Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/02240

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2021/02240 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,  төвийн 0 давхарт байрлах, ******* ********  /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Амарсанаа сувиллын 1 тоот хаягт байрлах,*********************ХХК /РД:/-т холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний илүү төлсөн хөлс 3 167 300 төгрөг, үнэлгээний зардал 275 000 төгрөг, нийт 3 442 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөрт 5 080 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.********, гэрч М.********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....******* ******** ХХК болон*********************ХХК нарын хооронд 2019 оны 12 сарын 28 өдөр ******** дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний дагуу ажлын үр дүнг УБИ лед дэлгэцийн самбар хийх ажил байхаар талууд харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу нэг талаас захиалагч буюу ******* ******** ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч тохирсон хөлсийг төлөх, нөгөө талаас ажил гүйцэтгэгч************** ХХК нь доголдолгүй ажлын үр дүнг 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүлээлгэн өгөх үүргийг талууд тус тус хүлээсэн. Мөн гэрээний 3.2-т зааснаар захиалагч нь гэрээт ажлын төлбөр болох жаран хувь 7 620 000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу 2019 оны 12 сарын 03-ны өдөр буюу ажил эхлэхээс өмнө манай компани хариуцагчид урьдчилгаа төлбөр болох 7 620 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр голомт банк дахь ******** дугаарын дансаар хариуцагчид шилжүүлсэн. Гэвч ажил гүйцэтгэгч******* Жигүүр*******ХХК нь ажлаа бүрэн дуусгалгүй гэрээний үүргээ зөрчин ажлаа дутуу орхиж явсан тул манай компани 2019 оны 12 сарын 24-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох хөрөнгийн үнэлгээний төвд хандсан ба үүний дагуу тус компанийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаар хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр************** ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Орбитын гудамжинд байршилтай Улаанбаатар Импекс ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах лед дэлгэцтэй самбарын төмөр бүтээц хийц техникийн чанарын шаардлага хангахгүй, төмөр хоолойг тулгуур болгон ашиглах боломжгүй байна. Лед дэлгэцтэй самбарт хийсэн суурийн ажлын гүйцэтгэл 4 452 700 төгрөг болно гэж тогтоосон. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгээгүй үлдэгдэл ажлыг өөрөө бүрэн хийж дуусгасан. Иймд ажил гүйцэтгэх гэрээ цуцалсантай холбоотойгоор нийт 4 452 700 төгрөгийн ажил гүйцэтгэсэн******* Жигүүр Констракшн ХХК-д 7 620 000 төгрөгийн хөлсийг төлж манай компани хохирсон байх тул хариуцагчаас гүйцэтгээгүй ажлын хөлс болох 3 167 300 төгрөгийг, мөн хариуцагчийн хийсэн ажилд үнэлгээ хийлгэхэд гарсан зардал болох 275 000 төгрөг нийт 3 442 300 төгрөгийн хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг шаардлагадаа: ...******* ******** ХХК-тай гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талаас утасдаад гуйгаад байсан болохоор ажлыг хийж гүйцэтгэсэн, тендерээр ороогүй. 11 сарын 27-ны өдрийн орой нэхэмжлэгч компанийн хяналтын инженер М.******** утасдаад маргааш гэрээ хийгээд өгөөч, тэгэхгүй бол би ажилгүй болох гээд байна гээд удаа дараа хүсэлт тавихаар нь уулзсан. Нэхэмжлэгч талын үнийн саналтай танилцаад, манай компаниас өөрсдийнхөө үнийн саналыг явуулсан. Манай компани 14 000 000 төгрөгөөр гэрээ хийсэн ч жич гээд доор нь үнэлгээ ороогүй ажлыг зааж өгсөн. Гэрээ хийхэд М.******** гэдэг хүн байхгүй тул өөр хүнтэй хийсэн. 12 сарын 02-ны өдөр ажлын талбай дээр очиж ажил үйлчилгээг явуулах гэтэл доогуур нь явуулж байсан кабель, далд ажлын шугам сүлжээг мэдээгүй байсан. Үүний доогуур янз бүрийн утас явж байгаа, би өмнө нь энд ажиллаж байсан тул мэдэж байна гээд 7 хоног ажлаа хойшлуулсан. Ажлаа хойшлуулсны дараа доод талын утас, кабелийг зохицуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь баримт бичихдээ 380-ын баримт явж байгаа, тэр нь ямар түвшинд явж байгаа вэ гэхэд надад зураг өгсөн. Тэнд өгсөн баримтаараа 20-30 см-ын доогуур кабель утас явж байгаа. Бодит байдал дээр 5 см-ийн доор явж байсан. Манай ажилчин 380-ийн тогонд цохиулсан. Суурийг гар зургаар нь хийчих гэсэн хүсэлт тавихаар нь ******* ******** ХХК-ийн инженер*******баяр, ******** нартай уулзаад, энэ гар зургаар хийх үү, эсвэл бид нарт өгсөн албан ёсны зургаар хийх гэхэд үндсэн зургийн дагуу хийнэ гээд*******баяр гарын үсгээ зураад өгсөн. Нэхэмжлэгчийн захирал ********эд би хуучин ажиллаж байсан гараар зурсан зураг нь үндэслэлгүй, энэ зургийн дагуу хий гээд*******баяр нь гарын үсгээ 12 сарын 12-ны өдөр зурж өгсөн. 12 сарын 24-ний өдөр хүртэл бүр ажлаа хийсэн. Манайд ажилладаг байсан хүүхэд бид нарын хийсэн самбарыг буулгасан байна гэж надад хэлсэн. Түүний дагуу би нэхэмжлэгчийн захирал, холбогдох хүмүүстэй төсвөө үзүүлээд уулзсан. Зургийн дагуу бэхэлгээ зэрэг зүйл байхгүй гээд нэхэмжлэгч компанийн ажилтан залуу гуйгаад байсан болохоор манайх компани өөрийн зүгээс 600 000 төгрөгийг гаргаж нэмэлтээр ажил гүйцэтгэсэн. Дээрх гэрээний дагуу УБИ лед дэлгэцийн самбар хийх ажлыг 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа болох 60 хувийн төлбөр 7 260 000 төгрөгийг авсан боловч үлдэгдэл 40 хувийн төлбөр 5 080 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бидний зүгээс УБИ лед дэлгэцийн самбар хийх ажлыг ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр 5 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар гэрчийн мэдүүлгийг сонсож, нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******** ХХК нь хариуцагч************** ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой шилжүүлсэн гэрээний үнийн дүнгийн зөрүү 3 167 300 төгрөг, үнэлгээний зардал 275 000 төгрөг нийт 3 442 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5 080 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Талуудын хороонд 2019 оны 11 сарын 28-ны өдөр 19/502 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч************** ХХК нь захиалагч ******* реолтор ХХК-ийн захиалга буюу ажлын даалгаврын дагуу УБИ лед дэлгэцэн самбар хийх засварын ажлыг 2019 оны 12 сарын 02-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 сарын 24-ны өдөр хүртэл хуанлийн 20 хоногийн дотор бүрэн гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээт ажлын хөлс болох 12 700 000 төгрөгийн 60 хувь буюу 7 620 000 төгрөгийг урьдчилан, үлдэгдэл төлбөрийг гэрээт ажил дуусч, актаар бүрэн хүлээлцсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-8/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээт ажлыг доголдолтой хийж гүйцэтгэн ажлыг хүлээлгэн өгөхгүйгээр орхиж явсан. Суурийн ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн дээр маргахгүй. Харин дэлгэц байрлуулах самбар зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул самбарын ажлыг дахин нэмэлт зардал гарган хийж гүйцэтгэсэн тул суурийн ажлын үнийг хасаж илүү төлсөн 3 167 300 төгрөгийг үнэлгээний зардлын хамт гаргуулна... гэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд гэрч М.********ын ...хариуцагч лед дэлгэц суулгах самбарыг хийж гүйцэтгэсэн боловч дэлгэцүүдээ угсрах гэтэл жааз нь гажаатайгаас суурилуулж болохгүй байсан тул буулгасан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд гэрээт ажил доголдолтой боловч бэлэн болсон, мөн хариуцагч буюу ажил гүйцэтгэгчид доголдлыг арилгах хугацааг тогтоолгүйгээр, нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, өөрсдийн зардлаар доголдлыг арилгасан болох нь тогтоогдож байна.

 

Ажил гүйцэтгэгч буюу************** ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлын даалгаварт заагдсан 14 нэр төрлийн ажлыг бүрэн хийж дуусгасан боловч ажлын даалгаварт заагдсан телевизийн металл жааз бэлтгэх ажлыг зурагт заагдсан хэмжээ үзүүлэлтийг нарийн баримтлаагүй, доголдолтой хийж гүйцэтгэсэн, тухайн ажлын үр дүн биежсэн байдлаараа нэхэмжлэгч буюу захиалагч ******* ******** ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжсэн талаар гэрч М.********ын мэдүүлгээр болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Доголдолтой боловч нэгэнт бэлэн болсон ажлын үр дүнг чанарын зохих хэмжээнд болгох, доголдлыг арилгуулахаар хугацаа тогтоолгүй гэрээг цуцалсан нь хуульд нийцэхгүй. Тодруулбал, захиалагч зөвхөн ажлыг бүрэн дуусахаас өмнө гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлж болох бөгөөд ажлын үр дүн бий болсон үед гэрээг цуцалсан нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******** ХХК-ийн хариуцагч************** ХХК-д холбогдуулан гаргасан 3 442 300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан бөгөөд гэрээт ажлын хөлс 12 700 000 төгрөгийн 60 хувь болох 7 620 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилан төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч нь дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч буюу захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнд зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсний үлдэгдэл 5 080 000 төгрөгийг захиалагч болох ******* реолтор ХХК-иас гаргуулахаар шаардсаныг үндэслэлгүй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******** ХХК-ийн хариуцагч************** ХХК-д холбогдуулан гаргасан 3 442 300 гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч************** ХХК-ийн нэхэмжлэгч ******* ******** ХХК-д холбогдуулан 5 080 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 366 төгрөг, хариуцагчаас төлсөн 97 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ