Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 10

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч П.Элдэв-Очир нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их хуурай овогт Пүрэвийн Элдэв-Очирт холбогдох эрүүгийн 201713010013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 06-нд Хөвсгөл аймгийн Жаргал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, РЕ97100634 регистрийн дугаартай, Их хуурай овогт Пүрэвийн Элдэв-Очир,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Элдэв-Очир нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 07-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт дэвсгэрт байрлах иргэн Д.Пүрэврагчаагийн эзэмшлийн Баянзүрх нэртэй дэлгүүрийн цонхыг хагалан нэвтрэн орж, 5 ширхэг гар утас, 15000 төгрөг зэргийг хулгайлж, 1135000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Элдэв-Очир нь шунахайн сэдэлтээр 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 07-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт дэвсгэрт байрлах иргэн Д.Пүрэврагчаагийн эзэмшлийн Баянзүрх нэртэй дэлгүүрийн цонхыг хагалан орж, 140000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung vega маркийн гар утас 1 ширхэг, 360000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S5 маркийн гар утас 1 ширхэг, 200000 төгрөгийн үнэлгээ бүхий LG маркийн гар утас 1 ширхэг,150000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S2 маркийн гар утас 1 ширхэг, 70000 төгрөгийн үнэлгээ бүхий L450 маркийн гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө 15000 төгрөг зэргийг хулгайлж, 935000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Элдэв-Очирын: ... 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр би дэлгүүр орж нэгж авсан. Дэлгүүр ороод утас хараад авмаар санагдсан.Тэгээд шөнө 12 цаг өнгөрч байхад дэлгүүрийн цонхыг хагалж ороод утас авсан. Нэг мөсөн олон утас авчихсан юм. Кассанд нь түлхүүр зоолттой байхаар нь онгойлгоод дотроос нь 15000 төгрөг авсан. Нийт 5 ширхэг утас хулгайлсанаас 4 ширхэгийг нь буцааж өгсөн ба нэг утсыг гээчихсэн байсан.  Нэг утасныхаа мөнгийг төлж барагдуулсан. Энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байна...гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Пүрэврагчаагийн: ...2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын нутагт байрлах Баянзүрх дэлгүүрийн цонхыг хагалан хулгай орсон байна гэж нярав Г.Одгэрэл надад хэлсэн. Би дэлгүүр дээр очиход хаалганы зүүн талын цонхыг хагалж ороод 5 ширхэг гар утас, кассын машинаас 15000 төгрөг хулгайлсан байсан. Хулгай хийж буй хүний дүрс, үйлдэл нь дэлгүүрийн хяналтын 12 дугаар камерын бичлэгт бичигдсэн байсан. Дэлгүүрийн цонх, лангууны шил хийлгэхэд 200000 төгрөг болсон ... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Жамъянсүрэнгийн: ...Би 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дэлгүүрт ороход хулгай орсон гээд камерын бичлэг үзээд сууж байсан. Камерын бичлэгийг харахад манай дүү Элдэв-Очир мөн байсан. Тэгээд би хүнд хэлэлгүй Элдэв-Очиртой уулзахад би дэлгүүрээс хулгай хийсэн, одоо хэргээ хүлээх гэхээр айгаад байна гэж хэлсэн. Тэгээд П.Элдэв-Очир хэргээ хүлээгээд, цагдаа нар ирж Элдэв-Очирыг авч явсан. П.Элдэв-Очир хэлэхдээ 5 ширхэг гар утас, 15000 төгрөг хулгайлсан гэж хэлсэн. П.Элдэв-Очирт 4 ширхэг гар утас, мөнгө зэрэг нь байсан ба нэг утсыг нь шөнө гүйж яваад гээчихсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Энхтайвангийн: ...2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр надад П.Элдэв-Очирыг хулгай хийсэн байна гэж хэлсэн. Элдэв-Очир ч энэ тухай өөрөө надад хэлээд одоо хэргээ хүлээх гэхээр айгаад байна гэсэн. П.Элдэв-очир хэлэхдээ 5 ширхэг гар утас, 15000 төгрөг хулгайлсан гэж хэлсэн. П.Элдэв-Очирт 4 ширхэг гар утас, мөнгө нь байсан ба нэг утсыг нь шөнө гүйж яваад гээчихсэн гэж хэлсэн ... гэх мэдүүлэг,

Гэрч Г.Одгэрэлийн: ...2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 8 цагийн үед ажил дээрээ очиход дэлгүүрийн хаалганы зүүн талын цонхыг хагалчихсан, эд зүйл хулгайд алдагдсан байсан. Дэлгүүрийн утасны лангуун дотроос Samsung vega маркийн цагаан корпустай гар утас 1 ширхэг, Samsung S5 маркийн цагаан корпустай гар утас 1 ширхэг, LG маркийн хар, шар алаг корпустай гар утас 1 ширхэг, Samsung S2 маркийн хар корпустай гар утас 1 ширхэг, L450 маркийн товчлууртай Жи-мобайлын гар утас 1 ширхэг зэргийг лангууны урд талын шилийг хагалаад хулгайлаад авчихсан байсан. Мөн кассын машин дотроос 15000 төгрөг хулгайлсан байсан. Хяналтын камерт хулгай хийж байгаа хүний дүрс бичигдсэн байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Н.Раднаадагийгийн:...Би дэлгүүрийн нэг давхарт кассан дээр суудаг юм. Тэр өдөр кассынхаа түлхүүрийг үлдээгээд явчихсан байсан чинь кассаас 15000 төгрөг хулгайлсан байсан... гэх мэдүүлэг,

Гэрч О.Хандсүрэнгийн: Би Баянзүрх дэлгүүрийн утасны лангууг хариуцан ажилладаг. Лангуун дотроос Samsung vega маркийн цагаан корпустай гар утас 1 ширхэг, Samsung S5 маркийн цагаан корпустай гар утас 1 ширхэг, LG маркийн хар, шар алаг корпустай гар утас 1 ширхэг, Samsung S2 маркийн хар корпустай гар утас 1 ширхэг, L450 маркийн товчлууртай Жи-мобайлын гар утас 1 ширхэг зэргийг лангууны урд талын шилийг хагалаад хулгайлаад авчихсан байсан гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дэлгүүрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, П.Элдэв-Очирын эзэмшлээс Samsung vega маркийн цагаан корпустай гар утас 1 ширхэг, Samsung S5 маркийн цагаан корпустай гар утас 1 ширхэг, LG маркийн хар, шар алаг корпустай гар утас 1 ширхэг, Samsung S2 маркийн хар корпустай гар утас 1 ширхэг зэргийг хураан авсан тогтоол, тэмдэглэл, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг зэргээр тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгч П.Элдэв-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Элдэв-Очирын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Пүрэврагчаад 5 ширхэг гар утасны үнэ 920000 төгрөг, бэлэн мөнгө 15000 төгрөг, нийт 935000 төгрөгийн шууд хохирол, хагарсан шилний үнэ болох 200000 төгрөгийн шууд бус хохирол учирсан ба шүүгдэгч П.Элдэв-Очир нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч П.Элдэв-Очир нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, үйлдсэн гэмт хэргээ сайн дураар илчилж ирсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан П.Элдэв-Очирт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмчлөлийн нас гүйцсэн эр үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий флаш дискийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Элдэв-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэг, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Их хуурай овогт Пүрэвийн Элдэв-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Элдэв-Очирт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Элдэв-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Элдэв-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий флаш диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмчлөлийн нас гүйцсэн эр үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Элдэв-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сараар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Элдэв-Очирт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР