| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 108/2020/0082/Э |
| Дугаар | 1036 |
| Огноо | 2020-08-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 1036
2020 8 18 2020/ДШМ/1036
Л.Цт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Л.Ц,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Цийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2007000560059 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
;
Л.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайжийн 11-33 тоотод хамтран амьдрагч Б.Баянмөнхтэй маргалдаж, улмаар зэвсэг болох хутгаар баруун гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас:
Л.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Л.Цийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Л.Цт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цт оногдуулсан 6 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цээс 2231846 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Баянмөнхөд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 125093 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Б.Баянмөнх нь 1670500 төгрөгийн шаардлагын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 98 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлсэн. Өөрийн санамсар болгоомжгүй буруу үйлдлээсээ болж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их гэмшиж, харамсаж гэм буруугаа ухамсарлан ойлгож байна.
Мөн хохирогч болон түүний ар гэрээс нь албан ёсоор уучлалт гуйн, учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулна гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлье.
Би хохирогч Баянмөнхтэй анх танилцсан өдрөөсөөө эхлэн бүхий л цаг хугацааны турш бие биедээ маш их хайртай болж, хамтдаа амьдарч байсан. Бидний хамтдаа эхлүүлсэн амьдрал маань эвтэй найртай сайхан байсан ба хоорондоо ам мурийж маргаж байсан тохиолдол байхгүй билээ. Энэхүү хэрэг гарсан тэр өдрийг буцааж болдогсон бол буцаах юмсан гэж би өдөр бүр үнэн сэтгэлээсээ харамсаж, маш их гэмшиж байна.
Л.Ц би 3 настай охин ,8 настай хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд одоо тэд маань настай ээж, аав маань асрамжинд байгаа. Өндөр настай аав, ээж ар гэрийнхэндээ хүртэл чирэгдэл учруулан тэднийгээ сэтгэлийн зовлонд унагасандаа маш их харамсан сэтгэл минь шимширч байна.
Нэг хүний буруутай үйлдлийн ард хичнээн хүн сэтгэлийн зовлон эдэлж, хичнээн хүүхдүүд өнчирч ямар их уршиг тарьдаг гэдгийг өргөст торны цаана хоригдон, эрх чөлөөгөө хасуулан өөрийн биеэр мэдэрч сууна.
Эх орон, ээж аав, хайртай хүүхдүүд, хохирогч та бүхнийхээ өмнө буруутай үйлдэл гаргасандаа чин сэтгэлээсээ хичээнгүйлэн дахин дахин уучлалт гуйж байна.
Эрхэм хүндэт шүүгчид, прокурор та бүхэн надад ганцхан удаа итгэл үзүүлж хүнлэг, энэрэнгүй хандан анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээсэн, өрх толгойлсон, бага насны хүүхдүүдтэй, хохирол төлбөрөө барагдуулж байгаа гэдгийг маань харгалзан үзэж, сайн ээж байх боломжийг олгон, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү хэмээн чин сэтгээлээсээ хичээнгүйлэн гуйж байна.
...Л.Ц миний бие анх мэдүүлэг өгөхдөө айж, цочирдсоны улмаас бодит байдлыг үнэн зөвөөр илэрхийлж чадаагүй тул энэ асуудалд нухацтай хандаж, тухайн үеийн үйлдлийг үнэн зөвөөр тодорхойлуулахын тулд гомдол бичиж байна.
1. Хохирогчийн мэдүүлэг зөрдөг.
2. Шүүхийн шинжилгээний дүгнэлтийн ... дээрх цус хаанаас гарсан болохыг зөв тодорхойлох. Яагаад гэвэл би шархдаагүй, зүсэгдээгүй байсан. Хохирогч гэх Баянмөнх нь 2-р бүлгийн цустай тул би дахин цусны бүлгээ тодорхойлуулах хүсэлтэй байна.
3. Гэрч нарын мэдүүлэг үнэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Учир нь, хэрэг гарах үед бид хоёр хоёулаа байсан. Гэрчүүд гэх хүмүүс хэрэг гарах үед байгаагүй болно. Иймд хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4. Нотлох баримт дутуу хийгдсэн, зөвхөн хохирогч, гэрч гэх хүмүүсийн мэдүүлгээр үндэслэн ял оногдуулсан. Дахин шинжээч томилуулж, хутга орсон градус өнцгийг тодорхойлох, хохирогч Баянмөнхийн үнэн зөв ярьж байгаа эсэхийг шалган тестэд оруулж, гэрч нарыг байлцуулах хүсэлтэй байна.
Иймд гомдол бичих болсон шалтгаан, үндэслэл нь:
Б.Баянмөнх нь эрүүл саруул байсан бөгөөд хөл дээрээ удаан зогсож чадахгүй байгаа надад хутгалуулсан гэх нь эргэлзээтэй байна.
Би хутга мэснээс айдаг бөгөөд хутга барьж хүн рүү далайх нь миний хувьд байж боломгүй санагдах юм. Хэрэг гарах үед Баянмөнх намайг явна гэхэд явуулахгүй гэж айлгах санаатай өөрийгөө гэмтээсэн байж болзошгүй гэж санагддаг юм.
Учир нь, Баянмөнх нь намайг өөрөөсөө сална гэхэд үхнэ, амиа хорлоно гэх зэргээр их бага хэмжээгээр айлган сүрдүүлдэг байсан. Үүнд нь, би нэг их ач холбогдол өгч байгаагүй юм.
Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Цт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ц хэргийн хохирол төлбөрийг төлж барагдуулна, хувийн байдал болон 3 настай охин, 8 настай хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг. Одоо тэд маань эцэг, эхийн минь асрамжид байгаа. Энэхүү нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, 6 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Л.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайжийн 11-33 тоотод хамтран амьдрагч Б.Баянмөнхтэй маргалдаж, улмаар зэвсэг болох хутгаар баруун гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Баянмөнхийн “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...Цийг ирж байгаа байх гээд залгахад найз Наранцэцэгийн гэрт согтуу бололтой, гэртээ ирж чадахгүй байх шиг болохоор нь Ганхөлөгийн машинтай Цийг авчирсан. Ц жаахан агсан тавих шинжтэй маргаж муудахад би гэрийн зүүн талд ширээ зуух 2-ын дунд зогсчихсон, Ц ширээний баруун талд урдаа түмпэнтэй мах тавьсан хутгаараа огтолж идэж байхдаа шууд гуя руу хатгачихсан. Тэр үед би мэдээд хойшоо болоход гуя руу орчихсон. ...” /хх 13-19/,
гэрч Б.Батбуянгийн “...унтах гээд хэвтэж байтал гэнэт гэрийн хаалга нүдсэн, онгойлготол ахын найз охин болох Ц нь “Ах чинь цус алдаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү нь яваад ортол гэрийн зүүн талд зуухны өмнө газар нэл цус болчихсон цус алдаад ах маань хэвтэж байсан. Тэгээд яасан, юу болсон талаар асуугаад дээш нь татахад өмдөө хагас шувталсан байдалтай байсан. Намайг татах үед баруун талны гуяны дотор хэсгээс цус олгойдоод гарч эхэлсэн. Тухайн үед цусыг нь гараараа дараад түргэн дуудсан юм. ...түргэн ирээд явсны дараа манай эхнэрт Ц нь “Би хутгалчихлаа” гэж хэлсэн гэсэн. ...” /хх 27/,
гэрч Л.Батцэцэгийн “...дүү Баянмөнхийн гэрт явж ороход манай дүү Батбуян баруун хөлийнх нь цавь орчимд цус гарч байгаа хэсэгт нь гараараа дарчихсан, гараа авахад цус олгойдохоор байдалтай байсан. Би өөрөө сувилагч болохоор гүрээний судсан дээр нь дарахад сулхан цохилж, пульс нь захад мэдэгдэхгүй байсан. Түргэн ирээд эмнэлэг рүү авч явахад Баянмөнх маш хүнд байдалтай явсан. Тэр шөнөдөө Улаанбаатар хот, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж очиход судасны МК1 шинжилгээ хийлгэхгүй бол судас нь тасарсан хагалгаанд орох шаардлагатай гээд тэндээсээ 2-р эмнэлэг түргэнээр очиход энэ шинжилгээг хийх боломжгүй гэхээр нь Интермед хувийн эмнэлэгт очиж шинжилгээ хийлгээд 3-р эмнэлэг дээр очиж хагалгаанд орсон. Эмч нь хэлэхдээ артерын 2 судас, венийн 2 судас тасарсан, шөрмөс тасарсан, дагалдах жижиг судаснууд мөн тасарсан гэж хэлсэн. Хагалгаа маш хүнд явагдаж зүрх зогсох аюултай, амь насаа алдаж болзошгүй байсан. Шөрмөс тасарсан тул цаашдаа баруун хөл мэдээ орохгүй гэсэн. Баянмөнх Улаанбаатар хот руу түргэнээр явж байхдаа Ц намайг зогсож байхад хутгалчихлаа гэж хэлсэн. Гэрт нь очиход Ц би санаандгүй хутгалчихлаа, ийм юм болно гэж бодоогүй гэж хэлсэн. ...” /хх 31/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн “Б.Баянмөнхийн биед баруун гуяны гүний артери, венийн судас, мэдрэлийн судлуудын бүрэн тасрал, баруун гуяны гүний артери ба венийн судсыг залгах, нөхөн сэргээх мэс заслын дараах байдал /ШУГТЭ 2020.01.28/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх 08 шэ/97 дугаартай /хх 47/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх 30 см урттай, шар эрээн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр 0(1) бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэх 924 дугаартай /хх 51/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Баянмөнхийн өмсөж байсан гэх хар өнгийн зузаан өмдөн дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр А (II) бүлгийн харьяалалтай хүний цус байна.” /хх 54/ гэх 977 дугаартай дүгнэлтүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/ зэрэг мөрдөн шалгах ажиллаагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч Л.Цийн хохирогч Б.Баянмөнхийн гуянд хутгаар хутгалж, түүний эрүүл мэндэд “...баруун гуяны гүний артери, венийн судас, мэдрэлийн судлуудын бүрэн тасрал...” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...зэвсэг ... хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг зөв зүйлчилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Л.Цт холбогдох эрүүгийн 2007000560059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Цт 6 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь Л.Цийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.
Хэргийн газраас хураан авсан /хх 9/ хутган дээрээс цус илэрсэн, илэрсэн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон /хх 50/, хохирогч Б.Баянмөнх А/II/ бүлгийн цустай /хх 107, 108/ байгаа ч шинжээч “...зарим тохиолдолд хэргийн газрын үзлэгээр хураан авч ирүүлсэн эд материал, түүн дээрх бохирдлоос шалтгаалан шинжилгээний хариу урвалд хуурамч наалдах урвал явагдаж болдог. Ийм зүйлээс шалтгаалан бүлгийн харьяалал зөрөх тохиолдол байдаг. Шинжилгээнд ирүүлсэн хутга нь ажлын хэсэгтээ бүхэлдээ өөх тос мэт зүйлийн бохирдолтой байсан бөгөөд дүгнэлтэд энэ тухай тусгасан. Уг өөх тос нь цусны бүлэг тодорхойлох эсрэг биеийн урвалд нөлөөлж хуурамч наалдац үүсгэн хариуг буруу гаргасан байх боломжтой. Цус нь өөх тостой холилдвол цусны бүтэц, шинж чанарыг шууд өөрчлөхгүй боловч харилцан урвалд оролцож бүлгийн харьяаллыг өөрчлөхөд нөлөөлж болно. ...” /хх 60-61/ гэж хутган дээрх өөх тосноос шалтгаантайгаар хуурамч наалдац өгч хутган дээрхи хүний цусны бүлэг өөр байж болохыг мэдүүлжээ.
Мөн хутганы ажлын хэсэг нь нилдээ өөх тостой байсан болох нь тус шинжээчийн дүгнэлтийн “...үзлэг: Ажлын хэсэг нь 17 см, шар эрээн өнгийн иштэй 30 см урттай хутга нь нилдээ цайвар саарал өнгийн өөх тос мэт зүйлийн бохирдолтой, ажлын хэсэг дээр улаан хүрэн өнгийн толботой байв. ...” /хх 50/ гэснээр өөх тостой байсан болох нь хохирогч Б.Баянмөнхийн “...Ц ширээний баруун талд урдаа түмпэнтэй мах тавьсан хутгаараа огтолж идэж байхдаа шууд гуя руу хатгачихсан. ...” /хх 15/ гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Ц нь П.Гансайхантай гэрлэсэн талаарх гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 122/, Л.Цийн 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 3 настай охин болох Гансайханы Сондорын төрсөний гэрчилгээний хуулбар /хх 124/, гэрч Л.Туяацэцэгийн “...Нөхөр, хүүхэд нь Хайлаастад амьдарч байгаа. ...гэрлэлтийн баталгаатай, албан ёсоор салсан зүйл байхгүй...” /хх 8-9/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Л.Цийн 3 настай охин Гансайханы Сондор нь эцэг П.Гансайханы асрамжинд байдаг болох нь тогтоогдож байна.
Харин түүний давж заалдах гомдолд дурдсан 8 настай хүүхдийн талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг жич шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Л.Цийн “...хутган дээрээс өөр бүлгийн цус илэрсэн, би хутга барихаас айдаг, хэргийг би үйлдсэн нь эргэлзээтэй, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ