| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0190/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/188 |
| Огноо | 2024-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2430000640150 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ********* оны *****дүгээр сарын ******-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, **** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын *** дугаар баг “Алтан овоо” ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №2017/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаатайгаар тэнссэн,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
******* овогт *******ы ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагийн орчим согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн “*******”-ын 518 тоотод байх иргэн *******ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж уг байшинд байсан 12.6 килограмм үхрийн мах, 3 ширхэг “Салями” нэртэй хиам, 2 ширхэг нарийн гозгор хиам зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д 203,780 төгрөгийн хохирол учруулж хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Сүхбаатар аймгийн *******д байдаг айлд хууль бусаар орж хүнсний зүйл авсан. Тэр үед би согтуу байсан. Булганхүүд гэрийн эзнээс зөвшөөрөл авсан гэж хэлсэн байсан. Хохирогч одоо гомдолгүй, ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн. Би согтуу байсан болохоор орсон Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа...гэв.
Эрүүгийн 2430000640150 дугаартай хэргээс:
-Яллагдагч *******ийн: ... 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би хөдөө мал дээрээ байж байгаад 11-н цагийн үед ******* сумын төв рүү орсон. ******* сумын төвд Байх Мөнгөнцэцэг гэдэг найзынхаа гэрт нөхөр Бат-Эрдэнэ, Хүдэртулга, Бумаа гэх найзуудынхаа хамт 3 шил 0.75 гр хар экс нэртэй архи хувааж уугаад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны 03 цагийн үед нөхөр ам мурийгаад байхаар нь хүнтэй муудалцаад яах вэ гэж бодоод хамаатны дүү болох Булганхүүгээр мотоцикль бариулаад хүргэн Баяржаргалын гэрт хүргүүлж очоод цоожийг нь төмрөөр цохиж онгойлгоод гэрт нь ороод авч очсон хужаа виски архи ганцаараа уучхаад 1 цаг орчим унтаад сэрсэн тэгээд босоод хөлдөөгчийг нь онгойлгосон чинь мах, хиам байхаар нь уутанд хийж аваад гарч яваад найз гэрт буцаж очоод авсан мах, хиамаа өгсөн тэгээд унтсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 65-66 -р хуудас/,
-Хохирогч *******ын: Би Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг *******ын 518 тоотод амьдардаг. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед эхнэр хүүхэдтэйгээ цуг хөдөө яваад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр цоожгүй байхаар хаалгаа онгойлгоод ороход манай гэрийн гэрэл асаалттай, гэрийн зуухны зүүн талын ширээн дээр хужаа вискиний шил,хажууд нь стакан байсан. Би юмаа шалгаж үзэхэд хөлдөөгчид байсан 10 гаран килограмм үхрийн мах, мөн 3 ширхэг Салями хиам, 2 ширхэг нарийхан гозгор хиам, мөн зүүн орны доогуур байсан тогоонд хийгээд тавьсан байсан бууз хийх гээд хэрчсэн үхрийн мах 5 килограмм мах байхгүй байсан. Мөн манай гэрийн баруун хойд талын авдрын тагийг онгойлгоод дотор талыг нь онгичоод хаясан байсан. Тухайн авдар дотроос бол эд зүйл алга болоогүй байсан ” гэх мэдүүлэг /хх-15-16/
“...******* нь надтай ямар нэгэн байдлаар танай гэр лүү орж хоноё гэж ярьсан удаа байхгүй.Манай гэрийн хөлдөөгчид байсан, мах болон 3-н том Салями нэртэй хиам мөн нарийхан 2 ширхэг хиам алга болсон. Би тухайн хиамыг дэлгүүрээс 56,000 төгрөгөөр авч байсан. Өөр манайхаас алга болсон зүйл байхгүй байсан ” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 19-р хуудас/
- Гэрч Ц.: Би өглөө 08-н цагийн үед Чогсум нь нэлээн согтуу ганцаараа орж ирсэн. Би “чи хаанаас ирсэн” гэхэд “ууж байгаад ирлээ” гээд надад хар хөх цүнхтэй юм мах гээд д өгсөн. 5-н хэсэг мах байсан. Тэгээд өдөр 13 цагийн үед сэрээгээд чи юун мах юм бэ хулгайн мах юм биз дээ гэхэд бишээ би гэрээсээ авсан гэж байсан.Тэгэхээр нь би тухайн махыг хойд талынхаа амбаарт хийгээд орхисон гэх мэдүүлэг /хх-24-26/
- Насанд хүрээгүй гэрч Ч.Булганхүүгийн: 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шөнийн 03 цагийн үед ******* ах залгаад “10 мянган төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би “надад мөнгө байхгүй, та надад өгнө гэсэн өмдөө яасан бэ” гэхэд чи ирээд авчихаа би гэрт байна гэхээр нь очиход Мөнгөнцэцэг эгч хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Харин ******* ах согтуу архи уусан ганцаараа сууж байсан. Би ******* ахаас “өмдөө сольж өмсье” гэхэд “чи ахтайгаа нэг айл руу яваад өгчих, ах нь согтуу байна, чи мотоцикл бариад ахыгаа буулгаад өгчих” гэж байсан. Тэгээд ******* ахын гэр лүү очиход гэр нь цоожтой хүнгүй байсан. ******* тэр хавиар юм хайгаад байх шиг байхаар нь би “та яах гэж байгаа юм бэ, Баяраа ахынх цоожтой байна, наад айлын чинь хүн байхгүй байна” гэхэд Чогсум ах би “эзэнд нь хэлсэн байгаа” гээд гэрийн хажууд байсан урт төмөр аваад гэрийнх нь цоожийг цохиж байгаад онгойлгоод дотогшоо орсон. Тэгэхээр нь би гэр лүү нь дагаж ороод ******* ахтай өмдөө сольж өмссөн. ******* ах гэрийн галыг түлээд цагаан савтай хоолыг гал дээр халаагаад, мөн гэрийнх зүүн талд байсан хөлдөөгчөөс 2 ширхэг нарийн хиам гаргаж ирээд гал дээр тавьж халааж байгаад идэж байсан. ******* ах нойл орох гээд гарах хооронд би гэрээс гарж яваад би гэр лүүгээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-26-28/
- Гэрч Г.Болорчимэгийн: 2024 оны 01 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга цоожгүй онгорхой байхаар нь гэр лүүгээ ороход манай гэрийн гэрэл асаалттай, гэрийн хойд талд байсан авдрын тагийг нь онгойлгосон, гэрийн зүүн талын ширээн хужаа архины шил байсан. Гэрийнхээ юмыг бүртгэхэд манай хөлдөөгч дотор байсан ууттай үхрийн мах 10 гаран кг, мөн Салями нэртэй хиам 3 ширхэг жижиг гозгор хиам 2 ширхгийг алга болсон байсан. Тухайн үед авдраас эд зүйл алга болоогүй байсан.Тухайн үед Б.Чогсом нь надтай болон манай нөхөртэй утсаар ярьсан зүйл байхгүй. Надаас бол гэрт орох талаар зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлэг /хх-32-33/
- 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 06-09 дугаар хуудас/,
-2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл/ хх-10/
-2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Эд зүйлийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл" гэрэл, /хх-11-12/
-“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2402121 дугаартай “үхрийн мах 12,6 кг- 176,400 төгрөг, Салями хиам 1,2 кг- 20,880 төгрөг, нарийн хиам 0,5 кг- 6,500 төгрөг, нийт үнэ 203,780 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-35-42/
-*******ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас/хэргийн 70 дугаар хуудас/
-*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хэргийн 68-69 дүгээр хуудас/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 78-85-р хуудас/
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2024.05.22-ны өдрийн 02-05/1232 дугаартай “******* овогтой ******* (ЛМ09112112) нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/шцт/56 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлэн 417 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байна” гэх албан бичиг /хэргийн 72-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2024.05.28-ны өдрийн Ц-1/319 дугаартай “Эрүүгийн 2430000640150 дугаартай хэргийн яллагдагч *******ийг хорих ангиас дуудлагаар ирүүлэх тухай” албан бичиг /хэргийн 86-88-р хуудас/
-Улсын Ерөнхий прокурорын газрын 2024.05.29-ний өдрийн 6/4947 дугаартай “Хорих ангиас хоригдлыг шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай” албан бичиг /хэргийн 89-р хуудас/
-Улсын Ерөнхий прокурорын газрын 2024.05.29-ний өдрийн 6/77 дугаартай “Хоригдол шилжүүлэх тухай” Прокурорын зөвшөөрөл /хэргийн 90-91 дүгээр хуудас/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.31-ний өдрийн 2024/ЦХШЗ/15 дугаартай “Яллагдагч *******ийг шилжүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж / хэргийн 46-48 хуудас/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.27-ны өдрийн 2024/ЦХШЗ/23 дугаартай “Яллагдагч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай” шүүгчийн захирамж / хэргийн 103-105 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагийн орчим согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн “*******”-ын 518 тоотод байх иргэн *******ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 12.6 килограмм үхрийн мах, 3 ширхэг “Салями” нэртэй хиам, 2 ширхэг нарийн хиам зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 203,780 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
яллагдагч *******ийн “ Сүхбаатар аймгийн *******д байдаг айлд хууль бусаар орж хүнсний зүйл авсан. Тэр үед би согтуу байсан. Булганхүүд гэрийн эзнээс зөвшөөрөл авсан гэж хэлсэн байсан. Хохирогч одоо гомдолгүй, ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн. Би согтуу байсан болохоор орсон Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа” гэх,
хохирогч *******ын “ Би Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг *******ын 518 тоотод амьдардаг. Хөдөө яваад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр цоожгүй, гэрийн гэрэл асаалттай, гэрийн зуухны зүүн талын ширээн дээр хужаа вискиний шил, хажууд нь стакан байсан. Би юмаа шалгаж үзэхэд хөлдөөгчид байсан 10 гаран килограмм үхрийн мах, мөн 3 ширхэг Салями хиам, 2 ширхэг нарийхан гозгор хиам, мөн зүүн орны доогуур байсан тогоонд хийгээд тавьсан байсан бууз хийх гээд хэрчсэн 5 килограмм үхрийн мах байхгүй байсан. Мөн баруун хойд талын авдрын тагийг онгойлгоод дотор талыг нь онгичоод хаясан байсан. Тухайн авдар дотроос бол эд зүйл алга болоогүй байсан.******* манай эхнэр Болорчимэгийн эгчийнх нь хүүхэд юм, надтай ямар нэгэн байдлаар танай гэр лүү орж хоноё гэж ярьсан удаа байхгүй. Би өөрийнхөө махыг олоод авсан, надад гомдол байхгүй” гэх,
гэрч Ц. “ өглөө 08-н цагийн үед ******* нь нэлээн согтуу ганцаараа орж ирсэн. Би “чи хаанаас ирсэн” гэхэд “ууж байгаад ирлээ” гээд надад хар хөх цүнхтэй юм мах гээд өгсөн. 5-н хэсэг мах байсан. Өдөр 13 цагийн үед сэрээгээд “юун мах юм бэ хулгайн мах юм биз дээ” гэхэд “бишээ би гэрээсээ авсан” гэж байсан. Би тухайн махыг хойд талынхаа амбаарт хийгээд орхисон байсан юм” гэх,
насанд хүрээгүй гэрч Ч.Булганхүүгийн “ 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шөнийн 03 цагийн үед ******* ах залгаад “10 мянган төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би “надад мөнгө байхгүй, та надад өгнө гэсэн өмдөө яасан бэ” гэхэд “чи ирээд авчихаа, гэрт байна” гэхээр нь очиход Мөнгөнцэцэг эгч хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Харин ******* ах согтуу, архи ганцаараа уугаад сууж байсан. Би ******* ахаас “өмдөө сольж өмсье” гэхэд “ах нь согтуу байна, чи мотоцикл бариад ахыгаа буулгаад өгчих” гэсэн. Тэгээд ******* ахын гэр лүү очиход гэр нь цоожтой хүнгүй байсан. ******* тэр хавиар юм хайгаад байх шиг байхаар нь би “та яах гэж байгаа юм бэ, Баяраа ахынх цоожтой байна, наад айлын чинь хүн байхгүй байна” гэхэд Чогсум ах би “эзэнд нь хэлсэн байгаа” гээд гэрийн хажууд байсан урт төмөр аваад гэрийнх нь цоожийг цохиж байгаад онгойлгоод дотогшоо орсон. Би гэр лүү нь дагаж ороод ******* ахтай өмдөө сольж өмссөн. ******* ах гэрийн галыг түлээд цагаан савтай хоолыг гал дээр халаагаад, мөн гэрийнх зүүн талд байсан хөлдөөгчөөс 2 ширхэг нарийн хиам гаргаж ирээд гал дээр тавьж халааж байгаад идэж байсан. ******* ах нойл орох гээд гарах хооронд би гэрээс гарч харьсан” гэх,
гэрч Г.Болорчимэгийн “ 2024 оны 01 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожгүй,онгорхой, гэр лүү ороход гэрэл асаалттай, гэрийн хойд талд байсан авдрын тагийг нь онгойлгосон, гэрийн зүүн талын ширээн хужаа архины шил байсан. Гэрийнхээ юмыг бүртгэхэд хөлдөөгч дотор байсан 10 гаран кг ууттай үхрийн мах, мөн Салями нэртэй хиам 3 ширхэг, жижиг гозгор хиам 2 ширхгийг алга болсон байсан. Тухайн үед авдраас эд зүйл алга болоогүй байсан. Тухайн үед Б.Чогсом нь надтай болон манай нөхөртэй утсаар ярьсан зүйл байхгүй. Надаас бол гэрт орох талаар зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлгүүд,
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлүүд,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2402121 дугаартай “үхрийн мах 12,6 кг- 176,400 төгрөг, Салями хиам 1,2 кг- 20,880 төгрөг, нарийн хиам 0,5 кг- 6,500 төгрөг, нийт 203,780 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Прокуророос дээрх нотлох баримтаар тогтоогдох үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “ Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагийн орчим согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******”-ын 518 тоотод байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, уг байшинд байсан 12.6 килограмм үхрийн мах, 3 ширхэг “Салями” нэртэй хиам, 2 ширхэг нарийн гозгор хиам зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д 203,780 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *******ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах тул дээрх гэмт хэрэг гэм буруутайд тооцох саналтай. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Гэмт хэргийн улмаас *******д 203,780 төгрөгийн хохирол учруулсан нь нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ Шүүгдэгч ******* нь гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Мөн бусдад төлөх төлбөргүй болно” гэж,
шүүгдэгч *******ээс “Маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар, үнэ төлбөргүй эзэмдэн авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч үйлдсэн бол уг шинжээр хүндрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тайлбарласан хийгээд хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх ба онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэр хэмжээ нь тухай үйлдлийг гэмт хэрэгт тооцоход болон хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй байна.
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч *******д учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч *******д учирсан хохирлыг тогтоосон “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2402121 дугаартай “ үхрийн мах 12,6 кг- 176,400 төгрөг, Салями хиам 1,2 кг- 20,880 төгрөг, нарийн хиам 0,5 кг- 6,500 төгрөг, нийт үнэ 203,780 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч *******, шүүгдэгч ******* нараас маргаагүй хийгээд дээрх хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”- д хамаарах юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчмыг тодорхойлсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн тайлбарт “Орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарласан болохыг дурдъя.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч *******ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагийн орчимд хүн байнга амьдрах буюу хохирогч *******ын амьдрах Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн “*******”-ын 518 тоотод байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн түүний орон байрны халдашгүй байдлыг, мөн 203,780 төгрөгийн үнэ бүхий 12.6 килограмм үхрийн мах, 3 ширхэг “Салями” нэртэй хиам, 2 ширхэг нарийн гозгор хиам зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, өмчлөх эрхэд халдсан уг үйлдэл хөдөлбөргүй, нотлогдож тогтоогдсон хийгээд прокуророос түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн, хохирогч *******ын эд зүйлсийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
7. Шүүгдэгч ******* тухайн гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдэж согтуурсан үедээ өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч *******д 203,780 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгчийн зүгээс хулгайд алдагдсан эд зүйлийг биетээр буцаан өгсөн нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл”/хавтаст хэргийн 10-р хуудас/, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хавтаст хэргийн 11-р хуудас/ зэргээр нотлогдох ба хохирогч *******аас хэрэгт “ Би өөрийнхөө махыг олоод авсан, надад гомдол байхгүй” гэсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийг 60 хоног цагдан хорьсон тул эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Шүүгдэгч нь тухайн хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний 2.1-ээс багагүй ял оногдуулж өгнө үү, шүүгдэгч нийт 60 хоног цагдан хоригдсон, энэ хоногийг хорих ялд нь оруулан тооцуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт “ хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар тогтоосон бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр *******ын эхнэрийн эгчийнх нь хүүхэд зэрэг нь тухайн гэмт гарахад нөлөөлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзвэл *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Иймд ******* нь хохирогч *******ын эхнэрийн эгчийнх нь хүүхэд хийгээд садан төрлийн холбоотой болон түүний согтуурсан байдал нь тухайн гэмт хэргийг үйлдэх шалтгаан болсон, бусдад бага хэмжээний хохирол учирсан, уг хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах хийгээд тэрээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх үндэслэлээр уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоолоо.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэвэл *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ийн ял эдлэлтийн талаар Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангийн тоо бүртгэлийн байцаагчийн ялын тооцооны лавлагаагаар “ 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ******* нь биеэр 2 сар 19 хоног эдэлсэн, эдлээгүй үлдсэн ял нь 01 жил 10 сар 11 хоног байна” /хэргийн 94 дугаар хуудас/ гэж тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ” гэж,
6.8 дугаар зүйлийн 1.Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно, 2.Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж тус тус хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 11 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 10 сар 21 хоногоор тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 2 жил 10 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ.
Бусад:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх 2 жил 10 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.31-ний өдрийн 2024/ЦХШЗ/15 дугаартай “Яллагдагч *******ийг шилжүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, 2024.06.27-ны өдрийн 2024/ЦХШЗ/23 дугаартай “Яллагдагч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай” шүүгчийн захирамжийг тус тус үндэслэвэл шүүгдэгч *******ийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс шилжүүлэн Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсон нь тогтоогдох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ийн цагдан хоригдсон 2 сар буюу 61 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 11 хоногийн хорих ялд, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 10 сар 21 хоногоор тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ийн цагдан хоригдсон 2 сарыг буюу 61 хоногийг
ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч *******д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН