Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 025

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
Улсын яллагч: М.Отгонжаргал 
Шүүгдэгч: Е.Еркинбек 
Хохирогч: Р.Айман 
Хохирогчийн өмгөөлөгч: С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Р.Серик
Орчуулагч: П.Бахытбек
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Секел овогт Едилханы Еркинбект холбогдох эрүүгийн 201604000244 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр оршин суудаг, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Секел овогт Едилханы Еркинбек РД: БД83040411. 
Шүүгдэгч Е.Еркинбек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Эксел” маркийн 0892 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвөөс 5 км зайтай газарт буюу Увс аймаг руу явах замд зам тээврийн осол гаргаж зорчигч А.Нурланы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
- Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Еркинбекийн өгсөн “Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл бүгд үнэн, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулж дууссан, хамгийн сүүлд шүүх хуралдаан эхлэхээс өмнө 900000 төгрөгийг өгч дуусгасан болно. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, болгоомжгүй байдлын улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн, дахин та бүхний өмнө гэмт хэрэг үйлдэж ирэхгүй, хийсэн гэмт хэрэгтэй гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
- Шүүх хуралдаанд хохирогч Р.Айманы өгсөн “Миний бие иргэн Нурлантай 2014 онд гэр бүл болсон, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, 2 хүүхэдтэй, тухайн үед сайн сайхан амьдарч байсан. Нөхөр бид хоёр 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед гэрт сууж байхад түүний танил болох Н.Асхар ирж миний нөхрийг дагуулаад явсан. Тухайн үед Н.Асхар өөрийн “ехсел” маркийн унаагаар манай гэрт ирсэн байсан. Түүний архи уусан байсныг би мэдээгүй, тухайн үед би нөхөр Н.Нурланаас битгий яваач гэж гуйхад удахгүй хүрээд ирнэ гэж манай гэрээс дагуулж явсан. Тэгээд удалгүй 19 цагийн үед авто осол гарч миний нөхөр нас барсан гэдэг мэдээллийг би сонссон юм. Осол гаргаж, хүний амь насыг хохироосон шалтгаан нь Н.Асхарын буруутай үйлдэлтэй шууд холбоотой гэж би үзэж байна. Учир нь Н.Асхар нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, жолоогоо бусдад шилжүүлсэн байсан. Тийм учраас Н.Асхарт хуулийн хариуцлага тооцож өгөхийг хүсье. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцож байгаа Е.Еркинбекээс хохирлоо төлүүлж авсан, ...харин 15000000 төгрөгний зээлийг төлүүлмээр байна. Уг нэхэмжлэлээ дэмжиж байна гэсэн ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
- Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Серикийн  өгсөн “Ямар нэгэн гомдол, саналгүй, хэлэх тайлбар байхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
- Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч С.Оразбекийн мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/, хохирогч Е.Айманы мэдүүлэг /хх-ийн 41-45-р хуудас/, гэрч А.Асхарын мэдүүлэг /хх-ийн 47-51-р хуудас/, гэрч И.Серикийн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/, шинжээч П.Банзрагчийн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээчийн 23, 68, 505 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67, 75, 87-р хуудас/, техникийн шинжээчийн 15 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-р хуудас/, Е.Еркинбекийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-10-р хуудас/, Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын акт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 11-12-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-19-р хуудас/, согтуурлын хэмжээг шалгах тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/, Е.Еркинбекийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон бусад нотлох баримт зэрэг болно. 
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай үнэн зөв байна гэж шүүх үнэлэв. 
 Шүүгдэгч Е.Еркинбек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвөөс 5 км зайтай газарт буюу Увс аймаг руу явах замд “Эксел” маркийн 0892 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн “а” дахь хэсэгт “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч А.Нурланы амь насыг хохироож, зорчигч С.Оразбекийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 
Иймд шүүгдэгч Е.Еркинбекийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 
Насанд хүрээгүй хохирогч С.Оразбек, түүний хууль ёсны төлөөлөгч И.Серик нар шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, гомдолгүй, харин хохирогч Е.Айман нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж 5695652 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч бүрэн төлсөн болох нь шүүх хуралдаанд хохирогч Е.Айманы өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Гэвч хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед шүүгдэгчээс ХААН банкны зээлэнд төлөх 15000000 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасан үндэслэлд хамаарахгүй байх тул 15000000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв. 
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Е.Еркинбекийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгомжгүй үйлдсэн, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. 
Иймд шүүгдэгч Е.Еркинбекийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон, 0892 БӨТ улсын дугаартай авто машины гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хяналт тавих болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг цагдаагийн байгууллагын мэдэлд шилжүүлж, харин 770076 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 291, 292, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
                                          ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Секел овогт Едилханы Еркинбекийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Еркинбекийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Е.Еркинбект оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Е.Еркинбек нь хохирогч Е.Айманд 3695652 төгрөгийн хохирол төлсөн нь хохирогч С.Оразбек, түүний хууль ёсны төлөөлөгчид нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Е.Айманы нэхэмжилсэн 15000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Еркинбекийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах 700 м.кв газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, 0892 БӨТ авто машины 01331003 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Е.Еркинбекийн иргэний цахим үнэмлэх, Е1300407 дугаартай гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг цагдаагийн байгууллагад, 770076 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Е.Еркинбект оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
10. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ