| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2021/02341/И |
| Дугаар | 183/ШШ2021/02676 |
| Огноо | 2021-11-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2021/02676
| 2021 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2021/02676 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:С.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 32.633.333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О нь Г ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр машин механизм түрээсийн гэрээ байгуулж 68-88 UB дугаартай, Doosan Solar-140W-V маркийн эскскаторыг 15.000.000 төгрөг, 00-00 UAB дугаартай, Bieben nd0000 маркийн усны машиныг 8.000.000 төгрөг, 57-77 UR дугаартай, XCMG GR215 маркийн грейдерийг 24.000.000 төгрөгөөр тус тус тооцон нэг сарын түрээсийн төлбөр нийт 47.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, Улаанбаатар, Дархан хотын хооронд авто замын ажлын талбайд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр техникүүдээ гаргасан. Ингээд 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эхний сарын ажлын гүйцэтгэлийг дүгнэж 54.299.982 төгрөгийг С.О явуулсан нэхэмжлэлийн дагуу тус компаниас шилжүүлсэн. Мөн 2 дахь сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэхийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 47.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 3 дахь сарын түрээсийн төлбөр болох 32.633.333 төгрөгийн нэхэмжлэхийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр явуулсан боловч хариуцагч тал шилжүүлээгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан ба нэхэмжлэгч техник хэрэгслүүдээ бүрэн шилжүүлсэн байхад хариуцагч тал түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй. 2019 онд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдах үед НӨАТ ороогүй ба, энэ талаар талууд гэрээндээ тусгасан, маргаан ч гараагүй, гэтэл 2021 оны түрээсийн үлдэгдэл төлбөр нэхэх үед 2019-2021 оны түрээсийн нийт төлбөрөөс тооцож, Хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой гэж тайлбарлаж, түрээсийн үлдэгдэл төлбөр төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана...” гэж заасан байдаг. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-т “...Борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр...” нь албан татвар ногдуулах хугацаа байна гэж заасан. 2019 онд тайлагнаад дууссан байх ёстой, 2019 оны /е-баримт/-ыг нөхөн бичилт хийж болох юм уу, үүнтэй холбоотой Татварын албанд зөрчил үүссэн гэж тайлагнасан зүйл байгаа эсэх, С.О тухайн /е-баримт/-ыг өгөөгүйгээс тус компанид ямар хохирол учирсан талаар баримт байхгүй байна. Татвар төлөх гэдэг нь иргэний үүрэг мөн. Гэхдээ С.О надад итгэмжлэл олгохдоо 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн төлбөрөө авч чадахгүй байна, шүүхэд төлөөлөөд нэхэмжлэл гаргаад өгөөч гэж л хэлсэн. 2019 оны 7 дугаар сард талуудын хооронд байгуулагдсан гэрээнд /е-баримт/ өгөх талаар огт тусгаагүй байдаг. Сангийн сайдын тушаал нь 2019 оны 11 дүгээр сард гарсан, хариуцагч тал ебаримт авна гэдгээ мэдээ ч үгүй байж, 2019 оны Сангийн сайдын тушаал гарсны дараа 2020, 2021 онд гэрээний 3 дугаар зүйлд тусгаж, зөвтгөж явсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 10.553.333 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 22.080.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн С.О-тай 2019-2021 онд машин механизм түрээсийн гэрээ байгуулан ажилласан ба дээрх тушаалын дагуу түрээсийн үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн дүнгээр хийсэн болно. С.О нь үзүүлсэн үйлчилгээний төлбөрт авсан 220.799.987,28 төгрөгийн баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 6.1, 6.2-т заасны дагуу төлбөрийн баримт заавал бичиж өгөх, манай компани тус журмын 6.3-т заасны дагуу худалдан авсан үйлчилгээндээ төлбөрийн баримт заавал бичүүлж авах үүрэгтэй болно. Хуулийн дагуу С.О-аас төлбөрийн баримт авах шаардлагатай байгаа. Төлбөрийн баримтыг С.О бичиж өгснөөр бидний хооронд байгуулсан гэрээний дагуу 20.072.726,12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа болно. Гэтэл С.О 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байсан гэдэг бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасны дагуу иргэний үзүүлсэн үйлчилгээний орлогын дүн 10.0 сая төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж хуульд заасан тул С.О зөвхөн манайд үзүүлсэн ажил үйлчилгээнд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 27.000.000 төгрөг өөрийн дансанд шилжүүлж авсан нь хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох болзол хангасан. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 27.000.000 төгрөгийг авснаар тухайн хуулийн 8.1.2 дахь хэсэгт зааснаар 8 дугаар сараас эхлэн татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 3 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ өгч, бүртгүүлсэн байх ёстой...” гэж заасан. Хэрэв татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байгаа тохиолдолд энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээх ёстой. Манай компанийн зүгээс С.О-аас худалдан авсан үйлчилгээний төлбөрт 220.799.987.28 төгрөг авсан гэдгээ /е-баримт/-д бүртгүүл, хэрэв үүнийг бүртгүүлэхгүй бол Г ХХК нь тухайн үнийн дүнгийн 10 хувиар торгуулах хуулийн шаардлага гараад байна гэж хэлсэн. Иймд манай зүгээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр 22.080.000 төгрөгийг шилжүүлж өгье, эсхүл та /е-баримт/ өг гэх шаардлагыг удаа дараа тавьж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.О нь Г ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 32.633.333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 10.553.333 төгрөг төлснийг хасаж шаардлагаа 22.080.000 төгрөгөөр багасгаж байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.О хариуцагч Г ХХК-ийг түрээсийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үлдэгдэл төлбөрт 22.080.000 төгрөг нэхэмжилж, дээрх шаардлагаа дэмжиж байна.
Харин хариуцагч Г ХХК гэрээний үлдэгдэл төлбөрт нэхэмжилсэн 32.633.333 төгрөгнөөс 10.553.334,27 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, татварын маргаантай байгаа 22.079.998,73 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, энэ хэсгийг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тайлбарлаж байна.
С.О 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Г групп М ХХК-тай машин механизм түрээсийн гэрээ байгуулж, 0000 UB дугаартай, Doosan Solar-140W-V маркийн эскскаторыг сарын 15.000.000 төгрөг, 0000 UAB дугаартай, Bieben nd0000 маркийн усны машиныг сарын 8.000.000 төгрөг, 0000 UR дугаартай, XCMG GR215 маркийн грейдерийг сарын 24.000.000 төгрөгөөр тус тус тооцон нэг сарын түрээсийн төлбөр 47.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан.
Талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, Б тал буюу С.О А тал болох Г ХХК-д машин механизмыг түрээслүүлэхээр шилжүүлж, түрээслэгч түрээсийн төлбөрийг төлж байсан байх ба талууд түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй болно.
Хэргийн баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд Г ХХК талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эхний сарын төлбөрт 54.299.982 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дараагийн сарын төлбөрт 47.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн боловч 3 дахь сарын төлбөр 32.633.333 төгрөгийг төлөөгүй болох нь төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн баримт, талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 10.553.333 төгрөгийг шилжүүлсэн нь шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байгаагаас гадна талууд энэ талаар маргаагүй.
Иймд нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу төлөөгүй сарын үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч Г ХХК үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул тус компаниас 22.080.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О олгохоор шийдвэрлэв.
Харин хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч С.О-ыг үйлчилгээний төлбөрт авсан 220.799.987,28 төгрөгийн баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.5 дугаар зүйл, НӨАТ хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 6.1, 6.2-т заасны дагуу /е-баримт/ заавал бичүүлэх үүрэгтэй, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар /2019-2021/ оны 220.779.987,28 төгрөгнөөс мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 22.079.998,73 төгрөг суутгаж, улсын төсвийн дансанд оруулах нөхцөл байдал үүсч байгаа ба энэ нь тус компанид бодитой хохирол учруулахад хүргэж байна хэмээн маргажээ.
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний 3.1-т “...Машин механизмын түрээсийн хөлсийг сараар төлнө. Хэрэв ажилласан хугацаа нь бүтэн нэг сарын хугацаа хүрэхгүй бол бодит ажилласан өдрийн тоонд ногдуулж тооцно. Техникийн хийсэн ажил болон цагийн бүртгэлийг хоёр талын хариуцсан ахлагчаас тухайн өдөрт нь тулгаж баталгаажуулна. Дээрх түрээсийн үнэ нь НӨАТ-ыг багтаагаагүй үнэ болно...” гэж, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 1-т “...Машин механизмын түрээсийн төлбөрийг сараар төлнө. Хэрэв ажилласан хугацаа нь бүтэн нэг сар хүрэхгүй бол бодит ажилласан хоногийн тоогоор тооцно. Хоногийн ажилласан цагийг өдөр бүр хоёр талын хариуцагчид тулгаж баталгаажуулна. Дээрх үнэд НӨАТ багтаагүй...”, 2-т “...А тал түрээсийн төлбөрийг сар бүр Б талд төлнө. Дараа сарын 01-ний өдөр тооцоо тулгаад 10-ны дотор төлнө. Б талаас А талд МУ-ын албан ёсны НӨАТ-аас чөлөөлөгдсөн И-баримт олгоно... гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл талууд дээрх хоёр гэрээндээ түрээсийн үнэд НӨАТ багтаагүй гэдгээ дурдсан ба харин 2021 оны гэрээнээс харахад А тал түрээсийн төлбөрийг сар бүр Б талд төлнө, дараа сарын 01-ний өдөр тооцоо тулгаад 10-ны дотор төлнө. Б талаас А талд МУ-ын албан ёсны НӨАТ-аас чөлөөлөгдсөн И-баримт олгоно гэж зааснаар 2020, 2021 онд байгуулсан гэрээний дагуу төлбөрийн баримтыг С.О бичиж өгч байсан нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч С.О-ыг 2019 онд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, бүртгүүлэхээс зайлсхийсэн, тухайн үед бүртгүүлээгүй бол нөхөн бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой, түүнээс болж компанид хохирол учирч байна гэж маргаж байх боловч дээрх хуулийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй бөгөөд уг маргаантай асуудлаа холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх, түүнтэй холбоотой хохирол учирсан гэж үзвэл баримтаа бүрдүүлж шүүхэд хандах эрх нь нээлттэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 22.080.000 /хорин хоёр сая наян мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 321.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 268.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О -т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН