Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2018/00115

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00535 дугаар шийдвэртэй, “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч Эрүүл мэндийн газрын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагч Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нараас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнэ 15,116.750.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас зарласан тендер шалгаруулалтад "Л" ХХК нь оролцон шалгарч 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газартай оношлуур худалдан авах гэрээ байгуулан ажилласан. Манай компани гэрээний дагуу 36,265.880.00 төгрөгт оношлуур нийлүүлэх байсан ч захиалагч байгууллагын захиалгын дагуу 2017 онд нийт 26,425.955.00 төгрөгийн үнэ бүхий гепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг нийлүүлсэн. 

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс дээрх оношлуурын үнэд нийт 11,309.205.00 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэл 15,116.750.00 төгрөг дутуу байна. Иймд оношлуур худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,116.750.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Эрүүл мэндийн газрын тайлбарт: “Аймгийн Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн дагуу аймгийн хэмжээнд явагдах гепатит вирусийн халдварын илрүүлэг хийх ажлыг зохион байгуулж шаардагдах оношлуур худалдан авах гэрээг баталгаажуулсан. Гэрээнд захиалагч талыг төлөөлж Нэгдсэн эмнэлгийн дарга Т.С гарын үсэг зурсан. Гэрээний дагуу нийлүүлсэн оношлуурыг Нэгдсэн эмнэлэг хүлээн авч хөдөө сумдын эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Эрүүл мэндийн газрын зүгээс оношлуур хуваарилах жагсаалтыг гаргаж Нэгдсэн эмнэлэгт хүргүүлэх, илрүүлэг шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, энэ чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сумдын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан ба Нэгдсэн эмнэлэг, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдийн уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж энэ маргаан үүссэн. Талуудын хүлээх эрх, үүргийг “Хамтран ажиллах гэрээ”-д тодорхой заасан учир нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 15,116.750.00 төгрөгийг буруутай талууд хариуцах бөгөөд нийт төлбөрийн 640,000.00 төгрөгийг Баяннуур, 970,000.00 төгрөгийг Бугат, 1,282.500.00 төгрөгийг Булган, 620,000.00 төгрөгийг Буянт, 250,000.00 төгрөгийг Сагсай, 80,000.00 төгрөгийг Толбо, 1,495.000.00 төгрөгийг Улаанхус, 920,000.00 төгрөгийг Дэлүүн, 1,060.000.00 төгрөгийг Ногооннуур, 1,792.500.00 төгрөгийг Цэнгэл сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүд, 5,999.250.00 төгрөгийг Нэгдсэн эмнэлэг хариуцан төлөх ёстой. Нөгөө талаар “Л” ХХК нь гэрээний 4-т зааснаар нийлүүлэгч нь 1 багцад 6 нэр төрлийн барааг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй хугацаа алдсан. Энэ талаар тухайн үед тус компанийн холбогдох мэргэжилтэнд мэдэгдэж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Эрүүл мэндийн газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Нэгдсэн эмнэлгийн тайлбарт: “Хэрэгт цугларсан нотлох баримт болох №1 тоот "Оношлуур худалдан авах гэрээ"-ээс үзэхэд "Л" ХХК болон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх, үүрэг үүссэн учраас хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь "Оношлуур худалдан авах гэрээ"-ний нэг тал биш. Тус гэрээгээр "Л" ХХК нь 1 багцад 6 нэр төрлийн барааг 2017 оны 5 дугаар сарын 26-аас 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөх байсан боловч нэхэмжлэгч "Л" ХХК-аас гэрээнд заасан үүргээ зөрчсөн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн "... манай компани гэрээний дагуу 36265880 төгрөгийн үнэнд оношлуур нийлүүлэх байсан ч захиалагч байгууллагын захиалгын дагуу 2017 онд нийт 26425955 төгрөгийн үнэ бүхий гепатит  В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг нийлүүлсэн болно" гэснээр нотлогдож байна. Нэхэмжлэгч "Л" ХХК нь нийлүүлж буй бараагаа хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй. Хариуцагч Эрүүл мэндийн газар гэрээний захиалагч болохын хувьд 26425955 төгрөгийн үнэ бүхий гепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг хүлээж авах үүрэг хүлээсэн, эдгээр барааг Эрүүл мэндийн газар хүлээж авсны дараа нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг хүлээж авах учиртай. Үүнийг хариуцагч Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Н.М гэрчилнэ. 

Нэгдсэн эмнэлэг "Хамтран ажиллах гэрээ"-ний талууд болон оролцож байгаа нь үнэн боловч уг гэрээний дагуу гепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг хүлээж аваагүй, мөн хэн нэгэнд хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч Нэгдсэн эмнэлэг нь "Хамтран ажиллах гэрээ"-ний 4.5-д заасан ажил үүргийг л хариуцаж байгаа болно. Хариуцагч Нэгдсэн эмнэлэг 11309205 төгрөгийн үнэ бүхий оношлуурыг хариуцагч Эрүүл мэндийн газраас хүлээн авсан гэж үзэж байгаа ба холбогдох төлбөр тооцоог Эрүүл мэндийн газартай хийх ёстой байсан боловч нэхэмжлэгч "Л" ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Хэрэв цаашид сумын Эрүүл мэндийн төвөөс "Хамтран ажиллах гэрээ"-ний 4.5-д заасны дагуу нэрсийн жагсаалттай холбогдох төлбөрийн нэхэмжлэлийг аймгийн Нийгмийн даатгалд хүргүүлж, санхүүжилт орж ирсэн тохиолдолд нэхэмжлэгч "Л" ХХК-нд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс оношлуур худалдан авах гэрээний санал гаргаж байгаагүй, оношлуур худалдан авах гэрээг бие даан нэхэмжлэгч "Л" ХХК-тай байгуулж байгаагүй буюу оношлуур худалдан авах гэрээний тал биш, Нэгдсэн эмнэлэгт төлбөр төлөх үүрэг үүсээгүй тул Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00535 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас оношлуур худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15116750 /арван таван сая нэг зуун арван зургаан мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-нд олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

Хариуцагч Эрүүл мэндийн газрын давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасан хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх заалтуудыг зөрчиж зөвхөн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн оношлуур худалдан авах тухай 01 дугаартай гэрээний хүрээнд шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.  

1. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн оношлуур худалдан авах тухай 01 дугаартай гэрээний 2 дахь заалтаас харахад  гэрээ зөвхөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, “Л” ХХК-ийн хооронд байгуулагдсан мэтээр дүгнэж Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

2. Энэхүү маргаан нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүссэн бөгөөд тус эмнэлгээс “Л” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 201, 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 48, 04 дүгээр сарын 05-ны өдрийн 169 дугаартай албан бичгүүдээр хариу хүргүүлэхдээ энэ талаар хүлээн зөвшөөрсөн байдаг.Эдгээр албан бичгүүд нь хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

3. Даатгуулагчийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан А/94/А/193 дугаар тушаалуудаар баталсан бөгөөд Эрүүл мэндийн газрын зүгээс тус журмыг үндэслэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан.Тус гэрээнд талуудын хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн.Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн газраас гаргаж өгсөн эдгээр гэрээнүүдийг нотлох баримтаар үнэлээгүй.

4. “Л” ХХК-ийн бэлтгэн нийлүүлсэн 26.425.955 төгрөгийн үнэ бүхий оношлуур нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээр дамжиж аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд тараагдсан байдаг. Үүнийг Нэгдсэн эмнэлгийн зүгээс үгүйсгээгүй бөгөөд хамтран ажиллах гэрээний 4 дэх хэсгийн 4.5-д “Элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан даатгуулагчийн нэрсийн жагсаалт, төлбөрийн нэхэмжлэлийг харилцагч нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэн санхүүжилтийг гүйцэтгэлээр хүлээн авах” үүргийг хүлээсэн. Тус эмнэлэг нь энэ үүргээ биелүүлээгүйгээс энэ маргаан үүссэн ба нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг зөв тодорхойлж Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийг хариуцагчаар татан оролцуулсан байхад анхан шатны шүүх ямар ч хамааралгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулж оношлуурын үнэ 15,116.750.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “гэрээг баталгаажуулсан, гэрээнд захиалагч талыг төлөөлж Нэгдсэн эмнэлгийн дарга гарын үсэг зурсан, төлбөрийг сумдын болон аймгийн Нэгдсэн эмнэлэг хариуцан төлөх ёстой” гэж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч болон хариуцагч Эрүүл мэндийн газрын хооронд оношлуур худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Нэгдсэн эмнэлэг нь гэрээний нэг тал биш учраас Эрүүл мэндийн газрын “Л” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг хариуцахгүй” гэж тус тус хариу тайлбар гаргаж маргасан байна.

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн оношлуур худалдан авах гэрээнээс үзвэл, гэрээний удиртгал хэсэгт гэрээг “Захиалагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А” баталж гарын үсэг зурсан, гэрээнд “Нэг талаас [ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР] (цаашид “захиалагч” гэх)” гэж бичсэн, түүнчлэн гэрээний 2 дугаар заалтад “Захиалагч нь [Нэгдсэн эмнэлэг] ... бараа нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв.” гэж, гэрээний эцэст “Захиалагчийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.С” гарын үсэг зурсан зэргээс үүдэлтэйгээр хариуцагч нар “Л” ХХК-тай Эрүүл мэндийн газар, эсхүл аймгийн Нэгдсэн эмнэлгийн аль нь гэрээ байгуулсан талаар маргажээ. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч нарын аль алинаас нь шаардсан байна.

 

1. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-т хуульчилснаар талуудын  хооронд байгуулагдсан гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Хэрэгт авагдсан оношлуур худалдан авах гэрээнд “Захиалагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар”, “Нэг талаас [ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР] (цаашид “захиалагч” гэх)”, “Захиалагч нь [Нэгдсэн эмнэлэг]”, “Захиалагчийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга” гэж тусгагдсанаас үзвэл, “захиалагч” гэх үгийн шууд утгыг үндэслэн гэрээний нэг талыг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн аль нэг нь, эсхүл хоёулаа хамтран үүрэг хүлээсэн гэж тодорхойлоход эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2.-т зааснаар гэрээний уг нөхцөлийн агуулгыг гэрээний бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.  

 

2. Гэрээнд “захиалагч” гэж тодорхойлсон гэрээний нэг талын хүлээх үүргийн талаар “3.Захиалагч нь барааны нийлүүлэлтийн 36,265.88.00 төгрөгийг төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.”, “7. Захиалагч нь ... гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна.” гэж заасан. Үүнээс үзвэл, “захиалагч” нь нийлүүлэгчээс шилжүүлсэн барааны үнийг зохих журмаар төлөх үүргийг хүлээсэн ба гэрээний маргаантай нөхцөл болох “захиалагч”-ийг Эрүүл мэндийн газар, эсхүл Нэгдсэн эмнэлгийн аль нь болох талаар “гэрээний бусад нөхцөлүүдтэй” харьцуулж тодорхойлох боломжгүй байна. Иймд гэрээнд заасан “захиалагч” буюу үүрэг гүйцэтгэгчийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг “гэрээний ерөнхий агуулгатай” харьцуулан тодорхойлох шаардлагатай гэж үзэв.

 

3. Гэрээ байгуулагдах болсон үндэслэлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтаас судлан үзвэл, аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан тендер шалгаруулалтын дүнд гэрээг “Л” ХХК-тай байгуулсан нь зохигчийн тайлбараар тогтоогджээ. Гэвч тендер зохион байгуулсан этгээдийг гэрээний нэг тал гэж шууд тодорхойлох хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна.

Харин оношлуур худалдан авах гэрээ байгуулагдах үндэслэл болсон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр “Журам батлах тухай” тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/94, А/193 дугаар тушаал зэргийг гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан үнэлж, тус гэрээний талуудыг тодорхойлох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/94, А/193 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Даатгуулагчийн элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам”-ын 1.5.-д “Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв /цаашид “Эрүүл мэндийн байгууллага” гэнэ/ ...” гэж, 1.6.-д “Элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд ашиглах түргэвчилсэн оношлуур, ... ханган нийлүүлэх, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна.” гэж, 2.3.-т “Эрүүл мэндийн байгууллага нь ... худалдан авах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, ханган нийлүүлэгч байгууллагатай гэрээг байгуулна.” гэж, 2.5.-д “Эрүүл мэндийн байгууллага нь элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан даатгуулагчийн нэрсийн жагсаалт, зардлын нэхэмжлэлийн хамт харилцагч нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэн, санхүүжилтийг гүйцэтгэлээр нэмэлт санхүүжилтийн дансанд хүлээн авч зарцуулна.” гэж заасныг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай оношлуур худалдан авах гэрээний агуулгатай харьцуулан дүгнэвэл, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон нэхэмжлэгч “Л” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар оношлуур худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Гэрээний 3-т “Захиалагч нь барааны нийлүүлэлтийн 36,265.88.00 төгрөгийг төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.” гэж, 7-д “Захиалагч нь гэрээний дагуу ... гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна.” гэж заасныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/94, А/193 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын дээрх заалтуудтай харьцуулан, худалдан авагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь худалдагч “Л” ХХК-д хэлэлцэн тохирсон оношлуурын үнийг зохих журмын дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 201, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 48, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 169 дүгээр албан бичгүүд, нэхэмжлэгч компанийн харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн элэгний В, С вирусийг илрүүлэх оношлуурын тооцооны хүснэгт /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/94, А/193 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 2.7.-д заасан/ зэргээс дүгнэвэл, хариуцагч Нэгдсэн эмнэлэг нь “Л” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээ болон холбогдох журамд зааснаар биелүүлж, урьд нь оношлуурын үнийг төлж байсан, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нэхэмжлэлд зааснаар 15,116.750.00 төгрөг болох нь тогтоогдсон ба нэхэмжлэлийн үнийн талаар талууд маргаагүй байна.

 

“Л” ХХК болон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хооронд ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг үүсээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Түүнчлэн шүүх хариуцагч Нэгдсэн эмнэлэгт холбогдох “хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд нийцээгүй.  

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчсөн байх тул дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримталж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу оношлуурын үнээс төлөгдөөгүй үлдсэн 15,116.750.00 төгрөгийг гаргуулан “Л” ХХК-д олгож, харин “Л” ХХК болон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа. Хариуцагч Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Эрүүл мэндийн газар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл эх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00535 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 15,116.750.00 /арван таван сая нэг зуун арван зургаан мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Л” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс” гэснийг “хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Эрүүл мэндийн газар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК