| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/0931/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/950 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/950
2024 09 03 2024/ШЦТ/950
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Г.Хурмандах,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Маргад-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......” ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл 6, энхэр, 4 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух, урьд
Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөлийн тухай хуульд зааснаар суллагдсан,
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн,
......... овогт Д.А /РД:*********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” нэртэй баарны гадна хохирогч Н.М-тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар гараараа уруул хэсэгт нэг удаа цохиж, дээд уруулд шарх, баруун дээд 1, 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дэх хуудас/,
- Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би найз С, А, Ц, О нарын хамтаар 2024 оны 05 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед Сансарын “...” бааранд уулзаж хоол идээд Офицеруудын ордонд байдаг найз охиных руугаа явж байх замдаа бааранд ороод нэг пиво уучхаад гаръя гэхээр нь орсон. Ороод удалгүй баарны тог хальт тасарсан чинь нэг ах баараа хаа гэх зэргээр орилоод ширээн дээр байсан бургер базаж шидээд агсраад байсан. Тэгэхээр нь бид нар ч нэг их бодохгүй тамхи татах гээд гарах гэсэн чинь араас сандал шидсэн би хариуд нь та болиоч соёлтой байгаа ч гэж хэлэхэд тэр ах шууд босож ирээд намайг заамдаад авсан. Тэр үед баарны зөөгч салгаад гараад ирсэн чинь манай найз С тэр залуутай баарны үүдэнд уулзсан чинь тэр хүн шууд С-ыг цохиод зууралдаад доош уруудсан зам руу чиглээд явсан. Тэгэхэд нь эхнэр нь яваад очсон. Тэгсэн тэр ах эхнэрээ шууд цохиод унгачихсан. Би тэр үед найзыгаа салгах гээд зууралдаж байсан чинь гэнэт эрүү хэсэг рүү гар орж ирээд цохичихсон. Миний дээд уруул сэтрээд, доод үүдэн гурван шүд хөдөлгөөнд ороод хугарсан юм шиг болчихсон тэгээд манай найз дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх хуудас/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.Д.А-ийн биед хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дахь хуудас/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.Н.М-ийн биед дээд уруулд шарх, баруун дээд 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дэх хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-62 дахь хуудас/,
- Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45 дахь хуудас/,
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-53 дахь хуудас/,
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-59 дэх хуудас/,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-61 дэх хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 98 дахь хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 99 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Маргад-Эрдэнэ гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Д.А хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ талаар гэм буруу дээр маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр гаргаж өгсөн. Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 200,000 төгрөг авсан, гомдол саналгүй гэх хүсэлтийг бичиж өгсөн байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Н.М нь гомдол саналгүй, 200,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Маргад-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийн ажлын газраас мөрдөгчид тодорхойлолт явуулсан. Уг баримт хавтаст хэргийн 80 дахь талд авагдсан байгаа. Энэ баримтаар Д.А нь Замын-Үүд Эрээн хотын хооронд тээврийн компанид тээврийн жолооч хийдэг гэдгийг нотолж байна. Д.А тээврийн жолооч хийж сард 2,200,000 төгрөгийн цалин авдаг гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Хавтаст хэрэгт цалингийн баримт байхгүй. Улсын яллагчийн санал болгосон 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгвөл төлөх бүрэн боломжтой. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү” гэв.
Иймд шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Д.А-т оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Д.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овогт Д.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ