| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/00382/И |
| Дугаар | 183/ШШ2021/02236 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2021/02236
2021 оны 10 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2021/02236 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Нархан хотхон, 0 тоот хаягт байрлах, **** трейд ХХК РД://-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Туул ван хотхон 00 тоот хаягт байрлах, Шинэ тайгаль шивээ ХХК /РД:/-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тэму трейд ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Шинэ тайгаль шивээ ХХК-тай 16/28 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр худалдагч Тэму трейд ХХК нь Хан-Уул дүүргийн 3-р хороо, Ривер стөүн-2 хотхоны ******** тоот байрны 1 давхарт байрлах 93.1 м.кв талбай бүхий байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрийг түрээсээр эзэмших эрх болон хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний хамтаар худалдан авагч Шинэ тайгаль шивээ ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Гэрээний зүйл буюу тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнүүд болон эрхийн нийт үнэлгээ нь 40 000 000 төгрөг, болсон бөгөөд талууд харилцан зөвшилцөж 35 000 000 төгрөгөөр тохиролцсон. Уг гэрээний 2.1-т нийт үнэлгээг 35 000 000 төгрөгөөр тооцож, гэрээний 2.2 дахь заалтад төлбөрийг худалдан авагч тал нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бетон зуурмагаар нийлүүлэхээр тохиролцсон. Гэтэл худалдан авагч тал нь 2017 онд ...ажил муу байгаа тул удахгүй төлнө гэж 2018 онд 1 000 000 төгрөг төлсөн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл худалдан авагч нь гэрээний төлбөрөө бетон зуурмагаар ч нийлүүлээгүйгээс гадна, мөнгөн хэлбэрээр ч төлөөгүй бөгөөд утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Бид улсын бүртгэлийн гэрчилгээ дэх хаягаар очиход байхгүй байсан тул эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон. Иймд Шинэ тайгаль шивээ ХХК-иас гэрээний үндсэн төлбөр 34 000 000 төгрөг, гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар алданги 17 000 000 төгрөг нийт 51 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, шаардлагатай бол сөрөг нэхэмжлэл гаргах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тэму трейд ХХК нь хариуцагч Шинэ тайгаль шивээ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Талууд 2016 оны 10 сарын 23-ны өдөр 16/28 дугаартай, худалдах-худалдан авах гэрээг байгуулан, уг гэрээгээр худалдагч Тэму трейд ХХК нь хүнсний дэлгүүрийн тоног төхөөрөмж, хүнс, ахуйн бараа болон өөрийн түрээсээр эзэмшиж буй Хан-Уул дүүргийн 3-р хороо, Ривер стоүн-2 хотхоны **** байрны **** тоот байрны 1 давхарт байрлах 93.1 м.кв талбай бүхий байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрийг түрээсээр эзэмших эрхийн хамт худалдан авагч Шинэ тайгаль шивээ ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь эд хөрөнгийн үнэ 35 000 000 төгрөгт бетон зуурмагийг 2017 оны 05 сард багтаан худалдагчийн зааж өгсөн газарт нийлүүлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй хоног тутам үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг худалдагчид төлөхөөр тус тус тохирчээ.
Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж, компанийн тамга тэмдэг дарж хүсэл зоригийн илэрхийллээ баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болон эд хөрөнгийг худалдан авагч буюу хариуцагчид актаар хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 16 дугаар талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Харин хариуцагч Шинэ тайгаль шивээ ХХК нь хэлэлцэн тохирсон 35 000 000 төгрөгт бетон зуурмаг шилжүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнээс 1 000 000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.
Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 34 000 000 төгрөг байх бөгөөд талуудын алданги тооцохоор гэрээнд тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцэх тул алданги 17 000 000 төгрөг, нийт 51 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлжээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Тэму трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Шинэ тайгаль шивээ ХХК-д хариуцуулах нь хуульд нийцнэ.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүхээс хуралдааны товыг 2021 оны 10 сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг, **** дугаар зүйлийн ****.1, ****.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 282.3, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Шинэ тайгаль шивээ ХХК-аас 51 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэму трейд ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ