| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03329/И |
| Дугаар | 183/ШШ2021/02518 |
| Огноо | 2021-11-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2021/02518
2021 оны 11 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2021/02518 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... хороо, .... байрны ... тоотод оршин суух, Б овогт Б.М /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, М овогт Б.Э /РД:.../-д холбогдох,
гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Э түүний өмгөөлөгч Б.З, нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Этэй 2008 онд гэр бүл болж улмаар 2008.03.23-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулан, бидний дундаас 2008.04.28-ны өдөр охин Э.М, 2010.12.08-ны өдөр охин Э.М нар тус тус төрж, одоо эрүүл бойжиж байна. Амьдралын явц дунд бидний хооронд үл ойлголцол, таарамжгүй байдал үүсч 2016 оноос тус тусдаа амьдарч байгаа төдийгүй хэн алин маань гэр бүл зохиосон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Э.М Ерөнхий боловсролын дунд сургуулийн ... анги, охин Э.М Ерөнхий боловсролын дунд сургуулийн ... ангид тус тус суралцаж байгаа бөгөөд миний бие хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Хүүхдүүд маань одоо миний гар дээр өсч, хүмүүжиж байгаа. Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч “Эвлэрүүлэн зуучлал” амжилтгүй болсон.Иймд Б.Эөөс гэрлэлт цуцалж 2008.04.28-ны өдөр охин Э.М, 2010.12.08-ны өдөр охин Э.М нарыг нэхэмжлэгч Б.М миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: “Бид хоёр 2016 онд салахад хүүхдүүд маань надтай хамт байсан. 2019 оноос хойш Б.Мтэй хамт амьдарч байгаа. 2 хүүхдийнхээ ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтийг хүндэтгээд хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид өгөхөд татгалзахгүй. Мөн гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.М, Б.Э нар нь 2006 онд танилцаад 2008 онд гэрлэлтээ батлуулсан. 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон. Энэ үед хүүхдүүд нь аавынхаа асрамжид үлдсэн. 2019 оноос хойш эхийнх нь асрамжид өгсөн. Б.Э нь эцгийн үүргээ биелүүлж 7 хоног бүр уулзаж, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг. Манай үйлчлүүлэгч 2 охиныхоо ээжтэй хамт байя гэсэн саналыг хүндэтгээд 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Б.Мийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Б.М гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг Б.Эөд холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.
Хэргийн баримтаас үзэхэд гэрлэгчид 2007.01.29-ний өдөр гэр бүл болсныг 2008.03.12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн .... дугаарт бүртгүүлсэнээр хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2008.04.28-ны өдөр охин Э.М, 2010.12.08-ны өдөр охин Э.М нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, .... дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021.10.14-ний өдрийн 347 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэлээс үзэхэд уригдсан тал Б.Э эвлэрүүлэн зуучлалаас татгалзаж гэрлэлтийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх, гэрлэлт цуцлахыг хариуцагч зөвшөөрсөн байх тул Б.М, Б.Э нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.
Гэрлэгчдийн тусдаа амьдарснаас хойш охин Э.М, Э.М нар эх Б.Мийн асрамжид нь байгаа, хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй байх тул 2008.04.28-ны өдөр охин Э.М, 2010.12.08-ны өдөр охин Э.М нарыг эх Б.Мийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн тул нэхэмжлэгчийг оролцуулалгүй нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.М, Б.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008.04.28-ны өдөр төрсөн охин Э.М, 2010.12.08-ны өдөр төрсөн охин Э.М нарыг эх Б.Мийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг тус тус дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эөөс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ