Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/237

 

 

 2024      05          27                                         2024/ШЦТ/237

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Хохирогч Б.А

Шүүгдэгч Э.М, Б.Анарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, Б.Ат холбогдох эрүүгийн 2425000000237 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт........................ суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Б.А, /регистрийн дугаар:00000000/

Монгол Улсын иргэн, эрэгтэй,*******, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотод “М” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И овгийн Э.М, /регистрийн дугаар:00000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн .................... гадаа хохирогч Б.Атай “зам тавьж өгсөнгүй, цаашаа зогсооч”гэж хэрүүл маргаан үүсгэн хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хохирогчтой барьцалдан газарт унагаан Э.Мтай бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь 2 шүдний булгарал, 4 шүдний сулрал, дух, зүүн хацар, баруун тохой, зүүн суганд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.М нь 2024 оны 03 дугаар сарын 09 нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн .................... гадаа Б.Атэй бүлэглэн хохирогч Б.Аын толгойн тус газар өшиглөн зодож, эрүүл мэндэд нь 2 шүдний булгарал, 4 шүдний сулрал, дух, зүүн хацар, баруун тохой, зүүн суганд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Э.Мын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Б.Аийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Аын мэлүүлсэн:  Үүдэн 2 шүд унасан, эмчилгээтэй байгаа. М миний үзлэгийн төлбөрүүдийг төлж нэмж 1,500,000 төгрөг өгсөн. Гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй. Б.А уучлалт гуйхгүй алга болсон. Аээс 2,750,000 төгрөг нэхэмжилж байна. Шүдгүй болсон, гомдолтой байна. Шүдний эмнэлгээр хамт явж үзүүлсэн, нийт төлбөр 4,500,000 төгрөг гарна гэсэн гэх мэдүүлэг

 -эрүүгийн 2425000000237 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

  -Хохирогч Б.Аын мэдүүлсэн... Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах .................... манай хуурай ах намайг 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуудсан. Тэгээд би шөнө 02 цагийн орчимд гадагш гарч машинаас юм авах гэтэл 4-5 залуучууд явж байсан. Нэг нь намайг жоохон цаашаа зогсооч гэхээр нь би машин байна энэ нарийнхан замд яаж зогсдог юм гэхэд юу гээд байгаа юм бэ гэснээ миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохиж авснаас болж бид хоёр зууралдаж аваад газар унасан Тэр үед хөл орж ирээд нүүр хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Тэнд явсан залуучуудаас нэг нь намайг салгаад цааш авч явах үед миний амнаас цус гарч шүд маань унасан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа дээр ирээд учраа олоод надаас уучлалт гуйгаад ойлголцоод явтал маргааш нь над руу ярихгүй утсаа авсан ч тоосон шинжгүй болохоор нь би цагдаад өргөдөл бичиж өгсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч өөрийгөө аваад явах чадвартай байсан. Нарийнхан замаар гарах явцдаа маргалдсан. Намайг цааш зогсооч гэхэд би “машин байхад яаж цаашилдаг юм бэ” гээд маргаан эхэлсэн. Миний дээд талын үүдний хоёр шүд хоёулаа хиймэл байсан. Тэр шүднүүд маань унасан. Давхар буйл гэмтэж хавдсан. Эмч миний шүдийг үзээд дөрвөн шүд хөдөлсөн дөрвүүлээ тогтох боломжгүй цохилтноос болж хөдөлсөн байна гэж хэлсэн. Тэгээд авахуулах шаардлагатай гэхээр нь би бүгдийг нь авахуулмааргүй байна, эмчилгээ хийлгэх боломжтой шүд байвал авахуулахгүйгээр эмчилгээ хийлгээд болохгүй байгаа хоёрыг нь авахуулж болох уу гэхэд эмч болно гээд миний доод талын нэг шүдийг авсан. Одоо дээд талын зүүн талаасаа гурав дахь шүдийг авна гэсэн. Үлдсэн хоёр шүдийг сувгийн эмчилгээ хийнэ гэсэн. Шүднээс өөр учирсан гэмтэл бэртэл алга байна. Би хэн нэгнийг бол цохиж зодоогүй. Миний зүгээс гаргах санал хүсэлт бол шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай....гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

 - гэрч Л.П мэдүүлсэн... 2024 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үүрээр 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, .................... гэртээ бусдад зодуулсан байдалтай манай нөхөр ганцаараа орж ирсэн. Тэгээд би болсон зүйлийн талаар асуухад үл таних хэдэн залуучуудад зодуулсан гэж хэлсэн. Тэгээд куртик нь урагдчихсан, шүд нь уначихсан, нүүр амаа маажуулчихсан цус гарчихсан байсан. Амыг нь ангайлгаад харсан чинь нэлээн олон шүд уначихсан. Буйл нь улайж хавдсан байсан. Нэлээн зовуурьтай байгаа бололтой эмзэглээд байсан. Толгой өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм өгөөд, цагдаа явъя гэхэд “би оччихоод ирсэн намайг зодсон хүмүүс тохиролцъё битгий өргөдөл өгөөч гомдлыг чинь барагдуулъя” гэж хэлсэн байсан. Тэгсэн өнөө өглөө нөгөө зодсон гэх хүмүүс рүү нь залгаж ярихад ямар ч гэмшсэн сэтгэлгүй уучлалт гуйж биеийн байдлыг нь асуухгүй байхаар нь бид цагдаа дээр ирж гомдол гаргаж байна. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай нөхөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах .................... 2-р орцны гадаа зодуулсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-гэрч С.А мэдүүлсэн... Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-15 байрнаас 2024 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нийг шилжих шөнө 03 цагийн орчимд М, Т хоёр түрүүлж гараад явсан. Тэгээд би араас нь ганцаараа гарсан. Миний ард хүмүүс маргалдаад байхаар нь би тоож эргэж хараагүй. Тэгсэн хажуугаар М гүйгээд өнгөрсөн. Эргээд хартал М газар унасан хүнийг өшиглөж байсан. Төгөлдөр тэд нар дээр очоод салгах гээд үзээд байсан. Би холоос хараад зогсож байсан. Тэгсэн тэнд шүд нь уначихсан байна гэж ярьцгааж байсан. Шүд нь унасан гэх ахын ах нь гарч ирээд юу болоод байна гэж асууж байсан. Тэгээд тэр ах цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-гэрч Л.Т мэдүүлсэн:.. М, А, А, М бид тав 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн .................... очсон. Тэр байранд манай найз А нь нэг айлд барилгын засвар үйлчилгээ хийж байгаа. Тэгээд тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд түрүүлээд Мтай хамт би гараад явсан. Араас М, А, А гурав гарч ирсэн. Тэр үед М бид хоёрыг машин дээрээ очих гээд явж байхад замд үл таних ах машины цонхоор толгойгоо оруулаад цааш харчихсан гадаа нь зогсож байсан. Бид тав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор машин барих хүн байхгүй тул найз Т дуудаж машин бариулах гэж байсан. Ирэх хооронд нь М бид хоёр машинаа халаах санаатай байж байтал манай гурван найз хойно шуугилдаад байхаар нь эргээд хартал нөгөө  машины цонхоор толгойгоо оруулчихсан цааш хараад зогсож байсан ахтай маргалдаж байсан. Намайг тухайн үед харахад А тэр ахтай барьцалдаад зогсож байсан. Тэгээд би салгах санаатай очиж байтал А, М тэр ах гурав гурвуулаа газар унаж байсан. Хажуугаас М гүйгээд яваад өгсөн. Очсоноо газар унасан байсан үл таних ахыг өшиглөх шиг болсон. Гэхдээ би яг хаашаа өшиглөснийг бол анзаараагүй. Хурдан болоод өнгөрсөн. Дээр нь харанхуй байсан. Тэгсэн нөгөө гурав босоод ирсэн. А нөгөө ахтай зууралдсан хэвээрээ байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад хоёр тийш болгоод тухайн ахыг хойш тэврээд түлхээд явсан. Тэгтэл тэр ах амнаасаа шүлсээ гаргаад хаяад байсан. Тэгтэл машинд сууж байсан жолооч ах машинаасаа бууж ирээд ахын дүү наад залуу чинь амнаасаа нэг юм гаргаад унагаачих шиг боллоо гэхээр нь хартал хоёр ширхэг шүд байсан. Тэрийг нь аваад Ад өгсөн. Тэгж байтал хөдөлгөөнтийн цагдаа нар ирээд бид цагдаа дээр ирцгээсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

-гэрч П.М мэдүүлсэн: 2024 оны 03 дугаар сарын 09-өөс 10-ныг шилжих шөнө 03 цагийн очимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн ............... А бид хоёр хаалга цоожилчхоод гарч явтал гадаа приус 20 маркийн тээврийн хэрэгслийн цонхоор нэг ах толгойгоо хийчихсэн цааш харчихсан зогсож байсан. Тэгээд би араар нь зөрөөд гарсан. А миний араас гарсан. Тэгтэл “пизда нар минь гарахдаа аятайхан гарчихад яадаг юм”гэж хэлсэн. Тэгсэн А “та өөрөө зам тавиад өгчихөд яадаг юм нарийнхан замаар яаж гар гээв” гэхэд “лалрууд минь та нар одоо зодлоо юу “гэж хэлээд маргаан эхэлсэн. Тэгээд А дээр тухайн ах ирснээ бариад авсан. А зүүн талын шанаа руу нь цохиод авсан. Тэгээд би салгах гээд татсан чинь бид гурав газар унасан. Тэгсэн М ирээд Атэй зууралдаж байсан ахын толгой руу нь өшиглөсөн. Ер нь бол нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд би Мыг цааш түлхээд холдуулсан. А нөгөө ахтай зууралдсан хэвээрээ босож ирээд зууралдаад байсан. Тэр хоёрыг Төгөлдөр салгасан... Атэй зууралдаад байсан ах би зодуулчихлаа гээд амаа дараад хэлсэн. Тэгээд Төгөлдөр бид хоёр зодуулсан гэх ахыг хойш аваад явсан... А дээр нөгөө зодуулсан гэх ах ирснээ заамдаж аваад өөр лүгээ татах үед А зүүн талын шанаа руу нь зүүн гараараа нэг удаа цохиж авсан. Өөрөөр цохиж чадаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 279 дугаартай:.. Б.Аын биед 2 шүдний булгарал, 4 шүдний сулрал, дух, зүүн хацар, баруун тохой, зүүн суганд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх 2 шүдний булгарал, 4 шүдний сулрал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна... гэх дүгнэлт /хх-ийн 36-38-р тал

 -шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Уг хэргийн талаар яримааргүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/

-шүүгдэгч Э.Мын мэдүүлсэн:.... Тэгсэн саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд зогсчихсон хажууд нь нэлээн өндөр******* буруу хараад цонхоор толгойгоо оруулчихсан зогсож байхаар нь Төгөлдөр бид хоёр ямар ч хэл амгүй зөрөөд гарсан. Хүн зөрөх зайгүй зай багатай байсан. Тэгээд хогоо хаячихаад байж байтал ард хүмүүс маргалдаад эхэлсэн. Харсан нөгөө цонхоор толгойгоо хийчихсэн буруу хараад зогсож байсан ахтай манай найз А, М хоёр зууралдаад гурвуулаа газар уначихсан байсан. Тэгээд би Аийг доор нь байхад зодуулж байна гэж ойлгоод гүйж очоод өшиглөсөн. Гэхдээ би хаашаа яаж өшиглөснөө бол мэдэхгүй санахгүй байна. М, А холдуулж байсан. Төгөлдөр тэр ахыг аваад цааш явсан. Тэгээд би Аийг цаана байж байгаараа гээд тэр ах дээр очиход амнаас цус гарчихсан үүдэн хоёр шүд нь уначихсан байсан. Өөр зүйлгүй. Миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт алга. Уучлалт гуйгаад одоо 130.000 төгрөг өгсөн байгаа. 10,000 мянгаар нь эмчид үзүүлсэн байх. Куртик урагдчихлаа гэхээр нь би шинэ куртик 120 мянгаар авч өгсөн. Шүүх хуралд хохирлын баримт байвал төлнө. Би гэм буруугаа ухамсарлаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-ртал/

-хохирогч Б.Ааас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 72-74-р тал/

-Эд зүйл баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай /хх-ийн 75-76-р тал/ зэргийг шинжлэн судаллаа. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 Шүүгдэгч Э.М, Б.А 2024 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн .................... гадаа машины зогсоол дээр зогсож байсан хохирогч Б.Аыг “зам тавьж өгсөнгүй” гэж шалтаглан маргаж улмаар Б.А нь Б.Аын нүүрэн тус газарт нь цохиж улмаар барилцаж аван газар унахад нь Э.М нь Б.Аын толгойн тус газар өшиглөн зодож, эрүүл мэндэд нь 2 шүдний булгарал, 4 шүдний сулрал, дух, зүүн хацар, баруун тохой, зүүн суганд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Э.М, Б.А нь бүлэглэн зодсон үйлдлийн улмаас Б.Аын биед 2 шүдний булгарал, 4 шүдний сулрал, дух, зүүн хацар, баруун тохой, зүүн суганд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Аын... Тэгээд би шөнө 02 цагийн орчимд гадагш гарч машинаас юм авах гэтэл дөрөв таван залуучууд явж байсан. Нэг нь намайг жоохон цаашаа зогсооч гэхээр нь би машин байна энэ нарийнхан замд яаж зогсдог юм гэхэд юу гээд байгаа юм бэ  гэснээ миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохиж авснаас болж бид хоёр зууралдаж аваад газар унасан. Тэр үед хөл орж ирээд нүүр хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Тэнд явсан залуучуудаас нэг нь намайг салгаад цааш авч явах үед миний амнаас цус гарч шүд маань унасан байсан. Тэгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг, гэрч Л.П:.. Тэгээд куртик нь урагдчихсан, шүд нь уначихсан, нүүр амаа маажуулчихсан цус гарчихсан байсан. Амыг нь ангайлгаад харсан чинь нэлээн олон шүд уначихсан. Буйл нь улайж хавдсан байсан...гэх мэдүүлэг,  гэрч С.А мэдүүлсэн:.. Эргээд хартал М газар унасан хүнийг өшиглөж байсан. Төгөлдөр тэд нар дээр очоод салгах гээд үзээд байсан. Би холоос хараад зогсож байсан. Тэгсэн тэнд шүд нь уначихсан байна гэж ярьцгааж байсан... гэх мэдүүлэг, гэрч Л.Т мэдүүлсэн:.. М бид хоёр машинаа халаах санаатай байж байтал манай гурван найз хойно шуугилдаад байхаар нь эргээд хартал нөгөө замд машины цонхоор толгойгоо оруулчихсан цааш хараад зогсож байсан ахтай маргалдаж байсан. Намайг тухайн үед харахад А тэр ахтай барьцалдаад зогсож байсан. Тэгээд би салгах санаатай очиж байтал А, М тэр ах гурав гурвуулаа газар унаж байсан. Хажуугаас М гүйгээд яваад өгсөн. Очсоноо газар унасан байсан үл таних ахыг өшиглөх шиг болсон... гэх мэдүүлэг, П.М мэдүүлсэн:... Тэгээд А дээр тухайн ах ирснээ бариад авсан. А зүүн талын шанаа руу нь цохиод авсан. Тэгээд би салгах гээд татсан чинь бид гурав газар унасан. Тэгсэн М ирээд Атэй зууралдаж байсан ахын толгой руу нь өшиглөсөн. Ер нь бол нүүр лүү нь өшиглөсөн...гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 279 дугаартай:.. Б.Аын биед 2 шүдний булгарал, 4 шүдний сулрал, дух, зүүн хацар, баруун тохой, зүүн суганд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,      

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.   

 Шүүгдэгч нар үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн биед бүлэглэн халдаж гэмтэл хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

         2.Эрүүгийн хариуцлагын талаар:

      Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

      2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, 

       -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

      -шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч Б.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид учирсан гэмтэл хохирлыг барагдуулаагүй байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Э.М нь хохирлыг төлж барагдуулсан, эрхэлсэн ажилтай байдлыг харгалзан торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, бүлэглэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Мд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, Б.Ад 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, шүүгдэгч Б.Аээс нийт 2,750,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ат олгуулах гэж, 

-шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, өөр саналгүй гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

        Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд: Архи согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, хувь хүний нийгэмд өөрийгөө авч явах, бусдыг хүндэтгэх хүмүүжил төлөвшөөгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

3.Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Ат гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Э.М төлбөрөө төлж барагдуулсан, шүүгдэгч Б.А нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул  шүүгдэгч Б.Аээс 2,750,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ат олгуулахаар заалаа.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан бол буруутай этгээд хохирлыг арилгах үүрэгтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б.А, И овгийн Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Э.Мыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тус тус мэдэгдэж, ялын биелэлтийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүгдэгч Б.А, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс 2,750,000 төгрөг гаргуулан хохирогч Б.А /регистрийн дугаар 0000000 Орхон аймаг Баян-Өндөр сум ..................../-д олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Э.М төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ