Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2018/00113

 

   Т.А-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00493 дугаар шийдвэртэй, Т.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ийн нэхэмжлэлтэй, тус аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч И.Жанболат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 9285570 төгрөг, төрийн албан хаагчид олгох урамшууллын мөнгө 300000 төгрөг тус тус гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 1059415 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.

Нэхэмжлэлд: “Т.А нь тус төвийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхад ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаар шийдвэр, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00108 дугаар магадлал, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00183 дугаар тогтоолоор тус төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон. Т.А нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийтдээ 54 долоо хоног буюу ажлын 270 хоног ажилгүй байсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилгүй байсан ажлын 270 хоногоор тооцвол ажилгүй байсан хугацаанд нийтдээ 9.285.570 төгрөгийн олговор олгох хууль зүйн үндэстэй байна. Т.А нь 2017 онд нийтдээ ажлын 205 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 775.518 төгрөг /205 х34391= 76050.155x11%= 775.518 төгрөг/, 2018 онд нийтдээ ажлын 65 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 283.89770төгрөг /65x34391=2.235.415х12.7%=283.89770/ бүгд 1.059.41570төгрөгийг ажил олгогч төлөх ёстой. Иймд Т.А-ийн ажилгүй байсан хугацааны олговор 9.285.570 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж Т.А-д олгож, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 1.059.41570 төгрөгийг нийгмийн даатгалын сангийн дансанд нөхөн төлж Т.Аийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “УИХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгосон.Т.А нь тухайн үед ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор баталгаажиж ажилд эргэж томилогдсон.Тухайн үед ажил олгогч ажлаас үндэслэлгүй чөлөөлөөгүй байсан бол дээрх урамшууллыг авах байсан.Иймд 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшууллыг өмнөх шаардлага дээр нэмж гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Т.А-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 1.тээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Мөн Т.А нь байгууллагын хөрөнгө мөнгийг хариуцан ажилладаг албан тушаалтны хувьд албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал олгож туслах нягтлан бодогчийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж зөрчил дутагдал гаргасан нь хөндлөнгийн хяналтаар буюу Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын танилцуулгаар нотлогдон тогтоогдож ажлаас нь чөлөөлсөн боловч Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00183 тоот дугаартай тогтоол нь илт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж Т.А-ийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр урд эрхэлж байсан Тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон. Мөн нэхэмжлэгч Т.А нь туслах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод эрх үүрэг биелүүлж байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулж байх, эд хариуцагчийн хөтөлж байгаа анхан шатны болон агуулахын бүртгэлийг шалган заавар зөвлөгөө өгөх, баталгаажуулахыг хариуцан ажиллах нь түүний үүрэг байвал өөрийн хариуцлагагүй байдлын улмаас ажлаас чөлөөлөгдсөн байх тул Т.А-ийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг олгох боломжгүй болно. Мөн ЗГ-аас олгогдсон 300.000 мянга төгрөг нь тухайн албан тушаалтны ажлын үр дүнгийн урамшуулал тул Т.А-д олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.      

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00493 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.А-ийн ажилгүй байсан хугацаанд ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9285570 /есөн сая хоёр зуун наян таван мянга таван зуун тавин/ төгрөг, төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг тус тус Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс гаргуулан олгож, ажилтан Т.А-ийн ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 1059415,70 /нэг сая тавин есөн мянга дөрвөн зуун арван таван төгрөг 70 мөнгө/төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хуралдаанд миний бие өөрийн биеэр оролцох хүсэлтээ илэрхийлж байсан. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Улаанбаатар хот болон Завхан аймагт давтамжтай сургалтад албан ёсоор хамрагдаж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Хөдөлмөр, нийгэм хамгааллын Сайдын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/175 тоот дугаартай тушаалаар ээлжийн амралттай байсан. Энэ талаар албан ёсоор мэдэгдэж, шүүх хуралд өөрийн биеэр оролцох болно гэдгийг албат тоот явуулж мэдэгдсэн. Уг хүсэлтийг шүүх мэдсээр байж намайг оролцуулаагүй мөн миний хүсэлтийг хэлэлцээгүй байж хурал хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т заасныг шүүх санаатайгаар зөрчсөн тул шүүхийн тэгш эрхийн зарчмыг хангаж, мэтгэлцэх боломж олгож дээрх шүүхийн алдаатай гаргасан шийдвэрийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Т.А нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилгүй байсан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 9285570 төгрөг, төрийн албан хаагчид олгох урамшууллын мөнгө 300000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 1059415 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг  болгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан нийт хугацааны  олговорт 9285570 төгрөг, төрийн албан хаагчид олгох урамшууллын мөнгө 300000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1059415  төгрөгийг тус тус  гаргуулж шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Т.А нь тус аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар тооцооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгджээ. Улмаар Т.А нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн тус аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар түүнийг тооцооны нягтлан бодогчийн  ажилд эгүүлэн томилсон байна.

            Нэхэмжлэгч Т.А-ийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын дэвтрийн 2017 оны 12 сар, 2018 оны 01, 02 саруудын /850571+760571+760571/ дунджаас тооцоход 790571 төгрөг байна. Нэг өдөрт ногдох цалин хөлс 36770 төгрөг, ажилтны ажилгүй байсан 12 сар х 790571=9486852 төгрөг,  10 хоног х 36770=367700 төгрөг,  /9486852+367700=9854552/ төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч ажилгүй байсан нийт хугацааны олговорт 9285570 төгрөг, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлд 1059415 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

             Хариуцагчийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг зөрчиж, намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хэргийн материалтай танилцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, ээлжийн амралттай байна гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцох эрхээ эдлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

 

Д.КӨБЕШ