөхдийн харилцаатай. П.Ггар танилцаж түүний нөхөртэй танилцсан. Миний төрсөн өдөр 03 дугаар сарын 24-ны өдөр болсон бөгөөд би өөрийнхөө төрсөн өдрөө тэмдэглэх гээд 14 цагийн орчим П.Гтай утсаар яриад нөхрийнхөө хамт манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Гэтэл 24-нөөс 25-нд шилжих шөнө намайг гэртээ төрсөн дүү Болдбаатарын хамт унтаж байхад 03 цагийн орчим П.Ггийн нөхөр М манай гэрт ганцаараа ирсэн. М ирэхэд нь миний дүү шөнө юу хийж яваа юм бэ гэж хэлээд унтсан. М манай гэрт байсан тал шил архийг ганцаараа уучхаад гараад явсан. Би маргааш өглөө нь би П.Г руу утсаар яриад М шөнө аавынхаа гэр лүү явж байгаа танай гэрийг харагдахаар нь ороод ирлээ гээд манай нэрээр орж ирээд гарсан гэж хэлсэн. Гэтэл П.Г 03 дугаар сарын 26-ны өдөр над руу утсаар яриад М намайг зодоод би цагдаад гомдол гаргасан гэж хэлсэн. Хэрхэн яаж зодсон, биед нь ямар гэмтэл бэртэл учирсан талаар яриагүй. Түүнээс хойш П.Гтай уулзаагүй байгаа. Энэ хоёр хүн уг нь эв найрамдалтай, ямар нэгэн хэрүүл маргаан хийдэггүй л хүмүүс байсан юм даа. Яг юу болоод байгааг нь хэлж мэдэхгүй байна. П.Г нь хувийн байдлын хувьд төлөв томоотой, эдийн засагч мэргэжилтэй, олон жил Орхон аймаг болон Баян-Өндөр суманд ажиллаж байсан. Мөнгөнбаатарын хувьд тодорхойлж хэлж мэдэхгүй юм..... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

-гэрч Я.Зоригтын мэдүүлсэн:... 2024 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэртээ эхнэрийнхээ хамт унтаж байхад шөнө 04 цагийн орчим байшингийн цонх хэн нэгэн хүн цохисон. Тэгэхээр нь би босоод үүдээ тайлж өгөхөд миний хүү З.М ганцаараа зогсож байсан. Би хүүгээ хараад хаанаас ирж байгаа юм бэ гэсэн чинь айлд очсон юм. Тэгээд гэртээ харилгүй хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд манай гэрт орж унтсан. Маргааш өдөр нь буюу 25-ны өдрийн 13-14 цагийн хооронд эхнэр бид хоёр З.М дагуулаад гэрт очсон. Бид нарыг очиход бэр П.Г халамцуу унтаж байсан. Бид нарыг очиход боссон. Тэгээд бид дөрөв нэг шил 0,5 литрийн архи хувааж уугаад гэртээ харихаар явсан. Гэтэл тэр өдрийнх нь орой хүү 3.М ээж рүү мессэж бичээд П.Ггийн уруулыг гэмтээчихсэн. Эмнэлэг рүү явах гэж байна гэж хэлсэн байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Тэр шөнө хүү минь яагаад манай гэрт очсоныг мэдэхгүй байна. Хаанаас ирж байгаа юм бэ гэхэд найзынхаа гэрт очоод ирлээ гэж л хэлсэн. Өөр юм яриагүй. 25-ны өдөр хүүгийнхээ гэрт очиход бэр П.Г халамцуу, түүний биед ямар нэгэн гэмтэл, бэртэл, шархгүй унтаж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 399 дугаартай... П.Ггийн биед доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, нуруу, хүйс, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл нь дан дангаараа, баруун бугалга, цээж, нуруу, хүйс, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....гэх дүгнэлт /хх-н 22-23-р тал/

Шүүгдэгч З.М яллагдагчаар мэдүүлсэн:. Би 2024 оны 03 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагийн үед гэрээсээ гарч яваад эхнэр Г найз Нийн гэрт очих үед Н нь тал шилтэй архи гаргаж өгсөн. Тухайн архийг Н бид хоёр хамт уусан. Ингээд Нийн гэрээс гараад аав З гэрт очиж хоносон. Ингээд өдөр 12-13 цагийн үед аав З, ээж Э бид гурав манай гэр лүү явсан. Гэрт эхнэр Г ганцаараа байсан. Энэ үед би аав З цэргийн баярын юм гээд нэг шил архи авч өгсөн. Тухайн архийг бид дөрөв уусан. Ингээд хэсэг хугацааны дараа аав, ээж хоёр гэртээ харьсан. Эхнэр Г бид хоёр унтаж амарсан. Ингээд унтаж байгаад сэрээд эхнэр намайг чи шөнө хаяж явлаа ганц бие хүүхний гэрт очлоо гэж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Ингээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би ямар ядаргаатай юм бэ гэж хэлээд ам руу нь хуруугаа хийж байгаад доод уруулыг нь татчихсан. Энэ үед уруулнаас нь цус гарсан. Ингээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь гараад явчихсан. Гадуур явж байтал эхнэр над руу залгаад эмнэлэг дээр байна хүрээд ир гэж хэлсэн. Ингээд эмнэлэг дээр очсон чинь цагдаа нар ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

 -Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-42-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажхиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/344 дугаар тогтоол /хх-ийн 44-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-48-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч З.Мнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................................... тоотод эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч П.Гг гэртээ намайг орхиж, ганц бие эмэгтэй рүү шөнөөр явлаа гэснээс хохирогчийн дээр сууж ам руу нь гараа хийж зулгаан эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

 

         Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч З.М үйлдлийн улмаас П.Ггийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, З.Мнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

         Шүүгдэгч З.М хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

          

           2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 нэг сая төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.    

       

Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч П.Г нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Зоригтын М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч З.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

      

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ