Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 09

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл,

Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд, М.Гомборагчаа,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Чимэдмаа, Г.Пүрэвням, Б.Наранчимэг,

Шүүгдэгч М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу, Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл, Б.Нямдорж нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар  зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нямдорж нарт холбогдох эрүүгийн 201613010078 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Товгорын нуруу" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ИЗ97060135 регистрийн дугаартай, Дайртан овогт Мөнхбатын Мөнхбаяр,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тосонцэнгэл сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, ИГ00252714 регистрийн дугаартай, Шарууд овгийн Отгонтуулын Шаравсамбуу,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 09-нд Булган аймгийн Орхон суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын бүрэн 2-р бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч, ам бүл 2, эгчийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг 3-16-07 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, ГЖ01230915 регистрийн дугаартай, Модчин  овгийн Чинбатын Эрдэнэчулуун,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 8 сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер, программ хангамжийн мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багт оршин суудаг, Увс аймгийн Хилийн цэргийн 0311 дүгээр ангид хугацаат цэргийн албан хаагч, урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, ИГ96081514 регистрийн дугаартай, Урьдийнхан овгийн Төрбатын Жамъяандагва,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, ИГ96103012 регистрийн дугаартай, Бор адуу овгийн Бадамгаравын Лхагвабаяр,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, ИГ97020216 регистрийн дугаартай, Боржигон овгийн Баярмагнайгийн Нямдорж,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл  сумын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн 11-р ангид сурдаг, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багт оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, ИГ00291533 регистрийн дугаартай, Цагаан гэр овогт Батдэлгэрийн Нарангэрэл,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12 жилийн сургуулийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн кабинетын цонхоор нэвтрэн орж 22 ширхэг нөүтбүүк, 20 ширхэг нөүтбүүкийн цэнэглэгч, 1 ширхэг хар өнгийн проектор залгуурын хамт хулгайлж Тосонцэнгэл сумын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуульд 22989000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Жамъяандагва, Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл нар нь М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нарын 2016 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн кабинетын цонхоор нэвтрэн орж 22 ширхэг нөүтбүүк, 20 ширхэг нөүтбүүкийн цэнэглэгч, 1 ширхэг хар өнгийн проектор залгуурын хамт хулгайлсан гэмт хэргийг урдчилан амлалгүйгээр нуун далдалсан,

Шүүгдэгч Б.Нямдорж нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуулиас нөүтбүүк болон эд зүйл хулгайлагдсаныг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхбаярын: ...2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэчулуунтай хамт зааланд тоглож байгаад гараад Номгон дэлгүүрийн тэнд очоод Шаравсамбууг дуудсан. Шаравсамбуутай нийлээд 2 дугаар сургууль дээр очоод мэдээлэл зүйн кабинетийн цонхны шилийг авсан. Тэгээд Зам ангийн тэндээс дэлгүүрээс 6 лааз пиво авсан. Тэрийгээ уучихаад, эргээд сургууль орж мэдээлэл зүйн кабинетаас 22 ширхэг компьютер, 20 ширхэг залгуур, 1 ширхэг проектор авсан. Авсан эд зүйлсээ Шаравсамбуугийнд аваачсан. Маргааш өглөө нь цаасан хайрцганд хийгээд манай гэрт аваачсан. Дараа нь төмөр хайрцганд хийгээд аваачиж булсан. Эрдэнэчулуун манай сургуулийн мэдээлэл зүйн кабинет хүн мэддэггүй буланд байдаг гэж хэлсэн. О.Шаравсамбуу бид хоёр дотогшоо орсон, Ч.Эрдэнэчулуун хүн харж байсан. Би түрүүлээд гарсан, О.Шаравсамбуу надад компьютеруудыг авч өгөөд би зөөж нүүрсний амбаарын тэнд тавьсан. Маргааш нь би Жамъяандагвыг дуудаад компьютер форматлаад өгөөч гэсэн. Форматладаг диск нь байхгүй бол болохгүй гэсэн. Би хойд сургуулиас хулгайлсан гэдгээ Жамъяандагвад хэлсэн. Эрдэнэчулуун, Нарангэрэл, Лхагвабаяр, Жамъяандагва бид нар явж булсан. Лхагвабаяр Жамъяандагватай хамт ирсэн. Нарангэрэл хулгай хийсэн талаар мэдсэн байсан. Эрдэнэчулуун хэлсэн гэсэн. 1 сар орчмын дараа Эрдэнэчулуун, Шаравсамбуу, Нарангэрэл, Нямдорж бид 5 явж булсан эд зүйлээ авсан. Нямдоржид хүмүүс юм булж байхыг бид нар харчихсан юм, очиж үзье гэж хэлээд машинтай нь аваад явсан. Цас орчихсон учраас машин нь очихгүй байсан. Нямдоржийг машинд нь үлдээгээд Эрдэнэчулуун, Шаравсамбуу, Нарангэрэл бид 4 очиж булсан зүйлээ авч ирсэн. Хайрцагтайгаа гарахгүй байсан болохоор нь бид нар компьютеруудаа хэд хэдээр нь ил тэврээд ирсэн болохоор Нямдорж мэдсэн байж магадгүй. Түүнээс Нямдоржид яг хулгай хийсэн гэж хэлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Шаравсамбуугийн: 2016 оны 10 сарын 15-ны орой Эрдэнэчулуун, Мөнхбаяр хоёр намайг Хаан банкны ард хүрээд ир гэж дуудсан. Тэгээд бид гурав хойд сургууль руу очоод, кабинетийнх нь цонхны шилийг авч тавьчихаад, хойшоо Зам ангийн хажуу талын дэлгүүрт очоод 6 лааз пиво аваад хувааж уусан. Буцаж ирээд сургуулийн порчикоор нь орсон. М.Мөнхбаяр ах бид хоёр түрүүлж ороод, Ч.Эрдэнэчулуун гаднаас нь хүн харж байсан. Бид хоёр дотор нь ороод компьютеруудыг салгаж цонхны дор аваачиж тавиад Мөнхбаяр ах түрүүлж гарсан. Би дотроос нь компьютеруудыг авч өгсөн. Тэгээд хулгайлсан компьютеруудаа манайх руу зөөсөн. Би өглөө нь хөдөө явчихсан. Тэд нар хээр аваачиж булсан гэсэн... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны: ...Мөнхбаяр ах бид 2 тэр өдөр заалны хажууд  уулзаад О.Шаравсамбууг дуудсан. Тэгээд хойд сургууль руу очиж компьютеруудыг хулгайлсан. Энэ хэргийг нэг хоногийн өмнө ярилцаж төлөвлөсөн байсан. Мөнхбаяр ах хулгай, дээрэм хийе, объект юу байна. Хүн болгон нэг санаа хэл гэсэн. Би хойд сургуулийн мэдээлэл зүйн кабинетыг санал болгосон чинь дэмжигдээд хулгай хийцгээсэн. Би хүн харж байсан. Бид 3 Шаравсамбуугийнд хоносон. Маргааш нь Шаравсамбуу хөдөө явсан. Нарангэрэл утсаар ярихаар нь би такси аваад ирээрэй гэж хэлсэн. Нарангэрэл такси аваад ирсэн. Тэгээд Мөнхбаяр ах, Нарангэрэл бид нар хамт хайрцаглаад Мөнхбаяр ахынд аваачсан. Угаасаа Б.Нарангэрэл хулгай хийх талаар анх ярилцахад байсан учир мэдэж байсан. Яг хулгай хийсэн гэдгийг маргааш нь мэдсэн. Мөнхбаяр ах Жамъяндагва, Лхагвабаяр нарыг дуудсан. Энэ хоёрыг ирэхээс өмнө бид гурав төмөр хайрцганд хийсэн байсан. Мөнхбаяр ах Жамъяндагва, Лхагвабаяр нарт хулгай хийсэн талаараа хэлсэн байсан. Тэгээд бид 5 очиж булсан. Эргээд булсан газраасаа юмаа авахад Шаравсамбуу, Нарангэрэл, Нямдорж, Мөнхбаяр бид нар явж авсан. Нямдорж хулгай хийсэн талаар мэдсэн байсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Нямдоржийн: 2016 оны 11 сарын 5-нд  Улаанбаатар хотоос ирээд 11 дүгээр сарын 7-нд явж компьютер авчралцсан. Тэгэхэд М.Мөнхбаяр намайг юманд явчихаад ирье гэхээр нь явсан. Очих гэсэн газарт нь миний машин очоогүй. Тэгээд би очих газар чинь ойрхон бол та нар явчихаад ир би машиндаа байж байя гээд үлдсэн. Удалгүй цүнхтэй юм авчирсан. Тэр нь нөүтбүүк байсан. Тэндээс Тосонцэнгэл сум руу орж ирээд Эрдэнэчулууныд буулгасан. Тэгээд би олон нөүтбүүкнийхээ нэгийг надад өгчих гэж Мөнхбаярт хэлсэн. Гэтэл ав ав гэсэн. Цагдаад баригдахад нь л хулгайд алдагдсан нөүтбүүк гэж мэдсэн. Тэрнээс өмнө юу болсон талаар мэдээгүй байсан. Намайг хотоос ирсэн өдөр Мөнхбаяр надаас сургуулийн нөүтбүүк алга болсоныг мэдэх үү? гэж асууж байсан. Би мэдэхгүй гэж хариулсан. Мөнхбаяр надад хэлэхдээ бид нар уугаад сууж байтал хүмүүс тэнд юм нуугаад булаад байсан гэсэн. Би тэр нөүтбүүкүүдийг хараад хулгайн юм байна даа гэж бодсон. Гэхдээ М.Мөнхбаярыг хулгайлсан гэж бодоогүй... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Жамъяандагвын: ...2016 оны 10 сарын 16-нд хөдөөнөөс орж ирээд ээжийн дэлгүүр дээр Лхагвабаяр бид хоёр байж байтал Мөнхбаяр утсаар яриад чи компьютер форматлаж чадна биз дээ гэхээр нь чадна гэтэл хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь Лхагвабаяр бид хоёр хамт очсон. Гэтэл Мөнхбаяр чи компьютер форматлаж чадна биз дээ, форматлах уу? гэхээр нь би юун компьютер юм бэ? байгаа юм уу? гэтэл өчигдөр хойд сургуулийн компьютерийг хулгайлсан гэж надад хэлсэн. Тэгээд нэг авдранд хийчихсэн нилээд олон компьютер харуулсан. Тэндээсээ Дархан-Уулын ард очсон. Мөнхбаяр буцаж яваад Эрдэнэчулууныг авч ирсэн. Тэгээд Мөнхбаяр, Эрдэнэчулуун хоёр хулгайлсан компьютеруудаа аваад ирье гээд явсан. Лхагвабаяр бид 2 үлдсэн. Ирэхдээ Нарангэрэлийг аваад ирсэн. Лхагвабаяр, Нарангэрэл хоёр явж манайхаас хүрз авч ирсэн. Компьютеруудаа төмөр хайрцганд хийгээд үлдсэнийг нь цүнхэнд хийчихсэн байсан. Тэндээсээ Хайрхан уулын өвөрт ирээд элсэнд булсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Лхагвабаярын: 2016 оны 10 сарын 16-ны өдөр хөдөөнөөс орж ирээд Жамъяндагватай ээжийнх нь дэлгүүр дээр очсон. Гэтэл Мөнхбаяр утсаар дуудсан. Мөнхбаярынд очоод Жамъяндагва орж уулзсан. Би гадаа нь байсан. Тэндээсээ Дархан-Уулын ард очсон. Би мотоциклынхоо хойно Мөнхбаяр, Жамьяндорж хоёрыг суулгаж явсан. Эргэж ирээд Эрдэнэчулууныг аваад 4-үүлээ Дархан-Уулын хажууд очоод Боргио уусан. Мөнхбаяр, Эрдэнэчулуун хоёр миний мотоциклоор төв рүү яваад ирье гээд явсан. Жамьяндагва бид хоёр тэнд сууж байгаад төв рүү алхаж ирсэн. Наашаа алхаж байхдаа Мөнхбаярын таамбарт юу үзэж байсан талаар нь асуутал компьютер байна гэж надад хэлсэн. Тэгээд М.Мөнхбаяр Ч.Эрдэнэчулуун хоёр 2 мотоциклтой Нарангэрэлийг аваад ирсэн. Нэг цүнх, нэг хайрцагтай юм авч ирсэн. Жамьяндагва Нарангэрэл бид хоёрыг манайхаас хүрз аваад ир гэхээр нь очиж авч ирсэн. Яах гэж байгаа талаар асуухад компьютер булах гэж байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Нарангэрэлийн: 2016 оны 10 дугаар сарын 16-ны өглөө би гэрээсээ гараад үсээ засуулах гээд явж байсан. Ч.Эрдэнэчулуун миний утас руу залгаад надаас таксины дугаар асуусан. Тэгэхээр нь би миний утсанд нэг дугаар байгаа тэрийг харъя гэж хэлээд хартал тэр дугаар байхгүй байсан. Дахиж над руу залгаад хаачих гэж байгаа талаар асууж, такси аваад ирээч гэж хэлсэн. Намайг явж байтал улаан такси явж байхаар тэр таксиг аваад Шаравсамбуугийн гэрт байна гэхээр нь очсон. Тэгээд Шаравсамбуугийн гэрт ортол үүдний тамбарт нь нэг хайрцагтай юм, ягаан үүргэвчтэй цүнх байсан. Эрдэнэчулуунаас энэ юу вэ? гэж асуутал хотоос ирсэн юм гэж хэлсэн. Тэндээс гараад үсчин орчихоод, Ч.Эрдэнэчулууныд очтол хүн байхгүй байхаар нь гэртээ харъя гэж бодоод үүдэн дээр нь зогсож байтал Ч.Эрдэнэчулуун, М.Мөнхбаяр хоёр өөдөөс  ирсэн. Мөнхбаяр ахынд очиход Эрдэнэчулуун, Мөнхбаяр ах 2 цүнхтэй юмнуудаа авчраад юм хаяна, нэг тийшээ явъя гэж хэлсэн.  Намайг мотоцикл унаад өгөөч гэхээр нь би мотоциклыг унаад Жамьяндагва ахынх руу хүрз авчрахаар явсан. Юм булна гэж ярьж байсан. Тэдний гэрийг Лхагвабаяр мэднэ гэхээр нь  Лхагвабаяртай хамт Жамьяндагвынх руу хүрз авчрахаар явсан. Буцаад хаана уулзах талаар асуутал Дархан-Уулын ойролцоо шинэ хашаанд хүрээд ирээрэй гэж Мөнхбаяр ах хэлсэн. Тэжээлийн складны хажууд очиж Жамьяндагвынхаас хүрзээ аваад тэд нарын араас очтол  Хайрханы өвөр лүү өгсөж байсан. Араас нь явж очоод элсэн бөөрөгний ойролцоо очиж зогсоод компьютеруудыг элсэнд булцгаасан...гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Э.Бүжинлхамын: ... 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9 цагт мэдээлэл зүйн кабинетаас 22 ширхэг нөүтбүүк, 1 ширхэг проектор хулгайд алдагдсан байна гэхээр нь очиж үзэхэд кабинетын баруун талын цонхны порчикыг хагалж орсон бололтой шил нь хагарсан байсан. Хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэбатын: ...Мөнхбаяртай 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө уулзсан. Галбадрахын ахынд нь бид хоёр хонож байсан чинь М.Мөнхбаяр өглөө 05 цаг өнгөрч байхад ирсэн. Өмнө нь 2, 3 хоногийн өмнө над руу залгаад нөүтбүүк авах хүн байвал мэдэж байгаарай, надад 20 ширхэг нөүтбүүк байгаа гэж ярьж байсан. 2016 оны 11-р сарын 12-ны өглөө манай найз Галбадрах бид хоёрыг унтаж байхад ирэхдээ 2 цаасан хайрцагтай юм авч ирсэн. Тэгээд унтаж байгаад босож ирээд хайрцагтай юмаа задлаад хайрцагнаасаа нөүтбүүк гаргаж ирсэн. Би Мөнхбаярыг хулгайн нөүтбүүк, эд зүйл авч явж байгааг мэдээгүй. Намайг нөүтбүүк зарна гэж фэйсбүүк, интернетэд зар тавьж болохгүй шүү гэж ярьж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Галбадрахын: ...М.Мөнхбаяр 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 05 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Орж ирэхдээ 2 ширхэг хайрцагтай зүйл авчирсан. Тэгээд өглөө 11 цаг өнгөрч байхад цагдаа нар ирсэн. М.Мөнхбаярын авчирсан хайрцаганд хар өнгөтэй 20-иод ширхэг нөүтбүүк байсан. Би хулгайн эд зүйл болохыг мэдээгүй... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Г.Раднаасамбуугийн: ...Сургуулийн нөүтбүүк алдагдсаныг дараагийн долоо хоногийн 2 дахь өдөр нь мэдээд энэ талаар ярьж байтал Ч.Эрдэнэчулуун “Шаравсамбуу бид 2 авчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь худлаа хэлж байгаа байх гэж бодоод л өнгөрсөн... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Нарангэрэлийн: ...Ч.Эрдэнэчулуун нь Раднаасамбуу бид нарыг сургуулийн компьютер алга болсон талаар ярьж байтал Самбуу /Шаравсамбуу/ бид хоёр авчихсан. Самбуу та нарт хэлээгүй юм уу гэж хэлэхээр нь бид хоёр Эрдэнэчулуунд итгээгүй, тоглоом болгоод өнгөрсөн юм. Хэдэн сарын хэдний өдрийг би санахгүй байна. Нэг хагас сайн өдөр би 12 цагийн үед Эрдэнэчулууныд очсон чинь байхгүй байхаар нь буцаад явах гэж байтал Мөнхбаяр, Эрдэнэчулуун хоёр Даюун маркийн хүрэн өнгийн мотоциклтэй ирсэн. Тэгээд дээшээ аваачиж юм хаях гэсэн юм, мотоцикль бариад яваад өгөөч гэсэн. Тэр хоёроос архи үнэртэж байсан. Би явж өгөхөөр болоод мотоциклыг нь бариад нөгөө мотоцикль дээр гуравлаад Мөнхбаярын хашааны гадаа очсон чинь Мөнхбаярын гэрээс Жааяа, Лхагваа гэх хоёр хүн гарч ирээд амбаарынх нь хаалганы урд байсан дөрвөлжин хэлбэртэй төмөр савыг аваад гарч ирсэн. Савны амыг цагаан өнгийн уутаар таглаж уясан байсан. Тэгээд Даюун маркийн мотоциклыг нь Жааяа унаад дундуур нь Мөнхбаяр суугаад хойгуур нь Эрдэнэчулуун суугаад нөгөө савтай юмаа бариад хөдөлсөн. Би хойноос нь Лхагваа гэдгийн цэнхэр өнгөтэй Чансаа маркийн мотоциклыг бариад Лхагваатай хамт явсан, явахаас өмнө нь тэжээлийн складны цаад талаас Жааяагийн гэрээс нь хүрз аваад ирээрэй гэснийг Лхагваа бид хоёр очиж аваад тэд нарын хойноос нь явсан. Хайрхан уулын урд талын зам дээр мотоцикльтэй хүн явж байхаар нь гүйцээд очтол нөгөө гурав явж байсан. Тэндээсээ нийлээд замаар өгсөж байгаад нэг өвөлжөөний урд талын зам дээр очоод зогссон. Тэгээд намайг хоёр мотоциклио харж бай бид нар энэ юмаа аваачиж хаячихаад ирье гээд өвөлжөөний урд талын бөөрөг рүү очоод нэг том бутны цаагуур ороод харагдахаа больчихсон. Би тэд нарыг хүлээж хэвтэж байгаад ганц юм хаях гэж ямар уддаг юм гээд хойноос нь очиход Мөнхбаяр хүрз барьчихсан газар ухаж байсан тэгэхлээр нь нүх ухаж яах гэж байгаа юм бэ? гэж хэлтэл дотор нь аймаар хортой юм байгаа гээд бүгд инээгээд байсан. Тэгээд нүхээ ухаж нөгөө төмөр хайрцагтай юмаа хийчихээд бид нар буцаж мотоцикль дээрээ очоод сумын төв рүү орж ирсэн. Би төмөр хайрцаг дотор нь ямар зүйл байсныг хараагүй, намайг юу байгаа юм гэж Лхагваа гэдгээс асуухад чамд хамаагүй, аймаар хортой юм байгаа гэж хэлсэн. Намайг очиход Мөнхбаяр ах ухаж байсан, дараа нь Лхагваа ухсан тэгээд л нөгөө хайрцагаа Лхагваа, Жааяа хоёр нүх рүү хийсэн. Өмнө нь хэн ухсаныг би сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Алтангэрэлийн: Би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 9 цагт жижүүрийн үүргийг Даваадоржоос хүлээн авсан. Орой 17 цагт ээлжийн галч Болдбаатарт хүлээлгэж өгсөн. Байруудыг бүгдийг нь тойрч үзэхэд хагарсан шил, цонх байгаагүй. Маргааш өглөө нь сургуулийн захирал над руу яриад хүрээд ир гэсэн. Очсон чинь цагдаа нар ирчихсэн, сургуулийн удирдлагууд бас ирчихсэн байсан. Мэдээлэл зүйн кабинетаас нөүтбүүк, проектор зэрэг эд зүйлс алдагдсан байна гэсэн... гэх мэдүүлэг,

Гэрч Г.Болдбаатарын: ...2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт байрлах 2 дугаар сургуулийн жижүүрийн үүргийг Алтангэрэлээс хүлээн авсан. Сургуулийн ар хэсгийг машинаар тойрч харсан. Тухайн үед бол ямар нэгэн зүйл анзаарагдаагүй. Жижүүртэй байх хугацаанд 22:15 цагаас 24 цагийн хооронд сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг зааланд сагс тоглуулсан. Тэгээд 2016 оны 10-р сарын 16-ны өглөө 09:00 цагт жижүүрийн үүргийг Оюунбилэг эгчид хүлээлгэн өгөхөөр сургуулийн дотуур байрны араар тойроход Оюунбилэг эгч мэдээлэл зүйн кабинетын цонхны порчикны шил байхгүй байсныг анзаараад би очиж цонхыг үзэхэд порчикны шилийг аваад газарт хагалаад тавьчихсан байсан. Дотор порчик нь онгойсон, хөшиг нь хаалттай байхаар нь Бүжинлхам багшийг дуудаж кабинет руу орж үзэхэд дотор байсан 22 ширхэг нөүтбүүк, 1 ширхэг проектор байхгүй байсан. Тэгээд захиралд мэдэгдээд цагдаагийн байгууллага дуудсан... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Батгэрэлийн: ...Намайг хот явахаас 2 хоногийн өмнө Мөнхбаяр би тантай хамт хот явах гэсэн юм гээд надад хоёр бэлэн гоймонгийн хайрцагтай ачаа ачуулсан. Би тэр өдөр явах гэсэн чинь хүн олдохгүй болохоор нь болилоо чи өөр унаанд суу гэсэн чинь автобусанд суух гэсэн чинь ачаа ихтэй гээд авахгүй байна, би өнөөдөр автобусанд суугаад Архангай орчихъё, та энэ ачааг аваад явж бай, наад ачаа чинь хот орох ачаа байгаа юм. Би Архангай аймгаас ярьж байгаад суучихъя гээд ачаагаа үлдээгээд өөрөө явсан. Би 11-р сарын 11-ний өглөө Тосонцэнгэлээс Улаанбаатар хотын чиглэлд гарахдаа Мөнхбаяр луу залгаад одоо гарч байна гэж хэлсэн чинь за та Архангай руу орж ирээд залгаарай би оюутны байрнаас сууна гэж хэлээд тэгээд замаас суугаад Улаанбаатар хот орсон юм. Намайг хот ороод хүмүүсээ буулгаад гэртээ очоод хэвтэж байсан чинь манай эгч Тосонцэнгэлээс над руу залгаад юу болоод байна, сургуулийн нөүтбүүк хулгайд алдагдсаныг чамайг ачиж яваад хот ороод баригдсан гээд энд яриад байна гэж ярьсан. Би тэгэхлээр нь мэдэхгүй л гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Даваадоржийн

- Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь сэжигтэн М.Мөнхбаяраас хураан авсан гэх пүүзний мөртэй тохирч байна.

- Сэжигтэн М.Мөнхбаяраас хураан авсан гэх гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна гэх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 201610102 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Нямдорж нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуулиас зөөврийн компьютер хулгайлагдсаныг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Гэвч шүүгдэгч М.Мөнхбаярын ... би Нямдоржид хүмүүс тэнд юм булж байхыг бид нар харчихсан юм, очиж үзье гэж хэлээд машинтай нь аваад явсан. Цас орчихсон учраас машин нь очихгүй байсан. Нямдоржийг машинд нь үлдээгээд Эрдэнэчулуун, Шаравсамбуу, Нарангэрэл бид 4 очиж булсан зүйлээ авч ирсэн. Хайрцагтайгаа гарахгүй байсан болохоор бид нар компьютеруудаа хэд хэдээр нь ил тэврээд ирсэн болохоор Нямдорж мэдсэн байж магадгүй. Түүнээс Нямдоржид яг хулгай хийсэн гэж хэлээгүй... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны ...Эргээд булсан газраасаа юмаа авахад Шаравсамбуу, Нарангэрэл, Нямдорж, Мөнхбаяр бид нар явж авсан. Нямдорж хулгай хийсэн талаар мэдсэн байсан... гэх мэдүүлэг зэрэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байх ба шүүгдэгч Б.Нямдоржийн ...Би 2016 оны 11 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотоос ирсэн. Мөнхбаяр надад хэлэхдээ бид нар уугаад сууж байтал хүмүүс тэнд юм нуугаад булаад байсан гэсэн. Би тэр нөүтбүүкүүдийг хараад хулгайн юм байна даа гэж бодсон. Гэхдээ М.Мөнхбаярыг хулгайлсан гэж бодоогүй... гэх мэдүүлэг нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хангалттай нотлохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Нямдорж нь шүүгдэгч М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нар нь 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн кабинетаас 22 ширхэг зөөврийн компьютер, 20 ширхэг зөөврийн компьютерийн цэнэглэгч, 1 ширхэг проектор, залгуур зэргийг хулгайлсан гэдгийг 2016 оны 10 дугаар сарын 16-нд лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Б.Нямдоржид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нар нь 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бүлэглэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн кабинетад нэвтрэн орж 22 ширхэг зөөврийн компьютер, 20 ширхэг зөөврийн компьютерийн цэнэглэгч, 1 ширхэг проектор, залгуур зэргийг хулгайлан 22989000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө манай сургуулийн мэдээлэл зүйн кабинетаас 22 ширхэг нөүтбүүк, 1 ширхэг проектор хулгайд алдагдсан... гэх хохирогч Э.Бүжинлхам, гэрч Д.Алтангэрэл, Г.Болдбаатар нарын мэдүүлэг,

- 2016 оны 11-р сарын 12-ны өглөө Мөнхбаяр 2 ширхэг цаасан хайрцагтай зүйл авч ирсэн. Хайрцаганд нь 20-иод ширхэг нөүтбүүк байсан... гэх гэрч Б.Эрдэнэбат, Д.Галбадрах нарын мэдүүлэг,

- Сургуулийн нөүтбүүкийг Шаравсамбуу бид хоёр авчихсан гэж Ч.Эрдэнэчулуун хэлсэн... гэх насанд хүрээгүй гэрч Г.Раднаасамбуу, Б.Нарангэрэл нарын мэдүүлэг,

- 2016 оны 11 дүгээр сарын 11-нд Мөнхбаяр 2 хайрцагтай зүйл хот руу ачуулсан, өөрөө замд Архангайгаас суугаад хот орсон... гэх гэрч Д.Батгэрэлийн мэдүүлэг,

- Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шүүгдэгч М.Мөнхбаяраас хураан авсан гутлын мөртэй тохирч байна гэх Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хэрэг учралтын газарт үзлэг хийсэн тэмдлэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-22 ширхэг зөөврийн компьютер, 20 ширхэг зөөврийн компьютерийн цэнэглэгч, 1 ширхэг проектор, залгуур зэрэг нь 22989000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт,

- М.Мөнхбаяраас 20 ширхэг Lenovo маркийн зөөврийн компьютер, 19 ширхэг цэнэглэгч залгуур, 1 ширхэг Acer маркийн проектор, залгуур, Б.Баасандоржоос 1 ширхэг Lenovo маркийн зөөврийн компьютер, М.Мөнхбаяраас 1 ширхэг Lenovo маркийн зөөврийн компьютер зэргийг хураан авсан тогтоол, тэмдэглэл,

- 22 ширхэг Lenovo маркийн зөөврийн компьютер, 20 ширхэг цэнэглэгч залгуур, 1 ширхэг хар өнгийн проектор, залгуур зэргийг хохирогч Э.Бүжинлхамд хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

- 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бид гурав Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн кабинетийн цонхоор орж 22 ширхэг зөөврийн компьютер, 20 ширхэг зөөврийн компьютерийн цэнэглэгч, 1 ширхэг проектор, залгуур зэргийг авсан гэх шүүгдэгч М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл нар нь шүүгдэгч М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 22 ширхэг зөөврийн компьютер, 20 ширхэг зөөврийн компьютерийн цэнэглэгч, 1 ширхэг проектор, залгуур зэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

- ... Хайрхан уулын урд элсэнд Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр, М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун бид нар төмөр хайрцагтай эд зүйл булсан... гэх насанд хүрээгүй гэрч Б.Нарангэрэлийн мэдүүлэг,

- Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл, М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун нар нь 2016 оны 10 дугаар сарын 16-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн кабинетаас хулгайлсан 22 ширхэг зөөврийн компьютер, 20 ширхэг зөөврийн компьютерийн цэнэглэгч, 1 ширхэг проектор, залгуур зэргийг төмөр хайрцаг болон цүнхэнд хийж Хайрхан уулын өвөрт элсэнд булсан. Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл нар хулгайлсан эд зүйл гэж мэдэж байсан... гэх шүүгдэгч Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл, М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз нь эд зүйл булахдаа Т.Жамъяндагвын гэрээс авч явсан хүрз мөн байна... гэх шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл нарыг шүүгдэгч М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Нарангэрэл, О.Шаравсамбуу, Ч.Эрдэнэчулуун нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу Б.Нарангэрэл нь 16 нас 1 сартай, О.Шаравсамбуу 16 нас 4 сар 17 хоногтой, Ч.Эрдэнэчулуун нь 15 нас 7 сар 5 хоногтой байсан болох нь төрсний гэрчилгээ болон нас тоолсон тэмдэглэлүүдээр, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, О.Шаравсамбуу, Б.Нарангэрэл, Ч.Эрдэнэчулуун нар нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Мөнхбаяр, Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзлээ.

Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Нарангэрэлд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзэж хүмүүжлийн чанартай арга хэмжээ оногдуулах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч М.Мөнхбаярын хувьд ногдох хөрөнгө болох цагаан өнгийн 1 хаалгатай хөлдөөгч, НКС маркийн 32 инчийн өнгөт зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны хувьд ногдох хөрөнгө болох Samsung маркийн 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч О.Шаравсамбуугийн хувьд ногдох хөрөнгө болох 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Чансаа маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр бахь, пүүз зэргийг шүүгдэгч М.Мөнхбаярт, модон иштэй хүрзийг шүүгдэгч Т.Жамъяндагвад тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйл, 377 дугаар зүйлийн 377.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар  зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нямдорж нарт холбогдох эрүүгийн 201613010078 дугаартай хэргээс Боржигон овгийн Баярмагнайгийн Нямдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Дайртан овогт Мөнхбатын Мөнхбаяр, Шарууд овогт Отгонтуулын Шаравсамбуу, Модчин овогт Чинбатын Эрдэнэчулуун нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Урьдийнхан овогт Төрбатын Жамъяндагва, Бор адуу овогт Бадамгаравын Лхагвабаяр, Цагаан гэр овогт Батдэлгэрийн Нарангэрэл нарыг шүүгдэгч М.Мөнхбаяр, Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун, О.Шаравсамбуу нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр нарт 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, тус тус оногдуулсугай.

4. Эрүүгийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Нарангэрэлд 8 /найм/ сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрэгчдийн хорих ангид, насанд хүрээгүй шүүгдэгч О.Шаравсамбуу, Ч.Эрдэнэчулуун нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр бахь, пүүзэн гутал зэргийг шүүгдэгч М.Мөнхбаярт, модон иштэй хүрзийг шүүгдэгч Т.Жамъяндагвад тус тус олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярын хувьд ногдох хөрөнгө болох цагаан өнгийн 1 хаалгатай хөлдөөгч, НКС маркийн 32 инчийн өнгөт зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны хувьд ногдох хөрөнгө болох Samsung маркийн 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч О.Шаравсамбуугийн хувьд ногдох хөрөнгө болох 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Чансаа маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Шаравсамбуу, Ч.Эрдэнэчулуун нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэднийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг тэдний хууль ёсны төлөөлөгч нарт даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг М.Мөнхбаярт 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сараар, Т.Жамъяндагва, Б.Лхагвабаяр нарт 1 /нэг/ жил 2 /хоёр/ сараар тус тус тогтоож, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхбаярт, О.Шаравсамбуу, Ч.Эрдэнэчулуун нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Лхагвабаяр, Б.Нарангэрэл нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Жамъяндагвад авсан цэргийн ангийн удирлагад хянан харгалзуулахаар өгөх таслан сэргийлэх арга хэмжээ зэргийг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Нямдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР