| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/01554/И |
| Дугаар | 183/ШШ2021/02490 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2021/02490
2021 оны 11 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2021/02490 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... хороо, .... гудамж ... тоотод оршин суух, Б овогт Ч.Ж /РД:...../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ... хороо, .... гудамж ... тоотод оршин суух, А овогт Э.Б /РД:.../-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 2017 оноос хойшхи хугацааны тэтгэлэг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2017 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад хариуцагчтай тохиролцоогүй. Энэ хугацаанд би ганцаараа хүүхдээ өсгөж байсан. Би хүүхдийн тэтгэмжээ хуульд заасны дагуу тогтоолгоно. Хариуцагчийн зүгээс хүүхдээ өөрийн хүүхэд биш гэсэн нь надад маш хүндээр туссан. Хүүхдээ гарсан цагаас нь хойш 2 ой хүртэл уулздаг байсан. Түүнээс хойш хүүхэдтэйгээ уулзаж байгаагүй. Иймд хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Хариуцагч нь хүүхэдтэйгээ уулзъя гэхэд нэхэмжлэгчийн гэрийнхэн нь уулзуулахгүй гэж хэлсэн учраас хүүхэдтэйгээ уулзаагүй гэдэг. Цаашид эцгийн үүргээ ухамсарлаж хүүхэдтэйгээ уулзаж, эцгийн үүргээ биелүүлнэ гэж хэлсэн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хариуцагчийн хүсэж байгаа санал нь 2017 оноос 2021 оны хоорондох хугацааг төлбөрийг төлөхгүй байх боломж байгаа эсэх талаар шүүгчид хэлж өгөөч гэж хүссэн. Өнөөдрөөс цааш хугацаанд эцгийн үүргээ биелүүлнэ гэж хэлсэн, өөрөө Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажиллаж байгаа учраас өнөөдрийн хуралд оролцох боломжгүй болсон гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ж нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 2017 оноос хойш хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Бд холбогдуулан гаргажээ.
Хэргийн баримтаас үзэхэд Э.Б, Ч.Ж нар нь 2012-2015 онд ... аймгийн Анагаах ухааны коллежид суралцаж байхдаа танилцаж, улмаар тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин Б.Н төрсөн, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь ... дугаартай төрсний гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзсэн тул түүний хүсэлтээр тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилсон бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлтээр Э.Б нь охин Б.Нгийн биологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлал 99,999 хувь байна гэж тогтоогдсон болно.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Н, эх Ч.Ж, эцэг Э.Б нарын хооронд эрх, үүрэг үүснэ.
Талууд 2017 оноос хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд охин Б.Н эхийн асрамжид байсан ба хариуцагч Э.Б хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Нг эхийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Нд хүүхдийн тэтгэлгийг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн төлүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандсан байх тул 2017 оноос хойшхи хугацааны тэтгэлэгийг нөхөн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар .... оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Нг эх Ч.Жгийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Нг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Э.Бгаас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Бгаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар 2017 оноос хойшхи хугацааны тэтгэлэгийг нөхөн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ