Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 170

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: О.Баасанхүү,

хохирогч: Б.Сүхэнтөмөр, түүний өмгөөлөгч С.Дашдамба /1549/

иргэний нэхэмжлэгч: Б.Отгонсүрэн,

шүүгдэгч: Н.Уранцэцэг, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигин овогт Навгинлувсангийн Уранцэцэгт холбогдох эрүүгийн 2017 2400 0134 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, ам бүл 3, 20-25 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь Эхийн 3 дугаар хэсэг, 4 гудамж, 125 тоотод оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХИ64041501, Боржигин овогт Навгинлувсангийн Уранцэцэг.

 

Шүүгдэгч Н.Уранцэцэг нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Өргөө” кино театрын автобусны буудлын баруун талбайд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Тоёота приус” маркийн, 30-54 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: е/ “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, “Тоёота приус” маркийн, 94-10 УНР улсын дугаартай автомашины жолооч Б.Сүхэнтөмөрийг мөргөж, бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Уранцэцэг мэдүүлэхдээ:

Би 2017 оын 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед хөдөөнөөс ирсэн хүний ачааг хүргэж өгөхөөр явж байгаад зогсоолд орох гэтэл хүн харагдахаар нь тоормос гишгэлээ гэж бодсон чинь хаазаа гишгээд осол гаргаж, явган зорчигчийг явган хүний замаар явж байхад дайрсан. Осол гарсны дараа Б.Отгонсүрэн хөлөө бариад тонгойгоод зогсож байсан. Харин Б.Сүхэнтөмөр гуай дээшээ хараад босож чадахгүй байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн шил цуурсан, гупер хагарсан, ослын дэр нь гарсан байсан. Би Б.Сүхэнтөмөр гуайтай 2017 оны 3 дугаар сарын үеэс өмнө байнга харьцаатай байж, эмчилгээний зардалд 4 189 000 төгрөг өгсөн. Б.Отгонсүрэнд 484 000 төгрөг өгсөн. Б.Сүхэнтөмөр гуйн цаашид гарах эмчилгээний болон хадаас авахуулах зардлыг төлөхийг зөвшөөрч байна. Би хөдөө явж ноолуур авчран, 7 хоногийн дотор 823 000 төгрөгийг төлнө. Би эрүүл саруул байсан хүнийг мөргөж, гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би “Өргөө” кино театрын тэнд тусгай зөвшөөрөл авч, жимс зарж, хохирлыг төлнө. Манай ах дүүсийн 100 гаруй толгой мал, 300 гаруй ямаа байдаг, тэд туслах байх. Би хохирогчтой эвлэрэх гэж их явсан. Хохирогч нэг жилийн дараа хийлгэх хадаас авахуулах хагалгааны зардлаа надаас нэхэмжилснээс бид тохиролцож чадаагүй. Өнөөдөр шүүх хуралдаанаар эмчилгээний бодит зардлаа нэхэмжилж байгааг зөвшөөрч байна. Тухайн үед би Д.Мэндсайханы эзэмшлийн машиныг жолоодож осол гаргасан. Миний буруугаас осол гарсан. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Сүхэнтөмөр мэдүүлэхдээ:

   Н.Уранцэцэг надад 3 000 000 төгрөгийг хагалгааны зардалд, 670 000 төгрөгийг ор хоногийн зардалд өгснөөс гадна миний машинд учирсан эвдрэлийн засварын мөнгийг төлсөн. Мөн надад таяг, хөтөвч авч өгсөн. Машины хохиролд өгсөн мөнгөөр би эмчилгээгээ хийлгэсэн. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш би гипсээ авахуулсан. Би өдий хүртэл өдөр бүр эмчилгээ хийлгэснээр бие маань улам сайжирч байна. Би эмчээсээ хэзээ хүртэл эмчилгээ үргэлжлэхийг асуухад дахиад удаан үргэлжилнэ гэсэн. Би өдөрт 25 000 төгрөгөөр хийлгэдэг байсан боловч төлбөрийн асуудлаас болж эмчилгээгээ танаж 15 000 төгрөгийн эмчилгээ хийлгэх болсон ба сүүлийн 4 хоног эмчилгээнд яваагүй. “Монгол Хьюндэй” эмнэлгээс 1 жилийн дараа хагалгаа хийлгэсэн хөлний хадаас авахуулах хагалгаанд орох шаардлагатай тул уг хагалгааны зардал болох 3 000 000 төгрөгийг дараа нь шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг ойлголоо. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 452 000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Би урьдын адил хөл дээрээ эрүүл саруул болж, ажлаа хийж амьдрал ахуйгаа залгуулах хүсэлтэй байна. Би сахарын өвчтэй байсан. Урьд нь ажил хийж, хөдөлгөөнтэй байхдаа өдөрт нэг удаа сахарын тариа хийлгэдэг байсан. Гэмтлийн улмаас хэвтэрт хөдөлгөөнгүй байснаас цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж одоо өдөрт 3 удаа тариа хийлгэж байна. Н.Уранцэцэг миний эмчилгээний зардал төлбөл эвлэрэх боломжтой. Би такси барьж амьжиргаандаа нэмэр болгодог байсан ба дугаарын хязгаарлалттай өдрийг хасвал өнөөдрийг хүртэл 930 000 төгрөг олох боломжтой байсан. Гэхдээ энэ талаар нотлох баримт бүрдүүлэн дараа нь нэхэмжлэх хүсэлтэй. Надад учирсан хохирлоос Н.Уранцэцэгийн төлсөн төлбөрийг хасаад, одоо 823 000 төгрөгийн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч-Б.Отгонсүрэн мэдүүлэхдээ:

Ослын улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Ослын дараа толгойгоо шууд бариулсан нь буруу зүйл болсон байна. Уг нь хэсэг хугацааны дараа бариулах ёстой юм байна. Хөлийн зөөлөн эдийн гэмтэл яваандаа хүндэрдэг гэсэн. Би 10 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. 2017 оны 5 сард дахин эмнэлэгт хэвтэнэ. Одоо миний тархи толгой өвдөж байна. Би “Сэтгэшгүй” гэдэг хувийн эмнэлэгт 550 000 төгрөгөөр хэвтэж эмчлүүлсэн. Одоо дахин эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлэхэд 550 000 төгрөг хэрэгтэй. Би урьд нь 450 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Одоо шүүгдэгчээс нийт 655 000 төгрөг нэхэмжилж байна. Надад одоогийн байдлаар нийт 835 980 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч надад 450 000 төгрөг өгсөн. Би өөрөө 620 000 төгрөгийг хувиасаа гаргасан. Надад одоогоор хохиролтой холбоотой нэмж гаргаж өгөх баримт байхгүй. Одоо үлдэгдэл 655 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.Мэндсайхан мэдүүлэхдээ:

Миний эзэмшлийн “Тоёота приус” маркийн, 30-54 УНИ улсын дугаартай автомашиныг ахын найз Н.Уранцэцэг нь нь жолоодож явах үедээ “Тоёота приус” маркийн, 94-10 УНР улсын дугаартай автомашиныг мөргөх үед уг автомашины жолооч машиныхаа хойд талд байж байгаад мөргүүлснээс биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан байсан. Би машин эзэмшигчийн хувьд Н.Уранцэцэг эгчид 1 000 000 төгрөг хохирогчийнхоо эмчилгээнд зарцуул гэж өгсөн. Өөрийн машиныг журмын хашаанаас гаргах төлбөрийг би өөрөө төлж, гаргаж авсан. Тухайн ослоос болж миний машинд хохирол учирсан боловч би Н.Уранцэцэг эгчээс нэхэмжлэхгүй болно. 2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 17 цагийн орчим Н.Уранцэцэг “Да хүрээ” зах дээр ирээд “маргааш гадуур хөөцөлдөх ажил байна, чи машинаа түр өгөөч” гэж хэлэхэд би машинаа өгч явуулсан болно. Хохирогч Б.Сүхэнтөмөрийн эмчилгээний цаашдын зардлыг Н.Уранцэцэг эгч өөрөө хариуцах болно гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2529 тоот дүгнэлтэд:

1. Б.Сүхэнтөмөрийн биед зүүн тойгны далд хугарал, өвдөгний зөөлөн эдийн
няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 254 тоот дүгнэлтэд:

1. “Тоёота приус” маркийн, 30-54 УНИ улсын дугаартай автомашины жолооч
Н.Уранцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно,  е/ “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах...”,

мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. “Тоёота приус” маркийн, 94-10 УНР улсын дугаартай автомашины жолооч
Б.Сүхэнтөмөр нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Явган зорчигч Б.Отгонсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 39, 40 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Уранцэцэг ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 86 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Уранцэцэг нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Өргөө” кино театрын автобусны буудлын баруун талбайд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Тоёота приус” маркийн, 30-54 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно,  е/ “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах...”,

мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс “Тоёота приус” маркийн, 94-10 УНР улсын дугаартай автомашиныг мөргөж, машиныхаа ард зогсож байсан хохирогч  Б.Сүхэнтөмөрийн бие махбодид нь зүүн тойгны далд хугарал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сүхэнтөмөр, иргэний нэхэмжлэгч Б.Отгонсүрэн, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2529 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 254 тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Сүхэнтөмөрийн 1093, 000000087 тоот өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Уранцэцэгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй тул түүнийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Б.Сүхэнтөмөр нь шүүгдэгчээс 7 371 517 төгрөг нэхэмжилснээс Н.Уранцэцэг хохирогчид эмчилгээний зардал болон машины эвдрэлд 4 168 700 төгрөг төлсөн байна. Хохирогчийн “хагалгааны хадаас авахуулах эмчилгээний зардалд дараа жил төлнө” гэж нэхэмжилж байгаа 3 000 000 төгрөгийг энэ удаа гаргуулах үндэслэлгүй байна. Харин 4 дүгээр срын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд 452 000 төгрөг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байх ба хохирогчоос гэм хорын хохиролд 823 000 төгрөг нэхэмжилж байгааг шүүгдэгч нь маргахгүйгээр төлнө гэж хүлээн зөвшөөрч байна.

Хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хойшид гарах зардал болон хагалгааны хадаас авахуулахтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Н.Уранцэцэгээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

          Иргэний нэхэмжлэгч Б.Отгонсүрэн өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэн эмчилгээний төлбөрт шүүгдэгчээс 655 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч эмийн сангаас эм, тариа авах, ГССҮТ-д толгойн КТГ хийлгэсэн, “Сэтгэшгүй” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрт 835 980 төгрөг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож Н.Уранцэцэгээс түүнд төлсөн 455 000 төгрөгийг хасаж, үлдэх 380 980 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайхан Н.Уранцэцэгээс нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.