| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/02723/И |
| Дугаар | 183/ШШ2021/02384 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/02384
2021 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2021/02384 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Юу худалдааны төв, 0 давхар, *** тоот хаягт байлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, Хивс 0 тоот хаягт байрлах, ********* ХХК /РД:/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн ажлын хөлс 70 037 төгрөг, алданги 72 324 523 төгрөг, тухайн компанийн гүйцэтгэх ёстой байсан ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал 26 500 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 24 239 214 нийт 193 101 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э түүний өмгөөлөгч Д.Т хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...******* ХХК нь ********* ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ****** тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу ********* нь ******* ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд барьж буй Хая аппарт орон сууцны барилгад шаардагдах 4 төрлийн нийт 704 ширхэг хаалгыг, 704 ширхэг цоожны хамт үйлдвэрлэн суурилуулж, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болно. Талуудын байгуулсан гэрээний 3.1-т заасны дагуу гүйцэтгэгчийн ажлын нийт хөлсийг НӨАТ тооцсон дүнгээр 358 304 528 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд ******* ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш бэлэн мөнгөөр 147 491 358 төгрөгийг, бартераар буюу 119 140 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлж, нийт 266 631 358 төгрөгийг ********* ХХК-д төлсөн болно. Ийнхүү манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч ********* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хүлээлгэн өгвөл зохих 704 ширхэг хаалганаас нийт 372 ширхэг хаалгыг л суурилуулахад бэлэн болгож хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр хаалга нь зүлгүүр, замаска, будаг дутуу, зарим хэсгээрээ салсан зэрэг доголдолтой байсан болно. Бид доголдолтой хаалгыг засварлаж, үлдсэн хаалгыг гэрээнд заасан чанарын шаардлагад нийцүүлж хүлээлгэн өгөхийг удаа дараа албан бичгээр шаардсан боловч ********* ХХК нь уг шаардлагыг биелүүлээгүй биднийг хохироосоор байсан. ********* ХХК нь гэрээний 2.3-д зааснаар хаалга, цоожийг үйлдвэрлэх ажлыг 60 хоногийн дотор гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж орон сууцны захиалагчдын зүгээс гомдол гаргаж эхэлсэн бөгөөд улмаар компанийн хэрэгжүүлж буй төслийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн тул бид арга буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чандмань-Үүд ХХК-тай Худалдах худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр яаралтай суурилуулах шаардлагатай нийт 50 ширхэг хаалгыг 26 500 000 төгрөгөөр худалдан авсан болно. Ийнхүү гуравдагч этгээдээс дутуу хаалганыхаа зарим хэсгийг худалдан авсан хэдий барилгын үйл ажиллагаанд шаардлагатай хаалга бүрэн хэмжээгээр нийлүүлэгдээгүй тул 2015 оны 12 дугаар сард үлдсэн хаалганы оронд ********* ХХК-иас нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр үнэлж, нийт 35 240 000 төгрөгийн хаалганы эд ангийг хүлээн авахаас аргагүйд хүрсэн. "********* ХХК-ийн зүгээс гэрээний дагуу нийт 266 631 358 төгрөгийг хүлээн авсан атлаа 196 593 363 төгрөгийн үнэ бүхий дутуу, доголдолтой хаалгыг нийлүүлж, 704 ширхэг цоож нийлүүлэх, суурилуултын ажил гүйцэтгэх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд дээрх хугацаанаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймээс бидний хувьд ********* ХХК-д илүү төлсөн 70 037 995 төгрөгийн төлбөр, Чандмань үүд ХХК-иас тус компанийн нийлүүлбэл зохих хаалгыг худалдан авахад гарсан 26 500 000 төгрөгийн зардал, талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 7.1-т Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлж барагдуулна гэж заасны дагуу 72 324 523 төгрөгийн алдангийг гаргуулах шаардлага багасгаж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн ажлын хөлс 61 735 265 төгрөг, алданги 30 86 633 төгрөг, нийт 92 602 898 төгрөг гаргуулах гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай ********* ХХК нь 2017 оны 08-р сарын 21-ний өдөр ******* ХХК-тай 358 304 528 төгрөг /НӨАТ орсон дүнгээр/-ийн үнэ бүхий 704 ширхэг хаалга хийж гүйцэтгэхээр тохиролцож ****** тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ********* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн барьж байсан Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13 хороолол, ХААЯ-ны эсрэг талд байрлах орон сууцны барилгад 704 ширхэг өрөө хоорондын дотор модон хаалгыг урьдчилгаа төлбөр төлөгдсөн өдрөөс хойш ажлын 60 хоногийн дотор хийж гүйцэтгэх, ******* ХХК нь гэрээ байгуулагдсан өдөр гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгааг шилжүүлэх, ажил гүйцэтгэх графикийн дагуу үлдэх санхүүжилтийг тухай бүр олгохоор тохиролцсон байсан. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ****** тоот гэрээний ажил гүйцэтгэх графикийн дагуу ******* ХХК нь нийт ажлын хөлснөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдөр 30 хувийг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 30 хувийг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 20 хувийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 хувийг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 хувийн санхүүжилтийг олгохоор, тус хаалга үйлдвэрлэл суулгалтын ажлын графикийн дагуу манай компани ******* ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200 ширхэг хаалга, 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 15 ширхэг хаалга, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 250 ширхэг хаалга. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 104 ширхэг хаалгыг нийлүүлэхээр талууд тохиролцсон болно. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр урьдчилгаа төлбөрт 107 491 358.4 төгрөг төлөх ёстой байтал 80 600 000 төгрөгийг төлсөн бөгөөд урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлээгүй. Манай компанийн зүгээс ******* ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг эрхэмлэн графикийн дагуу санхүүжилтийг тухай бүр олгоно гэж итгэж урьдчилгаа төлбөрийн зөрүүг хүлээлгүйгээр 704 ширхэг дотор модон хаалганы үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн. ******* ХХК нь манай компанид 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 80 600 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 26 891 358 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 30 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөгийг нийт 147 491 358 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 58 100 000 төгрөг болон 61 040 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг манай компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. ********* ХХК-ийн зүгээс бэлэн болсон хаалгануудыг нийлүүлэх боломжтой байсан хэдий ч бусад туслан гүйцэтгэгч компаниудын ажлын графиктай уялдана гэж заасны дагуу 2018 оны 3 дугаар сараас хаалга нийлүүлж эхэлсэн. Барилгын дотор модон хаалгыг барилгын ажил бүрэн дуусч дотор засал хийгдсэний дараа нийлүүлж суурилуулах шаардлагатай байдаг тул манай компани ******* ХХК-ийн барьж буй барилгын ажлын явцыг хүлээхээс өөр аргагүй болсон. Манай компани 2018 оны 3 сараас эхлэн ******* ХХК-д 181 483 899 төгрөг /НӨАТ орсон дүнгээр/-ийн үнэлгээ бүхий бүх зүйл нь хийгдэж дууссан суурилуулахад бэлэн болсон 372 ширхэг хаалга, 61 ширхэг цоожны хамт нийлүүлсэн. Уг 372 ширхэг хаалганаас 66 ширхэг хаалгыг барилгад суурилуулсан. Мөн ******* ХХК нь санхүүжилтээ графикт хугацааны дагуу бүрэн төлөөгүйгээс эцсийн дамжлага дутуу нийт 124 588 076 төгрөгийн үнэлгээ бүхий 350 ширхэг хаалга, 2 ширхэг хропыг хүлээлгэн өгсөн болно. ********* ХХК нь Орчлон Констракшн ХХК-д нийт 306 071 975 төгрөгийн үнийн дүн бүхий хаалгыг хийж гүйцэтгэн нийлүүлсэн болно. ******* ХХК нь манай хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд 39 440 617 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн удаа байхгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны ****** тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээт ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг зорьж ажиллаж байсан боловч *******" ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс эхлээд тохиролцсон графикаа зөрчсөний улмаас өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ********* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн ажлын хөлс 70 037 995 төгрөг, алданги 72 324 523 төгрөг, тухайн компанийн гүйцэтгэх ёстой байсан ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал 26 500 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 24 239 214 төгрөг, нийт 193 101 732 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, илүү төлсөн ажлын хөлс 61 735 265 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэн алданги 30 867 633 төгрөг, нийт 92 602 898 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжин мэтгэлцэв.
Хариуцагч ...захиалагч буюу нэхэмжлэгч нь санхүүжилтээ гэрээнд заасан графикийн дагуу гүйцэтгээгүй, мөн бусад туслан гүйцэтгэгчдийн ажлаас хамаарч хугацаа хойшлогдож байсан. 164 985 363 төгрөгийн үнэ бүхий 372 ширхэг хаалга бүрэн суурилуулсан, эцсийн дамжлага дутуу 124 588 076 төгрөгийн үнэ бүхий 350 ширхэг хаалга, 2 ширхэг хропыг хүлээлгэн өгсөн. 39 440 617 төгрөгийн ажлын хөлсийг манайд төлөөгүй байгаа... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Талууд 2017 оны 08 сарын 21-ний өдөр АГГ/01/26 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ********* ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, ХААЯ-ны эсрэг талд байрлах орон сууцны барилгад 704 ширхэг өрөө хоорондын дотор модон хаалгыг 2017 оны 11 сарын 25-ны өдрийн дотор үйлдвэрлэн, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч ******* ХХК нь ажлын хөлс 358 304 528 төгрөг /НӨАТ орсон дүнгээр/-ийн 30 хувь буюу 107 491 358,4 төгрөгийг мөнгөн хэлбэрээ, 70 хувь буюу 250 813 169,6 төгрөгийн орон сууцыг бартераар шилжүүлэхээр тус тус тохиролцжээ. /хх-7-10/
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч ******* ХХК нь ажлын хөлсөнд нийт 266 631 358 төгрөгийг хариуцагч ********* ХХК-д төлсөн, гэрээ цуцлагдаж дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээ нь маргааны зүйл болсон.
Ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас захиалагч гэрээнээс татгалзах үндэслэл үүссэн бол захиалагч зөрчлийг арилгах талаар нэмэлт хугацаа тогтоож өгч, энэ хугацаанд ажил гүйцэтгэгч зөрчлийг арилгаагүй бол гэрээг цуцлах үндэслэл үүсэх ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд захиалагч буюу нэхэмжлэгч нь зөрчлийг арилгах талаар хариуцагчид удаа дараа шаардлага хүргүүлж байсан, хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бэлэн болоогүй 352 ширхэг хаалганы бэлдцийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөс өөрөөр гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч хуульд заасан гэрээ цуцлах үндэслэл журмыг баримталсан гэж үзнэ. /хх-47-49, 23/
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Эвт Үүд ХХК нь суурилуулахад бэлэн болсон 372 ширхэг хаалга, 61 ширхэг цоожны хамт, 352 ширхэг бэлэн болоогүй хаалганы бэлдцийг тус тус нийлүүлж, 66 ширхэг хаалгыг барилгад суурилуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг гүйцэтгэсэн ажлын хөлс 306 071 975 төгрөг гэж тайлбарлаж байх боловч тэрээр тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр ********* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 215 140 894 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэж дүгнэжээ. /хх 118-127 /
Эдгээрээс дүгнэхэд хариуцагч ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгч гэрээг цуцалсан, илүү төлсөн мөнгөө гаргуулна гэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс илүү төлсөн 61 735 265 төгрөг нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарах тул 61 735 265 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлж барагдуулна гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 61 735 265 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 30 867 633 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ********* ХХК-иас 61 735 265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 867 633 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 466 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ