Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/02581

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 12 өдөр                  Дугаар 183/ШШ2021/02581                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн .... хороо, .... байрны ..... тоотод оршин суух, З овогт Г.А /РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... хороо,... хороолол, Ж ХХК-ийн байранд байрлах С ХХК /РД:.../-д холбогдох,

 

Сүхбаатар дүүргийн ... хороо, Г оффис барилгын В1 давхарт байрлах ... тоот 20,63 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэх, худалдан авалтын үнийн дүнтэй НӨАТ-ыг шивж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 20,63 м.кв талбайг худалдаж авахаар С ХХК-тай гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сард С ХХК худалдан авсан талбайн гэрчилээг нь гаргаж өгөх үүрэгтэй байсан. Анх гэрээ хийж байхад барьцаанд байхгүй гэж хэлсэн. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч үл хөдлөх хөрөнгийг өгнө гэж хэлсэн. Гэрчилгээг нь хэзээ албан ёсоор миний нэр дээр шилжүүлж өгөх нь тодорхойгүй байгаа учраас энэ асуудлаа эртхэн шийдвэрлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас нэмж хэлэх тайлбар байхгүй. Энэ онд багтааж гэрчилгээг гаргаж өгнө гэсэн учраас маргахгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрчилгээг нь гаргаж өгнө, бага зэрэг хугацаа шаардагдаж байна. Тус компани 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, ковидын байдлаас болж төлбөрийн чадваргүй болсоноос К ББСБ-ын зээлийг төлж чадаагүй, одоо 25,0 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Дээрх талбай нь зээлийн барьцаанд байгаа тул 2021 оны 12 сард багтааж нэхэмжлэгчийн гэрчилгээг нь гаргаж өгнө гэв.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Г.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн ... хороо, Г оффис барилгын В1 давхарт байрлах ... тоот 20,63 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэх, худалдан авалтын үнийн дүнтэй НӨАТ-ыг шивж өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд С ХХК, Г.А нарын хооронд 2019.08.14-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний 1.1-т Сүхбаатар дүүргийн ... хороо, Г оффис барилгын В1 давхарт байршилтай 940.1 м.кв талбайтай оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 7 тоот 20.63 м.кв худалдаа үйлчилгээний талбайг худалдахаар тохирсон, гэрээний 2.1-т  дээрх үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв талбайг 4,800,000 төгрөгөөр тооцож нийт 99,024,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байх бөгөөд төлбөрийг мөн гэрээний 2.2-т заасан хугацаанд төлж барагдуулахаар тохирч, 2.3-т зааснаар худалдагч тал төлбөр тооцоо дууссанаас хойш 30 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтыг  бэлтгэн өгч худалдан авагч Г.Аад шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Худалдан авагч нь дээрх гэрээний нийт үнэ 99,024,000 төгрөгийг төлсөн болох нь 2019.08.16-ны, 2019.09.19-ний, 2019.10.20-ний, 2019.11.21-ний, 2020.01.22-ны, 2020.02.27-ны өдрийн Г ХХК-ийн төлбөрийн баримт, Х ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон, харин худалдагч тал нь гэрээний 2.3-т зааснаар худалдан авагч төлбөр тооцоог дууссанаас хойш 30 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг бэлтгэн өгч, Г.Аын өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч С ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 

 

           Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан байх тул тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, нэхэмжлэгч үнийг бүрэн төлсөн болох нь тогтоогдсон тул тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Г.А худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан байна.

 

Гэрээний 2.3-д зааснаар гэрээний үнийг 100 хувь төлсөн, тухайн орон сууц нь бусдын барьцаанд байгаа эсэх талаар баримт хэрэгт байхгүй,  хэрэв барьцаанд байгаа тохиолдолд Г.Аын  өмчлөх эрхийг бүртгэхэд саад болохгүй бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрх тухайн этгээдэд хэвээр хадгалагдах үр дагавартайг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн ... хороо, Г оффис барилгын В1 давхарт байрлах ... тоот 20,63 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгчөөр Г.Аыг тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэх, худалдан авалтын үнийн дүнтэй НӨАТ-ыг шивж өгөхийг хариуцагч С ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас 653,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Аад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ