Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/639

 

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг  хөтлөн,

Улсын яллагч: М.Эрдэнэзаяа /томилолтоор/

Шүүгдэгч: Б.*******,

Хохирогч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох 2405000001046 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг "Бласт" ХХК-ийн Нарийн Сухайт салбарт ахлах тогооч хийдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 80 айлын 14- 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 ******* овогтой *******ийн *******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь “2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т-2/77 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.*******той маргалдаж, улмаар хохирогч Т.*******ийн толгойн тус газар нь шар айргийн шилэн аягаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь “2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т-2/77 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.*******той маргалдаж, улмаар хохирогч Т.*******ийн толгойн тус газар нь шар айргийн шилэн аягаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* “...гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405000001046 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.*******ийн хохирогчоор өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Т-2/77 тоотод найз *******, ******* нарын хамт байж байхад манай найз ******* утсаар өглөө 11 цаг өнгөрч байхад залгаад манай гэрт такси бариад ирсэн ирээд бид хоёр дэлгүүр ороод нэг том пиво, 05 грамын хараа нэртэй архи аваад өөрөө ирэхдээ 3 лааз пивотой ирсэн. Тэгээд бид 4 архи, пиво уугаад байж байхад ******* найз Өвөрхангай явахаар такси барихаар гарсан. ******* нь тасраад унтаад өгсөн ******* бид хоёр үлдээд би согтсон тул яагаад юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа бөгөөд маргалдаад ******* намайг зодсон ууж байсан архины стаканаар намайг толгойн дээд хэсэгт цохисон байсан. Манай архи уугаагүй Жадамба найз ирээд цус нөжтэйгөө холилдсон байхыг хараад түргэн дуудаад гэмтэл дээр очоод оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.*******гийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр найз Төрсайханы ******* найзынд *******, Жаагийн нартай цуг байж байсан чинь *******ийн найз гэж нэг залуу орж ирээд тэгээд би гадаа толгойгоо угаагаад байж байсан чинь байшинд ******* дуудсан эрэгтэй найзтай үлдсэн тэгээд байж байсан чинь чимээ гараад байхаар нь байшинд орсон чинь *******ийн толгойноос нь цус гарсан байсан, тэгсэн чинь *******ийн найз гараад яваад өгсөн тэгээд би *******ийн цусыг гадаа гаргаад цус тогтоох гээд оролдож байгаад угааж өгсөн чинь цус гараад тогтохгүй байсан тэгэхээр нь эмнэлэг цагдаа дуудсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Мөрдөн шалгаж ажиллагааны шатанд С.*******ийн гэрчээр өгсөн “...Би өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг, Төрсайханы *******ийнд *******, Жамбалдорж билүү Жаагий, *******ийн найз гэж нэг залуу ирээд бид нар цуг *******ийнд ганц хоёр шил архи уух гээд цуглаад нь бид нар тэднийд цуг 2 шил 0.75 литрийн "Хараа" архи уугаад нэг 2.5 литрийн пиво зэрэг аваад уугаад байж байсан чинь би мансарт дээр нь гараад унтаж байсан чинь доод талд зодоон болоод би сүүлд сэрсэн чинь *******ийг нэрийг нь мэдэхгүй найз нь гэж ирсэн залуу зодоод шилээр толгой хэсэгт нь зоосон байсан тэгээд цус нь тогтохгүй байсан чинь зоосон залуу нь гарч зугтаад бид нар цус нь тогтохгүй байхаар нь цагдаа дуудсан, тэр найзыг нь цагдаа нар аваад явсан эрүүлжүүлэх авч явсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8411 дугаартай “...1. Т.*******ийн биед тархи доргилт, баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, зүүн зулай, зүүн хөхлөг сэртэн, зүүн чих, зүүн мөр, баруун шуу, зүүн гарын долоовор, дунд хуруунд няцарсан шарх, баруун нүдний алимны салст, баруун сарвуу, зүүн шуунд цус хуралт, зүүн сарвуу, баруун өвдөлт зулгаралт тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4.5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 тал/,   

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/,

-оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 тал/,

-эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хх-ийн 52 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь “2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т-2/77 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.*******той маргалдаж, улмаар хохирогч Т.*******ийн толгойн тус газар нь шар айргийн шилэн аягаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Б.*******ын мэдүүлэг, хохирогч Т.*******ийн мэдүүлэг, гэрч Ж.*******гийн мэдүүлэг, гэрч С.*******ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 8411 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т-2/77 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.*******той маргалдаж, улмаар хохирогч Т.*******ийн толгойн тус газар нь шар айргийн шилэн аягаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.*******ид 522.000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд төлсөн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.******* нь 1,500,000 төгрөгийн хохирол төлбөр нэмж нэхэмжилсэн хэдий ч энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул түүнийг нотлох баримтаа цуглуулан өөрт учирсан хохирол хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т-2/77 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.*******той маргалдаж, улмаар хохирогч Т.*******ийн толгойн тус газар нь шар айргийн шилэн аягаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 69 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.*******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 90 /ер/ хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дүгээр зүйл, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Т.******* нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ