Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2018/00116

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00573 дугаар шийдвэртэй, Б.А-ийн нэхэмжлэлтэй, М.Б-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зөрчлийн улмаас учирсан хохирол 5,175.000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Б.А миний 58-11 БӨА дугаартай “Toyata crown”    маркийн машиныг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Бетон гүүрний хойд замд М.Б нь 43-23 БӨА улсын дугаартай “Тоуоta Harrier” маркийн машиныг жолоодож явахдаа мөргөж зам тээврийн осол гаргасан. Ослыг Аймгийн Цагдаагийн газраас шалгаж М.Б-ын буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан нь тогтоогдож М.Б-ыг 100000.00 төгрөгийн шийтгэврээр торгож, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаартай захирамжаар баталгаажуулсан. Энэ ослын улмаас миний машины эд анги, хэрэгсэл гэмтэж 7130000.00 төгрөгийн хохирол учирсан бөгөөд М.Б-д холбогдох уг зөрчлийн 18130000023 дугаартай хэрэг дэх  шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно.  Иймд М.Б-аас хохирлын үнэ болох 7130000.00 төгрөгийг гаргуулан авч өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн багасгасан шаардлагад: “Хариуцагч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үед хүсэлт гаргаж дахин шинжээч томилуулах боломжтой байсан. Машины рам эвдэрсэн байвал хөдөлгөөнд оролцож чадахгүй, хасагдах ёстой. Үнэлгээг 5-7 сая төгрөгийн хооронд хийсэн байна. Нэхэмжлэгч талаас ослын дараагаас өнөөдрийг хүртэл 5 сая төгрөгийн гэм хор гаргуулах тухай буулт хийж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, эвлэрч болох учраас 5,100,000 төгрөгөөр тохирох саналтай байна. Бид нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Дахин шинжээч томилох шаардлага байхгүй. 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн хэмжээнд их хэмжээний цас орсноос болж миний унаж байсан машин халтирч эргэхэд Б.А хурдтай ирж бид хоёрын машин мөргөлдсөн нь үнэн. Гэхдээ Б.А тухайн үед аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүй, хурдтай ирсэн. Осол болсноос болоод бид хоёрын машины гадна зохих эд анги эвдэрсэн, эвдэрсэн эд ангийг тухайн үед зах зээлийн ханшаас хэт их өндөр тогтоолгосон тул би үүнийг зөвшөөрөхгүй. Үйлдвэрээс гараад арван хэдэн жил болсон crown маркийн машины үнэ нь 4-5 сая төгрөг байхад эвдэрсэн эд ангийн үнэ 7130000.00 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь зах зээлд нийцэхгүй байх тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00573 дугаар шийдвэрээр:

“1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Б-аас баруун урьд далавч крыло буюу 115000 төгрөг, урд салхины шил буюу 200000 төгрөг, зүүн урд аэробак буюу 450000 төгрөг, капот буюу 250000 төгрөг, усны радиатор буюу 230000 төгрөг, тосны радиатор буюу 180000 төгрөг, баруун талын их гэрэл буюу 180000 төгрөг, зүүн талын их гэрэл буюу 180000 төгрөг, урд буфер буюу 250000 төгрөг, урд нүүр буюу 230000 төгрөг, крыло засах, бүтэн будах буюу 80000 төгрөг, зүүн урд хамгаалагчийг засах будах буюу 80000 төгрөг, зүүн хойд далавч засах, бүтэн будах буюу 100000 төгрөг, рамны зүүн урд үзүүр мушгирч урагдсаныг засах буюу 50000 төгрөг, мотор дуу чимээ орсныг засварлах буюу 1000000 төгрөг, баталгаат засварын газрын ажлын хөлс буюу 500000 төгрөг бүгд 4075000 /дөрвөн сая далан таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Б-аас 80150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх зөвхөн нэг талыг баримтлан шийдвэр гаргаж,  мөргөсөн машины эд ангид дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргахад хангаж шийдвэрлээгүй.  Авто тээврийн ажилтан Е.Ж мөргөсөн машины эд ангид үнэлгээ гаргахдаа зах зээлийн үнээс хэт өндөр дүгнэлт гаргасан.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Машины хохирол 7130000.00 төгрөгийг анх нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 5.100.000 төгрөг болгосон бөгөөд шүүх М.Б-аас 4170000.00 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг би зөвшөөрсөн. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралд хариуцагчийн хэлсэн үг, түүний гэм буруутай үйлдэл зэргийг харгалзан үзэж 130/ШШ2018/00573 дугаартай шийдвэрийг зөв гаргасан гэж үзэж байх тул анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч М.Б-т холбогдуулж гаргасан зөрчлийн улмаас учирсан хохирол 5,175.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар шүүгчийн захирамж, хохирогчоос авсан мэдүүлэг, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлт дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйлд үнэ тогтоох шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хавсаргаж өгчээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт, бетон гүүрний хойд замд хариуцагч М.Б нь Тоёота Хариер маркийн, 43-23 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад  нэхэмжлэгч Б.А-ийн Тоёота Кроун маркийн, 58-11 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэний улмаас нэг зуун нэгж буюу 100,000.00 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Уг зөрчлийн улмаас нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн баруун урьд далавч крыло /үнэ 115,000.00 төгрөг/, урд салхины шил /үнэ 200,000.00 төгрөг/, зүүн урд аеробак  /үнэ 450,000.00 төгрөг/, капот /үнэ 250,000.00 төгрөг/, усны радиатор /үнэ 230,000.00 төгрөг/, тосны радиатор /үнэ 180,000.00 төгрөг/, баруун талын их гэрэл /үнэ 180,000.00 төгрөг/, зүүн талын их гэрэл /үнэ 180,000.00 төгрөг/, урд буфер /үнэ 250,000.00 төгрөг/, урд нүүр /үнэ 230,000.00 төгрөг/ тус тус эвдэрсний улмаас солих, мөн крыло /хөлс 80,000.00 төгрөг/, зүүн урд хамгаалагч /хөлс 80,000.00 төгрөг/, зүүн хойд далавч /хөлс 100,000.00 төгрөг/ зэргийг засаж бүтэн будах, рамны зүүн урд үзүүр мушгирч урагдсаныг /хөлс 50,000.00 төгрөг/, моторт дуу чимээ орсныг /хөлс 1,000,000.00 төгрөг/ тус тус засварлах, баталгаат засварын газрын /машины эвдэрсэн эд ангийг солих буюу засварлах/ ажлын хөлс 500,000.00 төгрөг, бүгд 4,075.000.00 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул анхан шатны шүүх уг хохирлыг хариуцагч М.Б-аас гаргуулж Б.А-т олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн гаргасан зөрчлийн улмаас дээрх хохирол учирсан нь бүрэн тогтоогдсон тул М.Б-ыг гэм хор учруулсны хохирлоос чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн эд ангийг зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлснийг шүүх анхаараагүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй” гэж давж заалдах гомдол гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчаас гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүхийн мөн өдрийн 39 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 170 дугаар зүйлийн 170.1.-т нийцсэн гэж үзнэ. Хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой хүсэлтээ /шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилуулах/ урьд нь гаргах, санал болгох боломжит хугацаа байсан, дээрх хүсэлтийг сүүлд шүүх хуралдааны үед гаргасан нь  хүндэтгэн үзэх шалтгаангүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг зөрчөөгүй байна. Иймээс давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,350.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,350.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

           

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК