| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/191 |
| Огноо | 2024-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар *******ид яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2430000000169 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,0********* оны ****** дүгээр сарын *******ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх 4 хүүхдийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар баг “Лах” гэх газар оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо Баянхошууны Зүүн салаа задгай тоотод оршин суух,
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
******* ******* овгийн ******* овогтой ******* /РД:*********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Тансаг” зочид буудлын 209 тоот өрөөнд В.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой хэсэгт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ Би мужааны бригадад мужаанаар ажилладаг, манай бригадыг гэх хүн ахалдаг. ба бид нар 2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөөrүүр Сүхбаатар аймгийн ******* суманд сүүдрэвч барих ажлаар ирсэн ба 06-ны өдөр сүүдрэвчээ бариад орой нь аймгийн төвд байх Тансаг нэртэй буудалд орцгоосон. Бид дөрөв 2 шил архи, 8, 9 шил пиво ууцгаасан. Би гаас “цалин мөнгөө урьдчилаад авч болох уу” гэж асуухад намайг “чи Ганаадаа хэлж чадахгүй байж” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тухайн үед нэлээн согтсон байсан болохоор хэрэлдэж маргалдаад байж байхад миний толгойн зүүн хэсэгт гараараа нэг удаа цохих шиг болсон тэгээд би гарт тээглэсэн нэг юмаар г цохичих шиг болсон. Би ухаан санаа орж гараад байсан. Нэг сэргэтэл гийн толгойноос нь цус гарчихсан хажуугаас ******* чи г пивоны шилээр цохичихлоо гэж байсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/
- Хохирогч ******* “Би 3 ажилтны хамт ******* суманд сүүдрэвч барих ажлаар ирж очоод ажиллаж байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө Улаанбаатар хотоос ирж ажиллаад, орой нь амарцгаагаад буудлынхаа өрөөнд 0,75 литрийн 2 шил, архи пивыг 3 ажилтныхаа хамт хувааж уусан. Манай ажилтан ******* ажил төрөл ярьж байснаа цалин мөнгө яриад эхэлсэн.2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр цалингаа авах ёстой байсан, ******* нь гэнэт цалин мөнгөө цагт нь өгдөггүй гээд уурлаад байхаар нь би 1,000,000 төгрөгийг түүн рүү шилжүүлсэн. Тэгээд би түүнд чиний цалинг шилжүүлчихлээ гээд нэг нэгэндээ томроод маргалдаад байж байтал пивоны шилээр миний толгой хэсэг рүү цохисон. Миний баруун талын хөмсөгний дээд хэсгээс цус гоожоод нүүр лүү дагаад урссан, би ямар нэг хөдөлгөөн хийгээгүй. Удалгүй цагдаа орж ирээд намайг эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,
- Гэрч Т.Энхдашийн: Гэнэт пижигнээд хүн зодолдоод ч байгаа юм шиг чимээ гарахаар нь сэрээд хартал гийн дух хэсгээс нь цус гарчихсан тонгойгоод сууж байсан. *******ийг, Аюуш хориод байж байсан. ******* агсраад байж байсан. Би юу болсон талаар асуухад энэ хоёр хэрэлдэж байгаад ******* нь г ууж дууссан пивоны шилээр цохичихсон гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
- Гэрч Б.*******ийн: ах, ******* хоёр “цалин өгнө өгөхгүй бас ажлын талаар” хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд барьцалдаад авсан. ах *******ийг гараараа нэг удаа хальт цохих шиг болсон чинь ******* ах хажууд байсан пивоны шилээр гийн дух хэсэгт цохисон. ахын дух хэсгээс цус гараад эхлэхээр нь би дундуур орж салгасан. ******* ах салгалаа гээд над руу дайраад эхэлсэн, ах тэнд тонгойгоод цусаа гоожуулаад суугаад байсан, тэгээд цагдаа нар орж ирээд *******ийг аваад явсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай “…1. ******* биед духанд шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч ******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
5. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч ******* биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 183 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч ******* биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
6. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь “цалин”-гийн асуудлаас В.тай маргалдан түүний толгой руу шилээр цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүний нүүрэнд цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
8. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр хүнийг шар айргийн шилээр цохисноос хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж тухайн үед үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч ******* толгойн тус газарт г шар айргийн шилээр цохиж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл, нотлох баримтыг гаргаагүй бөгөөд шүүгдэгч *******оос хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч ******* тус аймгийн Прокурорын газарт гаргасан “ хохирогч В. миний бие *******ид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”/ хэргийн 54 дүгээр хуудас/ гэх хүсэлтээр нотлогдох тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .
Хохирогч В. тухайн гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 106,190 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.06.07-ны өдрийн 21/104 дугаартай албан бичгээр, харин уг хохирлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2024.07.29-ний өдрийн Төлбөрийн баримтаар тогтоогдоно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай.
Прокуророос *******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч В.д учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******оос торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овгийн ******* овогтой *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 600 ( зургаан зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч В. нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүл мэндийн даатгалын сангийн 106,190 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч В. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН