Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/233

 

 

  2024      05          24                                           2024/ШЦТ/233

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч О.А, өсвөр насны шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.А, өсвөр насны шүүгдэгч Ц.Н нарт холбогдох эрүүгийн 2325002380444 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүгийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт О.А, регистрийн дугаар /00000000/

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, 4 дүүгийн хамт ........... хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.Н, регистрийн дугаар: /0000000000/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 45-17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн “Т" хүнсний дэлгүүрт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр итгэмжпэн хариуцуулсан 40 гаруй нэр төрлийн хүнсний бараануудыг завшиж “Х” ХХК-д 8,895,148 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.А, Ц.Н нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, ............................ дүгээр гудамжинд байрлах усан сангийн орчимд хохирогч С.Бтэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар үсдэж унагах, толгой хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн мөр, баруун гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд, цус хуралт, нуруу, баруун бугалга, баруун, зүүн шуунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-өсвөр насны шүүгдэгч Ц.Н мэдүүлсэн: Б нь эхлээд хэд хоногийн өмнө над руу чатаар маргаад байсан. Би танихгүй. Гэтэл чатаар “ална” гэсэн. Тэгээд би А эгчид хэлсэн. Хэд хоногийн дараа уулз гээд дуудаад байсан. Тэгээд бид 2 очсон. А эгч, Б 2 эхлээд хоорондоо түлхэлцээд цохилцоод салсан. Тэгснээ Б над руу дайраад харилцан үсдэлцсэн гэх мэдүүлэг,

-шүүгдэгч О.Аийн мэдүүлсэн: Би уг нь танихгүй. Гэтэл “Рашаантын янхан гээд элдвээр чат бичээд салахгүй байхаар нь очсон. Дэлгүүрээс бол би мөнгө аваагүй, бараа л авдаг байсан гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Тийн мэдүүлсэн: А нь өөрийн замбараагүй хэрэглээгээр бараа дутаасан, мөнгө ч дутсан. Хохирлоос 1,000,000 төгрөг төлсөн. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад 2,500,000 төгрөгний хөлс авсан, баримтыг шүүхэд өгсөн. Иймд үлдсэн хохирол дээр нэмж,10,395,148 төгрөг гаргуулна уу гэх мэдүүлэг,

-эрүүгийн 2325002380444 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

-“Х” ХХК-ний “Т” дэлгүүрийн захирал Л.Т болон Отгонбаяр овогтой А нарын хооронд хийгдсэн Хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх-ийн 6-р тал/

-Аж ахуй ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар 1 хувь, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хувь зэргийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10-12-р тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Тийн мэдүүлсэн...2023 оны 01 дүгээр сарын сүүлээр А гэх эмэгтэйг худалдагчаар ажиллуулахаар болж 02 сарын 01-ний өдөр 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад А шууд худалдагчаар ажиллаж эхэлсэн. Аийг худалдагчаар ажиллуулаад 02 сарын 28-ны өдөр бараа болон орлогын тооцоо мөргүүлэхэд 1,800,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутаасан байсан. Тэгэхээр нь Аөөс ямар учраас 1,800,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан бэ гэж асуухад сар шинийн баяр болоод дэлгүүрээс бараа материал зөвшөөрөлгүй авч гэртээ хэрэглэсэн гэдгээ хүлээж уучлалт гуйж, дахин ийм асуудал гаргахгүй би цаашид ажлаа хэвийн хийх болно, ямар нэгэн байдлаар бараа бүтээгдэхүүн дутаахгүй гэж хэлсэн. Мөн тухайн үед манайх ээлжийн худалдагч авах гэхэд А би өөрөө ээлжийн худалдагчгүй ажиллаж цалингаасаа 1.800.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна гэж санал тавиад үргэлжлүүлэн худалдагчаар ажилласан. Үүнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд 5.000.000 орчим төгрөг дутсан. Энэ тухай дахин Аөөс өмнө нь 1.800.000 төгрөг дутсан одоо 5.000.000 төгрөг болоод нэмэгдчихлээ гэхэд А ингэж их мөнгө дутах ёсгүй гэсэн байдлаар хариулсан. Энэ үед манай эхнэр төрөөд удаагүй мөн дээрээс нь би ээлжийн ажилтай завгүй яваад байсан учраас тухайн үедээ дахин тооллого хийж амжилгүй явсаар 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг тоолсон. Тэгтэл дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс 5.300.000 төгрөг дутсан. А дутсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас эхнэр бид хоёр хүнийг бас өрөнд оруулчихсан юм болов уу гэж бодоод 3-4 удаа тооцоо мөргүүлсэн. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дахин дэлгүүрийн барааг тоолж үзэхэд 8.568.659 төгрөгийн орлого, бараа бүтээгдэхүүн дутсан.Тэгэхээр нь Аийг хүрч ирж тоолсон тооллогынхоо тооцоог мөргүүл хүрээд ир гэж дуудахад А утсаар ярьчихаад янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд ирээгүй. Ийм учраас Аийн аавтай уулзаж гадуур хайхад Улаанбаатар хот руу зугтаачихсан байсан. Тэгж явсаар байгаад 05 сарын дундуур Аийг Улаанбаатар хотоос ааваар нь дуудуулж Орхон аймагт авчирсан. Аийг Орхон аймагт ирэхээр нь үүссэн нөхцөл байдлыг тайлбарлаж юу болсон талаар асуухад би мэдэхгүй гэсэн утгатай зүйл хэлээд өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ер нь бол А ийш тийшээ их зугтаадаг, бага насны хүүхэдтэй хүүхдээ дагуулаад яваад байдаг... Би өөрийн хохирол болох 8,895,148 төгрөг дээр нэмээд санхүүгийн шинжилгээ хийлгэсэн 2,500,000 төгрөгийг нэмээд нийт 11,395,148 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулаад авчих юм бол гомдолгүй. Өөр гаргах санал, хүсэлт байгүй. Миний сэтгэл санаад ямар нэгэн хохирол учраагүй. ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16, 19-р тал/

-гэрч Д.О мэдүүлсэн... ...Т “А гэртээ байхгүй байна. дэлгүүр дээрээ очоогүй юм уу” гэж хэлтэл Тайвнаа “дэлгүүр дээр ирээгүй. А дэлгүүрийн тооллого хийх гэсэн чинь ирэхгүй байна” гэж хэлсэн. ...Цагаан сарын үеэр гэртэй жижиг шилтэй 1 авдар ундаа, 1 билүү 2 шил архи, 2 том пиво, ойр зуурын эд зүйлийг авчирсан. Өөрөөр ямар нэгэн зүйл гэртэй авчираагүй. Мөн тухайн үед А би дэлгүүрийн дэвтэр дээр бичээд авчихсан шүү цалингаасаа дараа нь өгнө гэж хэлж байсан. Ер нь бол ажлаасаа буугаад гэртэй ирэхдээ хүүхдүүдийнхээ суү, нэмэлт тэжээл, памперс зэрэг зүйлс байнга авчирдаг байсан. А надад худалдагчаар ажиллаад хэдэн төгрөгийн өрөнд орсон гэдгээ хэлээгүй. Асуухаар юм хэлэхгүй чимээгүй суугаад байдаг эсвэл инээгээд байдаг. Надад өөр нэмж ярих зүйлгүй..” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24-р тал,... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-р тал/

-гэрч Э.Э:... Манайх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут ................ тоотод байрлах найман нэрийн “Т” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд О.А гэх эмэгтэйг гэрээ байгуулан худалдагчаар ажиллуулсан. Гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан. Тухайн үед 1 сарын 1,000,000 төгрөгөөр цалинг тохиролцсон. Цалин сар бүрийн 15-ны өдөр болон сарын сүүлээр 2 хувааж авах байсан. Ингээд 2 сарын 15-нд цалингийн 500,000 төгрөг дансаар авсан. 2 дугаар сарын сүүлээр дэлгүүрийн бараа хамт тоолох үед 1,000,000 төгрөгийн бараа дутсан. Энэ тухай Аөөс асуухад цагаан сарын баяр болж байсан учир дэлгүүрийн бараанаас гэртээ буюу хувьдаа хэрэглэсэн гэж хэлсэн. А дутаасан барааны нийт дүн болох 1,000,000 төгрөгийн барааг яаж өгөх вэ? гэхэд манай аав, ээж хоёр урд цагаан хаданд ажилладаг, аав, ээж хоёр надад мөнгө өгнө санаа зоволтгүй би үргэлжлүүлж ажилламаар байна гэхээр нь нөхөр бид хоёр этгээд зөвшөөрсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29-р тал/,

-Тольдох Оюуны өгөөж ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №23/07/05 дугаартай: ...Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж, зах зээлийн судалгаа, мэдээ мэдээллийг харьцуулсан үнэлгээний дүгнэлтийг О.Аийн цэвэр дутагдлыг 8,895,148.00 /найман сая найман зуун ерэн таван мянга нэг зуун дөчин найман төгрөг/ төгрөг болов... гэх дүгнэлт /1-р хх-ийн 32-45-р тал/

-Иргэн Э.Энхчимэгийн эзэмшлийн 5021279367 дугаартай ХААН банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 46-83-р тал/

-Шүүгдэгч О.Аийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Намайг үргэлжилсэн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн .......... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ны “Т” хүнсний дэлгүүрт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан 40 гаруй нэр төрлийн хүнсний бараануудыг завшиж, тус компанид 8,895,148 төгрөгийн хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Цагаанчулуут багт байрлах “Т” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд өдөр бүр хүнсний болон бусад барааг өөрт болон Рашаант багийн 29-10 тоот гэр лүүгээ авч явж өөрт хэрэглэдэг байсан. Зарим үедээ дэвтэр дээр бичдэг байсан, заримдаа бичдэггүй байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооллого хийхэд 8,895,148 төгрөгийн хүнсний бараа дутсан. Үүнтэй санал нийлж байна, шинжээчийн дүгнэлттэй танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Бусдад худалдан борлуулсан үйлдэл байхгүй зөвхөн өөрт хэрэглэж дуусгасан. Тухайн үед би зөвхөн худалдагчаар ажиллаж байсан, өөр ээлжний худалдагч байгаагүй. Миний зүгээс гаргах санал, хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-р тал/

-шүүгдэгч О.Аийн эзэмшлийн 5217348810 дугаатай ХААН банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 117-121-р тал/

-гэрч Э.М мэдүүлсэн:.. Б гэх охин гэрээсээ гарч ирээд нэг нэгээрээ шаалцы гээд орилоод байсан. Тэгээд Б, А, Н 2-ыг хуруугаараа цээж рүү нь түлхээд “хөөе дүү нараа ингэж ярихгүй ээ “гээд байсан. А Бийн мөрнөөс нь татаад дүүгээсээ холдуулаад өөр лүүгээ харуулаад чи дүү рүү ингэхгүй шүү” гэтэл Б Аийн үснээс нь зулгаагаад доош нь дартал Аийн дүү А Бийн цамцнаас нь татсан. Тэгтэл А Бийн дээр нь унаад нүүр рүү нь 2-3 удаа цохьсон. Б бас өөдөөс нь гэдэс рүү нь өшиглөөд байсан. Тэгээд байж байтал Бийн гэрээс Н гэх залуу согтуу гарч ирээд Аийн баруун чих рүү нь алгадтал А чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаан гээд Н алгадсан. Би хэнд ч гар хүрээгүй. Зүгээр хараад зогсож байсан.… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-р тал/

-гэрч Д.Н мэдүүлсэн:… Би 2023 оны 07 сарын 26-ны өдөр ....Б “намайг хэдэн охидууд яаснаа мэдэхгүй байхад хэл амаар доромжилоод байна,гэрийн гадаа дуудчихлаа би ганцаараа гараад уулзчихаад ирье” гэж хэлсэн.Тэгэхээр нь би наад охидууд чинь яачих ч юм билээ гээд хамт гарья гээд би гэрээс нь гартал гэрийх нь хажууд байдаг худаг дээр ирсэн байна гээд Б бид хоёр очтол 6 охин байж байсан. Тэгээд очтол Н гэх охин “та нар утасны цаанаас юу гээд байгаа юм бэ” гэтэл Б “чи өөрөө юунаас болоод муудалцаад байгаа юм эв зүйгээ олохгүй юм” гэтэл А гэх охин Бийг араас нь жийж унагаагаад дээрээс нь гараараа нүүр рүү цохиод байсан. Тэгээд хажуу талаас нь Н. А нар орж ирээд бас Бийг цохьсон. А Бийг шороон дээр чирээд байхаар нь би дундуур нь ороод салгасан. Н Бийн дээр нь суучихан босохгүй байсан.Тэгээд сүүлд нь Бийн найз залуу Н, найз Б хамт гарч ирээд салгаад Бийн хамарнаас нь цус гараад байхаар нь би гэрт нь орж ирээд цусыг нь угаагаад байж байтал хашааны гаднаас хэн нь мэдэгдэхгүй Бээ гараад ир хөөе гээд орилоод байсан. Б цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа ирээд би нарыг бүгдийг нь аваад цагдаагийн газар руу аваад явсан. А Бийн нүүр рүү гараа атгаж байгаад нилээн хэд цохьсон. Мөн Н, А нар хөл гар луу өшиглөөд байсан. Би хэнд ч гар хүрээгүй. Тэд нарыг салаад зогсож байсан.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-р тал/

-хохирогч С.Бийн мэдүүлсэн:.. 2023.07.26-ны өдөр өдрийн 16 цагийн орчимд ажил үүргээ гүйцэтгэж байхад манай найз Н хуурай дүү болох Н над руу утсаар залгаж “Уулзъя, блок гаргачих ярих юм байна эгээ” гэж ярихаар нь би фейсбүүкээр түүний блокыг гаргахад зүс мэддэг А гэдэг охин над руу чат бичээд “уулзаж ярилцах гэсэн юм” гэсэн утгатай чат бичихээр нь өөрийнхөө байж байсан эгчийнхээ хаяг болох ............................ дүгээр гудамжинд байрлах худаг дээр ирээд надтай уулзаарай гэсэн. 2023.07.26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ирчихпээ гэж дуудахаар нь би өөрийн найз Нарансолонгын хамтаар ............................ дүгээр гудамжинд гарч ирэхэд А, А, Зулаа, Н, танихгүй 2 өсвөр насны охидууд, мөн танихгүй 3 эрэгтэй хүүхэд тус тус байж байсан. Тэгээд уулзсан чинь Н халаасандаа 2 гараа хийчихээд газар шүлсээ хаячихаад “энэ нөгөө Булгаа шдээ” гэж хамт явж байсан хүмүүсдээ хандаж хэлэхээр нь би “чиний ингэж явах нас биш шдээ, гэр орондоо хариад хичээл номоо хий” гэж хэлэхэд А “битгий миний дүү рүү чичлээд бай” гээд гараараа миний зүүн мөр хэсэг рүү нэг удаа цохихоор нь өөрөөсөө холдуулах зорилгоор нь Аийг гараараа түлхсэн чинь А намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдсэн чинь А миний ард талд зогсож байснаа салгах гээд намайг татах шиг болсон тэгсэн чинь А намайг газар унагааж байгаад толгой руу гараараа цохиод байсан. Мөн хажууд талаас биеийн хэсгүүд рүү Н өшиглөж байхад А үс болон хувцаснаас татан нуруу хэсгээр минь газар чирж байхдаа толгой руу бас цохиод байсан. Манай найз Нарансолонго Аийг холдуулж салгахад Н намайг үсдэж газар чирсэн мөн толгой руу гурван удаа өшиглөхөд миний ухаан балартаад эргээд ухаан ороход миний дээгүүр өмссөн байсан цамц байхгүй хөхний даруулгатай нүцгэн байхаар нь өвдөг сөгдөөд би одоо гэр лүүгээ харъя гээд гуйж байхад манай найз залуу Намхайнямбуу ирчихсэн Аийн хамт явж байсан хүмүүстэй маргалдаад байх шиг байсан... Намайг Н, А, нар нь нийлж байгаад зодсон, өөр хүн зодоогүй. Би Соконо гээд танилтайгаа Наадмын баярын дараа уулзаад сууж байхад “Касида” гээд охидын бүлгэмийн талаар ярьж байгаад энэ бүлгэмд байдаг Н гээд охины зургийг надад харуулахаар нь “аягүй хөөрхөн ааштай охин” юм байна лээ ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь маргааш нь Н над руу чат бичээд хэзээ би чиний бацаан байсан юм, анхнаасаа чи надад таалагдаагүй, чамайг ална даа, уулзъя гэж чат бичээд байхаар нь би блок хийчихсэн юм. Тэгээд л надад өс санаж байгаад Аөөр дамжуулан холбогдож надтай уулзаж намайг нийлж байгаад зодох болсон гэж бодож байна.Тэрнээс би Н, А нартай ямар ч харилцаа холбоо байхгүй, манай найз Мөөнөөтэй А нь уулздаг байсан болохоор Н, А, А нарыг зүс мэддэг болчихсон юм..Би гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Өөр гаргах санал хүсэлтгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137-р, 139-р тал/

-гэрч Ж.Намхайнямбуугийн мэдүүлсэн:.. араас нь 10-аад минутын дараа найз Батбилэгийн хамт гарахад ............................ дүгээр гудамжинд байрлах худгийн зүүн хойд талд найз охин С.Бийг А гэдэг охин гараараа цохиод зодож байхаар нь би уг охиныг салгах гээд толгой хэсэгт нь санаандгүй хүрсэн чинь дүү нь юм уу гэмээр нэг охин чи муу миний эгчийг алгаддаг хэн бэ гээд миний нүүр хэсэг рүү гурваас дөрвөн удаа алгадаад намайг С.Бээс холдуулахаар нь жоохон зайтай зогсож байсан гурван бандид хандаж энэ охидуудыгаа аваад яв гээд зогсож байсан чинь А нь С.Бийг газраар чирэн цааш аван явж байхдаа гараараа цохиж зодоод байсан мөн хажууд талаас нь бас нэг охин өшиглөөд байхаар нь салгах гээд очих гэсэн чинь намайг алгадсан охин түлхээд ойртуулахгүй байгаад байсан. Тэгээд Нарансолонго уг 2 охиныг салгаж болиулан С.Бийн хамт гэр лүү явж орохоор нь Батбилэг бид хоёр араас нь удалгүй явж орсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 648 дугаартай:... С.Бийн биед зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн мөр, баруун гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, нуруу, баруун бугалга, баруун, зүүн шуунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн мөр, баруун гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, нуруу, баруун бугалга, баруун, зүүн шуунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зулгаралт гэмтэл нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Нэмэлт шинжилгээ, эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 149-154-р тал/

-Шинжээч эмч Э.Б мэдүүлсэн:...С.Бийн 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт тухайн хугарал нь шинэ хуучин гэж тусгагдаагүй, мөн тухайн өдрийн миний үзлэгээр хамарт ямар нэгэн гэмтэл, шарх сорви илрээгүй тул нарийвчлан тогтоох боломжгүй гэж үзсэн... гэх мэдүүлэг...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-р тал/

-шүүгдэгч О.Аийн яллагдагчаар мэдүүлсэн... Тухайн өдрийн орой Б Н хоёрын маргалдсан шалтгаанаас болж би бас хэл амаар доромжлуулсан болохоор Н, А, Мөнхзул бид дөрөв Бтэй ............................ дүгээр гудамжинд байрлах худгийн хажуу талд уулзахад өөрөө түрүүлж өдөн нэг нэгээрээ зодолдоно гэлүү гээд хуруу гараараа Аийг чичилж хүрэхээр нь би Бийг татсан чинь намайг үсдэж татан хойш чирж байгаад өөрөө газар уначихсан. Тэгээд би дээр нь гараад нүүр хэсэг рүү нь биеэ хамгаалаад хоёр удаа гараараа цохисон. Тэгээд салсан чинь өөрөө босож ирээд Н дээр очиж одоо чамтай үзнэ гээд үсдээд авсан чинь харилцан үсдэлцэж газар өнхрөлдөөд дээр доороо ороод байсан. Б тухайн үед согтуу байсан, түүний биед Н бид хоёр л халдсан өөр хүн халдаагүй. Би Н цохисон эсэхийг нь анзаарч хараагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний зүгээс өөр гаргах санал, хүсэлт байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 189-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч Ц.Н мэдүүлсэн:.. С.Б гэдэг охин намайг шалтгаангүйгээр ална гэж чат бичсэн болохоор уг асуудлын талаар А эгчид хэлж бид хоёр С.Бтэй тухайн өдрийн орой уулзахаар болон Булаг багт байрлах 44 дүгээр гудамжинд байрлах худаг дээр А эгч, А, М нарын хамтаар А эгчийн эрэгтэй найзаар хүргүүлэн очиход С.Б нэг найзынхаа хамт гарч ирэхэд араас нь удалгүй 2 банди ирсэн. Тэгээд С.Б над дээр ирээд хуруугаараа биед хүрээд чичлээд эгчийн дүү гээд байсан чинь А эгч дүү яагаад байгаа юм гэсэн чинь А эгчийг С.Б үсдэхэд зөрүүлээд үсдэж С.Б газар унасан бөгөөд унасан байхад нь А эгч дээр нь гараад түүнийг цохиж зодсон. Яг энэ үед С.Бийн хамт ирсэн нэг банди А эгчийг цохиход зодохоо больж салсан. Тэгээд С.Б босож ирээд над руу дайраад одоо хоёулаа гээд намайг цохиж авахаар нь би эргүүлэн цохиод харилцан нэг нэгнийхээ нүүр толгой бие хэсэгүүд рүү нь цохиход Нарансолонго салгасан....гэх мэдүүлэг /хх-ийн 198-199-р тал/

-Ц.Н төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 215-р тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэг судалсан дээрхи нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч О.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 45-17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн “Т" хүнсний дэлгүүрт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа итгэмжпэн хариуцуулсан 40 гаруй нэр төрлийн хүнсний бараа болон мөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж “Х” ХХК-д 8,895,148 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.А, өсвөр насны шүүгдэгч Ц.Н нар 2023 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, ............................ дүгээр гудамжинд байрлах усан сангийн орчимд хохирогч С.Бтэй уулзахаар очиж улмаар маргалдаж О.А нь үсдэж унаган дээр нь гарч толгой нүүр хэсэгт нь цохиж зодсон, босоод ирэхэд нь Ц.Н С.Бтэй харилцан цохилцож,өшиглөж зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн мөр, баруун гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд, цус хуралт, нуруу, баруун бугалга, баруун, зүүн шуунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 Шүүгдэгч О.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ...... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн “Т" хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан бараа, мөнгийг завшиж “Х” ХХК-д 8,895,148 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Тийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

О.А, Ц.Н нар нь бүлэглэн зодсон үйлдлийн улмаас С.Бийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч С.Б, гэрчүүд, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

          Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж хэргийн бодит байдал тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

             Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

         2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,      

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч О.Аийн “Т" хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 8,895,148.00 төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг...завшсан бол ял шийтгэнэ” гэж заасан, бусдын өмчлөх эрхийн эсрэг завших гэмт хэргийн шинжтэй,

О.А, өсвөр насны шүүгдэгч Ц.Н нар бүлэглэж С.Бийн биед санаатай бүлэглэн халдаж гэмтэл хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...ял шийтгэнэ” гэж, 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт “бүлэглэж” гэж заасан, “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй.

Эрүүгийн хуульд зааснаар, “Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуйн нэгж ,байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ...”О.А нь “Т" хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байхдаа дэлгүүрийн бараанаас өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон авч үнийг төлөхгүй байх, барааны үнийг өмчлөгчид тушаахгүй байх аргаар завшиж өмчлөгчид хохирол учруулжээ.

Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

       Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны талаар Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд

эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас хүрсэн болох нь түүний төрсний лавлагаа, нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч О.А үргэлжилсэн үйлдлээр “Х” ХХК-ийн “Т" хүнсний дэлгүүрт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан 40 гаруй нэр төрлийн хүнсний бараа, мөнгийг завшиж 8,895,148 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.А, Ц.Н нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, ............................ дүгээр гудамжинд хохирогч С.Бийг үсдэж унагах, толгой хэсэгт нь цохиж, өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.А, өсвөр насны шүүгдэгч Ц.Н нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох, Аөөс хохирогчид учирсан 8,895,148 төгрөгийн хохирлоос төлөөгүй хохирол, шинжээчийн хөлс нийт 10,395,148 төгрөг гаргуулах саналтай гэж

     -шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б: Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн, зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Харин, санхүүгийн шинжээчийн дүгнэлт тодорхой бус байна. Ашиг орлого олох дүнгээр хохирлыг гаргасан гэж харж байна. Шинжээчийн хөлсний баримт хуулбар хувь байна. Иймд хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхино уу гэж,

      -хохирогч: Бидний баримт бол зарж байгаа үнээр авдаггүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.

        Хэргийн 32-45 дугаар талд авагдсан “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй.

       Уг дүгнэлтийн Гуравдах хэсгийн 1-д, шинжилгээ хийхдээ ашигласан, ”Х” ХХК-наас гаргаж өгсөн баримтуудын талаар, бэлэн мөнгө хүлээлцэж гарын үсэг зурагдсан дэвтэр, пос машины орлого, тооллого, Хаан банкны дансаар орсон орлого, дэлгүүрт бараа материал худалдан авсан орлого, дэлгүүрийн цэвэрлэгээ үйлчилгээнд зарцуулсан зарлага, О.Аийн өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан бараа материал зэргийг орой бүр тулгалт хийж гарын үсэг зурж баталгаажуулсан баримтууд санхүүгийн шинжилгээнд тэнцсэн” гэжээ.

         2-р хавтаст хэргийн 24 дэх талд авагдсан, хохирогчийн гаргасан 2,500,000 төгрөгийн баримт нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...нэмээд санхүүгийн шинжилгээ хийлгэсэн 2,500,000 төгрөгийг нэмж нийт 11,395,148 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлгээр /1-р хх-ийн 19 дэх талд/ батлагдсан тул хохирол төлбөр дээр нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

    2.Эрүүгийн хариуцлагын талаар:

      Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,

      Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,

      -өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

      -хэргийн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, хэргийн оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч О.Аөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар тус тус зорчих эрх хязгаарлах ял оногдуулах,

       -өсвөр насны шүүгдэгч Ц.Нд 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ...зорчих эрх хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж зааснаар эдлэх ялын хугацааг 15 хоногоор тогтоож шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгч О.Аөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар тус тус зорчих эрх хязгаарлах ял оногдуулах,

       -өсвөр насны шүүгдэгч Ц.Нд 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгах гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Өсвөр насны шүүгчдэгч Н, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, насанд хүрээгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө үү. Шүүгдэгч А бага насны хүүхдийн хамт амьдарч байгаа, хорих ялын доод хэмжээгээр оногдуулж тогтоол биелүүлэхийг хойшлуулна уу гэж тус тус санал гаргажээ.

3.Хохирол төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас “Х” ХХК-ийн “Т" хүнсний дэлгүүрт учирсан 8,895,148 төгрөгнөөс шүүгдэгч 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул төлөөгүй үлдсэн 7,895,148 төгрөг дээр, санхүүгийн шинжилгээ хийлгэсэн хөлс 2,500,000 төгрөгийг нэмж нийт 10,395,148 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.Аөөс гаргуулж хохирогч Л.Тид олгуулахаар заалаа.

Хохирогч С.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч О.А, өсвөр насны шүүгдэгч Ц.Н нараас гаргуулах төлбөргүй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:                                                        

            1. Шүүгдэгч Х овогт Он Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

     - өсвөр насны шүүгдэгч Б овогт Ц.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг 6 /зургаан/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Н 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Нд оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар О.Аөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Нд оногдуулсан 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг, шүүгдэгч О.Аөд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгч нар биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

6. Шүүгдэгч О.А, Ц.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аөөс 10,395,148 /арван сая гурван зуун ерэн таван мянга нэг зуун дөчин найм/ төгрөг гаргуулан хохирогч Л.Т /регистрийн дугаар 0000000000 Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн .......... тоот/-д олгуулсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, өсвөр насны шүүгдэгч Ц.Н төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

     

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ