Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/02666

 

 

 

 

 

 

 

 

 

      2021 оны 11 сарын 19 өдөр

                Дугаар 183/ШШ2021/02666

                    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... хороо, А ам В хотхон, В СӨХ /РД:.../-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... хороо, А ам В хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Ч овогт Ж.Б /РД:.../-т холбогдох,

 

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,998,032.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Ж.Б, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Б нь ХУД-ийн 4 дүгээр хороо, В оны 000 дугаар байрны 000 тоотын өмчлөгч, оршин суугч бөгөөд Монгол улсын Иргэний ийн 147 дугаар зүйлийн 147.1 -д заасныг зөрчиж, СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, 2020 оны 3,4,5,6,7,8,9,10,11,12 дугаар сар, 2021 1,2,3,4,5,6,7,8 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр болох 2.998,032,01 төгрөгийг төлөөгүй болно. В СӨХ-оос тухай бүр нэхэмжлэх илгээж шаардахаас гадна 2020 оны 11 дүгээр сарын 27, 2021 оны 06 сарын 24-ний өдрүүдэд СӨХ-ны төлбөр төлөх талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл 1 жил 6 сарын төлбөр төлөөгүй СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 19.1.1, 149.1.2, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасны дагуу Ж.Баас СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр 2,998,032.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Тогтмол зардал 166,000 төгрөг гэж тогтоосон. Өөр нэмэгдэл байгаа юу гэхэд байхгүй гэж хэлсэн. Шүүхэд ирэхэд 220,000 төгрөг болсон байсан. Энэ зардал 160,000 төгрөгөөс давж гарна гэж хэлээгүй, төлбөрийн задаргаатай танилцахаар танилцуулдаггүй СӨХ зардалдаа таарсан үйлчилгээ үзүүлдэггүй, ажилчид нь харилцааны соёл байхгүй. Маш олон СӨХ-ны үйлчилгээ үнийн дүнгээсээ өөр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ийм цар тахал болсон үед яагаад цэвэрлэгээ, үйлчилгээгээ сайн хийхгүй байгаа, бидний дунд зохиосон хурал байхгүй. ТУЗ-ын гишүүн 5 оршин суугч байгаа гэсэн боловч тэр хүмүүсийг танихгүй, СӨХ-оос ямар нэгэн шалтаг тоочоод нийт гишүүдийн хурал хийдэггүй. Бид төлж байгаа төлбөрийнхөө тайлантай танилцах эрхтэй гэв.                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх В СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

            Нэхэмжлэгч В СӨХ нь 2020 оны 3 дугаар сараас 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сараас мөн оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,998,032.01 төгрөгийг хариуцагч Ж.Баас  гаргуулахыг хүссэн байна.

 

           Хэргийн баримтаас үзэхэд  В СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар  байгуулагдсан болох нь 2019.12.24-ний өдрийн ... тоот гэрчилгээ, 2021.07.26-ны өдөр олгогдсон ... дүгээр гэрчилгээ, тус СӨХ-ны  Удирдах зөвлөлийн 2019.12.10-ны өдрийн 19/04 тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2020.01.27-ны өдрийн ... тоот орон сууцны ашиглалт, үйлчилгээ үзүүлэх хамтран ажиллах гэрээ зэргээр тогтоогдож байна. 

 

           Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй,  147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул В СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 

           Хариуцагч Ж.Б нь 2020 оны 3 дугаар сараас 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сараас мөн оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн талаарх дээрх хугацааны В СӨХ-ны нэхэмжлэл, 2020.05.22-ны өдрийн 20/01 тоот В СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоол, СӨХ-ны төлбөрийн задаргаа зэргийг үндэслэн  нийтдээ  2,998,032.01 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

           Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...тогтмол зардал байнга нэмэгддэг, засвар үйлчилгээ хангалтгүй” гэж тайлбарладаг боловч Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, мөн холбооны үйл ажиллагаа болон засвар үйлчилгээний талаар холбогдох газарт хандаагүй байна.

 

            Иймд Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд хариуцагч Ж.Б нь тухайн орон сууцны өмчлөгч болохыг зөвшөөрсөн болно.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т  зааснаар хариуцагч Ж.Баас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,998,032.01 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В СӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамжид 62,919 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Д.ЭНХЦЭЦЭГ