| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0159/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-08-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
| 2024 08 13 | 2024/ШЦТ/200 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Х.Ууганбат /томилолтоор/,
Хохирогч Ц.*******, Ч.*******
Иргэний нэхэмжлэгч Э.
Хохирогч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг "*******" гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт Ганхуягийн ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед ******* аймгийн сумын ийн нутаг ""-ийн баруун талын 4-н замын уулзвар дээр “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.46. 15.9, 12.3 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.*******ын эрүүл мэндэд зүүн өвдөгний тойгны бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Ч.*******ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөмсгөнд язарсан шарх, зүүн талын 11 дүгээр хавирга, баруун 5-9 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал, баруун эгэмний хугарал, баруун далны цууралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сум гарах замд найз нөхдөө аваад гарч явах үед 30-40 километр цагийн хурдтай явж байгаад замын уулзвар дээр баруун гар талаа хараад зүүн гар тал руугаа хараад чигээрээ явж байхад яг хажуугаас машин ороод ирсэн. Хоёр машин мөргөлдөөд миний машин цааш түрэгдээд явсан. Тэгж байгаад замын бордюр руу хоёр тийшээ шидэгдсэн. Миний урд сууж байсан хүн бид хоёр суудлын бүсээ зүүсэн байсан. Ард хоёр хүн ямар байсныг анзаараагүй” гэв.
Хохирогч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүүгийнхээрээ орчихоод гэр рүүгээ явж байсан. Явж байхад урдаас нэг машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд хоёр машин хүчтэй мөргөлдөөд ойгоод зогссон. Тэгээд хаалгаа нээх гэтэл хөл хөдлөхгүй болсон байсан. Энэ хүүхдүүд тарсан байсан архи пиво, хонины мах зэргийг зөөж байсан. Намайг ирээд босгоод өгөхгүй байсан. Одоо уучлаарай гэж хэлээгүй. Одоо учирсан хохирлоо нэхэмжилнэ, гомдолтой байгаа” гэв.
Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүүгийнхээрээ орчхоод 17 цагийн үед бид 3 гэр рүүгээ явж байсан. Би ард нь сууж байсан. Нөхөр хүүхэд минь цаанаас чинь нэг цагаан машин ямар эвгүй гарч ирж байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгээд нэг сэрэхэд хаалга нээгдэхгүй, нүүр хүйтэн болох шиг болсон, тэгээд нүүрээ дарж үзэхэд цус болсон байсан. Тэгээд тэрнээс хойш юм санахгүй байж байгаад эмнэлэгт сэрсэн. Бид хоёр зүгээр суудаггүй байсан. Одоо бүр зүгээр сууж байгаа. Гэрийнхээ хоолыг ч хийж чадахгүй байгаа. Эгэм хугарсан хагалгаанд орох заалттай, зүрх өвддөг тул хагалгаанд орж болохгүй, өөрөө эдгэхгүй байгаа. Үнэхээр гомдолтой байна. Миний гэр орныхон бүгд орвонгоороо эргэсэн. Хүүхдүүд минь бүгд чөлөө аваад биднийг асарсан. Нөхрийг гэрт байхад нэг удаа очсон гэсэн. Очихдоо уучлалт гуйгаагүй. Өөрсдийнхөө төлөө очсон байсан. Тэгээд гарахдаа инээгээд гарсан гэсэн. Одоо учирсан хохирлоо нэхэмжилнэ, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ гомдолтой байгаа, сүүлд сээр хугарсан байсан. Одоо 9 сард дахин үзүүлнэ” гэв.
Иргэний нэхэмжлэгч Э. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аав ээжтэйгээ ахынхаар ороод явж байсан. Орой 17 цаг өнгөрч байсан. Тухайн үед төв замаар 20 километр цагийн хурдтай явж байсан. Гэтэл эсрэг талын урсгалаас цагаан машин орж ирсэн. Тэгээд мөргөлдөөд би хэсэг ухаангүй байсан. Гэтэл аав “миний охин сэрээрэй” гээд хажуугаас хэлсэн. Тэгээд би ухаан орсон. Тэр үед машины бүх хамгаалах дэр гарчихсан утаа гарсан байдалтай байсан. Машины хаалга нээгдэхгүй арай гэж нээсэн. Тэр үед аав надтай хамт машинаас гарсан. Тэгээд халтираад ойчсон. Ээжийн сууж байсан хаалгыг нээх гэсэн хаалга нь нээгдэхгүй байсан. Арай гэж нээгээд ээжийг авах гэтэл хоёр сандлын голд хавчуулагдаад ойчсон байсан. Тэр үед толгойноос нь битүү цус урссан байсан. Эсрэг талын машинаас 4-5 залуучууд бууж ирсэн. Би “надад туслаарай аав ээжийг минь өргөлцөөд өгөөч” гэхэд хэн ч туслаагүй. Би 103, 102 дуудсан. Энэ залуучууд бидэнд туслаагүй, өөрсдийн тарсан эд зүйлээ нааш цааш болгоод байсан. Одоо биднээс уучлалт гуйгаагүй. Бид гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Биднээс уучлалт гуйгаагүй байж “гомдолгүй” гэж хэлээд өгөөч гээд нэг удаа ирсэн. Гэрт ирэхдээ инээгээд доромжилж байгаа юм шиг хандлага гаргасан. Тэгээд 5 сарын 14 цагдаад мэдүүлэг өгчхөөд Г.*******т хохирол төлбөр барагдуулаад өгөөч эмнэлгээр яваад мөнгөний хэрэг их байна” гэхэд “юун мөнгө би хаанаас олж өгөх юм бэ? ээж л мэднэ” гэж хэлсэн. Тэгээд би Г.*******тай ойлголцохгүй болохоор ээжтэй нь ярья гэж бодоод ээж рүү нь залгахад аав нь хажуугаас нь утсыг нь аваад “чи яасан ар талтай юм бэ? чи миний зөв гэж хэлээд манай хүүхдээс мөнгө нэхээд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Гэтэл ээж нь утсыг нь аваад “чамайг дарвалзаад байх юм бол хохирол мөнгийг чинь өгөхгүй шүү дарвалзаж байж юу ч үгүй хоцров” гэсэн. Тэгээд биднийг хот руу явахад 500,000 төгрөг өгсөн, сая шүүх хуралдааны өмнө 13 сая төгрөг өгсөн. Би машинаа 11 сард 22,700,000 төгрөгөөр худалдаж аваад 3 сар унаж байсан. Машины үнэлгээ 12 сая төгрөгийн үнэлгээ тогтоогдсон боловч одоо журмын хашаанд байгаа. 12 саяд сэлбэг аваад янзлах боломж байхгүй. Би машины 22 сая төгрөг нэхэмжилнэ. Аав ээж хоёрыгоо дахин эмнэлэгт үзүүлмээр байна. Эрүүл мэндийнх нь байдлыг харж байгаад хагалгаа хийлгэх бодолтой байгаа” гэв.
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
Яллагдагч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би төрсөн ах найзууд болох , , нарын хамт ******* сум руу гарах гээд явж байхад тухайн осол болсон. Би тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодоод уулзвар руу хурдаа хасаад машин харагдахгүй байхаар нь ортол гэнэт түс тас гээд осол болсон. Би өөрийн эгч гоос худалдаж аваад удаагүй байсан “Приус-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод миний хажууд ах суугаад, ын ард суугаад голын суудалд суугаад, миний арын суудалд зорчиж явсан гэх мэдүүлэг /хх-ийн 190-192 хуудас/
Хохирогч Ц.*******ын өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цаг өнгөрч байх үед сумын ад хүүгийнхээрээ орчхоод охин , эхнэр ******* нарын хамт руу очих гээд явж байсан, би жолоочийн хажуу талын суудалд, эхнэр арын суудалд сууж явсан. Тэгтэл зүүн цэргийн ангийн баруун урд талын уулзвар луу хойноосоо урагш чиглэлтэй төв замаар орсон, тэгтэл гэнэт баруун талын уулзвараас цагаан өнгийн “Приус” машин маш хурдтай орж ирээд машины баруун гар талаас хүчтэй мөргөсөн. Мөргөөд манай машиныг замаас гаргаад тэр машин бас замаас гараад зогссон. Тэгээд машинаас буух гэсэн чинь хөл хөдөлж болохгүй болсон байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 34-36-р хуудас/
Хохирогч Ч.*******ийн өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цаг өнгөрч байх үед сумын “”-д байдаг хүү ынхаар орчхоод руу охин гийн машинтай охин машинаа жолоодоод манай нөхөр ******* урд талын суудалд суугаад би арын суудалд суугаад явж байсан. Тэгтэл гэнэт л зам тээврийн осол болох шиг болсон, яг юу болсныг бол мэдээгүй ухаан алдсан нэг ухаан ороход би машины урд хойд суудлын голд хавчуулагдсан байсан тэгээд нүүр сэрүүн оргиод байхаар нь гараараа нүүрээ арчаад хартал гар цус болчихсон, биеийн баруун хэсэг хөдлөхгүй хөндүүртэй байсан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 39-41-р хуудас/
Хохирогч Э.гийн өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цаг өнгөрч байхад би аав *******, ээж ******* нарын хамт сумын “”-ын тоотод байх ах ынхаар орчхоод “Боловсрол” хорооллоос юм авах гээд “Приус-41” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хойноос урагш чиглэлтэй явж байтал замын уулзвар хэсэг байсан, миний явж байсан замд төв замын тэмдэгтэй байсан тэгээд тухайн уулзвар руу зөөлөн ортол баруун гар талын туслах замаас замын цагаан машин маш хурдтай ирж яваа харагдсан тэгээд би тухайн машин яг мөргөх гээд ойртоод ирэхээр нь би тоормос гишгээд зүүн гар тал руугаа дартал тэр машин баруун гар талаас ирээд мөргөхөд миний толгой баруун гар хоёр янгинаад дүнгэнээд явчихсан тэгтэл дахиад түс гээд юм мөргөх шиг болоход би хэсэг ухаан алдсан. Тэгтэл аав намайг “миний охин сэрээрэй” гээд сэрээхэд нь хартал машины ослын дэр нь гарчихсан, машин дотор утаа болсон байдалтай байсан. Тэгээд би суудлын бүсээ тайлах гэж хэсэг удаад арай гэж бүсээ тайлаад хаалгаа нээх гэтэл хаалга гажаад нээгдэхгүй байсан тэгээд хаалгаа арай гэж нээсэн, тэгэхэд аав бас машинаасаа бууж харагдсан тэгээд аав машинаас хойшоо хэд алхаад ойчоод өгсөн тэгэхээр нь би аав руу очтол “гишгэж чадахгүй байна” гэсэн, тэгээд арын хаалгыг нээтэл ээж суудлын гол хэсэгт ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд түргэн рүү дуудлага өгөөд хэсэг хугацаа өнгөрсөн тэгтэл надтай мөргөлдсөн машинаас 4-5 залуучууд гарч ирчхээд туслахгүй зогсоцгоогоод байсан. Жолооч нь гэх шар үстэй залуу “та хараагүй юм уу, бид нар төв замаар явж байсан гээд байсан” тэгээд би тэр залуугаас “чи архи уусан юм уу гэсэн чинь “үгүй ээ” гэж байсан өөр зүйл бол яриагүй.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 45-47-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № дугаартай “...1. Ч.*******ийн биед баруун эгэм, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга зөрөөгүй, 9, 10-р хавирга зөрөөтэй хугарал тархи доргилт, гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 104-105-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №75 дугаартай “...1. Ц.*******ын биед зүүн тойгны ясны дунд хэсгээр бяцарсан, салсан зөрөөтэй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна ...” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 83-84-р хуудас/
2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, мөрдөгч албан тушаалд 4 дахь жилдээ ажиллаж байгаа И.Сосорын гаргасан “...Тоёота приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ганхуягийн ******* /ЛЗ04282117/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн:
1.3/ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
3.4.б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
15.9/ Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна…” гэх мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 148-151-р хуудас/
- Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55-57 дугаар хуудас/,
-2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 2-8-р хуудас/
- Шүүгдэгч Г.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 193 дүгээр хуудас /,
- Шүүгдэгч Г.*******ын “Иргэний үнэмлэхийн лавлагаа” /хх 195 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.*******ын Цагдаагийн Ерөнхий газраас гаргасан жолоочийн лавлагаа мэдээлэл /хх 196 дүгээр хуудас /,
- ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай албан тоот, хохирогч Э.гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх /хх 199-200 дугаар хуудас/,
- ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай албан тоот, хохирогч Ч.******* эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх /хх 201-202 дугаар хуудас/,
- ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай албан тоот, хохирогч Ц.*******ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх /хх 203-204 дугаар хуудас/,
Хохирогч Ц.*******, Ч.*******, Э. нарын хохирлын тооцоо, хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 210-250 х/
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /2-р хх-ийн 04 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед ******* аймгийн сумын ийн нутаг ""-ийн баруун талын 4-н замын уулзвар дээр “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.46. 15.9, 12.3 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.*******ын эрүүл мэндэд зүүн өвдөгний тойгны бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Ч.*******ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөмсгөнд язарсан шарх, зүүн талын 11 дүгээр хавирга, баруун 5-9 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал, баруун эгэмний хугарал, баруун далны цууралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч У.*******, Ч.*******, иргэний нэхэмжлэгч Э. нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч О., Г. нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Зам тээврийн ослын газарт 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн эрхий бүхий албан тушаалтны тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.*******, Ч.******* нарын эмчилгээ хийлгэсэн өвчний түүх, “Болор” үнэлгээ ХХК-ны эд хөрөнгийн үнэлгээ, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед ******* аймгийн сумын ийн нутаг “”-ын баруун талын 4-н замын уулзвар дээр “Приус-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4б, 15.9, 12.3 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугаартай “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.*******ын эрүүл мэндэд зүүн өвдөгний тойгны бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Ч.*******ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөмсгөнд язарсан шарх, зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга зөрөөгүй, 9, 10-р хавирга зөрөөтэй хугарал, баруун эгэмний хугарал, баруун далны цууралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******, Ч.******* нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд хохирол нэхэмжилсэн буюу 11,293,874 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч 13,500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч Г.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, амь нас хохирох зэрэг хохирол учруулснаар бүрдэл төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй, хоромхон зуурт эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол, хор уршиг учруулдаг нийгэмд аюултай гэмт үйлдэл, эс үйлдэхүй юм.
Иймд шүүгдэгч Г.******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох саналтай гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн гэм буруугийн талаар дүгнэлтдээ: Хохирогч нараас шүүгдэгчийнхээ өмнөөс уучлалт хүсэж байна. Эмчилгээгээ сайн хийлгээд хурдан эдгээрэй гээд, улсын яллагчийн зүгээс Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирогч нар хохирлын баримт гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсанаар зарим баримт ямар хохирол байгаа нь харагдахгүй арилсан байна. Цаашид ийм баримт байж болохгүй гэдгийг хэлье, шууд хохирол гэдэг нь хохирогч нарт тайлбарлаж хэлсэн. Хохирлын жагсаалтаас харахад шөлний хонь, мах зэрэг жагсаалтын 8 дугаарт байгаа, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал, машины үнэлгээнээс 5,510,000 төгрөг хасагдах ёстой. Эрүүл мэндийн даатгалын санд гарсан зардлыг төлнө гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг гэм буруугийн талаар дүгнэлтдээ: Хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тогтоогдсон. Ц.*******, Ч.******* нарт хүндэвтэр гэмтэл тогтоогдсон, Э.д хөнгөн гэмтэл тогтоогдсон, мөн эд хөрөнгийн хохирол тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27,1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан хохирлыг заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр нэмэлт шинжилгээ хийж Ч.*******ийн биед учирсан гэмтэл бодит бүрэн хэмжээгээр тогтоогдсон. Гэмтлийн улмаас хохирогч нарт гэмтэл учирч эмнэлгийн үйлчилгээ авсан. Улаанбаатар хотод эмчлүүлсэн. Эцэг эх нь хүний асрамжид орсон учир хүүхдүүд нь хол ойроос ирээд асарсан. Ч.*******, Ц.******* нар нь хүний асрамжид байгаа, цаашид эмчилгээ хийлгэх хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа Э. гэмтэл авч эмчлүүлж байсан. Г.******* нь замын хөдөлгөөний заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гарсан аль нэг талаас маргаагүй. Улсын яллагчийн дүгнэлтэд 11,293,874 төгрөгийн хохирол нэхэмжилсэн гэсэн байсан. Энэ дүнг хаанаас яаж гаргасан вэ? гэдгийг мэдэхгүй байна. Анх хохирогч нарын зүгээс гаргаж өгсөн нотлох баримтууд шаардлага хангаж байсан. НӨАТ-ийн баримтууд тодорхой хугацааны явцад арилдаг учир бид баримтуудыг тооцож тайлбар бичиж хэрэгт хавсаргасан. Ингээд тухайн баримтуудыг мөрдөн байцаагч хүлээн зөвшөөрсөн. Мөн прокурор хүлээн зөвшөөрсөн учир яллах дүгнэлтдээ тусгасан. Харин үнэлгээ яагаад ийм байгааг мэдэхгүй байна. Хохирлын 39 сая төгрөгөөс 13 сая төгрөгийг шүүх хуралдааны өмнө шүүгдэгч өгсөн. Одоо үлдэгдэл хохирлыг нэхэмжилж байгаа. Хуульд заасны дагуу бид учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Түүнчлэн Иргэний хуулийн 505.1 дүгээр зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол нэмэгдэл хоол тэжээл хиймэл эрхтэн, амралт сувиллын газар сувилуулах зэрэг нэмэлт зардлууд, болон эд хөрөнгийн хохирол учирсан бол эд хөрөнгийг сэргээх, хохирлыг мөнгөөр төлүүлэх зохицуулалт байгаа тул бид энэ үндэслэлийн дагуу 4 хуудас жагсаалт буюу 39,600,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Энэ гэмт хэргийг Г.******* үйлдээгүй байсан бол ийм хохирол гарахгүй байсан. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн тул түүний улмаас хохирол гарсан учир хохирлыг бүрэн хэмжээгээр төлүүлэхийг хүсэж байна. Э.д хөнгөн хохирол учирсан тул сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй. Харин бусад хохирогч нарт сэтгэл санааны хохирол учирсан тул сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. Үүнд аль аль нь маргахгүй байгаа. Г.******* нь дөнгөж сургууль соёлоо төгссөн хүүхэд байгаа учир бид арай зөөлчлөөд дээд хэмжээ нь 22,99 боловч 18 дахин буюу 11,800,080 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Ингээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нар учирсан хохирлыг тогтоож төлүүлж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2 Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэдэгт: Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулахыг ойлгоно.
1.2.2 Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэж заасан гэмтлийн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ч.*******ийн биед учирсан “баруун эгэм, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга зөрөөгүй, 9, 10-р хавирга зөрөөтэй хугарал тархи доргилт ”, хохирогч Ц.*******ын биед учирсан “зүүн тойгны ясны дунд хэсгээр бяцарсан, салсан зөрөөтэй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь дээрх журмын 2.3.1. “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарна.
Тодруулбал, шүүгдэгч Г.******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.*******, Ч.******* нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Г.*******ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1. Шүүгдэгч Г.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.1. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрийг хязгаарлах ял оногдуулж, 2 жилийн хугацаанд ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоолгох саналтай байна.
Хэрэгт хохирогч Э., Ч.*******, Ц.******* нар нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын нэгдсэн төвд үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд тэдний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 5,783,400 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, яллагдагч Г.******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй бөгөөд хохирогч нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд гарсан төлбөр болох 5,783,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч хохирогч нарт 13,500,000 төгрөгийг өгсөн. Хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэглэлээр тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин үржсэнтэй ижил тооцож, хохирогч Ч.*******, Ц.******* нарт нийт 17,160,000 төгрөгийг гаргуулах саналтай, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, энэ хэрэгт нэгтгэсэн ба тусгаарласан хэрэг байхгүй болно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх санал гаргаж байна” гэх дүгнэлтийг,
2.1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: Шүүгдэгч “Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс 2 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах талаар санал тавьж байна. Шүүгдэгч эрхэлсэн ажилгүй аав ээж хоёртойгоо амьдардаг, сая хоёр сарын хугацаанд Улаанбаатарт ажил хийж байгаад хохирогч нарын хохирлоос барагдуулсан, зорчих эрх хязгаарлах ял нь ямар ч ажил хийх боломжгүй болно. Ялын сонголт байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү, ингээд ажлаа хийж дууссаны дараа хохирогч нарын төлбөрийг төлүүлэх байр суурьтай байна” гэх дүгнэлтийг,
2.1.3 Хохирогч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг: “Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэл оногдуулна уу? хохирогч нарын хохирлыг төлөх боломжоор хангаж буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналтай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.1.4. Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх”-ийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
1. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба харин мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр тус тус зохицуулжээ.
2. Шүүх хуралдаанд хохирогч Ц.*******, Ч.******* болон түүний өмгөөлөгчөөс “хэрэгт баримтаар авагдсан 39,638,028 төгрөг, мөн сэтгэл санааны хохирлыг хуульд заасан дүнгээр нэхэмжилнэ” гэжээ.
3. Шүүгдэгч Г.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.*******, Ч.******* эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Э.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, эмчилгээтэй холбоотой шууд болон бусад зардлууд гарсан нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.
Үүнд: 3.1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.
Хохирогч Ц.*******, Ч.*******, Э. нар нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд ******* аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж, эмнэлгийн үйлчилгээ авч, үүний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас Ц.*******ад 3,094,450 төгрөгийг, Ч.*******эд 594,500 төгрөгийг, Э.д 2,094,450 төгрөгийг тус тус зарцуулсан болох нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан , , дугаартай албан бичгүүд, ЭМДЕГ-Цахим баримтаар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.*******аас 5,783,400 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
3.2. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн , дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заасныг үндэслэн хохирогч Ц.*******, Ч.******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тус бүрийг нь “гуравдугаар зэрэглэл” буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтооно” гэснийг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 мянган төгрөгөөр тогтоожээ.
Энэ гэмт хэрэг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн тул тухайн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 13 660,000х13дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000х2=17,160,000 төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулж, хохирогч Ц.*******, Ч.******* тус бүрт олгохоор шийдвэрлэлээ.
3.3. Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.*******, Ч.******* нарын эмчилгээний төлбөрт 13,000,000 төгрөг төлсөн болох нь “Төрийн” банкны харилцах дансны хуулгаар хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар нь 132 ширхэг баримтаар 39,638,028 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд үүнд хохирогч нарын эмчилгээний зардал болон, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, автомашины төлбөр 22,700,000 төгрөг зэрэг багтжээ.
Хохирогч Ц.*******, Ч.******* нар нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, харилцан тохиролцож өмгөөллийн хөлс төлсөн хийгээд энэ нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул түүний нэхэмжилж буй өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөгийг,
мөн Б.Жанцонхорлоогийн эзэмшлийн “” маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Болор” үнэлгээ ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр “12,190,000 төгрөгийн хохирол учирсан” гэж тогтоосон бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Жанцанхорлоо шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байх ба тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан үнэ 22,700,000 төгрөг нэхэмжилснийг хуульд заасан гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад 132 ширхэг баримтаар 39,638,028 төгрөгийн баримт гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагаас Г.*******ын төлсөн 13,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг тээврийн хэрэгслийг худалдан авсан үнэ 22,700,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 938,028 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт,
иргэний нэхэмжлэгч Б.Жанцанхорлоогийн “... тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гарах гомдол, санал, нэхэмжлэлийг манай эхнэр гаргана, надад бол нэхэмжлэх зүйл байхгүй” /ХХ-ийн 51 дугаар хуудас/ шүүгдэгч Г.*******аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 12,190,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.д олгохоор шийдвэрлэв.
Хохирогч болон тэдний өмгөөлөгч нар нь энэ шүүх хуралдаанаар хангагдаагүй буюу нотлох баримт дутуу нэхэмжлэл мөн тухайн гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах хохирол, хор уршиг, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон болно.
4. Бусад асуудлаар:
4.1. Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
4.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.*******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ганхуяг *******ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Г.******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.*******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.*******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас хохирогч Ц.*******, Ч.******* нарын эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн 39,638,028 төгрөгөөс түүний төлсөн 13,000,000 төгрөгийг хасаж, өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, автомашины төлбөр 22,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 938,028 (есөн зуун гучин найм мянга хорин найман)төгрөгийг, хохирогч Ц.*******, Ч.******* нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,580,000х2=17,160,000 (арван долоон сая нэг зуун жаран мянга) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.*******, Ч.******* нарт олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 12,190,000 (арван хоёр сая нэг зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг тоотод оршин суух, Нартбөө овогт *******ын /РД:/-д олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас 5,783,400 (таван сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуу ) төгрөгийг гаргуулж, ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
9. Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Хохирогч Ц.*******, Ч.******* нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ