Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/02519

 

                                      

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 09 өдөр                  Дугаар 183/ШШ2021/02519                                Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн... хороо, ажилчдын гудамж, Д.... дугаар байрны ... тоотод оршин суух, Эр овогт Г.Б /РД:.../-гийн нэхэмжлэлтэй,    

       

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  .... хороо, ... байрны .... тоотод оршин суух, Б овогт М.Э /РД:.../-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч М.Э, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.                                                    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Үзэл бодол зөрчилдөөнтэй учраас цаашид амьдрах боломжгүй. 4 хүүхдийнхээ асрамжийг би өөр дээрээ авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулж 4 хүүхдийн асрамж тогтоолгох хүсэлттэй байна. Эд хөрөнгийн талаар бид хоорондоо тохиролцоод би байраа авч үлдэнэ, хашаа байшингаа нөхөр авахаар болсон гэв.

 

Хариуцагч М.Э шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Миний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 3 айлын 2000 м.кв зуслангийн байшин дундын өмч эхнэрийн нэр дээр байгаа, мөн автомашин байгаа бүгдийг нь эхнэрийн нэр дээр шилжүүлж өгсөн. Би Яармагт байгаа хашаа байшингаа өөрөө авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Байрны тухайд зээлийг хэрхэн шийдэх нь нэхэмжлэгчийн асуудал. Үндсэн 57,000,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Би өөрөө хүн учраас амьдрах орон байр хэрэгтэй. Би давхар тэтгэмж, байрны зээл төлнө гэвэл надад хүндрэлтэй байна. зуслангийн 3 айлын газар байгаа. Би хувь авах шаардлагагүй, хөрөнгийн маргаангүй  гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Г.Б нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Эд холбогдуулан гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Г.Б, М.Э нар нь 2008 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн байх бөгөөд 2008.02.18-ны өдөр гэр бүл болсныг 2012.04.24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ....  дугаарт бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон нь гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 2011.03.02-ны өдөр охин Э.Н, 2013.09.17-ны өдөр хүү Э.Ч, 2015.08.18-ны өдөр хүү Э.Т, 2017.03.28-ны өдөр охин Э.М нар төрсөн болох нь 0000, 0000, 0000 дугаартай төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021.07.05-ны өдрийн ... дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд “...уригдсан тал М.Э эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан” гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар хариуцагч тал маргаагүй, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020.07.08-ны өдрөөс хойш тусдаа амьдарсан, энэ хугацаанд хүүхдүүд эхийн асрамжид байсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж талууд үзсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар  тэдний гэрлэлтийг цуцалж, 2011.03.02-ны өдөр төрсөн охин Э.Н, 2013.09.17-ны өдөр төрсөн хүү Э.Ч, 2015.08.18-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2017.03.28-ны өдөр төрсөн  охин Э.М нарыг эхийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдүүдийн тэтгэлгийг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчид хамтран хүлээхээр байна.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон, ямар нэгэн маргаангүй болсныг шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэлэлцээгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г.Б, М.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011.03.02-ны өдөр төрсөн охин Э.Н, 2013.09.17-ны өдөр төрсөн хүү Э.Ч, 2015.08.18-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2017.03.28-ны өдөр төрсөн охин Э.М нарыг эх Г.Бгийн асрамжид үлдээсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011.03.02-ны өдөр төрсөн охин Э.Н, 2013.09.17-ны өдөр төрсөн хүү Э.Ч, 2015.08.18-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2017.03.28-ны өдөр төрсөн охин Э.М нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр М.Эаас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх хөрөнгийн маргаангүй болохыг, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Эаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг тус тус дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ