Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/02706

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/02706

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсны үр дагавар 16.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , гэрч Л.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М  ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр MC-20/***** тоот *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутаг судлах музейн төслийн гадна, дотор ханын өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу ажлыг бүхэлд нь Ш  ХХК гүйцэтгэхээр авсан. Тус компанийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 09/03 тоот албан бичгийг үндэслэн захирал Д.Б-ы хувийн данс руу урьдчилгаа төлбөр болгон 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ш  ХХК MC-20/***** тоот гэрээний тусгай нөхцлийн 8 дахь хэсэгт зааснаар талбай дээр талбайн инженер 1, ХАБАЭ-н инженер 1, үндсэн ажилчид 8-10, туслах ажилтан 4 буюу хамгийн багадаа 14 ажилтан бүрдүүлж ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өрлөгийн ажлыг, 10 дугаар сарын 09-ний өдөр шавардлагын ажлыг эхлүүлсэн ба 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгасан байх шаардлагатай байсан. Манай компани захиалагч буюу Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны өмнө 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Туслан гүйцэтгэх компаниар Ш  ХХК-ийг ажиллуулахаар болсон. Ш  ХХК нь талбай дээр 14 хүн ажиллуулах байтал 1 талбайн инженер 1 ХАБАЭ-н инженер буюу 2 хүн л байсан. Манай компанийн зүгээс нэг өрлөгчин *** аймгийн *** сумаас олж ажиллуулсан. Хариуцагчийн хариу тайлбар дээр туслах 7 ажилтан байсан гэж бичсэн байсан. Гэтэл тухайн 7 ажилтан нь *** аймгийн *** сумын Онцгой байдлын ажилчид ажлаа тараад нэг орой хэдэн ширхэг блок зөөж өгсөн байдаг. Ш ХХК талбай дээр нэг давхрын өрлөг буюу 198 м.куб өрлөгийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусгасан байх ёстой. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 7 м.куб ханын өрлөгийн ажлыг л хийсэн. Мөн хэрэгт авагдсан баримтаар ажлаа гүйцэтгээгүй гэдэг нь харагдаж байгаа. Хариуцагч Ш  ХХК 4.040.350 төгрөгийн зардал гаргасан гэж байгаа нь өөрсдийнх нь хариуцах ёстой байсан зардал байсан юм. 4.040.350 төгрөгийн зардлын баримтыг харахад 9 дүгээр сарын баримтууд байсан. Талууд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан ба 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаа эхлэх байсан. Цаг хугацааны хувьд тохирохгүй баримтууд хэргийн материалд гаргаж өгсөн. Үүнээс үзэхэд хариуцагч тал ажлаа гүйцэтгэж чадаагүй. Ингээд талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1.3 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэж чадахгүй нь илэрхий болсон учраас захиалагчийн эрхийн дагуу гэрээг цуцалсан. Мөн гэрээний 8.3.3 дахь хэсэгт гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж заасны дагуу нийт гэрээний үнийн дүн болох 110.000.000 төгрөгнөөс тооцож 11.000.000 төгрөгийн торгууль нэхэмжлэх эрхтэй. Шинээр гаргаж өгсөн албан бичиг манайд огт ирээгүй. Бид тус компанийн гүйцэтгэх захирлуудтай холбогдож удаа дараа манай компаниас авсан урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардахад төлнө гэж хойшлуулсаар байгаад одоог хүртэл төлөөгүй ба 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэх хүргүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20/2158 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй, төлбөр тооцоог барагдуулаагүй. Иймд М  ХХК-иас шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болох 5.000.000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 11.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг хариуцагч Ш  ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш  ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр М  ХХК-тай MC-20/***** дугаартай өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр инженер техникийн болон туслах ажилчид *** аймгийн *** суманд ажлыг эхлүүлсэн. Манай компанийн ажилчид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын 1 болон 2 дугаар давхрын өрлөгт хэрэглэгдэх 150 м.куб буюу 3400 ширхэг блокыг барилгын давхруудад зөөн байрлуулж, мөн 12 м.куб блокын ханын ул тавих өрлөгийн ажил, 7 м.куб блок өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Манай компаний зүгээс энэ хугацаанд ажилчдын цалин, хоол хүнс, байрлах байр, замын зардалд нийт 4.040.350 төгрөгийг зарцуулсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс барилгын талбар дээр өөр компанийн ажилчид ирж, М  ХХК манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж бид цаашид ажил гүйцэтгэх болсон гэж мэдэгдэн бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Мөн манай компанийн ажилчдыг ажил хийх нөхцөл бололцоо, бараа материалаар хангахгүй байсан учраас компанийн зүгээс ажилчдаа эргүүлэн татахаас өөр аргагүй болсон. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн MC-20/***** дугаартай өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийн 8 дугаар зүйлд зааснаар М  ХХК нь гэрээг цуцлан өөр компаниар ажил гүйцэтгүүлэх гэж байгаа бол гэрээг цуцлах талаар Ш  ХХК-д албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх ёстой байсан боловч огт мэдэгдэл хүргүүлээгүй бөгөөд энэ талаар Ш ХХК-тай хэлэлцэн тохиролцох талаар албан ёсоор хандаагүй болно. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн MC-20/***** дугаартай өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаагүй. Манай компаний зүгээс М  ХХК-ийн нэхэмжилж буй гэрээ цуцалсны төлбөр 11.000.000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин гэрээний урьдчилгаа төлбөр болох 5.000.000 төгрөгнөөс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд ажил гүйцэтгэсэн зардал болох 4.040.350 төгрөгийг хасч үлдэх 959.650 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

М  ХХК Ш  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсны үр дагавар буюу урьдчилгаа төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, торгууль 11.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

М ХХК нь хариуцагч Ш ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн МС-20/***** тоот өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлийн 8-д ...Талбай дээр талбайн инженер 1, ХАБЭА-н инженер 1, үндсэн ажилчид 8-10, туслах ажилтан 4 хүн заавал ажиллана. Талбай бүр дээр шаардлагатай тоног төхөөрөмж болон хагас автомат гар багажууд байлгана... гэж заасан үүргээ биелүүлж чадаагүй, үүнээс болж гэрээт хугацаанд ашиглалтад орох боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, өөр компанитай гэрээ байгуулсан, гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 5.000.000 төгрөг, гэрээний 8.3.3, гэрээний тусгай нөхцлийн 6.5-д зааснаар торгууль 11.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Ш  ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлж байсан, нэхэмжлэгч М ХХК гэрээний 8.1-т заасан мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй тул 11.000.000 төгрөгийн торгууль нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, харин урьдчилгаанд өгсөн 5.000.000 төгрөгнөөс ажил гүйцэтгэх явцад гарсан зардал 4.040.350 төгрөгийг хасч үлдэх 959.650 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлаж байгаа болно.

 

Ш  ХХК нь М ХХК-ийн захиалгаар *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах Музей төслийн гадна, дотор ханын өрлөг шавардлагын ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, гэрээний хавсралтад заасан шаардлагад нийцүүлэн 110.000.000 төгрөгөөр тооцож гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр МС-20/***** тоот өрлөг шавардлагын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Захиалагч М  ХХК гүйцэтгэгч Ш  ХХК-ийг гэрээний тусгай нөхцлийн 8-д заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөвлөгөөт хугацаанд өөрчлөлт орж, дараа дараагийн үе шатны уялдаат ажлууд хойшилж, төсөл гэрээт хугацаанд ашиглалтад орох боломжгүй болсон бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20/2158 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн тул гэрээний урьдчилгаанд төлсөн 5.000.000 төгрөг, гэрээний 8.3.3-т зааснаар торгууль 11.000.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа бол гүйцэтгэгч Ш  ХХК гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байсан, гэтэл 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөр компанийн ажилчид талбай дээр ирж ажилчдыг ажлаа хийх нөхцөл боломжийг хаасан, гүйцэтгэгчид гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлээгүй тул гэрээ цуцлагдаагүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

Талууд гэрээндээ захиалагчийн эрх, үүрэг, гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхойлж, өрлөг, шавардлагын ажлыг ямар хугацаанд хийх талаар харилцан тохиролцож, өрлөгийн 1 давхрын ажлыг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх байтал гүйцэтгэгч Шинэ өнгө төрх ХХК ажиллах хүчээ бүрдүүлэлгүй ажлаа эхлүүлж улмаар энэ хугацаанд 7 м.куб өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэснээс өөр ажил хийгээгүй болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ...Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй... гэж заасан ба гүйцэтгэгч Ш  ХХК гэрээнд заасан ажиллах хүчээ бүрдүүлээгүй, эхний ээлжийн ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйгээс дараагийн ажлууд хойшилж, төсөл гэрээт хугацаанд ашиглалтад орох боломжгүй, ажил гүйцэтгэж чадахгүй нь илэрхий болсон тул 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс талбайд өөр компанийн ажилчид оруулсан гэж, хариуцагч Ш  ХХК маргааш нь буюу 10 дугаар сарын 08-ны өдөр ажилчдаа талбайгаас эргүүлэн татсан гэх зохигчдын тайлбараас дүгнэхэд захиалагч М ХХК гэрээнээс татгалзсныг буруутгах үндэслэлгүй, гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж заасан дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсны үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Гэвч нэхэмжлэгч М  ХХК талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3.3-т ...Энэ гэрээний 8.1-т заасны дагуу гэрээг цуцлах бол захиалагч нь хийгдээгүй үлдсэн ажлын үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү торгуулийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй... гэж зааснаар гэрээний нийт үнийн дүн болох 110.000.000 төгрөгийн 10 хувь буюу 11.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч гэрээний нэг тал буюу гүйцэтгэгч Ш  ХХК гэрээг зөрчсөнөөс захиалагч М    ХХК гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж байгаа энэ тохиолдолд гэрээний хариуцлага үгүй болох юм.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно... гэж заасан дагуу гэрээнээс учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой байхад гэрээний хариуцлага болох торгууль нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул торгуульд 11.000.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгч урьдчилгаанд төлсөн 5.000.000 төгрөг нэхэмжилснийг гүйцэтгэгч Ш  ХХК ажиллах хугацаанд 4.040.350 төгрөгийн зардал гарсан гэж төлбөрөөс хасуулах хүсэлт гаргаж, тооцооллын баримтыг шүүхэд ирүүлсэн боловч түүнтэй холбоотой гарсан санхүүгийн баримт байхгүй, тухайн зардлыг хэрхэн тооцоолж, хэнд олгосон нь ойлгомжгүй, баримтгүй, хийсэн ажлын гүйцэтгэл, зардлыг гаргаж захиалагч талтай гэрээг дүгнээгүй байна.

 

Хариуцагч 7 м.куб өрлөгийн ажил хийсэн гэдэгтэй нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд нэг м.куб-ийн үнийг 50.000 төгрөг байхаар гэрээндээ тохирсон байх тул /7м.кубх50.000/=350.000 төгрөгийг захиалагчийн урьдчилгаанд төлсөн 5.000.000 төгрөгнөөс хасч, үлдэх 4.650.000 төгрөгийг хариуцагч Ш  ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.350.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш  ХХК-иас 4.650.000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.350.000 /арван нэгэн сая гурван зуун тавин мянган/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш  ХХК-иас 89.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН