| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0198/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/232 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/232
2024 05 22 2024/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Ж.Батбаатар
Хохирогч С.Ц
Шүүгдэгч Ч.Анарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А холбогдох эрүүгийн 2425000960169 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, ялыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ялыг бүрэн эдэлж дуусгасан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч.А /00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч Чанцалын Асогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн*******ын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэнбулаг худалдааны төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “БСБ Эрдэнэт суперстор” дэлгүүр дотроос 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цаг 13 минутад хохирогч С.Цгийн эзэмшлийн Самсунг А54 загварын гар утас, Шарф загварын талх шарагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 1,190,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:.
-шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтад бүгдийг мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээж байна. Авснаа санахгүй байдаг. Би архи уухаараа ийм болдог. Архины албадан эмчилгээнд их олон явсан. Мартамхай болсон. Хохирол төлнө гэх мэдүүлэг,
-Хохирогч С.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би компанид 1,190,000 төгрөг хариуцан төлсөн. Үнэлгээний хөлс 40,000 төгрөг нийт 1,230,000 төгрөг энэ хүнээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
- 2425000960169 дугаартай эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-Орхон аймаг******* нэг цонхны үйлчилгээний камерын хяналтын төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай:.. 2024.01.24-ний өдрийн 17 цаг 07 минут 28 секунд,************** Оюут баг Үйлчилгээний төвд байрлалтай “Б” цахилгаан барааны дэлгүүрийн хяналтын камерт шар урт түрүүтэй гутал, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн өмд, урт хар куртик өмссөн 50 орчим насны эрэгтэй хүн лангуу дээрхи цахилгаан бараа үзэж байгаа дүрс бичлэг байна. 17 цаг 09 минут 46 секунд,************** Оюут баг Үйлчилгээний төвд байрлалтай “Б” цахилгаан барааны дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байна. Тэгээд гараад явж байгаа дүрс бичлэг байна. 2024 оны 01-р сарын 24-ний өдрийн 17 цаг 11 минут 36 секунд,******* Баян-Өндөр Сум Оюут баг Үйлчилгээний төвд байрлалтай “Б” цахилгаан барааны дэлгүүрийн хяналтын камерт шар урт түрүүтэй гутал, саарал өнгийн ноосон цамц ,цэнхэр өнгийн өмд, урт хар куртик өмссөн эрэгтэй хүн буцаж дэлгүүрт орж ирж байгаа дүрс бичлэг байна. 2024.01.24-ний өдрийн 17 цаг 12 минут 51 секунд,************** Оюут баг Үйлчилгээний төвд байрлалтай “Б” цахилгаан барааны дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн тус этгээд лангуу дээрхи цагаан өнгийн синдевч хийх зориулалтай цахилгаан барааг авч хар өнгийн урт куртикний энгэр рүү хийж байгаа дүрс бичлэг байна... гэх тэмдэглэл /хх-ийн 6-8-р тал/
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-р тал/
-Үйлчилгээний төвд байрлах “BSB” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарласан 1 ширхэг хуурцгийг Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р тал/
--С.Цгоос хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-17-р тал/
-хохирогч С.Цгийн мэдүүлсэн:.. Би 2024 оны 01 дүгээр сарын 23 өдөр өөрийн ажлын байр болох “BSB” Эрдэнэт дахь салбар болох үйлчилгээний төвийн 1 давхарт өрөөндөө гар утсаа үлдээгээд касс нь дээр ажлаа хийж байгаад Shагр брендийн синдевч хийгч лангуун дээр байхгүй байхаар нь хяналтын камераа шалгахад 50 орчим насны эрэгтэй хүн гарч байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд ажлынхан маань холдоогүй байх гэж бодоод араас нь гарсан. Харин би касс нь дээрээ үлдээд өөрийн гар утсаа хайхад байхгүй байхаар нь үйлчлэгч эгчийн утсаар өөрийн 00000000 дугаар луу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд менежерийн комьпютер дээр нь өөрийн мэйл хаягаа хийгээд утсныхаа байршлыг харахад 5-1 дүгээр байр дээр зааж байхаар нь тэнд очиж үзэх гээд гарсан. Тэгээд манай үлдсэн ажилчид камер шүүгээд үлдсэн. Харин би няравтайгаа 5-1 дүгээр байрны ломбардаар хайж үзэхэд хаачихсан байсан болохоор үзэж чадаагүй. Тэгээд ажил дээр ирэхэд хяналтын камер дээр sharp брэндийн синдевч хийгч авч гарсан хүн миний утсыг аваад гарах нь бичигдсэн байсан. Тэгээд цагдаад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/
-гэрч П.М мэдүүлсэн:.. Би тухайн үед “ВSВ” дэлгүүрт борлуулалтын менежерийн дагалдангаар хэсэг хугацаанд ажиллаж байсан юм. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үдээс хойш дэлгүүр дээрээ байж байтал урт түрийтэй бор өнгийн гутал бараан өнгийн куртиктэй, архи үнэртүүлсэн ах нь манай дэлгүүрт орж ирсэн юм. Тэрээр нуруугаа үүрээд тойроод яваад байхаар нь би түүнийг угтаж “сайн байна уу, танд юугаар туслах вэ” гэтэл тэрээр “ахын дүү цаашаа ажлаа хийж бай, одоо манай эхнэр ороод ирнэ, би хүлээж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг ерөнхийд нь харж дагаж яван бараа тайлбарласан юм. Тэгтэл тэр ах манай дэлгүүрийг 1 бүтэн тойрчихоод гараад явчихсан юм. Би тэр ахыг гарсны дараа бусдадаа цайндаа орлоо шүү гэж хэлчхээд гарч явсан юм. Тэгээд би цайндаа орчихоод буцаад дэлгүүр дээрээ очоод хэсэг хугацааны дараа манайхан эд зүйл алдсанаа мэдэж дэлгүүрийн камер шүүхэд миний угтаж авч байсан архи үнэртүүлсэн ах нь намайг цайндаа гарсанаас хойш буцаж дэлгүүр рүү ороод лангуун дээр байсан талх хийгч буюу сэндвич хийгчийг аваад мөн ажилчдын хувцас солих өрөө рүү ороод буцаад гарч явсан юм. Ийм л үйл явдал болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/
-“Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 01 сарын 24-нйи өдрийн ОРХ/8915 дугаартай... Самсунг А54 загварын гар утасны үнэ 1,100,000 төгрөг, Шарп брэндийн сэндвич хийгч 90,000 төгрөг нийт 1,190,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-41-р тал/
-Шүүгдэгч Ч.А яллагдагчаар мэдүүлсэн... Би болсон явдлын талаар согтолтын улмаас үнэхээр санахгүй байна. Би архины эмчилгээнд 5-6 удаа явсан бөгөөд хийгдсэн эмчилгээнээс шалтгаалаад архи уучихаараа маргааш нь юу болсон талаар санадаггүй болчихсон юм. Би бичлэгийг үзлээ. Хар өнгийн ноосон малгай, хар хөх өнгийн урт куртиктэй, түүний дотуур хар саарал өнгийн цамцтай, хар хөх өнгийн цагаан канттай бэлтгэлийн өмдтэй, түрийтэй улбар шар өнгийн гуталтай явж буй хүн бол би байна. Би тус дэлгүүрийн лангуун дээрээс нэг зүйлийг аваад өвөртөө хийж байна, мөн нэг өрөө рүү орчихоод гарч байна. Би энэ хийсэн үйлдлүүдээ санахгүй байгаа юм, тухайн үед согтуу явсан юм. Би ойрын хугацаанд барагдуулна. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/
-Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-р тал/
-Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 260 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-67-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-69-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-73-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-76-р тал/
-Ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх-ийн 79-р тал/зэрэг нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоодож байна.
Шүүгдэгч Ч.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн*******ын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэнбулаг худалдааны төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “BSB” Эрдэнэт суперстор дэлгүүр дотроос 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цаг 13 минутад хохирогч С.Цгийн эзэмшлийн Самсунг А54 загварын гар утас, Шарф загварын талх шарагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 1,190,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, үзлэгийн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Ань бусдын эзэмшлийн Самсунг А54 загварын гар утас болон Шарф загварын талх шарагч зэргийг зөвшөөрөлгүй, нууцаар авсны улмаас бусдад 1,190,000 төгрөгийн шууд хохирол учирсан шалтгаант холбоотой байдал дээрхи нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.
Шүүгдэгч Ч.А энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Бусдын эд хөрөнгийг нууцаар, зөвшөөрөлгүй, авч хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Урьд 8 удаагийн хэрэгт холбогдож байсан байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогчид 1,230,000 төгрөг гаргуулан олгох саналтай гэж,
-шүүгдэгч Ч.Аөөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож байна. Хохирлоо төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, ял шалгуурын хуудас, шүүхийн тогтоолууд зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч эрхэлсэн ажилгүй, орлогогүй байдал зэргийг харгалзан хуульд заасан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэж,
шүүгдэгч: Би хохирол төлнө, надад бага ял оногдуулна уу гэжээ.
3. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Цд учирсан 1,190,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, мөн хохирлын үнэлгээний хөлс 40,000 төгрөгийг нэмж нийт 1,230,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас нийт 1,230,000 төгрөг гаргуулан хохирогч С.Ц /регистрийн дугаар 00000000************** Эрдэнэ багийн 23-5 тоот/-д олгуулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч төлбөр нэхэмжлээгүйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ