Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1035

 

Б.М, Б.Онарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Ганчимэг,    

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.М, Б.Онарт холбогдох эрүүгийн 2004000000067 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                                         

;  

 

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Орхонтой бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Талын толгой хэсгийн урд байрлах ногооны талбайн ард хохирогч Б.Батбилэгтэй “ногооны талбайд малаа орууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мтай бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 9 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Талын толгой хэсгийн урд байрлах ногооны талбайн ард хохирогч Б.Батбилэгтэй “ногооны талбайд малаа орууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газарт нь тоосгоны хэлтэрхийгээр 2 удаа цохиж, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас:

Б.М, Б.Онарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   

Шүүгдэгч Б.М, Б.Онарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Онарыг тус тус таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.М, Б.О нарт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М, Б.Онар нь хохирол, хор уршигт 167.500 төгрөгийг хохирогч Б.Батбилэгт төлсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, Б.Онарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.М, Б.Онарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

 

Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Орхон, Б.М нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзнэ.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй, хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.М, Б.Онарт холбогдох эрүүгийн 2004000000067 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

 

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.О-той бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Талын толгой хэсгийн урд байрлах ногооны талбайн ард хохирогч Б.Батбилэгтэй “ногооны талбайд малаа орууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  

Б.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мтай бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 9 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Талын толгой хэсгийн урд байрлах ногооны талбайн ард хохирогч Б.Батбилэгтэй “ногооны талбайд малаа орууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газарт нь тоосгоны хэлтэрхийгээр 2 удаа цохиж, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Батбилэг /хх 27-32/, гэрч Н.Нарангарав /хх 36/, Г.Одонтуул /хх 45/ нарын мэдүүлэг,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “…Б.Батбилэгийн биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн үед учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 47-48/ гэх 135 дугаартай,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “...Б.Батбилэгийн биед №135 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Дээрх 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн толгойн компьютерт томографийн шинжилгээнд дурьдагдсан гэмтлүүд хуучин гэмтэл болно...” /хх 54-55/ гэх 005 дугаартай дүгнэлтүүд,  

 

хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмддэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-3/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Б.М, Б.Онарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.М, Б.Онарын нэг санаа зорилгын хүрээнд, нэг цаг хугацаанд хохирогч Б.Батбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу толгойн тус газар гараараа цохисон Б.Мын үйлдлийг, мөн хохирогчийн толгойн тус газар тоосгоны хэлтэрхийгээр цохисон Б.Орхоны үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж заасан шинжээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М, Б.Онарын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ял шийтгэл тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.  

   Харин шүүхээс шүүгдэгч Б.М, Б.Онарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн боловч уг торгох ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар заагаагүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгуулах, хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий этгээд уг ялыг ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр биелүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн Б.М, Б.Онарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.  

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасанд нийцнэ.

 

Иймд прокурор Н.Ганчимэгийн “...торгох ял биелүүлэх хугацаа тогтоолгох...”-оор бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Онарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

       ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                              ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ