Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2021/00407

 

 

 



2021 11 3

103/ШШ2021/00407



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баяншанд багийн 5 дугаар гудамжны 33 тоотод оршин суух, Харнууд овогт Жанхарын Марга-Одын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 9 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, Боржигон овогт Даржаагийн Оюун-Эрдэнэд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Марга-Од /цахимаар/, хариуцагч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.Марга-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1996 онд Д.Оюун-Эрдэнэтэй танилцаад 2007 онд гэр бүл болж, 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүү О.Бат-Эрдэнэ, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин О.Энх-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Бид Говь-Алтай аймгийн Цээл сумаас Багануур дүүрэгт шилжиж ирсэн. Д.Оюун-Эрдэнэ нь надтай гэр бүл болох үедээ архи дарс уудаг, агсам тавьж хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Би хүүхэдтэй болохоороо энэ зан нь засрах байх, гэр бүлийнхэн аав, ээж нь зааж зөвлөх байх гэж итгэж явсан боловч хүүгээ өмөөрөн өөгшүүлж сүүлдээ аавтайгаа хамт архи уугаад дарамталдаг болсон. Хүүхдүүд маань аав согтуу ирэх болов уу, яах бол гэдэг, намайг зодуулахаар хүүхдүүд маань тэврэлдээд уйлдаг, тусламж хүсэхэд цагдаа ч дуудаад өгөх хүн олддоггүй, цагдаа дуудаад мэдүүлэг авахад аав, ээж нь мэдээгүй, хараагүй, манай хүү зодоогүй л гэдэг олон ч удаа хэвтэрт ортол зодуулсан гэхдээ гэмтлийн зэрэг нь дандаа хөнгөн гэж гардаг. Миний хүүд хүртэл ээжийгээ зодуулаагүй гэж цагдаад хэлбэл мотоцикл авч өгнө гэж худал мэдүүлэг өгүүлж л байсан. Сүүлдээ эрүүл согтуу ялгаагүй дарамталдаг болсон. Аав нь хүртэл гэрийн гаднаас шатаачих гээд огт тайван байлгадаггүй байсан. Одоо би хүүхдүүдтэйгээ хамт Говь-Алтай аймагт ээж дээрээ ирээд амьдарч байгаа, тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд маань тайван амьдарч байна. Бидний хооронд маш их маргаан болдог байсан. Би тухайн үед хүүхдүүдээ асраад ажил хийх боломжгүй байсан. Багануурт амьдарч байх хугацаанд би 2 хүүхдээ зөвхөн хүүхдийн мөнгө 20.000 төгрөг, 2 хүүхдийн 40.000 төгрөгөөр хэрэгцээг нь болгодог байсан. Ямар сайндаа 2 хүүхэддээ гутал авч өгч чадахгүй болохоор өвөл хүйтэнд дааруулахгүй гээд таксидаад явдаг байсан. Би Багануурт байхдаа хоёр ч ажил хийж үзсэн. Айлын хүүхэд хардаг байсан, тэр айлын хүмүүс Оюун-Эрдэнийг ямар хүн бэ гэдгийг сайн мэднэ, бас ресторанд ажиллаж байсан. Ресторан маань оройтож тардаг, ажлаа тараад гэртээ харихаар Оюун-Эрдэнэ согтуу, 2 хүүхэд дээрээ хэвтэх нь холгүй байдаг байсан. Архи уухаас гадна огт гэртээ тогтохгүй, эм авчихаад ирье гэж хэлээд гараад хонуут явдаг. Одоо 2 хүүхэд маань том болж байна, хэрэглээ нь өсөж байна. Миний цалин одоохондоо болоод байгаа ч 2 хүүхдийнхээ ирээдүйг нь бодоод тэтгэлэг авмаар байна. Оюун-Эрдэнэ яагаад одоо болтол гэр бүлээ цуцлуулахгүй байгаа юм, бүү мэд, ямар нэгэн зүйлд л хэрэг болоод байдаг юм шиг байгаа юм. Түрүү жил надаас гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээг нэхэхээр нь би өгөөгүй, гэтэл 108 дугаарт худлаа дуудлага өгсөн байсан. Тухайн үед над руу ярьсан цагдаа нь Оюун-Эрдэнийн танил гэж би бодож байгаа. Ер нь намайг байнга зоддог, 2 хүүхэд маань хүртэл байнга айдастай байдаг байсан. Би 2 хүүхдээ бодоод ингээд байгаад байвал өөрөө ч үхэх юм байна, 2 хүүхэд маань хүртэл байнга дарамтанд байх юм байна, ийм байснаас тайван амьдарсан нь дээр гэж бодоод явсан. Одоо бол 2 хүүхэд маань тайван сайхан, би ажлаа хийгээд амьдарч байна. Одоо Оюун-Эрдэнээс гэрлэлтээ цуцлуулаад, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа үлдээж, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2014 онд Багануурт ирсэн, 2015 оноос хойш хөдөө мал дээр байдаг байсан. Бидний дунд хааяа хэрүүл маргаан гардаг байсан ч түүнээс биш өдөр, шөнөгүй зодож занчаад байсан зүйлгүй, байнга архи уугаад агсам тавиад байдаг зүйл байхгүй. Би хөдөө мал дээр, Марга-Од энд хүүхдүүдээ хардаг байсан. Би Марга-Одын хэлж байгаа шиг зүйл хэзээ болсныг сайн санахгүй байна. Гэр бүл цуцлахыг зөвшөөрч байна, 2 хүүхдээ ээжид нь үлдээж, тэтгэлэг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Марга-Од нь хариуцагч Д.Оюун-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Марга-Од, хариуцагч Д.Оюун-Эрдэнэ нар нь 2007 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүү О.Бат-Эрдэнэ, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин О.Энх-Эрдэнэ нарыг төрүүлсэн болох нь 0060751-28 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0103292-20, 0000885521-36 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 14 жил хамт амьдарсан бөгөөд дээрх хугацаанд хариуцагч Д.Оюун-Эрдэнэ нь архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь гэр бүл салах шалтгаан болсон байна.

Гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хоорондоо таарамжгүй хэрүүл маргаантай байх болсон, хариуцагч Д.Оюун-Эрдэнэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зоддог байсан үйл баримт нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоол, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэм буруутайд тооцож, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн/ зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хүүхдүүдийг эх Ж.Марга-Одын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Д.Оюун-Эрдэнээс тэтгэлэг гаргуулж, хүү О.Бат-Эрдэнэ, охин О.Энх-Эрдэнэ нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг Д.Оюун-Эрдэнэ нь хүү О.Бат-Эрдэнэ, охин О.Энх-Эрдэнэ нартай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.Оюун-Эрдэнээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 231.334 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Харнууд овогт Жанхарын Марга-Од, Боржигон овогт Даржаагийн Оюун-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн хүү О.Бат-Эрдэнэ, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин О.Энх-Эрдэнэ нарыг эх Ж.Марга-Одын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин О.Энх-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн хүү О.Бат-Эрдэнийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Д.Оюун-Эрдэнээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Марга-Одод даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 231.334 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Марга-Одод олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар

шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Говь-Алтай аймгийн Цээл сумын Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ