| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/189 |
| Огноо | 2024-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/189
2024 07 31 2024/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, авто засварын газар засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Дөрвөлж”-ийн 14 дүгээр гудамж 1 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Грийн таун” хотхоны 103 дугаар байр 21 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 17-ны шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Грийн таун” хотхоны 103 дугаар байрны 21 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр ******* “бэлгийн харьцаанд” орсонгүй гэх шалтгаанаар нүүр, болон гэдэс, хөлийн шилбэ хэсэгт нь өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар, баруун, зүүн хавирганы нуманд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Хохирогч ******* өгсөн “…2024 оны 06 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед манай нөхрийн найз Тэгшээгийн гэрт нөхөр ******* хамт очсон юм, тэгээд бид нар хамт эхлээд пиво ууцгаагаад дараа нь нэг жимстэй архийг бүгдээрээ ууцгаасан, тэгээд бүгдээрээ Биллион баар луу орж хэсэг байж байгаад баарнаас 02 цаг өнгөрөөгөөд гэр гэр рүүгээ харьцгаасан. Нөхөр бид хоёр гэр рүүгээ харьсан ба манай 2 хүүхэд нэг нь хадам аав ээж дээр нэг нь манай аав ээж дээр байсан юм. Тэгээд 03 цагийн үед бид хоёр унтах гээд орондоо орсон юм тэгээд би бөөлжих гэсэн чинь манай нөхөр надад бөөлж гээд төмпөн авчирч өгсөн юм, тэгээд эхлээд жоохон бөөлжсөн тэгээд дахиж хэсэг хугацааны дараа манай нөхөр надтай бэлгийн харьцаанд оръё гэхэд нь миний дотор эвгүйрхээд бөөлжих гээд байсан болохоор би үгүй ээ миний дотор эвгүйрхээд байна гээд төмпөн аваад нөгөө гараараа түлхсэн чинь уурлаад босож ирээд намайг бөөлжих гээд төмпөн рүү тонгойж байсан чинь миний баруун нүд рүү өшиглөсөн, тэгээд нүүрээ дараад байж байтал миний гэдэс хэсэг рүү дахиж нэг удаа өшиглөсөн, тэгээд хоёр хөлийн шилбэ рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би утсаараа хадам ээж рүү залгаад намайг зодоод байна гээд гэж хэлэхэд удахгүй хадам аав, ээж хоёр ирээд хадам аав ээж хоёрт болсон зүйлийг хэлэхэд манай нөхөр чи манай аав ээжийг дуудлаа гээд над руу тавчиг чулуудсан боловч намайг оноогүй. Хадам аав ээж хоёр *******ыг “битгий архи уугаад бай, архи уухаараа эмэгтэй хүнийг барьж балбаад бай” гэж байсан, тэгээд манай нөхөр унтсан ба хадам аав ээж хоёр яваад өгөхөөр нь би бас гэрээс гарсан...Манай нөхөр ******* нэлээн согтуу байсан...Манай нөхөр намайг өмнө нь маргаж ганц нэг цохих бол байдаг, учиргүй энэ удаа шиг бол нүүр ам хөхөртөл цохиж зодож байгаагүй, эмнэлэг цагдаад бол мэдэгдэж байгаагүй. Хамгийн сүүлд 2024 оны 05 дугаар сард манай ээж Энхжаргалыг байхад манай нөхөр согтуу ирээд агсам тавиад ээж рүү салаавч өгөөд намайг цохих гээд дайрч байсан...Миний баруун нүд хавдсан, толгой бага зэрэг өвдөөд байгаа, гэдэс орчмоор хөндүүртэй байгаа, хоёр хөлийн шилбэ хөндүүр байна, өөр гэмтэл бэртэл байхгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17-р хуудас/
2.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаартай “…1. ******* биед тархи доргилт, баруун доод зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар, баруун, зүүн хавирганы нуманд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо…” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзсэн болно.
2. Прокуророос *******ын, хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байх бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан ба тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан“ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ” гэх шинжээр тодорхойлогдоно.
4. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч ******* биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 238 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан нь үндэслэлтэй, энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч,асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд,
5 дугаар зүйлийн 5.1.1-д “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл,
6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч *******, хохирогч С.Золжаргал нар нь албан ёсны гэр бүл болох нь 2024 оны 06 сарын 18-ны өдрийн дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байнга зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгох боловч бие, хүчний болон бусад давуу байдал, өөрөөс шалтгаалсан хамааралтай, эрхшээлдээ байгаа байдлыг ашиглан, үл ялих зүйлээр, эсхүл ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн бие махбодод халдаж буй нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан ойлгоно.
6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ бэлгийн харьцаанд орсонгүй гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* зодож эрүүл мэндэд “тархи доргилт, баруун доод зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар, баруун, зүүн хавирганы нуманд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь тэрээр хүний биед цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орсонгүй гэж шалтаглан хохирогч ******* баруун нүд, гэдэс, шилбэ хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөх зэргээр зодож зориуд хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
8. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын нүд, гэдэс, шилбэ рүү нь өшиглөж зодсон уг үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой баримт, нэхэмжлэлийг гаргаагүй бөгөөд гомдолгүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн болох нь тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Хохирогч С.Золжаргал нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Золжаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******аас торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8.“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 ( зургаан зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Золжаргал нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Золжаргал гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН