| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2023/05892/И |
| Дугаар | 001/ХТ2025/00019 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/00019
Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03109 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2024/01955 дугаар магадлалтай,
Б-гийн нэхэмжлэлтэй
Д-д холбогдох
54,446,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Д-д холбогдуулан 54,446,050 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03109 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д-ээс 54,446,050 /тавин дөрвөн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,180 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-ээс 430,180 /дөрвөн зуун гучин мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2024/01955 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03109 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д-ээс 43,770,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,676,050 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “430,180 /дөрвөн зуун гучин мянга нэг зуун ная/” гэснийг “376,800” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж иргэний хуулийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн бол харин давж заалдах шатны шүүх иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн бөгөөд хуулийн хэрэглээний хувьд зөрүүтэй шийдвэрлэсэн. Иргэн Б хамтран зээлдэгч М нар нь 2022.10.05-ны өдөр “Т” ХХК-аас 112100430012 дугаартай зээлийн гэрээний дагуу 45,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Д нь нэхэмжлэгч Б-аас 45,000,000 төгрөгийг зээлж аваагүй харин Д-ийн дансаар дамжуулж Ш нь 43,770,000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь гэрч Ш, гэрч Э болон Д-гийн Хаан банкны дансны хуулгаар нотлогддог. Д-ийн Хаан банк дахь ... дугаарын дансаар ... тоот дансруу “Eоnsоо (ёндоо)” гэх гүйлгээний утгаар (Ш нь зээл бүтээж өгсөн өөрийн найз Ганбаатар гэх хүнрүү) шилжүүлсэн байдаг. Мөн Д-гийн дансны хуулгаар “Б” “Ваsка” гэх утгаар хэд хэдэн удаагийн гүйлгээ хийгдсэн байгаа нь маргаан бүхий 43,770,000 төгрөгийг Д-ийн дансыг ашиглан Ш зарцуулсан гэх хариуцагчийн татгалзал нотлогдож байна гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Д-гийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.12.27-ны өдрийн 001/ШХТ2025/00003 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Б нь Д-д холбогдуулан 54,446,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...хариуцагч Д-гийн хүсэлтээр “Т” ХХК-аас өөрийн нэр дээр 43,770,000 төгрөгийг зээлж, түүнд шилжүүлсэн. Зээлийг төлөхгүй байсан тул миний бие түүний өмнөөс зээл, хүүгийн төлбөрт нийт 54,446,050 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна..” гэж тайлбарласан,
Хариуцагч Д тайлбартаа: “...нэхэмжлэгчийн найз Ш нь уул уурхайн компанид хөрөнгө босгож Э.Баасанбаттай хамтран ажиллая гэсний дагуу би 45,000,000 орчим төгрөгийн хөрөнгийг Э-д өгсөн. Харин Ш өөрийн гаргах мөнгөө найзынхаа экскаваторыг ББСБ-ын барьцаанд тавиулаад зээл авч өгнө гэсэн, Б нь “Т” ХХК-аас 43,770,000 төгрөгийн зээл авч, Ш-ийн данс барилттай байсан тул миний данс руу мөнгийг шилжүүлсэн, миний дансанд орсон тэр мөнгийг Ш заримыг нь нэр заан бусдад шилжүүлж, үлдэх хэсгийг уурхайн үйл ажиллагаанд зарцуулсаар дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
8. Анхан шатны шүүх: “...Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Б нь хариуцагч Д-тэй зээлсэн мөнгийг 1 сарын дараа буцаан төлөхөөр тохиролцсон боловч Д 43,770,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, ...нэхэмжлэгч Б-д зээл авах хувийн хэрэгцээ шаардлага байгаагүй, хариуцагч Д-ийн гуйлтаар зээл авч, түүнд шилжүүлэн өгсөн, зээлийн төлбөрт 43,770,000 төгрөг, зээлийн хүүд 10,676,050 төгрөг, нийт 54,446,050 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон, зээлийн хүүд төлсөн төлбөрийг хохиролд тооцох тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүх: “...Б-аас 2022.10.05-ны өдөр нийт 43,770,000 төгрөгийг Д-д шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, ...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа нь хуулийн дагуу үүсээгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг дээрх хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ, ...хүүгийн төлбөрт төлсөн 10,676,050 төгрөгийн хэмжээгээр хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо баримтаар тогтоогдоогүй байхаас гадна уг шаардлага нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 10,676,050 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна...” гэж дүгнэжээ.
9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх зохицуулалтад нийцсэн боловч гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
10. Хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт маргааны үйл баримтад нийцээгүй гэж үзнэ.
Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс 1-рт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол, 2-рт үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1.2-т тус тус заасан.
Эдгээр тохиолдолд хөрөнгө олж авсан этгээдийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэж үзнэ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зохицуулсан байна.
11. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр “Т” ХХК-аас зээл авч, мөнгийг хариуцагчид шилжүүлсэн тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгчээр зээл авахуулах хүсэлт гаргаагүй, иргэн Ш-д шилжүүлэх мөнгийг хариуцагчийн дансанд хийсэн нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй гэж маргасан.
12. Нэхэмжлэгч Б “Т” ХХК-аас зээл авч, зээлсэн мөнгийг өөртөө хэрэглэлгүй хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг зээл авахад нь зориулж өөрийн эзэмшлийн Тоёота Харьер автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, улмаар тухайн автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ББСБ-ын өмчлөлд шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулсан, хариуцагч нь өөрийн дансанд орсон хөрөнгийг захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч нь мөнгө зээлэх хүсэл зоригтой байсан, нэхэмжлэгч нь ББСБ-аас зээлсэн мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлснээр зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т нийцсэн, шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа нь хуулийн дагуу үүсээгүй гэх үндэслэлээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримт, хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй байна.
Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулна.
13. Нэгэнт зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн зээлийн хөрөнгө буюу 43,770,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагчаас 43,770,050 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй.
14. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хохиролд нэхэмжилсэн 10,676,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс талуудын зарчимд үндэслэн давж заалдах шатны шүүхийн дээрх шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэнэ.
15. Дээр дурдсанчлан хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2024/01955 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт...” гэснийг “...281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д-ээс 2024.12.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД