Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02489

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 04 өдөр                       Дугаар 183/ШШ2021/02489                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... хороо, ... байрны ... тоотод оршин суух, Б овогт  Д.Д /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... хороо, ....  байрны ... тоотод оршин суух, О овогт Л.Э /РД: .../-т холбогдох,

 

                тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч Л.Э түүний өмгөөлөгч Ч.Ж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.Д нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгтэл уг автомашиныг бусдад шилжүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба мөн төлбөрт өгөх ёстой үл хөдлөх хөрөнгийг өгөхгүй тухайгаа хариу тайлбарт бичсэн байсан. Иймд Л.Эээс тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 25,000,000 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тайлбараа дэмжиж байна. Анх нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах 45,000,000 төгрөгний гэрээг байгуулсан. Энэ гэрээ бодит байдлын үндсэн дээр хийгдсэн эсэх нь өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдоно. Гэрч Д.Ч нь хариуцагчаар шүүх хуралдаанд оролцож байгаа Л.Эийг танихгүй гэж хэлсэн. Харин 2019 оны 07 дугаар сараас М.Чтой ярилцаж тохиролцоод маргаан бүхий тээврийн хэрэгслийг эзэмшилд нь шилжүүлж өгсөн. Д.Ч 2019 оны 09 дүгээр сард гадаад яваад 2019 оны 10 дугаар сард буцаж ирсэн ба гэрч М.Чийн хуулийн зөвлөх автомашинд нь доголдол гарсантай холбоотойгоор машиныг нь Д.Чт буцааж өгч засварлуулсан. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ бодитоор байгуулагдаагүй. 2 гэрч хоорондоо машинаа 45,000,000 төгрөгөөр худалдаад 2 авто зогсоол өгөхөөр тохиролцсон үйл баримт байгаа. Гэрч Д.Ч энэ машин манай гэр бүлийн өмчлөлд байсан ба Д.Ч, М.Ч нар нь 2 ширхэг авто зогсоол шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь болсон үйл явдлыг мэдэхгүй байсан. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг М.Чийн заавраар шилжүүлсэн байдаг. Д.Чийн дүү нь гэрээ хийхэд  нэг ширхэг авто зогсоолыг шилжүүлсэн, нэг авто зогсоолыг 7 хоногийн дараа шилжүүлнэ гэж М.Ч хэлсэн байсан. 24, 25, 50 тоот гэсэн 3 зогсоолыг М.Ч 4 болгож шилжүүлсэн. Нэгнийх нь өмчлөх эрхийг эзэмшилтэй нь шилжүүлсэн. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь М.Ч байх ёстой байсан. Энэ хүнийг хамтран хариуцагчаар татаж оролцуулах боломжтой. Нэхэмжлэгч эвлэрэн хэлэлцэх саналыг хэд хэдэн удаа манайд тавьж байсан. Нэхэмжлэгч зөвхөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн бичгээр байгуулагдсан гэрээг үндэслэж шаардаад байгаа. Энэ авто машиныг Д.Ч 45,000,000 төгрөгөөр зарах хүсэл зориг байсан эсэх, Л.Э энэ машиныг 45,000,000 төгрөгөөр худалдаж авах хүсэлтэй байсан эсэх нь тодорхойгүй тул энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Энэ тээврийн хэрэгсэл гуравдагч этгээдэд шилжсэн. Нэхэмжлэгч Л.Эээс 25,000,000 төгрөг гаргуулъя гэж нэхэмжлэлийг шаардлагаа өөрчилсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Д.Дийн гаргасан нэхэмжлэлийг хуулийн үндэслэлгүй гэж үзээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах 2019.12.10-ны өдрийн гэрээнээс татгалзах тухай” гэсэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, дээрх гэрээний үлдэгдэл төлбөрт 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан байна.

 

Харин хариуцагч Л.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан “...Д.Дийг танихгүй, анх удаа нотариат дээр харсан” гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Д.Д, Л.Э нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах 2019.12.10-ны гэрээ байгуулагдсан, гэрээний 1.1, 2.1-д зааснаар худалдагч тал өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай L маркийн суудлын автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, гэрээний 2.2-т зааснаар төлбөрийг 2019.12.10-ны өдөр бэлнээр төлсөн, тооцоо дууссан гэжээ.        

 

           Хариуцагч тал дээрх автомашиныг зээлийн төлбөрт тооцож авсан гэх, тэрээр гэрч М.Чтой 2016.03.03-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 86,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 1,000,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн ... хороо, ... байрны зоорийн давхарын ... тоот 22,57 м/кв авто зогсоол, 106/в/ байрны .... тоот 16 м/кв авто зогсоол, .... байрны зоорийн давхарын .... тоот 16 м/кв авто зогсоолуудыг барьцаалсан гэж тайлбарласан болно.

 

          Дээрх зээлийн гэрээний дагуу 2019 оны 12 сар хүртэл эргэн төлөлт хийгдээгүй, М.Чийн саналын дагуу 2019.12.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулж, ... байрны ... тоот 16 м/кв авто зогсоолыг 20,000,000 төгрөгөөр, ... байрны зоорийн давхрын ... тоот 22,57 м/кв авто зогсоолыг 25,000,000 төгрөгөөр,  мөн Д.Дийн өмчлөлийн ... улсын дугаартай L маркийн суудлын автомашиныг 45,000,000 төгрөгөөр тус тус тооцож зээлийн төлбөрт хүлээн авсан гэжээ.

 

          Хариуцагч өөрийн тайлбарыг нотлох зорилгоор М.Чийн ээж И.Нтэй байгуулсан гэх 2019.12.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /авто зогсоол/-гээр Хан-Уул дүүргийн ... хороо, ..... байрны 25 тоот 16 м/кв авто зогсоолыг 20,000,000 төгрөгөөр, мөн ... байрны зоорийн давхарын .... тоот 22,57 м/кв авто зогсоолыг 25,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн Л.Э И.Н нарын хооронд байгуулсан 2 ширхэг гэрээ, мөн Л.Э М.Ч нарын хооронд байгуулсан 2016.03.03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

 

         Дээрх автозогсоолууд зээлийн барьцаанд барьцаалагдсан болох нь Л.Э М.Ч нарын хооронд байгуулсан 2016.03.03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна.

 

        Гэрч М.Ч 86,000,000 төгрөгийг Л.Эээс зээлсэн, дээрх авто зогсоолууд барьцаанд байсныг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн “...хамгийн сүүлд 2019 онд үл хөдлөх хөрөнгүүд өгч тооцоо дууссан” гэх өөрийн тайлбарыг, мөн  Л.Эийн бичсэн гэх “...өр зээлийн асуудал шийдэгдсэн “ гэсэн 2019.12.09-ний өдрийн тодорхойлолтыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

         Улмаар зээлийн өрөнд шилжүүлсэн дээрх 2 авто зогсоолын өмчлөгч И.Н нь зээл авсан М.Чийн төрсөн ээж, мөн нэхэмжлэл гаргасан Д.Д нь автомашинаа зарсан Д.Чийн төрсөн дүү, адилхан нэртэй М.Ч, Д.Ч нар нь найз нөхдийн холбоотой гэх үндэслэлээр М.Ч, Д.Ч нарыг гэрчээр асуулгахыг хариуцагч тал хүссэн болно.

 

Гэрч Д.Чийн “...М.Чтой гаражид таарахад 24, 25, 50 гэсэн 3 зогсоол эзэмшдэг, 3 зогсоол өгье машинаа зарах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн, дараа нь М.Ч наад зогсоолыг чинь барьцаанд тавьчихсан Л.Э гэдэг хүний нэр дээр байгаа гээд 2-ыг нь өгнө гэсэн, мөн машины зах зээлийн ханш унаад маш их засвар хийгээд байна гээд манай машиныг доош нь хийгээд байхаар нь би тэгвэл машинаа өгөхөө болилоо гэхэд 24, 25 гэсэн зогсоолыг надад өгсөн. Тэгээд машинаа энэ хүнд өгчих гэхээр нь би машинаа Л.Э рүү шилжүүлж өгсөн. 1 зогсоолыг нь авсан, одоо нэг зогсоол авах дутуу байгаа нэг зогсоолыг 20,000,000 төгрөгт тооцож байсан, Л.Эийг танихгүй” гэх мэдүүлэг, мөн гэрч М.Чийн “...ээжийн нэр дээр байсан 3 зогсоолыг Л.Эт шилжүүлж өгсөн, тэгээд Л.Э өр төлбөргүй гэсэн бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

 

Нэр бүхий гэрчүүдийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах үед гэрч Д.Ч нь “...манай машиныг М.Ч хэнд өгснийг мэдэхгүй, нэг өдөр л намайг нэрээ шилжүүлээд өгчих гэж хэлэхээр нь л би дүүгээ явуулж нэрийг нь шилжүүлж өгсөн” гэж, гэрч М.Ч нь “...машиныг 2,3 хоногийн хугацаатай аваад хүмүүст үзүүлэхэд тос масло гоожоод байна гэхээр нь Д.Чт өгч засуулаад буцаагаад авсан, энэ асуудал 2019 оны 10 дугаар сарын үед болсон” гэж тус тус мэдүүлжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж заасан байна.

 

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргааны зүйл болох ... улсын дугаартай L маркийн суудлын автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдах,  худалдан авах талаар Д.Д, Л.Э нарын хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй болох нь тогтоогдсон байна.

 

          Хариуцагч Л.Э нь “...106/в/ байрны зоорийн давхарын 25 тоот 16 м/кв авто зогсоолыг өмчлөх эрх өөрийн нь нэр дээр бүртгэлтэй боловч 2019 оны 12 сараас хойш Д.Ч эзэмшиж байгаа гэх, түүнчлэн албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарладаг бөгөөд  Иргэн-2014 нэгдсэн системээс шүүж үзэхэд Хан-Уул дүүргийн .... хороо, ... байрны зоорийн давхарын ... тоот 16 м/кв авто зогсоолыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн  Д.Чт холбогдох Л.Эийн нэхэмжлэлд шүүх 2021.06.21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

       

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Л.Эийн ирүүлсэн хариу тайлбар, түүнтэй холбоотой баримтуудыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

         

         Хэрэгт авагдсан И.Н, Л.Э нарын байгуулсан 2019.12.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /авто зогсоол/, Л.Э 2019.12.09-ний өдрийн “...өр зээлийн асуудал шийдэгдсэн“ гэсэн тодорхойлолт, Д.Д, Л.Э нарын байгуулсан 2019.12.10-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг бичгийн баримтууд нь  Л.Э М.Ч нарын зээлийн өр төлбөр дууссан гэх тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн байна.

 

          Маргааны зүйл болох  Landrover discovery маркийн ... улсын дугаартай суудлын автомашин нь Б.Бүтэмжийн өмчлөлд шилжсэн талаарх  2020.08.26-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, харин И.Нандин-Эрдэнийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн .... хороо, .... байрны зоорийн давхарын .... тоот 16 м/кв авто зогсоол нь  Д.Дийн өмчлөлд бүртгэлтэй байгаа тухай Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэсийн 2...-ний өдрийн .... тоот лавлагаа тус тус хэрэгт авагдсан байна.

 

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг нэхэмжлэгч тал биелүүлсэнгүй гэж шүүх дүгнэв.   

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Л.Эээс  худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ