| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/02883/И |
| Дугаар | 183/ШШ2021/02383 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/02383
2021 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2021/02383 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, О /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Засгийн газрын 00 байранд байрлах, Э т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О гэрч М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ажиллах хугацаандаа салбар хоорондын харилцаа холбоог хангаж ажиллах, үүрэгтэй байсан. Мөн тоног төхөөрөмж шинэчлэгдээгүй байсан, үүнийг төсөл бичин шинэчилж, ажилчдаа үе шаттайгаар сургалтад хамруулж байсан ба сургалтын маш сайн нөхцөлийг бүрдүүлэхээр үе шаттайгаар ажиллаж байсан. Ажлын байрны шаардлагаа зохих ёсоор биелүүлж ажилласан. Албан тушаалын тодорхойлолтыг танилцуулсан, тухайн албан бичигтэй танилцсан. Нэршил өөрчлөгдсөн болохоос албан тушаал байхгүй болоогүй. Гэтэл намайг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр буюу Сургалт үйлдвэрлэлийн төвийн даргын ажлын байр хасагдсан гэх шалтгаанаар ажлаас халсан байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 50 дугаар тогтоолоор *************ТӨҮГ-ын зохион байгуулалтын албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсан бөгөөд тус тогтоолоор Сургалт үйлдвэрлэлийн төв бүтцийн нэгжийг Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор болгон өөрчилж даргын албан тушаалыг эрхлэгч хэмээн өөрчилсөн. Өөрөөр хэлбэл миний эрхэлж байсан даргын ажлын байрны даргын ажлын байрны нэршлийг өөрчилж эрхлэгч болгосон байх ба бусдаар тус ажлын байр хасагдсан, татан буугдсан зүйл байхгүй байхад намайг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тушаал хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 50 дугаар тогтоолоор *************ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсан. Батлагдсан зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарын хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр сонсгох ажиллагаа зохион байгуулсан ба уг ажиллагаанд Сургалт үйлдвэрлэлийн төвийн даргаар ажиллаж байсан М.********ыг оролцуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 3 сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолыг танилцуулан Сургалтын үйлдвэрлэлийн дарга ажил албан тушаал үйл болсныг, шинээр өөрчлөн зохион байгуулагдсан Сургалт үйлдвэрлэлийн эрхлэгч гэх ажлын байранд тавигдах шаардлага, албан тушаалын тодорхойлолт өөрчлөгдсөн талаар танилцуулж, Сургалт үйлдвэрлэлийн цогцолборын сургалтын менежерийн албан тушаалыг санал болгосон боловч хүлээж авах боломжгүй, 4 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж аваад ажлаас гарья гэсэн. Ажлын байр санал болгоход хүлээж аваагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын өмнө гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******** нь хариуцагч *************ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Ажил олгогч *************ТӨҮГ нь ажилтан М.********тай 2019 он 05 сарын 15-ны өдөр 102 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, уг гэрээгээр М.******** нь Сургалт-Үйлдвэрлэлийн төвийн даргаар сарын цалин хөлс 1 936 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар хэн аль нь маргаагүй. /хх-ийн 6-7/
Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2021 оны 6 сарын 15-ны өдрийн *** дугаар М.********тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Төрийн өмчийн газрын бодлого зохицуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэн *************ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаар шинчлэн батлагдсантай холбогдуулан Сургалт үйлдвэрлэлийн дарга М.********тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлэн цуцалж, 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 5/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах санаачлагыг бие даан гаргах эрхтэй ба энэ тохиолдолд мөн зүйлийн 40.5-д заасан журмыг баримталбал зохино. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгаа болохоо ажилтанд нэг сарын өмнө урьдчилан мэдүүлснээ бичгийн хэлбэрээр баталгаажуулсан байх учиртай.
Хэрэгт авагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 сарын 09-ны өдрийн 50 дугаар тогтоолоор *************ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалтын жагсаалт, орон тооны хязгаарыг шинэчлэн батлахдаа Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор болон өөрчилж, эрхлэгч, сургалтын менежер, инженер багш, нярав, үйлчлэгч гэх 5 албан тушаалд нийт 16 орон тоотойгоор шинэчлэн батлагдсан байна. /хх 41-43/
Байгууллага үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онц шаардлагагүй ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргах явдлыг орон тоо хасах гэж ойлгох бөгөөд орон тоо нь тодорхой нэг албан тушаалаар нэрлэгдсэн заах хэлбэрээр хасагдаж болох тул дээрх тогтоолоор дарга-ын албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн албан тушаалын нэршил өөрчлөгдсөнөөс орон тоо хасагдаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Ажил олгогчоос 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгаа болохоо мэдэгдэж ажилтан М.********д мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
Ажилтан гэм буруутай холбоогүй үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа ажил олгогч нь ажилтанд халагдсаны тэтгэмж заавал олгох үүрэгтэй ба хэргийн баримтаас үзэхэд ажил олгогч *************ТӨҮААТҮГ нь 2021 оны 6 сарын 22-ны өдөр ажилтан М.********д 8 518 683 төгрөгийн тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасанд нийцжээ. /хх-64/
Иймд хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар М.********тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.********ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.********ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хариуцагч *************ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ