| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0251/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/247 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/247
2024 05 31 2024/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2425000000295 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ............ Соёл урлагийн цогцолборт бүжигчин ажилтай, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт ...................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овгийн Б.Н /регистрийн дугаар:0000000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 03 цаг 57 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал баг ........................ хотхоны 5 дугаар орцонд согтуурсан байдалтай унтаж байсан хохирогч Н.М хувцасны халааснаас “Iphone 14 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,900,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Н мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж оролцоно гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2425000000295 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-р тал/
-Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал баг ........................ хотхоны дугаар байрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:.. Үзлэг хийж буй хяналтын камерийн бичлэг нь 2024 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал баг ........................ хотхоны 5 дугаар байрны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийв. Уг бичлэгийн 00:01 секундэд орц руу цагаан саарал өнгийн өмдтэй, бараан өнгийн хүрэмтэй уртавтар үстэй эрэгтэй орж ирж байгаа дүрс бичигдсэн байх ба шатны хажууд хэвтэж буй эмэгтэй дээр очиж байгаа дүрс бичигдсэн байна... гэх тэмдэглэл /хх-ийн 9-12-р тал/
-хохирогч Н.М мэдүүлсэн:.. Тэр өдөр би найзынхаа гэрт очиж найзуудын хамт архи уусан юм. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 03 цаг 57 минутад байрныхаа орц руу ороод орцондоо унтаж байгаад өөрийн Iphопе 14 ргоmах загварын гар утсаа хулгайд алдчихсан юм. Би уг нь архи уудаггүй тэр өдөр цагаан архи уугаад согтчихсон юм. Тэгээд орцондоо ороод унтчихсан байсан. Үүрээр сэрээд 06 цаг 10 минутын үед гэртээ орсон. Би сайн мэдэхгүй байна. Тэгээд сүүлд нь байрныхаа орцны хяналтын камерийг шүүж үзэхэд манай байрны 701 тоотын залуу авчихсан байсныг мэдсэн. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Ягаан өнгөтэй гар утас байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв..356041404341988, 356041404990016 гэсэн имэй кодтой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16, 19-р тал/
-Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний ...Iphone 14 pro max загварын гар утас 2,900,000 төгрөгийн ханштай байна...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 22-28-р тал/
Шүүгдэгч Б.Н яллагдагчаар мэдүүлсэн:.. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 02 цаг өнгөрч байхад өөрийн амьдарч буй Найрамдал багийн ........................ хотхоны 5-701 тоот руу орох гэж байхад 1 давхарт эмэгтэй хүн унтаж байсан. Би тухайн эмэгтэйг сэрээх гэж зөндөө үзсэн. Татаж чангаасан боловч сэрэхгүй байхаар нь шатнаас холдуултал гутлаа тайлаад дахиад суухаар нь явах гэтэл нөгөө эмэгтэйгийн хажууд гар утас болон түлхүүрнүүд байхаар аваад гэртээ орсон. Улмаар маргааш нь ажпаар хөдөө явсан. Тэр хооронд хохирогч цагдаад хандсан байсан. Цагдаагаас 10 гаран хоногийн дараагаар дуудаад ирж мэдүүлэг өгсөн. Би тухайн гар утсыг нь ямар нэгэн байдлаар оролдоогүй гэртээ хадгалж байсан. Улмаар хохирогч эмэгтэйд хүлээнгэн өгсөн. Би тухайн гар утсыг авсан нь үнэн. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр авсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/зэргийг нотлох баимтаар шинжлэн судаллаа.Шинжлэн судалсан лнотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 03 цаг 57 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал баг ........................ хотхоны 5 дугаар орцонд согтуурсан байдалтай унтаж байсан хохирогч Н.М хувцасны халааснаас “Iphone 14 pro max” загварын гар утсыг нууцаар сэм авч 2,900,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Н үйлдлийн улмаас Н.Мд 2,900,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Н.М... Тэгээд сүүлд нь байрныхаа орцны хяналтын камерыг шүүж үзэхэд манай байрны 701 тоотын залуу авчихсан байсныг мэдсэн. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан.... гэх мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Н.М “Iphone 14 pro max” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч хууль заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ санал болгосон гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Н.Мд учирсан 2,900,000 төгрөгийн хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, цаашид гаргах гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхйи 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд нь шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Б.Нд оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ