Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/229

 

 

2024     05         20                                          2024/ШЦТ/229

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Ч.Тнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т холбогдох эрүүгийн 2425000000283 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт *******, регистрийн дугаар: (0000000000).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Тнь 2024 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 01 цаг 10 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” нэртэй баарны гадна талд хохирогч М.Аыг “өөрийг нь цохисон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн хацар, зүүн чамархай, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зулайд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, уг зодооныг таслан зогсоох үйлдэл хийсэн хохирогч Ж.Быг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “доод уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хүзүү, баруун мөр, баруун дал, баруун бугалга, баруун суга зүүн тохойд цус хуралт, зүүн тохой, нуруу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Ч.Т мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг

     эрүүгийн 2425000000283 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-хохирогч М.Аын мэдүүлсэн:... 2024 оны 03 сарын 28-ны өдөр манай эхнэр А.Эы төрсөн өдөр болж зхнэрийн найз Д, Д манай найз У, Б нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг С бааранд орж тэмдэглэсэн. 03 сарын 29-ны шөнө 01 цаг 10 минут өнгөрч байхад бид нар баарнаас гараад такси барихаар зогсож байхад такси зогсоод 6 хүн явж байгаа болохоор авахгүй гэж хэлсэн тул бид нарын хажууд зогсож байсан 4 залууг тэр таксинд суучих бид нар дараагийн ээлжинд сууя гэж :хэлсэн чинь бид нарыг урдуур дайрч такси авлаа гээд бид нар маргалдсан. Тэр залуу таксинаас бууж ирээд намайг эхлэж цохиод би хамар хугалчлаа гэж орилсон тэр залуу намайг өшиглөөд эхэлсэн. Би нүүрээ дараад хэвтэж байсан, тэр залуу таксинд суугаад зугтаасан. Манай хоёр эрэгтэй найз тэнд салгах гээд хамт явсан залуучуудтай нь ноцолдож байсан. Миний толгой эргэнэ, зүүн талын хөхний доод хэсгээр өвдөж амьсгалахад өвдөж байгаа. Хамар хөхөрсөн хөндүүр байна. Миний Сгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул энэ талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй  ...” гэх мэдүүлэг /хх-н 18-21-р тал/

-хохирогч Ж.Бын мэдүүлсэн:.. 2024 оны 03 сарын 28-ны өдөр найз А эхнэр Эы төрсөн өдрийг найз У, Эы 2 эмэгтэй найзын хамт Зэст баг С караокед тэмдэглэсэн. 03 сарын 29-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад харих гэж баарнаас гараад гадаа такси хүлээж байхад нэг такси зогссон. Бид нарыг олуулаа байна, 6 хүн багтахгүй гээд тэр такси аваагүй. Бид нарын хажууд байсан 4 залууг та хэд суучихдаа бид нар дараагийн машинд сууя гэж хэлэхэд Аыг цохьсон. Би салгах гэж очсон тэр залуучуудад зодуулаад унасан. Босож ирээд нэг залууг нь бариад авсан тэр залуу намайг зодоогүй салгасан гэж хэлээд тэр залуу нөгөө залуучуудын араас таксинд суугаад зугтсан. Миний Сгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй тул энэ талаар ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/

-гэрч Ц.У мэдүүлсэн:... 3 сарын 22-ны 01 цаг өнгөрч байхад бид нар гараад такси барих гэж байсан А нэг харсан зодуулж байсан би салгах гэж очсон намайг барьж аваад унагаагаад зодсон. Найз Б нэг залууг нь барьчихсан байсан тэр залуучууд зугатаад явсан. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгсөн цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-гэрч А.Эы мэдүүлсэн:.. 2024 оны 03 сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр болоод Зэст баг С баарны караокед тэмдэглэсэн. Шөнийн 01 цаг өнгөрч байхад бид нар гараад такси барихаар замын хажууд зогсож байхад 4 залуу ирээд такси барихаар зогссон. Саарал өнгийн жижиг тэрэг ирээд бид нар багтахгүй та хэд суугаад явчих гэж тэр залуучуудад хэлсэн. Тэд нар таксинд суугаад явах гэж байснаа нэг залуу нь бууж ирээд манай нөхрийг цохьсон. Тэгээд үргэлжлүүлээд зодоон болоод байж байхад цагдаад дуудлага өгсөн тэр залуучууд зугтаагаад явсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

-гэрч Т.Н мэдүүлсэн:.. Т 2 залуу малгайтай цамцных нь малгайнаас доошоо дараад зодож байсан би нэг залууг нь салгаж аваал зууралдаад байж байсан нэг эмэгтэй ирээд бид 3 тэнд газар унасан. Би тэр 2 хүнтэй ноцолдоод байж байхад Э Т2 ирээд намайг салгаж аваад таксинд суулгаад явсан Т гэртээ буугаад би араас нь буусан. Өглөө Т утсаар ярихад гар бугуй хэсгээрээ өвдөөд байна сувилал орж зураг авахуулна гэж хэлж оайсан… гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

-гэрч Г.Э мэдүүлсэн:.Тус өдөр би найз Т, Н, Б нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг С бааранд 23 цагийн орчим орсон...бид дөрөв 3 дугаар сарын 29-ний 01 цагийн орчим баарнаас гараад такси барих гэж зам руу алхаад очсон тэнд 3 эрэгтэй 3 эмэгтэй зогсож байсан. Бид 4 зогсож байхад урдаа эхнэрээ суулгасан машин ирээд тэр 6 хүн багтахгүй бид 4 чихээд суучих гэж хэлээд Н Б бид 3 суусан. Тсуух гэж байхад тэр хүмүүсийн 1 эрэгтэй нь ‘зайл писдаагуудаа та нар шиг 5 хүн байсан ч айхгүй шүү гэж хэлсэн, Тзүгээр байхад зүгээр байгаарай гэж хэлсэн чинь нэг эрэгтэй нь ирээд Т цохьсон бид нар буугаад очиход Т тэр 3 эрэгтэй малгайтай цамцыг нь доошоо дараад зодож байсан. Тцамцаа тайлаад босож ирээд тэр 3 хүнтэй зодолдоод сүүлд нь Н нэг эрэгтэйг нь салгаж барьцалдаад байж байсан Нг унагаагаад Тбид 2 салгаад машиндаа суугаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 346 дугаартай  “...Ж.Бын биед доод уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хүзүү, баруун мөр, баруун дал, баруун буглага баруун суга, зүүн тохойд цус хуралт, зүүн тохой, нуруу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун алга, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх доод уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 345 дугаартай  “...М.Аын биед зүүн хацар, зүүн чамархай, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зулайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53-р тал/

-Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-80-р тал/

-Шүүгдэгч Ч.Тийн яллагдагчаар мэдүүлсэн.. 2024 оны 03 сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө би найз Э, Б, Н нарын хамт Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн бааранд бид нар 1 шил архи уусан найз Э огт уугаагүй. Бид нар 01 цаг өнгөрч байхад гэртээ харихаар баарнаас гарч такси барих гээд зогсож байхад бид нарын хажууд тухайн хүмүүс мөн такси барихаар зогсож байсан. Такси ирээд бид нарын хажууд байсан хүмүүсийг багтахгүй гэж хэлээд бид 4-г суучих гэж хэлсэн манай 3 найз түрүүлж суугаад би ардаас нь суух гэж байхад такси дээрэмдлээ гэж орилоод А гэх хүний эхнэр дуугүй бай боль гэж хэлээд байсан. Би таксинд ороод суусан намайг 1 хүн цохьсон, би буусан чинь 2 хүн намайг малгайтай цамцнаас доош нь дараад дээрээс цохиод эхэлсэн. Би босч чадахгүй цамцаа тайлаад босч ирээд тэр 2 хүнтэй зодолдсон. Машинаас буугаад эхлээд намайг тэр 2 цохиод би босоод бид 3 бие биенээ цохьсон хэдэн удаа хаана цохьсон талаар санахгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Тнь 2024 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 01 цаг 10 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт “С” нэртэй баарны гаднаас такси барих гэж байгаад М.Атай үл ойлголцон  маргалдаж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн хацар, зүүн чамархай, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зулайд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,

уг зодооныг таслан зогсоох үйлдэл хийсэн Ж.Быг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “доод уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хүзүү, баруун мөр, баруун дал, баруун бугалга, баруун суга зүүн тохойд цус хуралт, зүүн тохой, нуруу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулжээ.        

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ч.Тийн үйлдлийн улмаас М.А, Ж.Б нарын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

         Шүүгдэгч Ч.Тнь 2 хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

              Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.          

         Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, гэж тус тус санал дүгнэлт гаргасан.                            

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.       

       Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.  

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

        Хохирогч М.А, Ж.Б нар нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлсөн гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ