Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/951

 

 

 

 

 

2024          09          03                                     2024/ШЦТ/951

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

.... овогт Б.Б /РД:********/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” таурын ард байрлах зогсоол дээр хохирогч С.М-д “ХАС банкны зээлээ чөлөөлүүлнэ” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, өөрийн эзэмшлийн “ХААН” банкны ****** тоот данс руу 13,000,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь хуудас/,

- Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагаас хойш нэг залуу утсаар залгаад цалингийн зээл чөлөөлүүлэх гэсэн юм ХАС банкинд 13,000,000 төгрөг төлж хаагаад буцаагаад 15 сая билүү 16 сая төгрөг болгож авна гэж хэлсэн. Тэгээд над руу байн байн залгаад байхаар нь мөнгөний хэрэг гарсан юм байна гэж бодоод Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Н” таурын хойно байрлах автомашины зогсоол дээр 20 орчим насны нэг залуутай уулзсан. Тэр залуу дор нь зээлээ хаагаад буцаагаад авчихна, урьд нь ингэж байсан гэхээр нь нийгмийн даатгал төлдөг эсэхээ харуулчих гэхэд надад скрийншот хийцэн бүдэг зураг үзүүлсэн. Тэгэхээр нь итгээд ХААН банкны ****** тоот данс руу 13,000,000 төгрөг шилжүүлсэн. ХАС банкны цалингийн зээлийн үлдэгдэл харуулаад сая хаачихлаа гэж хэлсэн. Тэгээд 20 орчим минутын дараа энэ жоохон цаг авах юм шиг байна, хүлээж бай гээд хүлээлгээд байсан. Сүүлдээ тэр залуу чичрээд байн байн утсаа оролдоод байхаар нь юу болж байна гэсэн чинь өнөөдөртөө худлаа юм шиг байна, маргаашдаа зээл гарчихна би танд хүүг нь нэмээд төлөөд өгье гэхээр нь тийм зүйл байхгүй, чамайг батлан даах хүн байна уу гэсэн. Тэгтэл нөгөө залуу батлан даах хүн байгаа хороололд би ахыгаа гуйчихъя гэхээр нь хорооллын Тумбаашийн харалдаа очсон. Тэнд очоод нөгөө хүн рүүгээ залгатал цагийн дараа гарна гэж хэлээд алга болчихсон. Сүүлдээ би энэ чинь худлаа юм байна яах вэ гэтэл би найзынхаа машиныг түр барьцаалаад маргааш нь зээлээд шийдээд танд мөнгийг нь өгчихье, та машиныг нь түлхүүртэй нь авчих гэсэн. Тэгээд нөгөө залуутайгаа машин тэрэг гэж зөвшилцөхгүй байхаар нь би найзтай нь яриад болсон асуудлаа хэлээд чи боломжтой бол машинаа найздаа зээлдүүлчих гэсэн чинь за тэгье гэсэн. Тэгээд мөнгө авсан залуугаа дагуулаад Бөхийн өргөө дээр очоод найзтай нь уулзаад Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь гэрчилгээг нь үзэхэд өөр хүний нэр дээр байхаар нь залилуулчихлаа гэсэн бодол төрсөн. Би мөнгө авсан залуугийнхаа дансны хуулгыг хартал ХААН банкны ***** тоот М гэх хүний данс руу 13,000,000 төгрөг шилжүүлсэн байхаар нь асуутал манай ахын данс байгаа юм, ах миний банкны эрхээр зээл төлчихнө гэсэн. Би ХАС банк руугаа ордоо гэтэл нэвтрэх нэрээ ч мэдэхгүй байсан. Тэгээд тэр залуугийн И-монголиа руу нь ороод хартал нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэж гарч ирэхээр нь би чамайг цагдаад өгнө гэж хэлээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авчирхад “таны 13,000,000 төгрөгийг бэт тавиад алдчихлаа” гэж үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь хуудас/,

- Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мэдэж байгаа ба манай хүүхэд утасны тоглоом тоглодог ба хүнээс худлаа ярьж 13,000,000 төгрөг авч тоглоом тоглосон байна. Манайх хөдөө ...... суманд амьдардаг. Манай хүүхэд хотод хүрээд ирсэн юм. Би одоо уг хүний хохирол барагдуулахаар хайж байгаа. Ямар ч гэсэн хохирол барагдуулна, манай хүүхэд буруу зүйл хийсэн байна. Би өмнөөс нь маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь хуудас/,

- Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ХАС банкны зээл чөлөөлүүлнэ гэж худлаа хэлж авсан ба мөнгөө өсгөхөөр 1 xbet дээр мөрий тавьж алдсан юм. Би мөнгө зээлсэн иргэнийг танихгүй ба зээл чөлөөлүүлнэ гэх зарын дагуу уулзаад ХАС банкны зээл чөлөөлөөд ахиад өндөр дүнгээр зээл аваад буцаагаад хүүтэй өгнө гэж би хэлээд уг иргэн бид хоёр тохиролцоод уг иргэнээс 13,000,000 төгрөг дансаар авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дахь хуудас/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 34 дэх хуудас/,

- Мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 31 дэх хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 59 дэх хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 60-61 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Б.Б нь гэм буруу дээрээ маргахгүй, хохирол төлбөрийн хувьд бүрэн барагдуулсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч С.М нь гомдол саналгүй, хохирол бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн миний үйлчлүүлэгч Б.Б-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр, прокурортой ял тохирч орж ирсэн. Улсын яллагчийн саналыг дэмжиж орж ирж байгаа тул прокурорын санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, албадлагын арга хэмжээ авхуулах улсын яллагчийг саналаар шийдэж өгнө үү” гэв.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Б-т шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогт Б.Б-ыг Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Б-ыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.АЮУШЖАВ