Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1037

 

 

 

Б.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч Б.О,

хохирогч Г.Дондов,    

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/506 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Дондовын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.От холбогдох эрүүгийн 2009009450467 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

,

 

Б.О 2020 оны 3 дугаар сарын 9-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг 46/3 дугаар байрны жижүүрийн өрөөнд автомашины зогсоол дээр өөр автомашин байрлууллаа гэх шалтгаанаар Г.Дондовтой маргалдаж, толгой руу нь цүнхээр 2 удаа, нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хамрын нуруунд зулгаралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:    

            Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Б.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Дондов нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Г.Дондов давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Готов овогтой Дондов нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний 02 цагийн үед амарч байтал манай байрны оршин суугч Оюунчимэг гэгч нь машин тавихаар ирсэн. Би зогсоол дээр нь байгаа машины түлхүүр шил арчигчийн тэнд байгаа, чи өөрөө тавьчих гэтэл хуц чадахгүй гээд хэрүүл өдсөн. Би цааш эргээд хувцсаа авах гэтэл хаалганы цоож эвдээд орж ирээд учир зүггүй гар хөл цүнхээрээ цохисон. Тэгэхээр нь хойш нь түлхээд баруун гарыг нь зүүн гараараа барьж, баруун гараараа энгэр хэсгээс нь хумиж, базаж татаж оруулаад дарж байгаад утсаар цагдаад дуудлага өгсөн. Гэтэл Оюунчимэгийн утас дуугарч дуудлагын жолооч ярихаар нь чи ороод ир гэсэн чинь удалгүй орж ирсэн. Би энэ хүүхэн чинь зодоон хийгээд болохгүй байна, чи аваад гар гээд өгч  явуулсан. Удалгүй ороод ирсэн. Би дуудлагын цагдаа ирж байна уу гээд хаалгаар хараад эргэтэл нүдэнд цохисон ба нүдээ дараад хартал нулимс гарсан. Гэтэл Оюунчимэг чи уйлж байна уу гээд намайг тавлаж байсан. Ийм тодорхой үйлдэлтэй гэмт хэрэгт шүүгдэгч өөрийхөө үйлдлийг нотлож байхад шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Хохирогч би шүүгдэгч Оюунчимэгийн миний толгойд цохиж байсан үйлдэл нь өөрийнх нь хэлснээр нотлогдож байхад энэ үйлдлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шатанд огт шалгахгүй орхигдуулж байгаад гомдолтой байна. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүхийн ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдлөг болгон ажиллаагүй, хохирлыг хуулийн дагуу тогтоогоогүй, хохирогчийн зүгээс ам болон бичгээр удаа дараа гомдол гаргаж байхад түүнийг шалгаж үзэхгүй орхигдуулах зэргээр процессын алдаа гаргаж байгаад гомдолтой байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэн дээр гэж бодит үнэнд нийцээгүй дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дахин хянан шалгаж, миний тархи толгойны гэмтлийг бүрэн бодитой тогтоож, хуулийн зүйл, гэмтлийн зэрэг, хохирлын хэмжээ, хор уршгийг бүрэн тогтоохоор мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Б.О “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.   

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Г.Дондов давж заалдах гомдолдоо хохирлын талаарх асуудлыг шийдвэрлээгүй, иргэний журмаар тусад нь шийдвэрлэхээр тусгасан нь үндэслэлгүй, эрүүгийн хэрэгтэй хамт хохирлын асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгөөгүй. Хэрэг прокурорын хяналтанд ирсний дараа прокурорын зүгээс хохирогч руу 2 удаа утасдаж “танд хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байна уу” гэж асуусан. Гэтэл “би даралтны эм авч ууж байгаа, тэрийгээ нэхэмжилнэ” гэсэн. “Та баримтаа аваад ирээч” гэхэд баримтыг өгөөгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд холбогдох баримтуудыг хавтас хэрэгт байгаа хүрээнд нь шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шатанд хохирогчийн эрхийг хамгаалах үүднээс хохирлын талаар холбогдох баримтуудаа аваад ирээч гэхэд шүүхэд баримт гаргаж өгөөгүй тул шүүх иргэний журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй талаар тайлбарлаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулийн хүрээнд ял оногдуулсан гэж үзэж байна.

Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.От холбогдох эрүүгийн 2009009450467 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

 

Б.О 2020 оны 3 дугаар сарын 9-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, 46/3 дугаар байрны жижүүрийн өрөөнд автомашины зогсоол дээр өөр автомашин байрлууллаа гэх шалтгаанаар Г.Дондовтой маргалдаж, толгой руу нь цүнхээр 2 удаа, нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Дондовын “...хаалга татаж орж ирээд миний толгой хэсэг рүү цүнхээрээ цохисон. Тэгээд дахиад 2-3 удаа нүүр хэсэг рүү цохих үед хамгаалаад баруун гарыг нь барьж аваад зүүн гараараа ...хувцаснаас нь базаж аваад хажуу тийш унагаад дээрээс нь дарж байгаад ширээн дээр байсан утсаа аваад цагдаа дуудсан. ...удалгүй нэг залуу ирэхээр нь “энэ хүүхэн чинь надад агсам тавиад, зодоод болохгүй байна” гэсэн чинь аваад гарсан. ...буцаж орж ирээд өшиглөөд байсан. Би “чи боль, архи чинь яасан гардаггүй юм бэ, би цагдаа дуудсан” гэж хэлсэн. ...Тэгээд гэнэт миний хажуугаас ...баруун нүд хэсэг рүү нэг удаа цохисон. ...” /хх 4-5/,

 

Б.Оийн яллагдагчаар өгсөн “...жижүүрийн өрөө рүү очоод Г.Дондов гэх хүнд “энэ машинаа холдуул” гэж хэлсэн. Тэгтэл “чи хэдэн цагт ирж байгаа юм, өөрөө холдуул, машин дээр түлхүүр нь байгаа” гэж хэлсэн. ...би хаалгыг нь 2-3 удаа өшиглөсөн чинь Г.Дондов “хаалгаа онгойлгосон” гэхээр нь “та хурдан машинаа холдуул, би хүний машинд хүрч чадахгүй” гэж хэлсэн чинь “балиар согтуу архичин авгай” гэхээр нь миний уур хүрээд бие хэсэг рүү нь цүнхээрээ 2-3 удаа цохисон. Г.Дондов гэх хүн миний цээж хэсгээс боож аваад өөр лүүгээ татаад доош нь хэвтүүлэх гээд байхаар нь би нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Намайг үстээд доош нь дараад цагдаа руу дуудлага өгсөн. ...” /хх 34-35/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн “...Г.Дондовын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 3443 дугаартай дүгнэлт /хх 13-14/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.   

Шүүгдэгч Б.Оийн хэргийг зүйлчлэл тохироогүй, хэрэгт гэмтлийн зэрэг, хохирлын хэмжээ, хор уршгийг бүрэн тогтоогоогүй талаар хохирогч Г.Дондов давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Б.Дондовын “...хаалга татаж орж ирээд миний толгой хэсэг рүү цүнхээрээ цохисон. ...дахиад намайг цүнхээрээ гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд ...миний баруун нүд хэсэг рүү нэг удаа цохисон чинь миний нүднээс нулимс гоожсон...” /хх 4/, Б.Оийн яллагдагчаар мэдүүлсэн “...балиар согтуу архичин авгай гэхээр нь миний уур хүрээд бие хэсэг рүү нь цүнхээрээ 2-3 удаа цохисон. ...” /хх 35/ гэсэн мэдүүлгээр Б.Дондовын биеийн дээд хэсэгт толгой орчмоор гэмтэл учирсан байхаар байх ба үүнийг  тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Б.Дондовын биед махбодид тогтоогдсон “...баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хамрын нуруунд зулгаралт...” гэсэн хөнгөн гэмтлүүдтэй тохирч байна.  

Шүүгдэгч Б.Оийн хохирогч Г.Дондовыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.От оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн, үндэслэл бүхий байна.  

            Хохирогч Г.Дондов нь нотлох баримтаа гаргаж хохирлоо нэхэмжлээгүй байх тул жич нотлох баримтаа гарган учирсан гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар заасан, хохирогчийн эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.От оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо заагаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана.” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж тус тус зааснаар Б.От оногдуулсан торгох ялын хэмжээ, төлбөр төлөх боломж зэргийг харгалзан тус торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэж, энэ талаар нэмэлт заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/506 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Г.Дондовын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

       ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                              ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ