Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/245

 

 

 2024       05         29                                           2024/ШЦТ/245

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гэд холбогдох эрүүгийн 2425003110306 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Т” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт...............оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг байцаан шийтгэх хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1, 248 дүгээр зүйлийн 248.1.2-д заасныг баримтлан хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Ж ургийн овогтой Б.Г /РД:00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах С хотхоны 808 тоот оффисдоо “Э” ТӨҮГ-аас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зарласан “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301209 дугаартай тендерт оролцохдоо “Т” компанийн үйлдвэрлэгчийн итгэмжпэл буюу зөвшөөрөл 1 хуудас баримт, мөн ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох баримтаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сархиа бүрд” ХХК, “Г” ХХК нарын хооронд байгуулсан гэх 21/13 дугаартай "Ган туйван нийлүүлэх гэрээ" 4 хуудас , 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21/13-ГДА дугаартай "Ган туйван" нийлүүлэх гэрээ дүгнэсэн акт 1 хуудас , "Бараа хүлээлгэн өгсөн" акт 1 хуудас баримтыг бүртгэлийн 211 дугаартай тамгатай Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Эаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус гэрчлүүлсэн мэтээр нотариатчийн тамга, баталгааны тэмдгийг сканердан хуулбарлаж, нотариатчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр материалыг tender.gov.mn сайтаар хүргүүлж, хуурамч болохыг мэдсээр байж тендер шалгаруулалтад оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

         -шүүгдэгч Б.Гийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,    

 Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

-Монголын нотариатчдын танхимын 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 529 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг /1-р хх-ийн 19-р тал/

-Нийслэлийн тойргийн нотариатч Ч.Баянжаргалын “Х” ХХК-ний захирал С.Цэд хүргүүлсэн тайлбар /1-р хх-ийн 20-р тал/

-Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Эын Монгол улсын сангийн яаманд тодруулга хүргүүлсэн тухай албан бичиг /1-р хх-ийн 21-р тал/

-“Х” ХХК-ний захирал С.Цийн Монголын нотариатчдын танхимд  гаргасан хүсэлт /1-р хх-ийн 22-р тал/

- Тender.gov.mn цахим системийн мэдээллийн санд үзлэг хийсэн тухай: … бүртгэл рүү нэвтрэн орж “Э” ТӨҮГ-ын худалдан авах хангамжийн мэргэжилтэн М.Тгийн эрхээр өөрөөр нь нэвтрүүлж “Э” ЭҮТӨҮГ/202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийн сонгон шалгаруулах тендерт “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хэн үзсэн,татсан талаар үзэхэд тендерт шалгаруулалт цэс рүү орж ТШ урилга, үр дүн хэсэг рүү орж 202301209 кодоор хайлт хийхэд 2023.03.31 00:00 хугацаанд тендерт зарлагдаж 2023.5.08 09:40 хугацаанд тендерийн материал хүлээн авах хугацаа хаагдсан нь харагдаж байлаа. Нээлтийн тэмдэглэл харах хэсэгт дарахад 3 байгууллага тендерт материал ирүүлсэн нь харагдаж байсныг гэрэл зургаар харуулав. Үзлэгийг үргэлжүүлэн Тендер нээх цэс рүү орж Ирүүлсэн тендерүүд сонголтыг дарж ороход өмнө нь зарлагдсан тендер харагдахгүй шинээр зардлагдсан тендерүүд харагдаж байлаа. Үзлэгийг үргэлжлүүлэн Тоон гарын үсэг цэс рүү ороход ТШ буюу Тендер шалгаруулалтуудын нэрс хэсэгт олон тооны тендерүүдийн нэрс байх тул ТШ-ын нэр хэсэгт “Давтмал ган” түлхүүр гэсэн хайлт хийхэд 2023.05.08 09:45:00 хугацаанд тендер нээх харагдаж нууц үг үүссэн байсан нь харагдаж байлаа. Өмнө материал ирүүлсэн “Г” ХХК-ын материал болон бусад байгууллагуудын тендерийн материал харагдахгүй байсныг гэрэл зургаар баталгаажуулан, үзлэг хийх ажиллагааг зогсоов” гэх үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 29-37-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 38-р тал/

-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 39-62-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 63-р тал/

-гэрч С.Цийн мэдүүлсэн:.. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эээс зарласан “Ган туйван” тендер 03 дугаар сарын 29-ний өдөр нээж манай манай “Х” компаниас гадна зургаан компани оролцож тухайн үедээ захиалагчийн шаардлага хангасан гэж “Г” компани шалгарсан байсан. Тухайн “Г” компани нь захиалагчийн тавьсан техникээс өөр бараа санал болгосон байсан бөгөөд энэ талаар манай компани сангийн яаманд өргөдөл гаргаж гаргасан. Мөн “Г” компанийн тендерийн бичиг баримттай танилцахад тамга тэмдэг нь зөрүүтэй байсан тул хүсэлт гаргаж Монголын нотариатчидын танхимаас тодруулга авахад тухайн нотариатчийн тамга тэмдэг нь хуурамч болох нь нотлогдсон. Мөн 2023 оны 03 сарын 31 өдөр зарлагдсан "Давтмал ган" нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад манай компаниас гадна хоёр компани оролцсон. Харин тэр үедээ “А” компани шалгарсан боловч үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулахдаа огноо болон гарын үсгийг тайллын өнгө зөрүүтэй шаардпага хангаагүй байсан тул хасагдаж “Г” ХХК нь шалгарч гэрээ байгуулсан. 2023 оны 05 дугаар 04-ны өдөр манай “Х” компани Монголын нотариатчидын танхимд “Г” ХХК үйлдвэрлэгчийн итгэмжлэл дээрх нотариатч Д.Эын гарын үсгийн тайлал тамга зөрүүтэй талаар өргөдөл гаргаж шалгуулахад энэ талаар Орхон аймгийн нотариатч Д.Э Сангийн яаманд 2023 оны 06 дугаар 19-ны өдөр хүргүүлсэн бичигт 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр баталсан хуулбарыг шалгахад 1417 тоот "Г" ХХК -н итгэмжлэлийг хуулбараар батлаагүй байна гэсэн хариу хүргүүлсэн. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эийг шаардлага хангаагүй нийлүүлэгч шалгаруулсан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байгаа. “Г” ХХК нь хуурамчаар тамга тэмдэг үйлдсэн талаар өргөдөл өргөдөл өгсөн. Манай “Х” компани нь Эээс зарласан Ган туйван, Давтмал ган, Зэс труба гэх нийт гурван тендерт оролцсон. Цахимаар зарласан нээлттэй тендерүүдэд оролцогчид танилцаж болдог юм. Тухайн зарласан тендертэй энэ журмаар орж танилцахад “Г” ХХК, “А” ХХК мөн “Ш К” ХХК-иудын нотариатаар батлуулж тендерт оролцсон баримт бичгүүд дэх нотариатчидыг тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх тамга тэмдэг гарын үсгийн тайлал зэрэг нь зөрүүтэй байсан тул Монголын сангийн яам болоод нотариатчидын танхимд хүсэлт гаргаж шалгуулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-67-р тал/

-гэрч Д.Эын “...Би хуульч мэргэжилтэй нөхрийн хамт амьдардаг. 2004 оноос хойш Орхон аймгийн нотариатчаар ажиллаж байна. Тухайн үед энэ асуудлаар 2023 оны 06 дугаар сард “Х” компаниас над дээр ирж уулзаж байсан. Тэр үед “Х” компани “Г” ХХК-ний итгэмжлэлийн хуулбараар баталсан эсэхийг тодруулахаар ирсэн байсан. Тэгээд би бүртгэлийн дэвтэр дээр бүртгэгдсэн тэмдэглэлээ шалгахад тухайн “Г” ХХК-ний тэмдэглэл байгаагүй учир “Х” ХХК нь Монголын нотариатчидын танхимд миний энэ үйлдлийг шалгуулахаар хүсэлт явуулсны дагуу миний бие холбогдох бичиг баримтыг хүргүүлж шалгуулахад “Г” ХХК энэ үйлдлийг миний бие батлаагүй нь бүртгэлийн дэвтэр болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Харин миний тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн эсвэл сканердсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Би тус өдөр нийт 24 бичиг баримт хуулбараар баталсан байсан. Эндээс “Х” ХХК-тай холбоотой 2 ширхэг баримт бичиг хуулбараар баталсан байсан. Харин би Г ХХК-тай холбоотой баримт бичиг хуулбараар огт батлаагүй болно. Манай байгууллагаас баримт бичиг хуулбараар батлахдаа бүртгэж авдаг. Тиймээс миний бүртгэлийн дэвтэр №1 гэсэн дэвтэр дээр бүртгэлийн дугаар он сар өдөртэйгөө хуудас 39-40 дээр 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн баталсан бүх бичиг баримтын бүртгэл байгаа. "Э” нь тендерийн материал шалгаж байх үедээ эргэлзээтэй бичиг баримт байвал асуудаг. Харин тухайн үед “Г” ХХК бичиг баримтын талаар асууж холбогдоогүй. 2023 оны дугаар сард Х ХХК-ны захирал С.Ц “Г” ХХК-тай холбоотой баримт бичиг хуулбараар баталсан эсэх лавласан тэр үед л мэдсэн. Харин гарын үсгийн тайлал зөрүүтэй байсан... Тухайн өдөр 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр амралтын өдөр байсан тул ямар ч юм батлаагүй байна. Манай бүртгэлийн дэвтрийн 10 дугаар хуудсанд хуулбараар баталсан бүртгэлийн тэмдэглэлд 15 наас 16-ны өдөр баталсан бүртгэл байхгүй байна. Мөн 2023 оны 04 дүгээр сард 1386,1387,1388 дугаартай бүртгэл тус тус хийгдээгүй байсан болно. Би тус өдөр 1223-1229 дугаартай нийт 7 бичиг баримт хуулбараар баталсан байсан. Эндээс би “Г” ХХК-тай холбоотой баримт бичиг хуулбараар огт батлаагүй болно. Мөн 1716 дугаартай бүртгэл байхгүй байна Манай байгууллагаас баримт бичиг хуулбараар батлахдаа бүртгэж авдаг.Би нотариатчины тамганы дугаар 211 гэсэн дугаартай. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69, 72-р тал/

эрч М.Тгийн "...Э" ТӨҮГ-аас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Ерөнхий захирлын А/98 тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдсан юм. Ингээд 03 дугаар сарын 31-ний өдөр “Давтмал-Ган” /ЭҮТӨҮГ/202301209/ дугаартай тендерийг цахимаар нээлтэй тендер шалгаруулалтын журмаар зарлаж 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цахимаар тендерийг нээж " А " ХХК, " Г " ХХК, " Х " ХХК гэсэн 3 компаниуд материалаа ирүүлж оролцсон байгаа. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт тус тендерийн үнэлгээний хороо хуралдаж хамгийн сайн тендерээр "А" ХХК-ны ирүүлсэн тендерийг шалгаруулж шийдвэрийг захиалагчид албан бичгээр хүргүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “А” ХХК-ны тендер шалгарч мэдэгдлүүдийг тендерт оролцогч компаниуд руу цахимаар хүргүүлсэн. "Хостулгуур" ххк, "Г" ххк нар Сангийн яаманд гомдол гаргаснаар 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тендерийг түр түдгэлзүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 24- ны өдрийн 03/3582 албан албан бичиг ирүүлсэн. Сангийн яамны 03/4074 дугаартай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гомдол хянасан тухай албан бичиг ирсэн. Уг албан бичигт “Г” ХХК-ны гаргасан гомдол үндэслэлтэй, харин “Х” ХХК-ны гаргасан гомдол үндэслэлгүй байсан ба 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/4263 тоот албан бичигт “Х” ХХК-ны тендерийн баталгааг улсын орлого болгох тухай шийдвэр гарсан ба “Х” ХХК дахин Сангийн яаманд гомдол гаргах эрхгүй учраас Анхан шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Тендер 1 үе шаттай явагдсан. 2023 оны 06 сарын 29-ны өдөр /гэрээ байгуулагдсанаар/ тендер хаагдсан. Тухайн компаниудын материалуудыг Төрийн худалдаа авах цахим сан болох tender.gov.mn гэсэн сайтаар хүлээн авдаг юм Цаасан хэлбэр болон тендерийн материалын эх хувиар нь авдаггүй юм. "Э" ТӨҮГ "Г" ХХК хоёрын хооронд гэрээ байгуулчихсан байсан ба бараа материал нь Монгол улсын хил дээр ирчихсэн гэж танилцуулсан. Анхан шатны шүүхийн тогтоол гарснаас хойш “Г” ХХК нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Энэ хугацаанд бараа материал ирээд үйлдвэр хүлээж авах акт үлдэж бараа материалаа хүлээж авсан. “Г” ХХК 1 удаа тендерт оролцсон. Тендерт оролцож байгаа компаниуд бүгд цахимаар нээлттэй оролцох боломжтой. Тендер нээх хугацаанаас 5 минутын өмнө тоон гарын үсэг Төрийн худалдан авах цахим сайт болох tender.gov.mn сайтаас нарийн бичгийн дарга луу илгээсэн. Ингэснээр тендерүүдийг нээж үзэх эрхтэй болдог. Тэрнээс биш ямар компани хэнд ямар хаяг руу илгээх боломжгүй юм. Хаанаас хэнээс ирж байгааг тодорхойлох боломжгүй” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 81-83-р тал/

-Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад хэлэх зүйл үнэндээ алга. Дээрх үйлдлийг хийсэндээ гэмшиж байна.Өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан жрумаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өөр нэм ярих зүйлгүй...... гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 104-р тал/

-“Г” ХХК-ний дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 113-114-р тал/

-“А” ХХК, “Ш К” ХХК, “Г” ХХК, “Х” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зарлагдсан бараа материал нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцсон байдал, мөн шалгарч байсан талаарх материалын хуулбар /1-р хх-ийн 129-134-р тал/

-“Г” ХХК, “Х” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний  өдрөөс хойш зарлагдсан бараа материал нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцсон байдал, тендерийн материалын хуулбар /1-р хх-ийн 136-179-р тал/

-“Г” ХХК-ний тоон гарын үсгийн гэрчилгээний лавлагаа /1-р хх-ийн 186-р тал/

-“А” ХХК- ний тоон гарын үсгийн гэрчилгээний лавлагаа /1-р хх-ийн 188-р тал/

-“Ш К” ХХК ний тоон гарын үсгийн гэрчилгээний лавлагаа /1-р хх-ийн 190-р тал/

-Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны 0030 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 194-201-р тал/

-Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний 0031 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 202-206-р тал/

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0724 дугаар магадлалын хуулбар /1-р хх-ийн 210-213-р тал/

-гэрч С.Цийн гаргаж өгсөн Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 8 хуудас баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 243-250-р тал/

-гэрч Д.Эын гаргаж өгсөн хуулбарын бүртгэлийн дэвтэр №1 хуудас /39-40-р хуудас/ 3 хуудас бичиг /2-р хх-ийн 1-4-р тал/

--Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 5-53-р тал/

 

-Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 54-60-р тал/ зэргийг нотлох баримтаар судаллаа.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 “Г” ХХК нь “Э” ТӨҮГ-аас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зарласан “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301209 дугаартай тендерт оролцох зорилгоор холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт хийхэд, уг компаний хамтран эзэмшигч шүүгдэгч Б.Г нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах С хотхоны 808 тоот оффисдоо “Т” компанийн үйлдвэрлэгчийн итгэмжпэл буюу зөвшөөрөл 1 хуудас баримт, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сархиа бүрд” ХХК, “Г” ХХК нарын хооронд байгуулсан гэх 21/13 дугаартай "Ган туйван нийлүүлэх гэрээ" 4 хуудас , 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21/13-ГДА дугаартай "Ган туйван" нийлүүлэх гэрээ дүгнэсэн акт 1 хуудас , "Бараа хүлээлгэн өгсөн" акт 1 хуудас баримтыг бүртгэлийн 211 дугаартай тамгатай Орхон аймгийн тойргийн нотариатч Г.Эаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус гэрчлүүлсэн мэтээр нотариатчийн тамга, баталгааны тэмдгийг сканердэн хуулбарлаж, нотариатчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр материалыг tender.gov.mn сайтаар хүргүүлж, тендер сонгон шалгаруулалтад оролцож ашиглажээ   

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, бичмэл баримтууд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

        Шүүгдэгч Б.Гийн нотариатчийн тамга, баталгааны тэмдгийг сканердан хуулбарлаж, нотариатчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэн материалаа 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр tender.gov.mn сайтаар хүргүүлж, хуурамч болохыг мэдсээр байж тендер шалгаруулалтад оролцсон энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл олгосон, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн, баримт бичиг, тамга, тэмдэг ...хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...бол ял шийтгэнэ” гэж заасан “хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах” гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуульд заасан Нийтийн албаны ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.         

           Шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.          

         Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т: Өөр саналгүй гэж

          -шүүгдэгч: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, хохирол төлсөн гэж тус тус санал дүгнэлт гаргасан.                              

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.    

       Шүүгдэгч Б.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.   

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

         Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

        Хэргийн шалтгааны тухайд, хувь хүний, ямар ч хамаагүй аргаар өөртөө ашиг олох гэсэн шунахай сэдэлтээр өдөөгдсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овогтой Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ