Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 171/2024/0226/Э |
Дугаар | 2024/ШЦТ/228 |
Огноо | 2024-05-20 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/228
2024 05 20 2024/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2425000000314 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 3, ах, эгчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..................................тоотод оршин суудаг, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, М ургийн овогт Б.Б, регистрийн дугаар: 0000000000;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Бнь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ............................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Б.Н гараараа толгойн тус газар нь цохиж дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, хэргийн нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Бийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Урьд нь үнэн зөв мэдүүлсэн гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-Гэр бүлийн хүчирхийллийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 10-12-р тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р тал/
-хохирогч Б.Н мэдүүлсэн... 2024 оны 04 дүгээр сарын 17-ны орой ээж над руу залгаад намайг ажлаас ирээд аваач гэж хэлсэн. Би ээжийг очиж авах гээд явж байтал хүү над руу залгаад та ирэх болж байна уу? таныг аав залга гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр лүү залгахад согтуу гар утсаа авсан. Тэгснээ намайг хүргээд өгөөч гэхээр нь чадахгүй гээд гар утсаа салгасан. Тэгсэн чинь над руу хүү залгаад ээж та ирж байгаа юм уу аав согтуу залгаад ээжтэй чинь хамт ална гөлөг гээд байна гэхээр нь хүүдээ очиж байна гэж хэлсэн. Тэгээд ээжийн ажлын газрын хүнийг буулгачхаад ээжтэйгээ гэртээ ирсэн. Гэртээ ирсэн хойно салсан нөхөр гэрт ороод ирсэн. Тэгснээ чи хүүхдээр худлаа хэлүүллээ гээд уурлаж эхэлсэн. Тэгснээ миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би өөрийг нь зөрүүлээд нэг удаа алгадаж авах үед намайг орон дээр дарж унагааснаа гараараа толгой руу олон удаа цохисон. Тэгтэл хүү маань намайг өмөөрөөд аавынхаа нуруу руу сандлаар цохиж авсан. Нөхөр уурлаад хүүгээ зодох гэж дайрсан. Би очиж хүүгээ хамгаалсан. Миний араас сандлаар цохиж зодсон. толгой тархи руу бас цохиод байсан. Миний үснээс зулгааж том өрөөнөөс гал тогооны өрөө лүү чирсэн. Тэгээд ноцолдож байтал хүү бид хоёр дээр ирээд салгах гэж оролдсон. Хүү маань сонин дуугараад уйлаад байхаар нь хартал хоолой руу нь аав нь цохисон бололтой байсан. Тэр үед би доош тонгойж байсан учраас сайн хараагүй. Хүүг минь үхсэндээ уйлаад байгаа дуугай бай гэж аав нь загнаад байсан. Тэгж байтал бага охин сэрж босож ирээд аавыгаа тэврээд болиоч аав гэхэд нь тайвширсан. Тэр үед хүү эмээгийнхээ гар утсаар дуудлага өгчихсөн байсан. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэр зэрэг хэрэглэснийг мэдэхгүй гэхдээ согтуу байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
-насанд хүрээгүй гэрч Б.Т мэдүүлсэн... 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ээж Н нь Ц эмээг ажлаас нь авах гээд Орхон аймаг Баян-Өндөр сумын ............................тоотоос гараад явсан. Гараад явсны дараа аав Б.Бнад руу залгаад ээжийг асуусан. Ээжийгээ гар утсаар залга гэж хэл гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ээж рүү залгаад аав таныг залга гэж байна гэж хэлсэн. Ээж надад за гээд гар утасаа тастсан. Ээж тухайн үед аав руу ярьсан үгүйг мэдэхгүй байна. Над руу согтуу хэд хэдэн удаа залгаж ээжийг асуугаад байсан. Аав намайг пизда минь гэж харааж загнасан. Учир нь гар утасны цаанаас юу гээд байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би лавлаж асуусны төлөө уурласан. Тэгэхээр нь би ээж рүү залгаад та аавтай ярьсан юм уу над руу согтуу залгаад загнаад байна гэдгийг хэлсэн. Ээж, эмээ хоёрыг гаднаас орж ирээд удаагүй байхад аав араас нь ороод ирсэн. Тэгээд ээжийг хүүхдээр худлаа хэлүүлсэн гэж уурлаж эхэлсэн. Цамцаа тайлж, хутга барьж ээж рүү дайрсан.Цэрэнханд эмээ ээжийн урдуур орж хамгаалсан. Би жижиг ширээ бариад ээж рүү ойртуулахгүй гээд хамгаалсан. Аав ээжийг ор луу түлхээд толгой, бие рүү нь гараараа цохиж зодож эхэлсэн. Би ээжийгээ авах гээд аавынхаа ар нуруу хэсэг рүү нь барьж байсан ширээгээрээ нэг удаа цохиж авсан. Тэгээд байхад болихгүй байхаар нь би хуванцар сандлаар аавын нуруу руу цохисон. Тэгсэн аав эргэж хараад намайг зодох гээд байхаар нь би доош сууж өөрийгөө хамгаалсан. Ээж босож ирээд намайг тэврээд ааваас хамгаалсан. Тэр үед ээжийн толгой руу аав гараараа цохиж зодсон. Гал тогооны өрөөнд ээжийг бас барьж авч ноцолдоод байсан. Би тухайн үед том өрөөнд байсан болохоор үйлдпийг нь тайлбарлаж мэдэхгүй байна. гэхдээ би гал тогооны өрөөнд орж ээж аав хоёрыг салгасан. Тэр үед аав миний хоолой руу цохичихсон. Бага дүү маань уйлаад аавыг болиоч гэхэд аав тайвшираад жижиг өрөөнд ороод сууж байхаар нь би гадагш гарч эмээгийн утсаар цагдаагийн байгууллага руу дуудлага мэдээлэл өгсөн. Манай аав нэлээн согтуу байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/
-гэрч М.Ц мэдүүлсэн:...2024 оны 04 дүгээр сарын 17-ны орой 23 цуаг өнгөрч байхад манай хүргэн Б согтуу орж ирснээ салсан эхнэр том хүү хоёртоо агсан согтуу тавьж, үс гэзэгнээс нь зулгааж цохиж зодсон. Би тухайн үед 00-д ороод гарч ирэхэд ийм зүйл болсон байсан. Тэгээд би салгаад цагдаа дуудсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р тал/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 394 дугаартай... Б.Н биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэпг хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй......гэх дүгнэлт /хх-н 39-40-р тал/
Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн:..Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Уг хэргийн талаар яримааргүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна Хуулийн дагуу арга хэмжээ авагдахад гомдол саналгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоогоор надаас хохирол мөнгө төгрөг нэхээгүй. Цаашид хохирол мөнгө төгрөг нэхэмжилнэ гэвэл би барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-56-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00559 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-90-р тал/зэргийг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бнь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ............................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан салсан эхнэр Б.Н шалтгаангүйгээр ор руу түлхээд толгой, бие рүү нь гараараа болон сандлаар цохиж,үснээс нь зулгааж зодож эрүүл мэндэд нь “дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн Аюулын зэргийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас Б.Н биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, Б.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Бийн, хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргэ хялубаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 найман зуун мянга төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Б.Н нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн тавцантай, цэнхэр өнгийн эвдэрхий хуванцар сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 найман зуун мянга төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн тавцантай, цэнхэр өнгийн эвдэрхий хуванцар сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ